Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2021/01570

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэгт байрлах, “Г ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй ч, Сүхбаатар дүүрэгт оршин суух, Х овогт Ч-ийн П-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 10.307.188 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч-ийн П нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Г б-тай ЗГ1905124189 тоот зээлийн гэрээ байгуулж, 9.000.000 /есөн сая/ төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатай цалин барьцаалсан зээл авсан болно.

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн 697 хоног төлбөрөө төлөхгүй банкийг хохироож байгаа тул зээлдэгч Ч.П ид холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлийн гэрээг цуцалж, 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 7.467.575 төгрөг, зээлийн хүү 2.767.917 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71.695 төгрөг, нийт 10.307.188 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 10.307.188 төгрөгийг Ч.П оос гаргуулж өгнө үү. Манай банкны дотоод журмаар 180 сараас дээш хугацаагаар зээл төлөөгүй тохиолдолд шүүхэд ханддаг. Энэ хугацаанд нийтдээ 27 удаа харилцагчид хандсан байдаг. Тэрээр зээл авсанд маргадаггүй, харин ажлаасаа гарсан ажилд ороод төлнө гэх зэргээр хандсан байдаг. Энэ хугацаанд үндсэн зээлд 1.532.424 төгрөг, хүү 1.550.459 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.116 төгрөг нийт 3.087.001 төгрөг төлсөн. Хамгийн сүүлд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн төлөлт хийсэн. 2020 онд цар тахалтай холбоотойгоор цалингийн зээл төлөлтийн хугацааг харилцагч хандсан тохиолдолд хойшлуулж байсан. Хариуцагч Ч.П ийн тухайд манайд зээл эргэн төлөх хугацаа хойшлуулах талаар хандаагүй тул зээл төлөх хугацааг хойшлуулаагүй, хүү нэмэгдүүлсэн хүүг тооцсон. Монгол Улсын Засгийн газар, Монгол банкнаас 2021 он гарсаар нэмэгдүүлсэн хүүг зогсоосон тул манайх 2020 оны 12 дугаар сараас хойшх хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцоогүй болно гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Г ” ХХК хариуцагч Ч.П ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10.307.188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ч.П  нэхэмжлэлийн хувийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гардан авч, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Улмаар өнөөдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлснийг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “хадам Жаргалсайхан” хэмээн гарын үсэг зурж хүлээн авсан байх боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Түүнчлэн тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2021/08998 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан түүний “шүүх хуралдаанд оролцох”, “хэргийн материалтай танилцах” эрхийг хангаж өмнөх шүүх хуралдааныг хойшлуулж байжээ. Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

            Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг талаас “Г ” ХХК, нөгөө талаас Ч.П  нар 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 9.000.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай төлөхөөр цалингийн орлого болон картын бусад орлогыг барьцаалахаар тохиролцож ЗГ1905124189 тоот Зээлийн гэрээг байгуулжээ. /хх 5-7/

Зохигчдын хоорондох дээрх гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцсэн, мөн зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд банк мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээнэ.

Хэрэгт авагдсан дансны хуулгаас үзвэл банк мөнгөн хөрөнгийг гэрээ байгуулсан өдрөө буюу 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн, энэ хугацаанд хариуцагч үндсэн зээлд 1.532.424 төгрөг, хүү 1.550.459 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.116 төгрөг нийт 3.087.001 төгрөг төлсөн, хамгийн сүүлд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 700.000 төгрөг төлсөн, үүнээс хойш зээл төлөөгүй болох нь тогтоогдож байна.  /хх 8/

  Талууд гэрээг 2022 оны 7 дугаар сар хүртэл нийт 48 сарын хугацаагаар байгуулсан байх боловч нэгэнт гэрээний нэг тал болох Ч.П  2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш “зээл төлөх үүргээ” зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдсон, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гарган Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлохоор хариуцагчийн дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн байх ба зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон тооцоололд хариуцагч мэтгэлцээгүй, энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл 7.467.575 төгрөг, хүү 2.767.917 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71.697 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардсанаас шүүх 2020 оны 5 дугаар сараас хойшхи хугацаанд тооцсон 43.293 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хасч үлдэх хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Учир нь: Монгол Улсын Их хурлын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар тогтоолын 2.2-т “банкны хүүг бууруулах” чиглэлийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн, Улсын Их хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д Монголбанкнаас “..зээлийн эргэн төлөлтийн хугацааг ... үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх” гэж, мөн хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-д “Зээлдэгч … бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх эрхтэй” гэж, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолын 8-д “Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж тус тус зааж байсан тул шүүх нэмэгдүүлсэн хүүг хасах нь зүйд нийцнэ гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Ч.П оос 10.263.894 /арван сая хоёр зуун жаран гурван мянга найман зуун ерэн дөрвөн/ төгрөг гаргуулж, “Г ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43.294 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179.866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 179.172 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