Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2017/0078

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ганбагана, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр, Ц.Туул, хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Ч.Батзаяа, Ц.Тунгалагсүрэн, хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сожидмаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Нарантуяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 893 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ч.Батзаяа, Ц.Тунгалагсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Ачлал трейд” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч Ч.Батзаяа, Ц.Тунгалагсүрэн нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 893 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ачлал трейд” ХХК-ийн “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 000087 тоот актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 000087 тоот улсын байцаагчийн актыг бүхэлд нь хүчингүй болгож,

Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ачлал трейд” ХХК-ийн “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/09 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Шүүх “Ачлал трейд” ХХК-ийн БНХАУ-аас 2013-2014 онуудад барилгын ажил эрхлүүлэхээр оруулж ирсэн хятад ажилчид ажил хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөрийн хөлс аваагүй байхад албан журмын даатгалыг ажил олгогч хариуцахаар акт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэж хүчингүй болгож шийдвэрлэв.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн” албан журмын даатгуулагч байхаар зохицуулсан.

Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гадаад, дотоодын ажилчид албан журмын даатгалд заавал даатгагддаг байхаар зохицуулсан хуулийн дээрх заалтыг шүүгч ойлгосонгүй. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан хөдөлмөрийн хөлс олгох бүрд нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр зохицуулсан гэж ойлгон “Ачлал трейд” ХХК-ийн БНХАУ-аас оруулж ирсэн ажилчид ажил хийгээгүй, хөдөлмөрийн хөлс аваагүй гэсэн нэхэмжлэгч нарын тайлбарт үндэслэн хийсвэр дүгнэлт хийлээ.

Мөн түүнчлэн шүүгч “Ачлал трейд” ХХК Гадаадаас ажилчид авах, гадаадад ажилчид гаргах тухай хуулийн дагуу 2013-2014 онуудад барилгын ажил эрхлүүлэхээр гадаад ажилчид оруулж ирэхдээ хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх, тухайн нэр заасан барилга дээр ажиллаж байсан эсэх, ажил, үйлчилгээ эрхлүүлснийхээ төлөө цалин, хөлс авсан эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх явцдаа нотлоогүй байж нэхэмжлэгч нарын худал /аман/ мэдээлэлд үндэслэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёсгүй гэсэн дүгнэлт хийсэн.

Учир нь хариуцагчаас “Ачлал трейд” ХХК-ийн оруулж ирсэн гадаад ажилчидтай холбоотойгоор тус компанийн барилгын ажлыг зогсоосон гэх захиргааны хэрэгтэй танилцах, үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан боловч үзлэг хийгээгүй атлаа “....ажил хөдөлмөр эрхлээгүй, цалин хөлс олгоогүй учир... акт үндэслэлгүй” гэж үзэж актыг хүчингүй болголоо.

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2011-2014 онуудад гадаадын иргэдийг авч ажиллуулсан аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн цагдаагийн газраас албан ёсоор гаргасан судалгааг үндэслэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 6/416 тоот албан бичгийн дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа гадаад иргэдийн нэрсийг өөрийн мэдээллийн сангийн бүртгэлтэй тулган шалгахад “Ачлал трейд” ХХК нь 2013-2014 онуудад хөдөлмөр эрхлүүлэхээр оруулж ирсэн 49 гадаад иргэдийг нийгмийн даатгалд хамруулаагүй зөрчил илэрсэн.

Дээрх мэдээлэл нь шалгалтын гол үндэслэл болсон ба “Ачлал трейд” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг зөрчсөн тул мөн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн дутуу төлөгдсөн 14839009 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлэх, шимтгэлийн дүнгээс 7419505 төгрөгийн алданги тооцож, бүгд 22258514 төгрөгийг төлүүлэх тухай улсын байцаагчийн акт тавигдсан.

