Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 0053

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       М.А, С.Б, О.Б,

                       Б.Л, С.Б, С.Б,

                       Ч.Д, Б.М, Ч.Э,

                            Ө.Э нарт холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          Ц.М

Яллагдагч нарын өмгөөлөгч        Л.Д, Л.Т,Д.О, Я.Э, О.С

Хохирогч                                           М.Б

Нарийн бичгийн дарга           Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 273 дугаар захирамжтай, М.А, С.Б, О.Б, Б.Л, С.Б, С.Б, Ч.Д, Б.М, Ч.Э, Ө.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурор Л.О-н эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Ш овогт М-н А.

 

Монгол Улсын иргэн, С овогт С-н Б.

 

Монгол Улсын иргэн, Ж овогт О-н Б.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б-н Лх.

 

Монгол Улсын иргэн, Ө овогт С-н Б.

 

Монгол Улсын иргэн, Д овогт С-н Б.

 

Монгол Улсын иргэн, Х овогт Ч-н Д.

 

Монгол Улсын иргэн, Х овогт Б-н М.

 

Монгол Улсын иргэн, Ц овогт Ч-н Э.

 

Монгол Улсын иргэн, Г овогт Ө-н Э.

 

Яллагдагч М.А нь бусадтай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрүүдийн хооронд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө 521 литр дизель түлшийг завшиж 1.169.874 төгрөгийн хохирол учруулсан,

 

яллагдагч С.Б нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шатахуун түгээх машины жолоочоор ажиллаж байхдаа бусдын итгэмжпэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох 660 литр дизель түлшийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2 удаагийн үйлдлээр бусдад зарж борлуулан завшиж 1.481.990 төгрөгийн хохирол учруулсан,

 

яллагдагч О.Б нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т жолоочоор ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох 1.530 литр дизель түлшийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрүүдийн хооронд 7 удаагийн үйлдлээр бусдад зарж борлуулан завшиж 3.435.523 төгрөг хохирол учруулсан,

 

яллагдагч Б.Л нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т жолоочоор ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох 557 литр дизель түлшийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрүүдийн хооронд 6 удаагийн үйлдлээр бусдад зарж борлуулан завшиж 1.250.710 төгрөгийн хохирол учруулсан,

 

яллагдагч С.Б нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т жолоочоор байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох 220 литр түлшийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 1 удаагийн үйлдлээр бусдад борлуулан завшиж 493.996 төгрөгийн хохирол учруулсан,

 

яллагдагч С.Б нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т жолоочоор ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох 300 литр түлшийг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 1 удаагийн үйлдлээр бусдад зарж борлуулан завшиж 673.632 төгрөгийн хохирол учруулсан,

 

яллагдагч Ч.Д нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т жолоочоор ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох 1.317 литр дизель түлшийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2 удаагийн үйлдлээр бусдад зарж борлуулан завшиж 2.957.244 төгрөгийн хохирол учруулсан,

 

яллагдагч Б.М нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шатахуун түгээх машины жолоочоор ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох 228 литр дизель түлшийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2 удаагийн үйлдлээр бусдад зарж борлуулан завшиж 511.960 төгрөгийн хохирол учруулсан,

 

яллагдагч Ч.Э нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т жолоочоор ажиллаж байхдаа бусдын итгэмжпэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох 357 литр дизель түлшийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2 удаагийн үйлдлээр бусдад зарж борлуулан завшиж 801.622 төгрөгийн хохирол учруулсан буюу дээрх яллагдагч нар нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын өмч 5.790 литр дизель түлшийг завшиж, нийт 11.972.562 төгрөгийн хохирол учруулсан,

 

яллагдагч Ө.Э нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрүүдийн хооронд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө 5.790 литр буюу 11.972.562 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг гэмт хэргийн улмаас олдсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, зарж борлуулан ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 273 дугаар захирамжаар:

 

Яллагдагч М.А, С.Б, О.Б, Б.Л, С.Б, С.Б, Ч.Д, Б.М, Ч.Э, Ө.Энхтүвшин нарт холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорт буцааж,

 

Хэргийг прокурорт шилжүүлтэл яллагдагч М.А, С.Б, О.Б, Б.Л, С.Б, С.Б, Ч.Д, Б.М, Ч.Э, Ө.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурьдаж, энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор,яллагдагч,түүний хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих,гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Л.О эсэргүүцэлдээ:

“... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэнд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор эсхүл шүүх өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэнэ”, мөн зүйлийн 6.4 дэх хэсэгт “прокурорын яллах дүгнэлтэнд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт”-ийг хянан хэлэлцэхээр хуульчилсан.

