| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2020/03326/и |
| Дугаар | 181/ШШ2021/01619 |
| Огноо | 2021-08-27 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2021/01619
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэгт оршин суух, У овогт Ж-ы Э -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэгт бүртгэлтэй ч, Сүхбаатар дүүрэгт байрлах, “Г ” ХХК -д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7.425.000 төгрөг, нийгмийн даатгалд төлсөн 1.680.000 төгрөг, нийт 9.105.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ж.Э-ээс 330.000 төгрөг гаргуулах тухай “Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэгт бүртгэлтэй ч, Сүхбаатар дүүрэгт байрлах, “У Д Ц ” ХХК -д холбогдох,
Нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоолгох, ажилласан хугацааны хөлс 8.700.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ж.Э-ээс 220.000 төгрөг гаргуулах тухай “У Д Ц ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өлзийдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Ж.Э “Г ” ХХК-ийн нягтлан бодогч, оффис менежерийн ажилд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 сарын туршилтын хугацаагаар анх ажилд орсон. Туршилтын хугацаа дуусч 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс нягтлан бодогч, оффис менежерийн ажилд томилогдсон. Анх ажилд ороход компанийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойшхи бүх санхүүгийн анхан шатны бүртгэлээс эхлээд бүх тайлан тооцоо хийгдээгүй байсан. Улмаар “Г ” ХХК болон “У Д Ц ” ХХК нарын санхүүгийн ажлыг хүлээж аваад бүх санхүүгийн баримт, тайлан тооцоог тулгаж, 2019 оны жилийн эцсийн тайланг засаж гаргасан. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи хоёр компанийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, Хувь хүний орлогын албан татварын тайлан, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангуудыг нэг бүрчлэн 2 санхүүгийн программ дээр тус тусад нь салгаж бүртгэдэг байсан.
Анх “У Д Ц ” ХХК-ийн тайлангийн алдааг засуулна, удахгүй нягтлан аваад санхүүгийн ажлыг дагнаад хийлгэнэ” гэж байсан ч нягтлан ажилд аваагүй. Ж.Э үргэлжлүүлэн “Г ” ХХК, “У Д Ц ” ХХК-н кассын нярав, нярав, тооцооны нягтлан, ерөнхий нягтлан, захирлын туслах, бүх албан бичиг төлөвлөж боловсруулах, тендерийн материал бэлдэж төсөл боловсруулах ажилд оролцох зэргээр 2 компанийн ажлыг хавсран гүйцэтгэдэг байсан. Гэтэл захирлын эхнэр н.Биндэръяагийн ажиллуулж эхэлсэн “Coffee cofe” рестораны анхан шатны бүх бүртгэлийг бүртгэж, ашиглалтад оруулахтай холбоотой хөрөнгийн бүртгэлийг бүртгэх ажлыг нэмж өгсөн бөгөөд ганцаараа 3 компанийн анхан шатны бүртгэлээс эхлэн бүхий л бүртгэлийг бүртгэх үүрэг хүлээснээс болж жирэмсний зулбах шинж тэмдэг илрэх болсон тул 2 удаа ажлаас чөлөө авснаас болоод удирдлагын зүгээс дарам шахалт ирэх болсон.
2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “У Д Ц ” ХХК-ийн НӨАТ-ыг бүртгэж байхад хэлсэн үүрэг даалгавар биелүүлээгүй байж чөлөө авлаа, хүний өмнөөс жирэмсэн болсон юм шиг гэх мэтээр үг хэлээр доромжилж, зайл гар гэж хөөж “Г ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ЗТ/20/6/1 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. Улмаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “Г ” ХХК хүлээн зөвшөөрсөн тул 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. “У Д Ц ” ХХК-ийн асуудлыг тусдаа шийдвэрлүүлэхээр шүүхээс хүлээн авахаас татгалзсан. Үүний дараа шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Албадан гүйцэтгэх ажиллагааны явцад Ж.Э ийн дансанд 1.485.000 төгрөг орсон.
