Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2101

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/02620 дугаар шийдвэртэй, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Бт холбогдох, түрээсийн гэрээний үүрэгт нийт 10 755 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “С” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, барилгын ажилд шаардлагатай 3083 эд зүйлийг түрээслэж ашигласан. Г.Б хүлээн авсан эд материалын 4 дүгээр сарын төлбөр 17.550.000 төгрөгийг төлж цааш ашигласан. Гэвч захиалагчийн буруугаас түрээслэгчийн ажил цаашид үргэлжлэх боломжгүй болсон гэх шалтгаанаар түрээсийн эд зүйлийг очиж авахаар тохирсон. Тохирсны дагуу очиж авахад 194 ширхэг бараа дутуу байсан. Үүнээс хойш Г.Бтай холбоо барихаар байнга хайж байсан боловч холбогдохгүй, учир байдлаа ярилцахгүй бидний ажилд хүндрэл учруулж байна. Иймээс дутуу өгсөн 194 ширхэг эд материалын үнэ 7 070 000 төгрөг, түрээсийн төлбөр 3 685 400 төгрөг, нийт 10 755 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулж, барилгын хэв, хашмал зэрэг нийт 3083 ширхэг эд зүйлсийг нэг сарын 17 812 500 төгрөгөөр түрээслэх болсон. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан өдөр хариуцагчид 3083 ширхэг эд зүйл хүлээлгэн өгнө гэсэн боловч тухайн хэмжээний эд зүйлсийг хүлээлгэж өгөөгүй, тоо ширхэг дутуу байснаас нэхэмжлэгчийн шаардсаны дагуу түрээсийн төлбөрт 17 550 000 төгрөгийг төлсөн. Гэвч гэрээний явцад тухайн түрээсийн эд зүйлсийг ашиглан барилгын ажил гүйцэтгүүлж байсан захиалагч байгууллага нь төлбөр төлөхгүй байснаас хариуцагч гэрээг цуцалж, нэхэмжлэгчийг хэв хашмал, эд зүйлсээ хүлээж ав гэж 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд түүнд мэдэгдэхгүйгээр хэв хашмал, түрээсийн эд зүйлсийг акт үйлдэхгүйгээр байсан газраас ачиж явсан. Иймд нэхэмжлэгч нь түрээсийн эд зүйлсийг хүлээлгэж өгөхдөө хүлээн авахдаа огт акт үйлдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Г.Баас нийт 9 652 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 103 350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баас 169 383 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч “С” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж барилгын хэв, хашмал зэрэг нийт 3083 ширхэг эд зүйлсийг нэг сарын 17 812 500 төгрөгний үнээр түрээслэх болсон. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан өдөр хариуцагчид 3083 ширхэг эд зүйл хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Энигма Констракшн” ХХК-д дээрхи хэв хашмалыг хүлээлгэн өгсөн гээд хариуцагчид түрээсийн эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээлгэж өгөх, акт үйлдэх үүргээ хэрэгжүүлээгүй. Хэв хашмалыг анх хүлээн авах үед эд зүйлийн тоо хэмжээ дутуу байсан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид тоо ширхэгийг гүйцээж өгөх үедээ түрээсийн төлбөрийн үлдэгдлийг авна гэж хэлээд 17 550 000 төгрөгний түрээсийн төлбөр хүлээн авсан байдаг. Иймд хариуцагч арга буюу өндөр үнэтэй түрээсийн эд зүйл ашиглах болсон тул яаралтай ажлаа эхлүүлсэн ба захиалагч болох “Энигма Констракшн” ХХК нь ажлын хөлсөө төлөх боломжгүй болсноор хариуцагч нь түрээсийн гэрээг цуцалж, нэхэмжлэгч хэв хашмал, эд зүйлс байсан газраас түрээсийн эд зүйлсийг акт үйлдэхгүйгээр ачиж явсан. Нэхэмжлэгч нь анхнаасаа гэрээний дагуу хүлээлгэн өгөөгүй, буцааж авах үедээ ч хариуцагчид мэдэгдэхгүй, түүний эзгүйд авч явсан эд зүйлээ дутуу байсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй бөгөөд харуул хамгаалалттай хашаанаас хоёр гурван ачааны машин хэв хашмал алдагдах ямар ч боломжгүй гэдгийг харуул хамгаалалтын албаны дарга нь ч мэдүүлдэг.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулах үедээ түрээсийн эд зүйл, түүний тоо ширхэг, үнийн дүнгийн тухайд тохиролцож бараа материалын тооцоог хийх үедээ уг баримтанд хариуцагчаар гарын үсэг зуруулж авсан. Харин бодит байдалд эд зүйлсийг хариуцагчид тоо ширхэгээр нь хүлээлгэн өгөөгүй болохоо шүүх хуралдааны явцад мэдүүлдэг бөгөөд гэрч нар ч яг талуудын бараа материал хүлээлцсэн гарын үсэг бүхий акт байхгүй хэмээн мэдүүлсэн. Гэтэл шүүгч нэхэмжлэгч болон гэрч нарын мэдүүлгийг үл хэрэгсэж, гэрээ байгуулах үед хариуцагчийн зурсан гарын үсэг бүхий бараа материалын тооцоо гэх баримтыг талуудын эд зүйлсийг хүлээлцсэн акт хэмээн үзсэнд гомдолтой.

