Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2021/01528

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэгт бүртгэлтэй ч, Баянгол дүүрэгт оршин суух, Б овогт Х-ын Б,

Нэхэмжлэгч: Орхон аймагт оршин суух, С овогт Б-ын А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “У и ” ГХОХХК -д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нэхэмжлэгч Х.Б-т 63.412.303 төгрөг, нэхэмжлэгч Б.А-т 72.950.690 төгрөг болон нэмэгдэл хөлс 14.264.833 төгрөг, нийт 150.627.826 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тэдгээрийн  өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Х.Б ын хувьд 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс “У и ” ГХОХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан Зардлын Инженерийн албан тушаалд томилогдож, ажиллаж эхэлсэн.  Хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ дахин байгуулж ажиллаж байсан. Гэвч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гүйцэтгэх захирлын 241/20 дугаар тушаалаар “... хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон...” хэмээн ажлаас чөлөөлсөн болно.

Нэхэмжлэгч Б.А-ын хувьд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс “У и ” ГХОХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан Цахилгааны ахлах мэргэжилтэн албан тушаалд ажиллаж эхэлсэн.  Хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунган, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ дахин байгуулж ажиллаж байсан боловч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гүйцэтгэх захирлын 242/20 дугаар тушаалаар “... хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон...”  үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болно. Дээрх хоёр тушаалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргасан.

1.Байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг ойлгоно гэж тодорхойлсон байдаг.

Хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал, цалингийн карт, цалингийн тооцоолол зэргээс үзвэл нэхэмжлэгч нарын ажиллаж буй ажлын байр нь ажлын ээлжийн тогтмол давтамжтай , тогтоосон цалингийн сүлжээгээр сар бүр цалин хөлс авдаг, ажил үүргээ гүйцэтгэхэд зориулагдсан нөүтбүүк, багаж бусад тоног төхөөрөмж, орон байр, ажлын ширээ, хангалтын хувцас бүхий ажиллах нөхцөл бүрэн хангагдсан зэрэг байнгын ажлын байрны бүхий л шинжийг агуулж байгаа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байнгын ажлын байранд хамаарч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь хэсэгт заасан байнгын ажлын байранд тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй билээ.

2.Хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүйгээр дуусгавар болгож буй нөхцөл шалтгаан тодорхойгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтад зааснаар хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болох боловч Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 33 дугаар тогтоолоор тайлбарласныг үзвэл ажилтан, ажил олгогч хэн алины санаачилгаар тэдгээрийн хүссэнээр тодорхой зайлшгүй үндэслэл, шаардлага үүссэн тохиолдол хамаарах бөгөөд энэ шалтгаан нөхцөл болон талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тусгах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тодорхой зайлшгүй үндэслэл, шаардлага үүссэн тохиолдол байхгүй үед байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах нь Хөдөлмөрийн тухай хууль, ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн үйлдэл болно.

Нэхэмжлэгч нарын ажил олгогчтой байгуулсан 2020 оны Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.а хэсэгт “2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ажил олгогч “Оюу Толгой” ХХК-тай инженерийн ажил, ханган нийлүүлэлт, барилга угсралт болон менежментийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу Оюу толгойд ойролцоогоор 71 сарын хугацаанд инженерийн ажил, ханган нийлүүлэлт, барилга угсралт болон менежментийн гэрээнд заасан нөхцөл шаардлагын дагуу үйлчилгээ үзүүлэхээр тохирсон”, 1.b “...ажил олгогчоос даалгасан тодорхой ажлыг ажилтнаар гүйцэтгүүлэх зорилгоор...”, 1.с хэсэгт “... шаардлагатай ажлын тодорхой хэсгийг гүйцэтгэх зорилгоор...” гэж тус тус заасан байдаг.