2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалаа хүчингүй болгосон тухай манайд и-мэйлээр ирсэн. Гэтэл 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “ажилдаа ир” гэсэн мэдэгдэл өгсөн. Үүний дагуу 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “хөдөлмөрийн гэрээг сунгахгүй, 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон тухай” агуулга бүхий мэдэгдэл мөн ирсэн.
Хариуцагч байгууллагаас нийгмийн даатгалын хэлтэст Ж.Э т холбогдуулж гомдол гаргасан. Дахин цагдаагийн газарт зөвшөөрөлгүй бичиг баримт авч явсан гэж гомдол гаргасан. Үүнтэй холбогдуулж бид цагдаа, нийгмийн даатгал зэрэг холбогдох байгууллагад удаа дараа очиж тайлбар, мэдүүлэг өгч байсан. Эдгээр ажиллагааны явцад 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ажлаас халсан тухай мэдэгдэл ирсэн. Яагаад танайх халж байгаа юм, гэрээ дахин байгуулаагүй байгаа талаар хэлэхэд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг буруу гаргаж, ажилтан Л.Маргадыг бичээгүй, НӨАТ-ын тайлан гаргаагүй ажил тасалсан учраас чамайг халж байна гэсэн. Дээр дурдснаар нэхэмжлэгчийг ажилд очуулахгүй байх бүхий л аргыг хариуцагч өөрөө авч байсан. Өмнөх ажилд эгүүлэн авах тухай шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй гэж үзэж байна. Л.Маргадын тухайд ажилд томилсон эхний нэг сарын туршилтын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг компани тайлагнахгүй гэдгийг удирдлагаас хэлсэн тул тайлагнаагүй. Иймд үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.
Нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сард жирэмсний амралтаа авсан тул 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сар дуусталх 5 сарын олговрыг, нэг сарын үндсэн цалин болох 1.485.000 төгрөгөөр тооцож 7.425.000 төгрөг гаргуулна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хувьд өнөөдрийн хуралдаан хүртэлх хугацаагаа хуульд заасан хувь хэмжээгээр төлүүлнэ.
Түүнчлэн нэхэмжлэгч жирэмсний болон хүүхэд асарсны тэтгэмжээ авахын тул хуулиар сүүлийн 6 сар тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байхыг шаарддаг. Энэ маргаанаас үүдэлтэй нэхэмжлэгчийн тэтгэмж авах эрх хаагдахад хүрсэн тул тасалдал үүсгэхгүйн тул өөрийн нөхрийн “Чибумт” ХХК-ийн нэрээр 2020 оны 8, 9 дүгээр сард тус бүр 360.000 төгрөг, 2020 оны 10, 11 дүгээр сард тус бүр 460.000 төгрөг, нийт 1.680.000 төгрөгийг өөрөөс гаргаж нийгмийн даатгалд төлүүлсэн тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.
“У Д Ц ” ХХК-ийн хувьд: Хариуцагч анхнаасаа хоёр хуулийн этгээдийн тайланг гаргахаар тохиролцсон гэж байгаа ч анх зөвхөн 2019 оны жилийн эцсийн тайлангийн хувьд л гаргаж өгөхөөр тохирсон. Хоёр компани тусдаа тайлан гаргадаг тусдаа хуулийн этгээд юм. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээнд хоёр хуулийн этгээдийн талаар тусгаагүй, нэмэлт ажлын хөлсний талаар зохицуулаагүй тул 2 компаниас тус тусдаа нэхэмжилж байгаа болно.
Нэхэмжлэгч ажиллах хугацаандаа “У Д Ц ” ХХК-ийн санхүүгийн тайлангуудыг гаргасан тул нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоож, нэг сарын хөлсийг 1.450.000 төгрөгөөр тооцон түүний ажилласан 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхний ажлаас халсан тушаал гарсан 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх нийт 6 сарын цалин хөлс 8.700.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Э тэй “Г ” ХХК-ний Нягтлан бодогч, оффис менежерийн ажилд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэг сарын туршилтын хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү ажил гүйцэтгэх гэрээгээр “Г ” ХХК-ний зүгээс “У Д Ц ” ХХК-ийн ажил үүргийг давхар гүйцэтгүүлэх талаар анхнаасаа хоёр тал тохирсон байдаг. Туршилтын хугацаа дуусч 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулаад нягтлан бодогч, оффис менежерийн албан тушаалд нэг сарын цалинг 1.485.000 төгрөгөөр тохирч ажиллуулсан. Ж.Э ийн хувьд нягтлан бодогч болон оффис менежерийн ажлыг хоёр компанид хамтад нь гүйцэтгэхээр тохиролцсон. Гэтэл 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “зарим компанийн НӨАТ-ын тайлан шивэгдэхгүй байна” гэж харилцагч компаниудаас гомдол гарсан. Ж.Э тухайн шаардлагыг хүлээн авахгүйн улмаас хоорондоо маргалдаж, тушаал гарсан байдаг. Тухайн асуудлаар нэхэмжлэгч шүүхэд хандсан. Бидний зүгээс өмнө нь гаргасан ажлаас халах тушаалыг буруу болсныг ойлгож хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Тухайн тушаалыг хүчингүй болгосноор Ж.Э тэй өмнө нь байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр үргэлжлээд явж байгаа тул дахин шинээр гэрээ байгуулахыг шаардахгүй юм. Гэтэл Ж.Э ийн зүгээс ажилдаа ирээгүй. Бид 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нийгмийн даатгалын тайлан гаргах хугацаа тулсан тул “ажилдаа ирж, үүргээ гүйцэтгэ” гэсэн шаардлагуудыг хэлсэн боловч ирээгүй. Улмаар мэйл, утсаар түүнд тавьсан боловч ирээгүй. Нэгэнт ажилдаа ирэхгүй байсан учир Ж.Э тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.3-т “ажил олгогчид мэдэгдэлгүй 2-ээс дээш хоногоор ажил тасалсан” бол сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасны дагуу тооцсон. Энэ нь түүний ажлаас чөлөөлөх болсон үндсэн шалтгаан. Ж.Э нэгэнт ажилдаа ирэхгүй байсан учир санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанитай гэрээ байгуулж тайлангуудаа гаргуулсан.
Түүнчлэн Л.Маргад байгууллагад 2020 оны 6 дугаар сард архитектороор ажилд орсон, түүний цалинг байгууллагаас олгосон атал тухайн сарын нийгмийн даатгалын тайланг гаргахдаа тусгаагүй зөрчил гаргасан. Удирдлагаас тайланд тусгах шаардлагагүй гэж нэхэмжлэгчид хэлээгүй болно. Ажил тасалсан нь ноцтой зөрчилд, нийгмийн даатгалын тайланг буруу гаргасан нь ажил тасалсан хэрнээ алдаа гаргасан тул давтан зөрчил гэж тооцсон болно. Өмнө нь нэхэмжлэл гаргах явцад Ж.Э 2020 оны 7 дугаар сарын 13-нд наадмын амралтын өдөр таарсан үед ажилтан н.Мөнх-Эрдэнэтэй хуйвалдаж компанийн ажлын байранд нэвтэрч, компанид хадгалагдаж байх ёстой ажилтны хувийн хэргийг удирдлагад мэдэгдэлгүйгээр компаниас өөрөө дур мэдэн авч явсан байдаг. Энэ асуудлаар цагдаад гомдол гаргасан. Тэрээр удирдах захирлын дараа орох хамгийн өндөр цалинг авдаг ажилтан. Тухайн хүнд нягтлан бодогч, оффис менежерийн ажлыг давхар гүйцэтгүүлж байгаа учраас анхнаасаа цалинг харьцангуй өндөр тогтоож өгсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлд н.Биндэръяа захирлын кофе шопын ажлыг давхар гүйцэтгэж байсан гэдэг. Гэтэл Хийморь оффисын доор байдаг кофе шоп “Г ” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө юм. Тухайн кофе шопыг нээхэд бараа, материал засвартай холбоотой санхүүгийн бүртгэлийн үйл ажиллагааг Ж.Э хийсэн. Гэхдээ энэ ажил үүрэг “Г ” ХХК-ийн ажил үүрэгт хамаарна. “Г ” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, тус компанийн нэр дээр кофе шоп эрхлэх зөвшөөрөл зэргийг баримтаар өгсөн болно. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “У Д Ц ” ХХК-ийн хувьд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, “Г ” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хүрээнд хоёр хуулийн этгээдийн тайланг гаргахаар тохиролцсноор өөрийн ажил үүргийнхээ хүрээнд тайланг гаргасан болно гэв.
Хариуцагч “Г” ХХК болон “У Д Ц ” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “Г ” ХХК, “У Д Ц ” ХХК нэг захиралтай компаниуд бөгөөд Ж.Э ийг ажилд авахдаа бид эдгээр хоёр компаниудын санхүү, татварын тайлангуудыг гаргуулахаар ажилд авсан. 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр И-баримтаар НӨАТ-ын борлуулалтыг шивэх эцсийн хугацааны өдөр байсан. Гэтэл харилцагч компаниудаас борлуулалт, НӨАТ-ын баримтаа шивэхийг шаардаж, гомдол мэдүүлэн утсаар залгасаар байсан тул шивэлтээ хурдан хийхийг Ж.Э ээс шаардахад шаардлагыг хүлээн аваагүй муудалцсан. Энэхүү шивэлт хийх борлуулалт “У Д Ц ” ХХК дээр хоёрхон борлуулалт, “Г ” ХХК-ийн хувьд борлуулалт байхгүй байсан. Улмаар тушаал гарган ажлаас чөлөөлсөн. Энэ асуудлаар Ж.Э шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргасныг бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч ажил үүргээ ирж гүйцэтгэхийг хэлсээр мэдэгдсэн боловч ирээгүй, энэ хугацаанд татвар санхүүгийн тайланг албан бичгээр хандаад засуулах боломжтой байсан.
Ж.Э нягтлан бодогчийн хувьд нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Санхүү татварын олон улсын стандарт болон холбогдох дүрэм журмыг дагаж мөрдөн хуулийн хугацаанд санхүүгийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг гаргаж, хянуулан баталгаажуулах, татвар, шимтгэлийн төлбөрийг тушаах ажил үүргийг гүйцэтгэх ёстой. Нэгэнт тэрээр ажилдаа ирээгүй, ажил тасалж ажил үүргээ гүйцэтгээгүй, хуульд заасан хугацаанд татвар, санхүүгийн болон НӨАТ-ын тайлан гаргах боломжгүй болсон тул 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “Мэжик консалтинг аудит” ХХК-тай санхүүгийн тайлангийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх гэрээг компани тус бүрээр байгуулан улмаар тайлангаа тус бүр 330.000 төгрөгөөр гаргуулсан. Хэрвээ Ж.Э нь 8 дугаар сард ирж ажил үүргээ хэвийн гүйцэтгэсэн бол өөр байгууллагатай гэрээ байгуулж төлбөр мөнгө төлж санхүүгийн тайлан буюу хагас жилийн тайланг гаргуулахгүй байсан. Иймд энэхүү санхүүгийн зөвлөх үйлчилгээний төлбөр төлсөн 330.000 төгрөгийг компани тус бүрээр нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан. Хэрэгт авагдсан е-баримтаар “У Д Ц ” ХХК-иас “Мэжик консалтинг аудит” ХХК-д 220.000 төгрөг шилжүүлсэн байх тул тус компанийн хувьд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж уг дүнгээр шаардаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ж.Э “Г ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7.425.000 төгрөг, нийгмийн даатгалд төлсөн 1.680.000 төгрөг, нийт 9.105.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, “У Д Ц ” ХХК-д холбогдуулан нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоолгох, хөлс 8.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, улмаар нэхэмжлэгчээс тус бүр 330.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргав.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч “У Д Ц ” ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 220.000 төгрөг болгон бууруулж байх тул шүүх энэ хүрээгээр шийдвэрлэх нь зүйтэй.
