Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 00074

 

 

2017 оны 03 дүгээр                         Дугаар 74

сарын 10-ны өдөр

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч П.Итгэл,

Хохирогч Д.Ариунжаргал,

Гэрч А.Мандалтуяа, О.Даариймаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр,

Шүүгдэгч Б.Дуламсүрэн нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн Баярсайханы Дуламсүрэнд холбогдох эрүүгийн 201622000753 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Лувсандорж овогт Баярсайханы Дуламсүрэн, 1986 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 11-02 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, НЧ86032405 дугаар регистртэй.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/

Шүүгдэгч Б.Дуламсүрэн нь Бүтэн-Оргил ХХК-ийн Оргил бөөний худалдааны төвд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд худалдагчаар ажиллаж байхдаа итгэмжлэн өгсөн барааг завшиж нийт 1.622.520 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Дуламсүрэн нь Бүтэн-Оргил ХХК-ийн Оргил бөөний худалдааны төвд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд худалдагчаар ажиллаж байхдаа итгэмжлэн өгсөн Улаан шонхор тамхи 500 ширхэг, Эссэ тамхи 100 ширхэг, 0.5 литрийн Болор, Ерөөл, Сархад, Хараа тус бүр 1 шил, 1.5 литрийн Хужирт ус 1 сав зэргийг завшиж нийт 1.622.520 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Дуламсүрэнгийн хэрэг бүртгэлтийн болон шүүхийн шатанд өгсөн: … Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бараагаа нэг бүрчлэн тоолж авалгүй харин нүдэн баримжаагаар хүлээж авсан. Барааг Даариймаа гэдэг эмэгтэй, Оргил бөөний төвийн нягтлан бодогч Мандал нар надад гар утас шиг хэмжээтэй санхүүгийн программ гэсэн багажаар тоолж уншуулаад хүлээлгэн өгсөн. Би эхлээд барааг нэг бүрчлэн тоолж авч байхад Даариймаа нь уурлаад би ингэж чам шиг барааг тоолж авч байгаагүй хойд агуулахад байгаа барааг тоолоогүй гэсэн мөн Мандал ч гэсэн" за хурдал худал" гээд шахаад байхаар нь багажин дээр уншуулснаар барааг хүлээж авсан. Гараараа нэг бүрчлэн тоолж энэ талаар баримт хөтлөөгүй мөн гарын үсэг зуруулаагүй юм. Ажил хүлээж авах үед худалдагч Даариймаа нягтлан Мандал нар тухайн үед складны тавиур дээр байсан улаан шонхор тамхины хайрцагийг зааж бүрэн байгаа гэснээр харж шалгахгүйгээр хүлээн авсан.  Би архи, тамхи, ус ундааны тасагт худалдагчаар ажиллах болсон. Өглөө 10 цагаас орой 19 цаг хүртэл 1 ээлжээр буюу нэг худалдагчтайгаар ажилладаг байсан. Ингээд 6 хоног ажиллаад нэг өдөр амардаг тул 7 дахь өдөр гэртээ амарч байтал Оргил бөөний төвөөс ярьж байна бараа тоолох гэж байна гэхээр нь 15 цаг өнгөрч байхад бөөний төв дээр очсон. Барааг Бямбацэцэг бид хоёр тоолсон. Барааг нөгөө багажаараа тоолж уншуулсны дараа бараа дутаж эхэлсэн. Барааг тоолж байхад 1  том хайрцаг  буюу 500 ширхэг улаан шонхор тамхины  хайрцаг огт хоосон байсан тухайн үед Бямбацэцэг  тооллого хийж байсан учраас тэр даруйд нь үзүүлээд очиж учрыг нь олъё гэхэд Бямбацэцэг би ажил ихтэй байна гэж хэлээд явж өгөөгүй. Би 6 өдөр ажиллахад ийм их мөнгөний дутагдал гарах ёсгүй байсан.  Ямар ч байсан 1.622.520 төгрөгний бараа дутсан гэсэн. Би барааг багажаар уншуулахдаа ямар нэгэн алдаа гаргасан эсвэл дэлгүүрийн түлхүүр хэн нэгэнд илүү байсан байх гэж бодож байна. Харин ч би тус компаниас ажлын цалин хөлс, сэтгэл санааны хохирлоо гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 108-109 дугаар хуудас/