Хэрэв үнэхээр “Оюу Толгой” ХХК-тай байгуулсан менежментийн гэрээний хугацаагаар “У и” ХХК-ийн ажиллах хугацаа хязгаарлагдаж байгаа бол ажилтнуудтай байгуулж буй хөдөлмөрийн гэрээ ч мөн тэр хугацаатай нийцэж байх ёстой. Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.а хэсэгт зааснаас харахад ажил олгогчийн “Оюу Толгой” ХХК-тай байгуулсан гэрээ 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 71 сарын хугацаагаар тооцвол 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болохоор байна. Гэтэл Хөдөлмөрийн гэрээний хугацаа ажил олгогчийн хэрэгжүүлж буй төслийн үргэлжлэх хугацаагаар бус хамгийн анх гэрээ байгуулснаас хойш 1 жилийн хугацаагаар, цаашид 1 жилээр сунгагдана эсхүл сунгагдахгүй ч байж болохоор байгуулж байгаа нь хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан үндсэн зорилго, хэрэгцээ шаардлагатай нь огт нийцэхгүй байна. Гэрээнд заасан талуудын тохиролцооны үгийн утгыг гэрээний үндсэн зорилго, агуулга, нөхцөл зэрэгт нийцүүлэн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэг заасан журмын дагуу тодорхойлоход "...ажил олгогчоос даалгасан тодорхой ажлыг ажилтнаар гүйцэтгүүлэх зорилгоор...”-ыг харгалзах үндэслэл нь хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон зайлшгүй шалтгаан нөхцөл бус байх тул тус агуулга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1, 23.2.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй, түүнчлэн “...шаардлагатай ажлын тодорхой хэсгийг гүйцэтгэх зорилгоор..." буюу тодорхой ажил гүйцэтгэх хэмээх үндэслэл нь хүсэл зоригийн тодорхой бус илэрхийлэл үүсгэсэн байна. Түүнчлэн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ямар үндэслэл, шаардлагаар ийнхүү ажилтантай Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон талаар тайлбарлаж, харилцан тохиролцож, зөвшилцсөн зүйл байдаггүй бөгөөд харин ч эсрэгээр тогтмол гэрээг сунгаж ажиллуулна хэмээн тайлбарлаж байсан.

3.Ажлын байр хэвээр хадгалагдаж буй тухай:

Хөдөлмөрийн гэрээнд заасан 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ажил олгогч болон “Оюу Толгой” ХХК-ийн хооронд байгуулсан 6 жилийн хугацаатай инженерийн ажил, ханган нийлүүлэлт, барилга угсралт болон менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь одоо ч хүчин төгөлдөр үргэлжилж байх тул нэхэмжлэгч нарын гүйцэтгэх ажил, ажлын хэрэгцээ хэвээр хадгалагдаж байгаа. Мөн түүнчлэн нэхэмжлэгч Х.Б ын "Зардлын инженер" ажлын байр, нэхэмжлэгч  Б.А-ын  “цахилгааны ахлах ажилтан”-ы ажлын байр цаашид ажил олгогч “Оюу Толгой” ХХК-ийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагагүй болсон эсэх нь тодорхойгүй. Энэ тухай баримтгүй. Иймд ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр гэрээг дуусгавар болгож байгаа нь түүнийг ажилтны ажлаас чөлөөлж байгаа үндэслэлээ тодорхой болголгүйгээр ажилтнуудаа ажлаас нь халах дур зоригийн хэрэгсэл болсон байна.

Энэхүү төслийн хүрээнд буюу “Оюу Толгой” ХХК-д инженерийн ажил, ханган нийлүүлэлт, барилга угсралт болон менежментийн үйлчилгээ үзүүлэх ажлын аль ч үе шатанд буюу хамгийн багаар тооцож үзэхэд дээрх гэрээний 6 жилийн хугацаанд зардлын инженерийн ажлын байр оршин байх бөгөөд бусад зардлын инженерүүдийн ажил хэвийн үргэлжилж байгаа.  Түүнчлэн ажил олгогчийн зүгээс 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Б.А-ын ажиллаж байсан цахилгааны ахлах ажилтанд нэмж ажиллуулахаар ажлын зар шинээр тавьж, ажилтан авч ажиллуулсан зэргээс үзвэл цахилгааны инженерийн ажил, албан тушаал одоо мөн цаашид хэрэгцээтэй байсаар байна.