1.“Г ” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, олговорт 7.425.000 төгрөг, нийгмийн даатгалд төлсөн 1.680.000 төгрөг, нийт 9.105.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
а/Хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Г” ХХК, Ж.Э нар харилцан тохиролцож, “Г” ХХК-ийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан баланс, оффисын менежер, захирлын туслахын үүрэгт ажлыг нэг сарын туршилтын хугацаагаар гүйцэтгүүлэхээр “Богино хугацааны ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр “Нябо-оффис менежер”-ийн байнгын ажлын байранд гурван сарын хугацаатай ажиллуулахаар Хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулснаар талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсчээ. / 2хх 16-19/
Тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.3-д заасныг баримтлан ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ. / 1 хх-5, 61/ Нэхэмжлэгч энэ тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч ажил тасалж ноцтой зөрчил гаргасан, 2020 оны 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг алдаатай мэдүүлсэн гэж хариуцагч тайлбарлав. Түүнчлэн урьд халсан тушаалаа хүчингүй болгосноор өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, нэхэмжлэгч өөрөө ажилдаа ирээгүй, гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил гаргасан, тайланг алдаатай мэдүүлсэн нь давтан зөрчил хэмээн тайлбарлав. Нэхэмжлэгч ажилдаа очоогүй үйл баримтад маргаагүй ч хариуцагч цагдаад өгснөөр цагдаад очиж тайлбар өгөх, нийгмийн даатгалд гомдол гаргаснаар очиж тайлбарлах, түүнчлэн ажлаас чөлөөлөх мэдэгдлийг цахим мэйлээр явуулах зэргээр ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөлийг бүрдүүлсэн, өмнөх шийдвэрийг биелүүлээгүй, Хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулаагүй хэрнээ ноцтой зөрчилд тооцсон, түүнчлэн удирдлагаас тайлагнах хэрэггүй гэсэн тул Ч.Маргадыг тайланд тусгаагүй хэмээн тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээний 2.3-т “ажилтан сахилгын ноцтой зөрчил гаргасан тухайлбал ажил олгогчид мэдэгдэлгүйгээр хоёроос дээш хоногоор ажил тасалсан бол гэрээг шууд цуцлах”-аар заасан байна. /2хх 17-19/
Тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/02046 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ж.Э ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай хэрэгт хариуцагч “Г ” ХХК нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэхээр ажиллагаа үүсгэжээ./1хх 8-10, 6, 7, 11/
Улмаар тус байгууллагын 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ЗТ/20-Г-6/2/1 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн өмнөх 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, тушаалыг түүний цахим хаягаар 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүргүүлэхдээ ажил үүргээ гүйцэтгэх тухай дурдсан болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Гэсэн атлаа мөн өдрөө буюу 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “гэрээний хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөр дуусгавар болж, цаашид гэрээний хугацаа сунгагдахгүй талаарх” мэдэгдлийг ажилтанд мөн хүргүүлжээ. /1хх 16,17, 58, 2хх 60-63, /
Үүнээс гадна нэхэмжлэгчид холбогдуулан Цагдаагийн байгууллагад 2020 оны 7 дугаар сарын 27-нд, харьяа Нийгмийн даатгалын хэлтэст 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр тус тус гомдол гаргасан, нэхэмжлэгч 2020 оны 8 дугаар сарын 17-нд цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. /1хх 56,58, 67, 124, 148-151/
Иймд гэрээнд тухайлан заасан “ноцтой зөрчил” гаргасан буюу хоёроос дээш өдөр “удирдлагын зөвшөөрөлгүйгээр” ажил тасалсан гэх нөхцөл учир дутагдалтай, энэ тохиолдолд ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжоор хангаагүй тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэх тул ажил олгогч түүнийг “ажилд эгүүлэн авах” талаарх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй байна.
Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасныг баримталсан ч хариуцагчийн төлөөлөгчөөс үүнийг техникийн алдаа гэж тайлбарласныг дурдав. Мөн тушаалд “2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн, 8 дугаар сарын 01-ний өдрийн зөрчил бүртгэх хуудас” гэх баримтыг үндэслэсэн талаар дурдагдсан байх боловч энэ талаарх холбогдох баримтыг ирүүлээгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна цаг хугацааны хувьд өмнөх ажлаас чөлөөлсөн тушаалаа хүчингүй болгож хүргүүлснээс өмнөх цаг хугацааны асуудал дурдагдсан байгааг дурдах нь зүйтэй.
Мөн тушаалд “тайланг алдаатай мэдүүлсэн нь давтан зөрчил” гаргасан тухай дурдсан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ажил тасалсан зөрчил дээр тайланг алдаатай мэдүүлснийг нэмж давтан зөрчил гэж үзсэн хэмээн тушаалын үндэслэлийг тайлбарлав.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 2020 оны 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг гаргахдаа 13 ажилтан байхаас 12 ажилтнаар буюу шинээр томилогдсон нэг ажилтныг тайланд тусгаагүй болох нь баримтаар тогтоогдсон. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. Харин удирдлагын зүгээс тайлагнах хэрэггүй гэснээр тайлагнаагүй хэмээн тайлбарлаж байна. /1хх 64-70, 213, 214/
Нэхэмжлэгч зөрчил гаргасан нь тогтоогдсон хэдий ч тухайн сарын нийгмийн даатгалын тайланг ажил олгогч байгууллагын удирдлага өөрөө баталгаажуулж гарын үсэг зурснаар тайлагнасан байх тул дан ганц нэхэмжлэгчийн буруутай ажиллагаанаас дутуу тайлагнасан гэж үзэх боломжгүй. Түүнчлэн ажил тасалсан зөрчлийн талаар шүүх дээр дурдсанаар дүгнэсэн, нэхэмжлэгч үүнээс өөрөөр урьд сахилгын зөрчил гаргасан талаарх дэмжих баримтыг хэрэгт ирүүлээгүй тул “давтан” үндэслэл гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д нийцэхгүй.Түүнчлэн нэхэмжлэгч ажиллах хугацаандаа өөр байгууллагын тайланг давхар гаргасан хэмээн тайлбарласан ч тушаалын үндэслэлд хамаараагүй байх тул энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.
Дээрхийг нэгтгээд ажил олгогчийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн тушаал үндэслэл бүхий болж чадаагүй байх тул нэхэмжлэгчийг “Г” ХХК-д нябо-оффис менежерийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.
б/ Олговрын тухайд: нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 28-нд амаржсан хэмээн тайлбарлаж улмаар тушаал гарсан 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хоорондох 5 сард, нэг сарын үндсэн цалин болох 1.485.000 төгрөгөөр тооцон 7.425.000 төгрөг гаргуулахаар шаардав.
Хариуцагч Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дууссан тул мөн хугацаанаас хойш олговор тооцох үндэслэлгүй гэж маргав. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөх тушаал гарах үед жирэмсэн байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амаржсан үйл баримтад хариуцагч маргаагүй.