Хохирогч Д.Ариунжаргалын хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Бүтэн-Оргил ХХК маань бөөний төвтэй ба уг бөөний төвдөө худалдагч авна гэсэн зарыг орон нутгийн Хөвсгөл, Лха телевизэд өгсөний дагуу Баярсайханы Дуламсүрэн гэх эмэгтэй ирж, уг эмэгтэйтэй нөхөр Батбаяр уулзсан юм. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр  ажилд авсан. Тооллогын ажилтан Бямбацэцэг, ахлах менежер Мандалтуяа нар барааг хүлээлгэн өгч байсан.  Худалдагчаар ажиллаж байсан Даариймаа, Дуламсүрэн гэдэг эмэгтэйд барааг хүлээлгэн өгсөн гэж байсан. Манай бөөний төв нь санхүүгийн багц программтай ба уг программдаа барааг нэг бүрчлэн уншуулж тоолдог. Дуламсүрэнд барааг нэг бүрчлэн уншуулаад өөрт нь уншуулсан барааны нэр төрлийн нэг хувийг хүлээлгэн өгсөн байдаг.  Бараа тоолох үед би өөрөө байгаагүй ба тооллогын ажилтан Бямбацэцэг, ахлах менежер Мандалтуяа нар байгаад барааг тоолоход бараанаас Улаан шонхор тамхи 500 ширхэг, Эссэ тамхи 100 ширхэг, 0.5 литрийн Болор, Ерөөл, Сархад, Хараа тус бүр 1 шил, 1.5 литрийн Хужирт ус 1 сав нийт 1.622.520 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутсан  юм. Уг хохирлоо төлүүлж авмаар байна гэв.

Гэрч А.Мандалтуяагийн хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: … Дуламсүрэн барааг хүлээж авч Даариймаа нь барааг хүлээлгэж өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр барааг хүлээлгэж өгсөн. Дуламсүрэн барааг өөрөө хүлээж авснаа хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед  бараа дутаж байна гэж юм хэлж байгаагүй. Үлдэгдэл барааны жагсаалтыг нэг бүрчлэн Дуламсүрэнд гаргаж өгсөн. Бараа тоолоход дутагдал нь дутагдлаараа гардаг. Дуламсүрэн бараа хүлээж авснаас хойш 7 хоног дээр тоолж, тооллого хийсэн. Тооллогоор бараагаа нүд харж тоолоод бараагаа мөн тооллогын машиндаа уншуулсан. Ингэж уншуулахад бараа их дутаж эхэлсэн. Дуламсүрэн барааг өөрөө хүлээж авчихаад бараа дутахад би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гээд байсан. Урьд нь ингэж бараа дутаж байгаагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89-90 дугаар хуудас/

Гэрч О.Даариймаа хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Би Оргил бөөний төвд 1 сарын хугацаагаар худалдагчаар ажилласан. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би ажлаа буюу бараагаа хүлээлгэж өгсөн. Миний ажлыг Дуламсүрэн гэдэг эмэгтэй авахаар болсон байсан. Барааг Дуламсүрэн гэдэг эмэгтэйд хүлээлгэн өгөх явцад  Мандалтуяа байсан. Мандалтуяа барааг тооллогын машинд хийгээд уншуулж байсан. Дуламсүрэн ямар нэг барааг дутаалгүй тоолж авсан. Миний ажиллаж байсан 1 сарын хугацаанд бараа дутаж байсан тохиолдолд жижиг сажиг зүйл дээр л байсан болохоос ихээр дутсан байдал байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95-97 дугаар хуудас/,

Гэрч Ц.Болормаагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ... Миний хажуугийн лангуунд Оюунчимэг хиам зарж борлуулж ажилладаг юм. Яг нарийн хугацааг хэлж мэдэхгүй байна. Миний зарж байгаа махнаас би өөхтэй маханд дуртай гээд Дуламсүрэн 1 кг хүрэхгүй махыг мөнгийг нь өгөөд авч байсан. Хэдэн төгрөгөнд авч байсныг санахгүй байна. Бага л мах авч байсан. Авсан мах нь болсон мах биш түүхий мах гэртээ аваачиж чанаж идэх гэж байсан байх. Өөр надаас юм авч байгаагүй санагдаж байна. Дуламсүрэн надад мөнгө өгч байсан тохиолдол байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92-р дугаар хуудас/,

Гэрч С.Оюунчимэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ... Дуламсүрэн нь 6 л хоног ажилласан байх. Удаагүй ажлаасаа гарсан сураг гарч байсан. Миний зардаг хиамнаас Дуламсүрэн 2-3 удаа хиам авч идэж байсан. Өдөр хоол ордоггүй бэлэн бүтээгдэхүүн авч иддэг байсан байх. Нэг ширхэг годгор хиам нь 1000 төгрөг болдог ба Дуламсүрэн заримдаа мөнгийг нь дараа өгье гээд хажуугийн хүнсний лангууны худалдагч Болормаагаас хиам аваад орой нь мөнгийг нь өгөх эсвэл маргааш нь өгдөг байсан. Дуламсүрэн манай нөхөр таксинд явдаг гэж хэлж байсан. Түүнээс биш олон кг-аар нь надаас хиам авч байсан тохиолдол байхгүй. Дуламсүрэн надад мөнгө өгч байсан тохиолдол байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 93-94-р хуудас/,

Шүүгдэгч Б.Дуламсүрэнд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар Хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгө завших  гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн боловч Бүтэн-Оргил ХХК буюу Д.Ариунжаргал нь шүүгдэгч Б.Дуламсүрэнд бараа бүтээгдэхүүнийг хадгалуусан буюу  итгэмжлэн өгсөн тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба Б.Дуламсүрэн нь итгэмжлэн өгсөн бараа материалыг завшсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.Үүнд шүүгдэгч Б.Дуламсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Болормаа,С.Оюунчимэг нарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн  мэдүүлэг,

Барааны тооллогын хуудас /53-55, 57-59-р хуудас/-ны баримтууд нь хэзээ үйлдэгдсэн нь тодорхойгүй,  барааг итгэмжлэн хүлээн авсан гэх хүний гарын үсэггүй бөгөөд барааг тооллогын программаар тоолж буй талаар хавтаст хэрэгт ямар ч баримт байхгүй байна. 

Учир нь шүүгдэгч Б.Дуламсүрэнтэй Бүтэн-Оргил ХХК нь барааг хүлээлгэн өгч итгэмжлэн хариуцуулсан  гэрээг байгуулаагүй, эд хөрөнгө, барааг хүлээлгэн өгсөн баримтанд хүлээлгэн өгсөн, хүлээн авсан хүний  гарын үсэггүй барааны тооллогын хуудас / ХХ-ийн 53-55/, барааны тооллогын илүү ,дутагдлын тайланд 1.622.520 төгрөг дутагдуулсан талаар тооллого хүлээн зөвшөөрсөн эсэх талаар танилцуулсан баримтан дээр шүүгдэгчийн гарын үсэг байхгүй байгаа/хх-ийн 56-59-р хуудас/ Бүтэн-Оргил ХХК нь өөрийн компанийг төлөөлж Д.Ариунжаргалыг  хохирогчоор тогтоож, томилсон тухай баримтгүй. Мөн CD-д хийсэн бичлэгээр шүүгдэгч Б.Дуламсүрэнгийн хийж буй үйлдлийн зарим хэсэг  нь  харагдаж байгаа боловч хэрэг бүртгэгч Б.Ганчимэгийн үйлдсэн" камерийн бичлэг нь техникийн шаардлага хангагдахгүй бүдэг дүрс бичлэгүүд бичигдсэн" /хх-ийн 75 дугаар хуудас/  гэх тэмдэглэлээс үзэхэд шүүгдэгч нь  хэдэн төгрөг авч захиран зарцуулсан хаанаас мөнгө авч хэнд өгч байгаа нь тодорхойгүй байна. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоотод Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн " Бүтэн оргил" ХХК нь Монгол Улсын Санхүү, Эдийн засгийн сайд, ҮСГ-ын даргын 2002 оны 171/111дүгээр хамтарсан тушаалаар баталсан "Өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягт"-ыг бүрэн хөтлөөгүй тул дүгнэлт гаргах боломжгүй байна гэх албан бичиг /хх-ийн 25 дугаар хуудас/ зэргээс үзэхэд шүүгдэгч Б.Дуламсүрэнд барааг хүлээлцсэн гэх нотлох баримт нь хангалттай  тогтоогдохгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулаагүй гэж үзэж байх тул шүүгдэгчид гэмт хэрэг үйлдсэн,  гэм буруутайд тооцоход эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж  Б.Дуламсүрэнд  холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.2-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж шүүхээс үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Харин шүүгдэгч Б.Дуламсүрэн нь "Бүтэн-Оргил" ХК-иас ажлын цалин болон сэтгэл санааны хохирол, хохирогч Д.Ариунжаргал нь шүүгдэгч Б.Дуламсүрэнгээс 1.622.520 төгрөг тус тус нэхэмжилснийг  нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, бичиг баримтгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD -г хавтаст хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246, 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.1, 290.4, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Лувсандорж овогт Баярсайханы Дуламсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

3. Хохирогч Д.Ариунжаргал нь Б.Дуламсүрэнгээс нэхэмжилсэн хохирол 1.622.520 төгрөгийн хохирол, шүүгдэгч Б.Дуламсүрэн нь "Бүтэн оргил" ХХК-иас цалин, сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлээ  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

4.  Эрүүгийн 201622000753 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дуламсүрэнд урьд авсан батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.НЯМСҮРЭН