Орлогоо нуун дарагдуулж, гадаадаас оруулж ирсэн ажилчдаар ажил, хөдөлмөр эрхлүүлж, цалин хөлс олгосон атлаа нийгмийн даатгалын байгууллагад мэдүүлээгүй компани нь тэдгээр ажилчидтай хийсэн хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс олгосон баримтыг гаргаж өгөөгүй. Үүнийг шүүгчийн үзлэгээр тодорхой болгуулах хүсэлтийг шүүгч хүлээн авч шийдвэрлээгүй атлаа “ажил хөдөлмөр эрхлээгүй, цалин хөлс олгоогүй байхад...” гэж юуг үндэслэж шийдвэр гаргасныг ойлгохгүй байна. Монгол Улсад орж ирсэн хятад ажилчид ажил хөдөлмөр эрхлэн цалин хөлс авах гэж биш, хооллож, ундалж амарч унтаж байгаад явсан болж таарч байна.

Иймээс анхан шатны шүүх уг маргааныг шийдвэрлэхдээ хэргийг тал бүрээс нь бодитой авч үзэлгүй, нотлох баримтад тулгуурлан шийдвэрлээгүй, хуулийг буруу ойлгож буруу тайлбарлан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргалаа гэж үзэж анхан шатны шүүхэд нь буцааж өгнө үү.

Улсын байцаагчийн 000087 тоот актыг “Ачлал трейд” ХХК-ийн нэр дээр тавих болоход тус компанийн ерөнхий нягтлан бодогч М.Гэгээнтуяа “Ачлал констракшин” ХХК-д тавиад өгөөч, нийгмийн даатгалын шимтгэлээ төлье гэж гуйж байсан, удалгүй “Ачлал констракшн” ХХК нь гадаад ажилчид оруулж ирээгүй гэсэн үндэслэлээр захиргааны хэргийн шүүхэд хандсан, энэ явцад “Ачлал трейд” ХХК удаа дараа Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гадаад ажилчид оруулж ирсэн тул актыг өөрчилж буюу хүчингүй болгож өгөх хүсэлтүүдийг тавьж байсан.

Нийгмийн даатгалын байгууллага хууль, эрх хэмжээнийхээ хүрээнд уг актыг зөвтгөн “Ачлал трейд” ХХК болгон өөрчилсөн. Гэтэл шинээр акт гаргаагүй гэсэн ойлгомжгүй тайлбар хийж, маргааны нэг сэдэв болгон тайлбар хийж байна.

...“Ачлал трейд” ХХК нь улсын байцаагчийн 000087 тоот актыг хүлээн зөвшөөрч шимтгэлийн дүнгээ төлж алдангиас чөлөөлж өгөхийг хүсч удаа дараа Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж байсан.

Дээрх байдлуудад шүүгч дүгнэлт хийгээгүй, “Ачлал трейд” ХХК-ийн хууль бус үйлдлийг өөгшүүлсэн шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 893 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү, эсхүл шүүгчийн үзлэгээр “Ачлал трейд” ХХК-ийн оруулж ирсэн гадаад ажилчид ажил хөдөлмөр эрхэлсэн эсэх, цалин хөлс авсан эсэх, мөн нэхэмжлэгчийн Хятадын талаасаа цалин хөлс авдаг байсан гэх тайлбарыг нотлуулахаар анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Эрүүгийн цагдаагийн газрын гаргасан судалгаа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 6/416 дугаартай албан бичгийн дагуу Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 2011-2014 онд гадаадын иргэдийг хөдөлмөр эрхлүүлэхээр оруулж ирсэн аж ахуйн нэгжүүдэд тухайн иргэдийг нийгмийн даатгалд хамруулсан байдалд шалгалт хийжээ.