Прокуророос “М.А нь бусадтай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрүүдийн хооронд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох 521 литр дизель түлшийг завшиж 1.169.874 төгрөгийн хохирол учруулсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн ба эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, ял өөрчилж сонсгох тухай тогтоолыг яллагдагч М.Ат танилцуулж, яллах дүгнэлтийг гардуулж өгснөөр тэрээр ямар хэрэгт яллагдаж байгааг мэдсэн.

Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4-т “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт”-ийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд залруулга хийгээд шийдвэрлэх талаар тодорхой зохицуулсаар байтал “энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулаагүй, шүүхийн шатанд яллах дүгнэлтийг засаж дахин гардуулах нь хүчин төгөлдөр 2 яллах дүгнэлтээр шүүх хэргийг хэрхэн хэлэлцэх нь ойлгомжгүй байдлыг үүсгэж алдаатай яллах дүгнэлт яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн” гэж ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан байна.

Түүнчлэн эрүүгийн хэргийн хувьд олон холбогдогчтой, ээдрээ төвөгтэй хэрэгт 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг хэлэлцэх боломжтой гэж дүгнэн яллагдагч нарын өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-т заасан “... гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, шийдвэрлэх...” үндсэн зорилтод нийцэхгүйгээр үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 273 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Яллагдагч нарын өмгөөлөгч Л.Т тайлбартаа:

“... М.А нарт холбогдох Эрүүгийн хэргийг прокурорт буцаасан хууль зүйн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлтэнд гарсан үг, үсэг тоо тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэх асуудлын нэг мөн боловч алдаатай яллах дүгнэлтийн хавсралтыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гардуулах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулаагүй байна.

Шүүхийн шатанд яллах дүгнэлтийг засаж дахин гардуулах нь хүчин төгөлдөр 2 яллах дүгнэлтээр шүүх хэргийг хэрхэн хэлэлцэх нь ойлгомжгүй байдлыг үүсгэх бөгөөд алдаатай яллах дүгнэлт нь яллагдагчийг ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул хэргийг буцааж алдааг засуулах нь зүйтэй байна гэсэн нь бодит үнэн бөгөөд шүүх өөрийн бүрэн эрх мэдлийн хүрээнд эл үндэслэлээр хэргийг прокурорт буцааж болно.

Прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь ойлгомжгүй эсхүл яллах дүгнэлтэнд гарсан үг, үсэг, тоо тооцоо, орчуулгын зэрэг техникийн шинжтэй алдааг зайлшгүй засах шаардлагатай гэж үзвэл шүүх талуудын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар уг алдааг зөвтгүүлэх арга хэмжээ авна.

Өөрөөр хэлбэл, түүнийг хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон тул прокурорын хүсэлт, саналыг харгалзан Прокурорын яллах дүгнэлтэд гарсан алдааг зөвтгүүлэх үүднээс шүүхээс хэргийг буцаасан нь үндэслэл бүхий болжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 273 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: “... прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        