Ийнхүү гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэгч нарыг чөлөөлсөн, "У и " ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 241/20, 242/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт тушаал гарснаас хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх ажлын 157 хоногт нэхэмжлэгч Х.Б ын хувьд нэг өдрийн дундаж цалин 403.900 төгрөг байх тул 63.412.303 төгрөг, нэхэмжлэгч Б.А-ын хувьд нэг өдрийн дундаж цалин 464.654 төгрөг байх тул 72.950.690 төгрөг тус тус гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зохих ёсоор олгохыг даалгаж шийдвэрлэж өгнө үү.  

Нэхэмжлэгч нарын хувьд гэрээг хугацаатай байгуулсан асуудлыг эс зөвшөөрч дангаар бус харин тус компанийн Үйлдвэрчний эвлэлээр дамжуулан удаа дараа гомдол гаргаж байсан. Улмаар 2020 оны 3 дугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус компанид албан шаардлага тавьсан. Тус компани 400 орчим ажилтантай хэрнээ хэрэгт баримтаар 100 гаруй ажлын байр баталсан тушаал авагдснаас үзвэл бусад бүх ажилтантай хугацаатай гэрээ байгуулж байна. Түүнчлэн Хамтын гэрээний 2.2-т гэрээний хугацааг “2022 оны 11 дүгээр сар хүртэл” гэж дурдснаас үзвэл анхнаасаа Хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах ёстой гэж үзэж байна.

 

Үүнээс гадна нэхэмжлэгч Б.А-ын хувьд 2018 оны 8 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод зааснаар гүний уурхайд бүтэн ажилласан боловч гэрээний хавсралт 1-д заасан хэвийн бус ажлын ажлын нөхцөлийн зөвхөн хэсэгчилсэн нэмэгдэл болох 6.5 хувийг олгосон. Уурхайд хамт ажиллаж байсан бүх ажилтан хэвийн бус нөхцөлийн бүтэн нэмэгдэл буюу 13 хувийн нэмэгдэл авдаг бөгөөд зөвхөн надад дутуу олгосон. Энэ тухай нягтлан болон хүний нөөцөд хандсаны дагуу 2020 оны 05 дугаар сараас бүтэн нэмэгдэл олгож эхэлсэн боловч өмнөх хугацааны дутуу авсан нэмэгдлийг “...өмнө авсан байх ёстой ... тооцоо нийлж шийдвэрлэнэ...” гэж хойшлуулсаар халагдсан тул авч чадаагүй 6.5 хувийн нэмэгдэл хөлс болох 14.264.833 төгрөгийг мөн гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Компани нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1.Компани 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Оюу толгой” ХХК-тай инженерийн ажил, ханган нийлүүлэлт, барилга угсралт болон менежментийн гэрээний хүрээнд нэхэмжлэгч Х.Б ыг “Оюу толгой” төслийн талбай дахь “Зардлын инженер” албан тушаалд хөдөлмөрийн гэрээг анх 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 12 сарын хугацаатай байгуулж, улмаар 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр гэрээний хугацааг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг жилээр, 2019  оны 5 дугаар сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус сунгасан.

Нэхэмжлэгч Б.А-ыг Оюу толгой төслийн талбай дахь ашиглалтад оруулах хэлтэст “Цахилгааны ахлах ажилтан” албан тушаалд 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс анх 11 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулж, улмаар гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан байна. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр компани нэхэмжлэгч Х.Б , Б.А нартай тус тус шинээр хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулж 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахыг харилцан тохиролцсон болно.

Нэхэмжлэгч нарын дээрх албан тушаал анхнаасаа “байнгын бус” ажлын байр байсан. Анх гэрээ байгуулахдаа байнгын бус ажлын байранд ажиллах санал тавьж

талууд тусгайлан харилцан тохиролцож, нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрснөөр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Энэ нь Хөдөлмөрийн гэрээний 1(с) дэх хэсэгт: Ажилтан нь хугацаатай гэрээний дагуу Ажил олгогчийн гүйцэтгэх шаардлагатай ажлын тодорхой хэсгийг гүйцэтгэх зорилгоор ажиллахыг хүлээн зөвшөөрч тохиролцсон бөгөөд тэрхүү хэсгийн ажлыг гүйцэтгэж дууссан тохиолдолд ажилтны албан тушаал ажил олгогчид цаашид шаардлагагүй болохыг ажилтан нь сайтар ойлгож, хүлээн зөвшөөрсөн болно, гэрээний 2.1 дэх заалтад: Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр эхэлж 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно гэж зааснаас харагдана.

Компанийн үйл ажиллагаа болон түүний ажиллах хүчний шаардлага нь “Оюу толгой” төслийн үе шатуудтай шууд холбоотой буюу түүнээс бүрэн хамааралтай байдаг.  Нэхэмжлэгч нарын эрхэлж байсан Албан тушаал нь Инженерийн ажил, ханган нийлүүлэлт, барилга угсралт болон менежментийн гэрээний дагуу Оюу толгой төслийн тодорхой үе шатанд шаардлагатай ажиллах хүчний хэрэгцээтэй уялдуулан тодорхой ажил үүргийг гүйцэтгэхэд компанид туслах чиг үүрэгтэй байсан. Төслүүд дуусгавар болсонтой холбогдуулж компанийн зүгээс гэрээний хугацааг цаашид сунгалгүй дуусгавар болгосон байдаг. Дээр дурдсанчлан хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах бодит нөхцөл шаардлага үүссэн учраас харилцан тохиролцож хугацаатай Хөдөлмөрийн гэрээг байгуулж, хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Түүнчлэн компанийн зүгээс хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусч цаашид сунгагдахгүй болохыг нэхэмжлэгч Х.Б , Б.А нарт 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус тус мэдэгдсэн. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу гэрээг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөд талууд ямар нэг дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэн дээр гарын үсэг зурж баталгаажуулж байсан бөгөөд Х.Б  энэ талаар өмнө нь огт гомдол гаргаж байгаагүй.

Хэрэв  нэхэмжлэгч нар өөрийн ажиллаж байсан түр ажлын байр, өөртэй нь байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний талаар гомдолтой байсан бол Хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш гурван сарын дотор хэд гомдол гаргах эрхтэй байсан. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдлоо гаргахаар заасан. Нэхэмжлэгч нар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиролцооны талаар анх гэрээнд гарын үсэг зурах үедээ бүрэн мэдэж байсан. Мэдээгүй байсан ч тэрээр хөдөлмөрийн хуулийн 129.1-ийн дагуу шүүхэд мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын хугацаанд гомдол гаргах эрхтэй байсан ч энэ эрхээ хэрэгжүүлэлгүй, хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн байна. Мөн албан тушаалд шинээр ажилтан авах ажлын байрны зар гаргасан гэх асуудлыг Компанийн зүгээс бүхэлд нь үгүйсгэж байгаа бөгөөд Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаас хойш Б.А-ын ажиллаж байсан албан тушаалд өөр хүн авч ажиллуулаагүй болно.

Одоогийн байдлаар Оюу толгой төслийн 33 үе шатны ажлаас 23 ажил дууссан. Нэхэмжлэгч Х.Б ын  хувьд зардлын инженерээр ажилладаг тул оффисын ажилтан бөгөөд томоохон төслүүд дууссантай холбоотой гэрээг сунгах шаардлагагүй болсон. Харин Б.А-ын хувьд Оюу толгой төслийн талбайн дулааны цахилгаан станцын өргөтгөл, Босоо ам 2 төсөлд ажиллаж байсан. Уг ажлууд дууссаны дараа зүгшрүүлэх тохируулах ажиллагаа шаардлагатай тул түүнтэй гэрээг нэг жилээр сунгасан байсан болно. Энэ ажил мөн дуусч байгаа тул гэрээг сунгах шаардлагагүй болсон. Нэхэмжлэгч нар Үйлдвэрчний эвлэлээр дамжуулан гомдол гаргасан гэж байгаа ч баримтгүй.

2.Нэхэмжлэгч Б.А-ын хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийн хувьд Компанийн "Ашиглалтад оруулах хэлтэс" Оюу толгой төслийн талбайд гадаргын дэд төслүүдийг ашиглалтад оруулахаар талбайд очиж ажиллах, ашиглалтад оруулахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх зэргээр Оюу толгой Төслийн талбай дээр буюу гүний уурхайд бүтэн цагаар тасралтгүй ажиллах бус харин ээлж бүрийнхээ дийлэнх хэсгийг тогтмол гүний уурхайд орж ажилласныг хэсэгчилсэн хэвийн бус нөхцөлд ажилласнаар тооцож, хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 6,5 хувиар бодож олгодог. Энэ нь ашиглалтад оруулах хэлтсийн ажилтнууд "бүрэн" хэвийн бус нөхцөлд байнга ажилладаггүй гэсэн үг юм.

Ажиллах байршил, нөхцөлөөс хамааран Б.А-ын ажиллах хөдөлмөрийн нөхцөл тодорхой хугацаанд өөрчлөгдөж байсан ба 2020 оны 7 дугаар сарын 04-ний болон 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тус тус хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл 13 хувиар тооцож олгосон байдаг.

Харин 2018 оны 8 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл цалинг бүрэн олгоогүй гэх асуудлаар 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу тэрээр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл цалинг 6,5 хувиар тооцож олгосноос хойш 3 сарын дотор буюу 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн дотор энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Б.А бараг 2.6 жилийн дараа нэхэмжлэл гаргахдаа хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн аливаа хүндэтгэн үзэх шалтгааны талаар нэхэмжлэлдээ огт дурдаагүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Х.Б , Б.А нар “У и ” ГХОХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нэхэмжлэгч Х.Б т 63.412.303 төгрөг, нэхэмжлэгч Б.Ариунбаярт 72.950.690 төгрөг болон хэвийн бус нөхцлийн нэмэгдэл хөлс 14.264.833 төгрөг, нийт 150.627.826 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

1.Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Х.Б  “Жейкобс Инженеринг” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Оюу Толгой Сайт-д байрлах зардлын инженер байнгын бус ажлын байранд ажиллуулахаар нэг жилийн хугацаатай гэрээг байгуулж, улмаар  талууд гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгажээ. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр талууд дахин гэрээг шинэчлэн байгуулахдаа гэрээний хугацааг нэг жил буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохоор заажээ. /1хх 6-26/

Нэхэмжлэгч Б.А “Жейкобс Инженеринг” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Оюу Толгой Сайт-д байрлах ашиглалтад оруулах багт цахилгааны ахлах ажилтаны байнгын бус ажлын байранд ажиллуулахаар 11 сарын хугацаатай гэрээг байгуулж, улмаар талууд гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгажээ. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр талууд дахин гэрээг шинэчлэн байгуулахдаа гэрээний хугацааг нэг жил буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохоор заажээ. /1хх 191-209 /

Ажил олгогч “Жэйкобс инженеринг” ХХК оноосон нэрээ “У и ” ХХК болгон өөрчилснийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй. /2хх 175/

“У и ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 241/20 дугаар тушаалаар Х.Б ыг зардлын инженерийн үүрэгт ажлаас, мөн өдрийн 242/20 дугаар тушаалаар Б.Ариунбаярыг цахилгааны ахлах ажилтны ажлаас тус тус Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр чөлөөлж, гэрээг дуусгавар болгожээ.  /1хх 30, 212/

Нэхэмжлэгч нарт гэрээг цааш сунгахгүй болсон талаар 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдэж уулзалтын тэмдэглэл хөтөлсөн байх ба энэ үйл баримтад нэхэмжлэгч нар маргаагүй.  /1хх 177-178, 200/

 Нэхэмжлэгч нар тушаалыг эс зөвшөөрч байнгын ажлын байранд анхнаасаа хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах байсан гэж тайлбарлав. Хариуцагч Оюу толгой төсөл өөрөө хугацаатай тул анхнаасаа байнгын бус ажлын байранд хугацаатай гэрээ байгуулах санал тавьсныг зөвшөөрч гэрээ байгуулсан, Оюу толгой төслийн 33 ажил гүйцэтгэхээс 23 ажил дууссан тул нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээг сунгаагүй, түүнчлэн гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй хугацаа хэтэрсэн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав.

Оюу толгой төслийн ихэнх ажил дууссан, ажлыг хүлээлгэн өгсөн тул гэрээг сунгах шаардлагагүй болсон хэмээн хариуцагч тайлбарлаж улмаар уг тайлбараа нотлохоор ажил хүлээлгэн өгсөн баримтуудыг ирүүлсэн. Гэвч хавтаст хэргийн 90-140 дэх талд авагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, барилга байгууламжийг магадлах гэрчилгээ зэрэг  ажил хүлээлгэсэн баримтууд нь нэхэмжлэгч нартай гэрээг шинэчилж байгуулахаас өмнөх цаг хугацааны буюу 2018 оны 4 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын хооронд хамаарах баримтууд тул тухайлан нэхэмжлэгч нарын ажил үүрэг төсөл дуусгавар болж байгаагаас сунгах шаардлагагүй тухай тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “хөдөлмөрийн гэрээ хугацаатай буюу хугацаагүй байна” гэж, 23.2.2-т “талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна” гэж тус тус заасан. Ажил олгогч хуулийн дээрх зохицуулалтын дагуу ажилтантай хугацаатай гэрээ байгуулах тохиолдолд ийнхүү хугацаатай байгуулах болсон тодорхой үндэслэл, шалтгаан бий болсон байх, улмаар ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр тохиролцсон байхыг шаардана. Хэрэгт авагдсан баримтаар “байнгын бус ажлын байранд ажиллах санал” гаргаснаар нэхэмжлэгч нар уг саналыг хүлээн авсан, 2020 оны 01 дүгээр сарын 01-нд гэрээг шинэчлэн байгуулахдаа “ажил олгогч өөрөө Оюу толгойд үйлчилгээ үзүүлэх хугацаатай гэрээтэй тул ажилтантай хугацаатай гэрээ байгуулах болсон” тухай дурджээ.

Нэгэнт талууд анхнаасаа гэрээг харилцан тохиролцож хугацаатай байгуулсан тул гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэгч нарыг чөлөөлсөн явдал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй. 

Нэхэмжлэгч нар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, гэрээний нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас дордуулсан хуульд нийцээгүй талаарх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-д зааснаар гаргаагүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан “гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байснаас хойш гурван сарын дотор гомдлоо гаргах” хуульд заасан хугацааг хэтрүүлсэн. Нэхэмжлэгч нар гомдлоо Үйлдвэрчний эвлэлээр дамжуулан 2020 оны 01 дүгээр сард гаргасан, Үйлдвэрчний эвлэлээс мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан хэмээн тайлбарласан. Хэрэгт баримтаар тус компанийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд, Монголын эрчим хүч геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд тус тус “419 ажилтантай хэрнээ 333 ажилтан хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан” асуудлаар гомдол гаргасан байх боловч нэхэмжлэгч нар өөрсдөө үйлдвэрчний эвлэлдээ хандсан тухай баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч нарыг гомдол гаргаж байсан гэж үзэх боломжгүй байна. /2хх 151-152, 156-157/

Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 089/19 тоот тушаалаар компани 118 ажилтантай байхаар, харин 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 203/20 дугаар тушаалаар компани 71 байнгын ажилтантай байхаар тус тус ажил, албан тушаалын жагсаалтыг баталсан, нэхэмжлэгч нартай сүүлд гэрээг шинэчилж хийх тухайн цаг хугацаанд болон хамгийн сүүлд баталсан бүтцийн алин алинд нэхэмжлэгч нарын “Зардлын инженер”, “ашиглалтад оруулах хэлтсийн цахилгааны ахлах ажилтан” ажлын байр тусгагдаагүй. Энэ үйл баримтад талууд маргаагүй. /1хх 164-170, 2хх 182-185/ Иймд бүтцээр батлагдаагүй “байхгүй” ажлын байрыг “байнгын ажлын байр” хэмээн үзэж ажилтныг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй.

Нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн ганцаарчилсан энэ маргааныг гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсний улмаас тушаалыг хууль зөрчөөгүй гэж үзсэн явдал ажил олгогч байгууллага өөрийн дийлэнх олонх ажилтантай гэрээг хугацаатай байгуулсан, бүтэц орон тоондоо батлалгүйгээр ажиллуулдаг тэр нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэх асуудалд дүгнэлт өгөөгүй, хамааралгүйг дурдах нь зүйтэй.

Шүүх ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нэхэмжлэгч Х.Б т 63.412.303 төгрөг, нэхэмжлэгч Б.А-т 72.950.690 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгов.

 

2.Нэмэгдэл хөлс 14.264.833 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч  Б.А 2018 оны 8 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд хэвийн бус ажлын нөхцлийн нэмэгдэл 13 хувиар авахаас захиргаа түүнд 6,5 хувиар тооцон дутуу олгосон үндэслэлээр үлдэх 6,5 хувийн нэмэгдэл хөлс 14.264.833 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч анхнаасаа энэ нэмэгдлийг түүнд бүтэн бус, хэсэгчилсэн хувиар олгохоор тохиролцсон, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав. 

Нэхэмжлэгч дээрх хугацаанд Оюу толгой төслийн гүний уурхайд орж ажилласан үйл баримтад зохигчид маргаагүй болно. /2хх 209-213/

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хавсралт 1-ийн 2.8-д түүний “хөдөлмөрийн нөхцөл – хэвийн бус, нөлөөллийн түвшин - хэсэгчилсэн” гэж, 2.5-д “төслийн талбайд ажилласны нэмэгдэл 13 хувь, хэвийн бус ажлын нөхцөлийн хэсэгчилсэн нэмэгдэл 6,5 хувь” байхаар тус тус заажээ. /1хх 198 /

Талууд 2020 оны 6 дугаар сарын 13-нд, 2020 оны 7 дугаар сарын 04-нд, 2020 оны 9 дүгээр сарын 21-нд тус тус байгуулсан гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “хэвийн бус нөхцөл –бүтэн-13 хувь” байхаар тохиролцжээ. /1хх  210, 211/

Иймд анх гэрээгээр энэ нэмэгдлийг ажилтанд хэсэгчилсэн буюу 6,5 хувь байхаар тохиролцсон, харин сүүлд талууд нэмэгдүүлж бүтнээр буюу 13 хувь байхаар заасан байх тул ийнхүү нэмэгдүүлэхээс өмнөх нэхэмжлэгчийн ажилласан хугацааны нэмэгдлийг бүтэн буюу 13 хувиар тооцох үндэслэлгүй. Нэхэмжлэгч энэ нэмэгдлийг 6,5 хувиар авсан үйл баримтад маргаагүй тул захиргаа ажилтанд гэрээгээр тохиролцсон олговол зохих нэмэгдлийг олгосон гэж үзнэ.

 Түүнчлэн нэхэмжлэгч энэ шаардлагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан “эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байснаас хойш гурван сарын дотор гомдлоо гаргах” хуульд заасан хугацааг хэтрүүлж гаргасан тул хэрэгсэхгүй болгов.

 

Дээрхийг нэгтгээд “У и ” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх болон нэмэгдэл хөлс 14.264.833 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.А, Х.Б  нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар “У и ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нэхэмжлэгч Х.Б т 63.412.303 төгрөг, нэхэмжлэгч Б.А-т 72.950.690 төгрөг болон нэмэгдэл хөлс 14.264.833 төгрөг, нийт 150.627.826 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Ариунбаяр, Х.Б  нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