            Уг шалгалтаар “Ачлал трейд” ХХК нь БНХАУ-ын 49 иргэнийг ажиллуулахдаа хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй зөрчил гаргасан гэж нийгмийн даатгалын улсын байцаагч Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн 14,889,009 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлж, 7,419,505 төгрөгийн алданги ногдуулахаар 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 000087 дугаар акт тогтоосон бөгөөд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/09 дүгээр тушаалаараа тухайн актын “Ачлал констракшн ХХК” гэснийг “Ачлал трейд ХХК” болгон өөрчилж, он, сар, өдөр, дугаар, шимтгэл, алдангийн дүн агуулгыг өөрчлөлгүй хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч “Ачлал трейд” ХХК барилгын ажил эрхлүүлэхээр БНХАУ-ын иргэдийг авчирсан боловч тэдгээр иргэдийг ажиллуулах барилгын ажил зогссоны улмаас Монгол Улсад байх хугацаандаа ажил хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олоогүй учир албан журмын даатгалыг төлөх үндэслэлгүй гэж дээрх захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод цалин хөлс болон гэрээгээр тохирсон хөлснөөс гадна аж ахуйн нэгж, байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлогыг хамруулахаар заасан байна.

“Ачлал трейд” ХХК барилгын ажил эрхлүүлэхээр БНХАУ-ын иргэдэд Монгол Улсад ирж ажиллах визтэй хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдлийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд гаргасныг үндэслэн тэдгээр иргэдийг ажиллуулах зөвшөөрлийг олгосон, улмаар тухайн 49 ажилчид 2013-2014 онуудад Монгол Улсад байсан болох нь баримтаар тогтоогдсон төдийгүй нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрсөн тул тэдгээр иргэдийн Монгол Улсад байх хугацааны хоол, орон сууц, унааны зардлыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогод хамруулан үзэж, шимтгэл тооцсон нь зөв байна.

Түүнчлэн нэхэмжлэгч компаниас БНХАУ-ын иргэд ажил хөдөлмөр эрхэлсэн, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олсон эсэхтэй холбоотой баримтыг нийгмийн даатгалын байгууллагад гаргаж өгөөгүй тул хариуцагч шимтгэл ногдох орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсоныг буруутгах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэсэн үүргийнхээ дагуу зохих шимтгэлийг суутган авч шилжүүлээгүй байх тул мөн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Байгууллага нь гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээний биелэлт, гадаадад хөдөлмөр эрхлүүлж байгаа иргэд, гадаадаас авч ажиллуулж байгаа ажиллах хүч, мэргэжилтний талаарх тайлан, мэдээг батлагдсан маягтын дагуу улирал тутам гаргана. Цуцлагдсан болон сунгасан гэрээний тухай мэдээллийг тухай бүр гаргаж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу түүний эрх олгосон байгууллагад албан ёсоор ирүүлж байна” гэж заажээ. Уг хуулийн зохицуулалтын дагуу гадаадаас ажиллах хүч авч ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээний биелэлт, гадаад ажилчид нь хөдөлмөр эрхэлж байгаа эсэх тухай тайлан, мэдээг улирал бүр гаргаж байх үүрэг хүлээлгэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд “Ачлал трейд” ХХК нь барилгын ажил эрхлүүлэх зорилгоор оруулж ирсэн визний зорилгын дагуу хөдөлмөр эрхлээгүй, гэрээ биелэгдэхгүй байгаа талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэж байгаагүй, энэ талаар ямар нэгэн баримт, хүсэлтийг гаргаж байгаагүй байх тул нэхэмжлэгчийн “тэдгээр иргэд ажил эрхлээгүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Харин маргаан бүхий актаар ногдуулсан 7,419,505 төгрөгийн алданги нь захиргааны хариуцлагын нэг төрөлд хамаарч байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.3-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг мөн актаар ногдуулсан алдангиас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрт дурдсан агуулгаар өөрчлөлт оруулахаас гадна нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд баримталсан хуулийн зүйл заалтыг буруу бичсэн байгааг зөвтгөн өөрчлөв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 893 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, 26 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ачлал трейд” ХХК-ийн “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 000087 дугаартай актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Ачлал трейд” ХХК-ийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 000087 дугаартай актаар ногдуулсан 7,419,505 төгрөгийн алданги төлөх хариуцлагаас өршөөн хэлтрүүлсүгэй” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                            ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                                            ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                                            ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН