Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
Хэргийн индекс | 181/2021/01208/и |
Дугаар | 181/ШШ2021/01529 |
Огноо | 2021-08-09 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2021/01529
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэгт оршин суух, И овогт С-ын С -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “Ч б ” ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 72.000.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: С.С миний бие 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс “Ч б ” ХХК-д гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс бизнес хариуцсан дэд захиралын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан.
Манай банкны онцлог, бизнесс хариуцсан дэд захирлын үүргийн хувиараас шалтгаалан миний хувьд өдөр тутмын ажлыг банкинд ажлын өрөөндөө сууж ажиллахгүй, бизнесийн хамтрагч бусад байгууллага, иргэдтэй уулзах зэргээр ажилладаг байсан. Гэтэл 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 29 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаалыг гаргасан байна.
Уг тушаалд “Бизнес хариуцсан дэд захирал С.С 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд аливаа зөвшөөрөл, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэсэн байна.
Мөн тушаалд 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн дотор багтаан ажил хүлээлцэхийг ажлын хэсэгт даалгасугай гэсэн хэдий боловч өнөөдрийг хүртэл хугацаанд ажил гүйцэтгүүлэх цалин, өглөг, авлагын тооцоог хийхгүй, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдийг буцаан олгохгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасныг зөрчиж байгаад гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байхад хэлж мэдэгдэхгүй, ямар нэг байдлаар ажил үүргийг хариуцлага алдсан гэх үндэслэл нь эргэлзээтэйгээр, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар сануулах, сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар буруулах, ажлаас халах гэж дараалуулан заасны дагуу арга хэмжээ авалгүй шууд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргасанд гомдолтой байна. Хариуцагч цагийн бүртгэлийг баримтаар ирүүлсэн байх боловч нэхэмжлэгч Бизнес эрхэлсэн захирлын хувьд гадуур байгууллагатай уулзах, гадуур ажиллах явдал их байсан. Цаг бүртгэлийн хувьд бүртгэх төхөөрөмжөөр тус байгууллагын 6 захирал бүгд цагаа бүртгүүлдэггүй байсан гэдэг. Өмнө нь бүртгүүлж байсан удаагүй. Хөдөлмөрийн дотоод журамд бүртгүүлэх боломжгүй ажилтны ажлын цагийг нэгтгэн тооцохоор заасан байна. Энэ нь ажлын цагийг бүтнээр тооцдог байсан гэдэг. Мөн тус байгууллагад ажлын цаг нэгтгэн бодох, цагийн бүртгэл хөтлөх талаар батлагдсан журам байхгүй. Иймд С.Сандагдоржийг үндэслэлгүйгээр халсан тул бизнес хариуцсан захирлын албан тушаалд эргүүлэн тогтоож өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо сарын үндсэн цалин 9.000.000 төгрөгийн цалинтай байсан тул энэ дүнгээр тооцож нэхэмжилж байгаа.
Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч улирлаар ажлаа тайлагнадаг байсан. Түүний ажиллах хугацаанд буюу 2021 оны 01, 02 дугаар сарын цалин хөлсийг мөн олгоогүй байх тул өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх 8 сараар тооцон 72.000.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн төлүүлж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2015 оноос тус банканд гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байсан ба 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс бизнес хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан болно. 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 29 тоот тушаалаар С.С-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 57 өдөр захиргааны чөлөө аваагүй ямарваа нэгэн зөвшөөрөл байхгүй үндэслэлгүйгээр ажлаа тасалсан нь захиргааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Цагийн бүртгэлийг хэрэгт баримтаар өгсөн.
Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.5.1-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 өдрөөс дээш хугацаагаар тасалсан, захиргааны чөлөө хэтрүүлсэн, удаа дараалан сануулсаар байхад ажлаас байнга хоцорсон” гэж заасан мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 57 өдөр ажлаа тасалсан нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцалсан. Нэхэмжлэгч өөрөө ирж ажлаа хүлээлцээгүй бөгөөд нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэргийг ажил хүлээлцэн ирж аваагүй болно.
Нэхэмжлэлд “сануулах, сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувь буруулах, ажлаас халах гэж дараалуулан заасны дагуу арга хэмжээг авалгүй шууд хөдөлмөрийн гэрээг цуулах тухай тушаал гаргасанд гомдолтой байна” гэжээ. Нэхэмжлэгч ажлын нийт 57 өдөр ажлаа тасалсан явдал хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.5.1-д заасан гэрээ шууд цуцлах ноцтой зөрчилд хамаарч байгаа болно. Тэрээр гадуур ажилладаг гэж тайлбарлаж байх боловч ажил дээрээ уулзалт хийх, уулзалтын өрөөг ашиглах бүрэн боломжтой байсан. Мөн гадуур ажлаа гүйцэтгэх бол энэ тухай мэдэгдэх тэмдэглүүлэх боломжтой. Иймд дээр дурдсан бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч С.С “Ч б ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 72.000.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт авагдсан С.С-ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас үзвэл тэрээр 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс “Ч б ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болж зохигчдын хооронд Хөдөлмөрийн харилцаа үүссэн, улмаар 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс тус байгууллагад бизнес хариуцсан дэд захирлаар томилогдсон, мөн өдрөө Хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулжээ. /хх 20-25/
Тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 29 дүгээр тушаалаар түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 10.5.1, Хөдөлмөрийн дотоод журмын 7.3.1-д заасныг баримтлан “ноцтой зөрчил” гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ. /хх 53/
Ажил олгогч өөрийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гаргасан үндэслэлээр гэрээг цуцлахад ажилтан гэрээгээр тухайлан тохиролцсон зөрчлийг гаргасан байх, захиргаа зөрчил гаргасан үйл баримтыг баримтаар тогтоосон байх үүрэгтэй.
Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3.1-д болон талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.5.1-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 өдрөөс дээш хугацаагаар тасалсан” тохиолдолд ноцтой зөрчилд тооцон гэрээг захиргааны санаачилгаар цуцлахаар тус тус заажээ. /хх 24/
Нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хооронд ажил тасалсан тул ноцтой зөрчил гаргасан гэж хариуцагч тайлбарлав. Хариуцагч татгалзлаа нотлохоор нэхэмжлэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны “тасалсан” төлөвтэй цагийн бүртгэлийг баримтаар ирүүлжээ. /хх 34-37/
Нэхэмжлэгч угаасаа тус байгууллагын 6 захирал цаг бүртгэлийн төхөөрөмжөөр бүртгүүлдэггүй, үүнээс өмнөх хугацаанд ч бүртгүүлж байгаагүй, түүнчлэн ажлаа хийж байсан, зөвшөөрөлгүй яваагүй гэж тайлбарлав.
Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын тавдугаар бүлэгт ажилтны ажил, амралтын цагийн талаарх зохицуулсан байх бөгөөд үүнд 5.1, 5.6, 5.7,5.8-д ажлын цаг өглөө 09.00 эхэлж, 18.00 цагт дуусна, ажилтан ажилд ирэх, ажлаас тарах, гадуур албан ажлаар явах үедээ цагаа бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд бүртгүүлээгүй тохиолдолд ажлаас хоцорсон эсхүл ажил тасалсан гэж үзнэ, ажилтан ажлын байран дээрээ байнга байж ажиллах үүрэгтэй бөгөөд гадуур ажлаар явах тохиолдолд харьяалах удирдлагад мэдэгдэн түүнээс зөвшөөрөл авна гэх зэргээр зохицуулжээ. /хх 54-69/
Шүүх цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлдэггүй, ажил таслаагүй, ажлаа хийж байсан тухай нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэв. Учир нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 5.2-т “ажил үүргийн онцлогоос шалтгаалан зарим ажилтны хувьд өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг баримтлах боломжгүй бол ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хэрэглэж болох бөгөөд энэ тохиолдолд ажил олгогчийн шийдвэрийг баримтлана” гэж заажээ. Дээрх заалтад дурдсан “ажлын цагийг нэгтгэн бодох” талаар тухайлсан журам тус байгууллагад байхгүй хэмээн нэхэмжлэгч тайлбарлаж байхаас гадна хөдөлмөрийн харилцаа, сахилга хариуцлагыг тодорхойлсон өөр журам тус байгууллагад байхгүй хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласныг дурдах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2-т “ажлын онцлогоос шалтгаалан өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг баримтлах боломжгүй учир ажлын цагийг нэгтгэн бодох журмын дагуу ажлын цагийг тооцно” гэж талууд гэрээгээр тухайлан тохиролцсон байх тул тэрээр хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын цагийг баримтлах боломжгүй ажилтан байна.
Иймд Хөдөлмөрийн гэрээний 10.5.1-д заасан “хүндэтгэх шалтгаангүйгээр ажлын 3 өдрөөс дээш хугацаагаар ажил тасалсан” гэх урьдач нөхцөл бүрдээгүй буюу нэхэмжлэгч хүндэтгэх шалтгаангүй тасалсан гэх зөрчлийг захиргаа баримтаар бүрэн тогтоогоогүй байх тул дээрх 29 тоот тушаал үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоов.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан нөхөх олговрыг Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу тооцоход тушаал гарсан 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 76, 77 дугаар зүйлд заасан нийтээр амрах баярын өдрүүд болон нийтээр амрах амралтын өдөр, тэмдэглэлт өдрийг хасвал ажлын 103 хоног, нэг өдрийн дундаж цалин 418.605 төгрөг /Нэхэмжлэгч нэг сарын үндсэн цалин 9.000.000 төгрөг хэмээн мөн дүнгээс олговрыг тооцсон, хариуцагч энэ үйл баримтад маргаагүй тул шүүх энэ дүнгээс тооцсон/ байх тул олговорт нийт 43.116.315 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчид 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш цалинг олгоогүй хэмээн тайлбарлаж мөн өдрөөс хойшхи хугацаагаар олговрыг 8 сараар тооцон 72.000.000 төгрөг гаргуулна гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Нэхэмжлэгч тус шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр анх нэхэмжлэл гаргахдаа “ажиллах хугацааны цалин хөлс”-ийг захиргаа олгоогүй тухай дурдаагүйгээс гадна энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан нөхөх олговор олгох асуудалд хамт шийдвэрлэх үндэслэлгүй, хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан гэж үзэх боломжгүйг дурдав.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлэв.
Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагадаа тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлэв.
Шүүх хуралдааны явцад хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрсөн” үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж байх боловч хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хүсэлт шийдвэрлэсэн явдал “үндэслэл бүхий эргэлзээ” гэж үзэх боломжгүй, түүнчлэн энэ хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуралдааны дэг, журмын дагуу гаргаагүй тул уг хүсэлтийг хүсэлтийн хэмжээнд үзээгүй, хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар С.С-ийг “Ч б ” ХХК-ийн бизнес хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 43.116.315 /дөчин гурван сая нэг зуун арван зургаан мянга гурван зуун арван таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28.883.685 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 373.531 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