Яллагдагч О.Б, Б.Л нар нь “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Автотээврийн цехийн автогрейдерийн машинчаар, яллагдагч М.А, Ч.Д, С.Б, С.Б, Ч.Э нар нь уурхайн технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочоор, яллагдагч С.Б, Б.М нар нь тусгай зориулалтаар /шатахуун цэнэглэх/ тоноглогдсон ЗИЛ-130 ТСВ маркийн автомашины жолоочоор тус тус ажиллаж байгаад 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Булган аймгийн Хангал сумын чиглэлд авто зам засварлах ажлыг гүйцэтгэсэн байх ба дээрх хугацаандаа өөрсдийн итгэмжлэн хариуцаж байсан тээврийн хэрэгслээс “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын өмч буюу нийт 5.790 литр дизель түлшийг зөвшөөрөлгүй зарж борлуулан, завшиж 11.972.562 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурор Л.О-н эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Энэ хэрэгт нотлогдвол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан ”гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээ”-г нарийвчлан тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байхад анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ “ ... прокурорын яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдаа гарсан ... ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь: Хавтаст хэрэгт 1 тн 700 литр дизель түлшний 1 литр дизель түлшийг 2.360 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх 104/,

 

“Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Автотээврийн цехийн ерөнхий инженер Д.Ц-н 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 20/426 дугаартай “...1 литр дизель түлш 2.067.8 төгрөгийн өртөгтэй байна” гэсэн албан бичиг /тамга, тэмдэггүй/ хх 107/,

 

мөн түүний 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 20/492 дугаартай “... 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд 1 литр дизель түлшний үнэ 2.067.8 төгрөг байна. Дээрх хугацаанд үнийн өөрчлөлт гарахгүй болно” гэсэн албан бичиг /тамга, тэмдэггүй/ /хх 108/,

 

“Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын “Сод Монгол групп” ХХК-иас 1 литр зуны дизель түлшийг 2.318 төгрөгөөр, мөн 1 литр өвлийн дизель түлшийг 2.225 төгрөгөөр тооцож худалдан авахаар тохиролцож тэдгээрийн бичгээр байгуулсан 2019/07-Н-2/156-19, 2019/07-Н-2/059-19 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний хуулбарууд /2 дугаар хх 176 - 183/,

 

“Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Маркетингийн хэлтсийн дарга Б.Б-н 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/12 дугаартай “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Автотээврийн цехэд ашиглагдаж байгаа Дизель түлшний үнийн мэдээллийг доорхи хүснэгтээр хүргүүлж байна. 2019 оны 05 сард 1 кг – 2.245.44 төгрөг, 06 сард 1 кг - 2.316.87 төгрөг ” гэсэн албан бичиг /тамга, тэмдэггүй/ 2 дугаар хх 190/,

 

хохирогч Б.Б-н “...манай байгууллагад хулгайд алдсан түлшээ нэг литр тутмыг нь 2.245.44 төгрөгөөр үнэлж байгаа... ” гэсэн /1 дүгээр хх -15/ мэдүүлэг тус тус авагдсан байна.

 

Мөн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.Б-т 9 сав буюу 1 тонн 845 литр дизель түлшийг хүлээлгэн өгсөн /3 дугаар хх 74/ байх боловч эд зүйлийн үнэлгээгээр 59-25 ОРХ улсын дугаартай, Портер маркийн автомашинаар яллагдагч Ө.Э тээвэрлэж явсан 1 тн 700 литр дизель түлш гэж үнэлгээ гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1-д “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно” гэж заасан байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын яллах дүгнэлтэд дурьдагдсан “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т учруулсан нийт хохирол болох 5.790 литр дизель түлшний үнэлгээг дээрхи хуульд заасан журмын дагуу гаргуулаагүй, өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй /тамга, тэмдгээр баталгаажуулаагүй/ албан бичиг болон хохирогч Б.Б-н мэдүүлгийг үндэслэн 1 литр дизель түлшийг 2.245.44 төгрөгөөр үнэлж, хохирлын хэмжээг тогтоосон нь үндэслэлгүй болжээ.

 

Үүнээс гадна яллагдагч М.А нь “ ... түлш түгээж өгдөг машины жолоочоос нэг литр түлшийг 500 төгрөгөөр худалдаж аваад Ө.Э-д 1.400 төгрөгөөр бодож өгсөн ... Б-д бэлэн мөнгө өгч байсан...800 литрийг нь түлш түгээдэг машины жолооч Б, М нараас нэг литрийг нь 500 төгрөгөөр бодож авсан... ” гэсэн /хх 140/

 

яллагдагч С.Б нь “...Түлш тараагаад явж байхад А түлш байна уу гэхээр нь байна гээд өгсөн. 2 удаа 400 литр түлш өгөхөд А хоёр удаа нэг нэг зуун мянган төгрөг өгсөн. 200 литр түлшийг 100.000 төгрөгөөр зарж байгаа юм ...” гэсэн /хх 157/ байх боловч

 

яллагдагч С.Б мэдүүлэхдээ “...А-т 1 литр дизель түлшийг 1.400 төгрөгөөр бодож өгсөн....” гэсэн /хх 175/,

 

яллагдагч С.Б мэдүүлэхдээ “ ... би 120 литр дизель түлш өгсөн. Тухайн үед мөнгөний талаар юм яриагүй. Үүнээс хойш нэг хоёр хоногийн дараа түлшний мөнгө шүү гээд надад бэлнээр 160.000 төгрөг өгсөн ... Б бид хоёр 200 литрийн төмөр торхыг нь дүүргэж өгсөн ... 1 литр дизель түлшийг яг хэдэн төгрөгөөр өгөх талаар яриагүй. Сүүлд бэлнээр 160.000 төгрөг Баярмагнай ах надад өгсөн ... ” гэсэн /хх 180/,

 

яллагдагч Ө.Э гэрчээр мэдүүлэхдээ “ ... дээрхи 9 удаагийн үйлдлээр А-н данс руу шилжүүлсэн 11.286.000 төгрөг нь А-с авсан түлшний мөнгө байгаа юм ... 1 литрийг нь 1.400 төгрөг гэж бодохоор 8 тн 61 литр дизель түлш худалдан авсан байна ... ” гэжээ /хх 25/.

 

Дээрхи нотлох баримтуудаас дүгнэж үзвэл яллагдагч М.А нь С.Бгээс 1 литр дизель түлшийг 500 төгрөгөөр тооцож, бусад яллагдагч нараас 1.400 төгрөгөөр тооцож авсан гэх ба яллагдагч тус бүрийн завшсан дизель түлшний хэмжээг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, яллах дүгнэлтэд яллагдагч М.А нь дээрх гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэсэн боловч хэнтэй бүлэглэн үйлдсэнийг тодорхой дурьдаагүй, яллагдагч нарын завшсан гэх дизель түлшийг нэмж тооцоход нийт завшсан 5.790 литрээс зөрүүтэй байна.

 

Мөн яллагдагч нарын завшсан гэх дизель түлшийг 2.245.44 төгрөгөөр тооцож тус бүрийн учруулсан хохирлыг гаргасан /тодруулбал: М.А 521 литр дизель түлш х 2.245.44 төгрөг = 1.169.874 төгрөг/ атлаа нийт хохирол гэх 5.790 литр түлшийг өөр үнэлгээ /нийт хохирол 11.972.562 төгрөг : 5.790 литр дизель түлш = 2.067.8 төгрөг /- гээр тооцсон нь ойлгомжгүй болжээ.

 

 Түүнчлэн прокурорын шатанд яллагдагч О.Б, Б.М, Ч.Э, Б.Л нарын өмгөөлөгч Л.Т-н гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Орхон аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Л.Б-н 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг өмгөөлөгчид танилцуулсан эсхүл хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт хавсаргагдаагүй байна.

 

Өмгөөлөгч Л.Т нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... надад энэ тогтоолыг танилцуулаагүй мөртлөө хэрэгт хийсэн байсан ... ” гэсэн тайлбар гаргасан бөгөөд прокурорын тогтоолыг хүсэлт гаргагчид танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4-т заасан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд яллагдагч М.А нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт нь буруу боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул прокурорын “ ... шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4-т “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт”-ийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд залруулга хийгээд шийдвэрлэх талаар тодорхой зохицуулсаар байтал ... ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан ... шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив ... ” гэсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 273 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                           С.УРАНЧИМЭГ