Мөн нэхэмжлэгч нь анхнаасаа дутуу эд зүйл хүлээлгэж өгсөн атлаа нэмж 111 ширхэг эд зүйлс түрээслүүлсэн гэж мэдүүлсэн бөгөөд нэмж өгсөн акт ч байдаггүй. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн санхүүгийн тооцоо бүхий баримтад үндэслэн хариуцагчийн огт хүлээн аваагүй эд зүйлийг авсан байх боломжтой гэж дүгнэсэн. Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр, дутсан түрээсийн эд зүйлсийн үнэ гэх хоёр шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй. Дутсан гэх эд зүйлсийн зах зээлийн үнийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж байгаа бол энэ харилцааг худалдах, худалдан авах гэрээний харилцаагаар зохицуулж, дутсан гэх эд зүйлсийн үндсэн үнийг авч байгаа тоо ширхэгээр нь түрээсийн төлбөрөөс чөлөөлөх бүрэн боломжтой.

Гэтэл шүүх хэт нэг талыг барьж, хоёр компаний хооронд байгуулсан гэрээнд үндэслэн хариуцагч Г.Быг хохироож түрээсийн эд зүйлсийг бүхэлд нь хүлээн авсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагаас 9 652 050 төгрөгний шаардлагыг хангасанд гомдолтой тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Г.Бт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг буюу барилгын материалын түрээс 3 685 400 төгрөг, дутагдуулсан материалын үнэ 7 070 000 төгрөг, нийт 10 755 400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Түрээсийн гэрээ /хх3-4/ байгуулж, хариуцагч нь 3083 төрлийн барилгын материалыг сарын 17 812 500 төгрөгөөр 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай ашиглахаар “С” ХХК-тай харилцан тохиролцож, бараа материалын жагсаалт гэх гэрээний хавсралтад Г.Б гарын үсэг зурж баталгаажуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийг гэрээний хавсралт 1-д жагсааж бичсэн бараа материалыг тохирсон тоо хэмжээгээр хүлээлгэн өгч акт үйлдээгүй, 3083 ширхэг эд зүйлээс 83 ширхэгийг дутуу өгсөн гэж, нэхэмжлэгчийн хувьд 3194 ширхэг эд зүйл өгсөн, буцаан авахад 194 ширхэг бараа материал дутуу байсан гэж харилцан маргажээ.

 

Анхан шатны шүүх дээрх гэрээний агуулга болон талуудын тайлбарт үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна. Харин талуудын тайлбараас үзвэл түрээсийн зүйлийг хариуцагч гэрээг дуусгавар болгосноос хойш үргэлжлүүлэн ашиглаж байгаа гэх үйл баримт бодитоор тогтоогдоогүй байхад шүүх Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасныг тайлбарлан хэрэглэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хариуцагч нь түрээсийн гэрээний зүйлийг “С” ХХК-д бүрэн бүтэн буцаан өгөх үүрэг нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар зохицуулагдана гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт нэхэмжлэгч “С” ХХК-иас түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн тухай “Бараа материалын тооцоо” гэх баримт авагдсан /хх9/ үүгээр нийт 3083 ширхэг бараа материалыг хүлээн авсан гэдэг үйл баримт тогтоогдсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, харицагч тал уг баримтад заасан төлбөрийн тооцоог хүлээн зөвшөөрч н.Ганболд гэх этгээд гарын үсэг зурагдсан байгааг няцаасан тайлбар, түүнд холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Хариуцагч тал ийнхүү н.Ганболд компанийг төлөөлөн үйлдэл хийх эрхгүй талаар маргаагүй. Шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Жавхлантөгс “хариуцагч нийт 3083 ширхэг бараа материал ... 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсан” гэж /2хх73/, гэрч Б.Эрдэнэсоёл “нийт 3083 ширхэг барааг хүлээлгэн өгсөн” гэж /2хх76/ тус тус мэдүүлсэн байна. Хэдийгээр уг баримтад хариуцагч Г.Б гарын үсэг зураагүй боловч дээрх нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан үзвэл тухайн бараа материалыг хариуцагч хүлээн авсан “Бараа материалын тооцоо” гэх баримтыг нэг талын тооцоо гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа нийт 194 ширхэг эд материалыг хариуцагч дутуу өгсөн талаар дурдсан бөгөөд энэ нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Үүнээс үзвэл хариуцагч нь түрээслэхээр хүлээн авсан бараа материалыг хууль болон гэрээнд зааснаар бүрэн бүтэн буцаан өгөх үүргээ зөрчсөн гэж дүгнэх нь хэргийн нөхцөл байдалд нийцэх юм. Харин барааг гэрээний хугацаа дуусгавар болгосноос хойш өөрийн эзэмшилд байлгаж ашигласан гэж үзэхгүй тул түрээсийн төлбөрийг гэрээ дууссанаас хойш хугацаанд нэмж тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлээс 3 685 400 төгрөг, нэмэлт хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцлээр өгсөн 111 ширхэг барааны түрээсийн төлбөрт тооцсон 395 700 төгрөг, 17 ширхэг барааны зөрүү үнэ 330 000 төгрөг, нийт 4 015 400 төгрөгт холбогдох хэсгийг хариуцагчаас гаргуулах шаардлагагүй гэж үзнэ.

 

Харин шүүх хэрэгт авагдсан төлбөр төлсөн тооцоо, дутуу өгсөн барааны үнийг зөв тооцож, хариуцагч Г.Бын хүлээлгэн өгөөгүй барилгын материалын үнийн 6 740 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасантай нийцэх тул нэхэмжлэлээс дээрх 4 015 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2018/02620 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Баас 6 740 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 015 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “169 383” гэснийг “122 790” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Т.ТУЯА