Ажилтныг ажлаас буруу халсны улмаас гарах үр дагаврыг ажил олгогч өөрөө хариуцах үүрэг хүлээхээс гадна нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.6-д түүний ажлын байрыг “байнгын ажлын байр” гэж тусгасан, ийнхүү байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулах болсон шалтгаан үндэслэлээ гэрээнд огт тусгаагүй тул шүүх нэхэмжлэгчийн тооцоолсон хэмжээгээр олговрыг тооцон олгох нь зүйтэй. Иймд энэ шаардлагыг хангав.
Шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон тул түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон төлөхийг хариуцагч “Г ” ХХК-д даалгав.
в/1.680.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлд “Чибумт” ХХК-иас 2020 оны 8 дугаар сард 360.000 төгрөг, 9 дүгээр сард 360.000 төгрөг, 10 дугаар сард 480.000 төгрөг, 11 дүгээр сард 480.000 төгрөг, нийт 1.680.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна. /2хх 20/
Гэвч нэхэмжлэгч өөрийн нөхрийн компани болох “Чибумт” ХХК-ийн нэрээр жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авахын тулд уг мөнгийг төлсөн гэж тайлбарласан ч “Чибумт” ХХК-ийн төлсөн шимтгэлийг шаардах эрхтэйг нотолсон дэмжих баримтыг ирүүлээгүй, уг мөнгийг өөрөөс төлсөн талаарх баримтгүй тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй. Үүнээс гадна шүүх нэгэнт нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч “Г ” ХХК-д даалгасан тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
2.”У Д Ц ” ХХК-д холбогдох нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоолгох, хөлс 8.700.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч энэ шаардлагаа үндсэн ажлын хажуугаар ”У Д Ц ” ХХК-д давхар ажил гүйцэтгэсэн үндэслэлээр нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоолгох, 2020 оны 02- 7 дугаар сарын хооронд ажилласан хөлсийг нэг сард 1.450.000 төгрөгөөр тооцож нийт 8.700.000 төгрөг гаргуулна хэмээн тайлбарлав.
Хариуцагч анхнаасаа хоёр хуулийн этгээдийн санхүүгийн тайланг гаргахаар тохиролцсон, өөрийн ажил үүргийнхээ хүрээнд “У Д Ц ” ХХК-ийн тайланг гаргасан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав.
“Г ” ХХК, “У Д Ц ” ХХК нар нэг гүйцэтгэх удирдлагатай, хамаарал бүхий хуулийн этгээдүүд гэдэгт зохигчид маргаагүй.
Түүнчлэн тус байгууллагын 2020 оны 2-6 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг тус тус нэхэмжлэгч гаргасан үйл баримтад зохигчид маргаагүй болно.
Хариуцагч татгалзлаа нотлохоор өөрийн байгууллага дах компьютерт хадгалагдсан ажлын байрны тодорхойлолтын төсөлд шүүхийн журмаар үзлэг хийлгэсэн, “У Д Ц ” ХХК, “Г ” ХХК-ийн буюу хоёр хуулийн этгээдийн Хөдөлмөрийн нэг дотоод журмыг баримтаар ирүүлсэн хэдий ч энэ нь нэхэмжлэгчтэй байгуулсан “Богино хугацааны ажил гүйцэтгүүлэх гэрээ”-ний 1-д зөвхөн “Г ” ХХК-ийн ажил үүргийг гүйцэтгэхээр заасан, хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн хуваарьт өөр компанийн талаар тусгагдаагүй байх тул гэрээний хүрээнд гүйцэтгэсэн ажил үүрэг гэж үзэх боломжгүй.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан харилцаа үүссэн гэж үзнэ. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар ажиллуулагч хөлс төлөх үүргийг хүлээх тул нэхэмжлэгч хөлс шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч энэ хэсэгт нэг сард 1.450.000 төгрөгөөр, 2020 оны 2-7 дугаар сарын хооронд буюу 6 сар ажилласан хэмээн хөлсийг шаардсан ч нэгэнт зохигчдын тайлбараар тус байгууллагын санхүүгийн бүх тайланг нэхэмжлэгч гаргаагүй болох нь тогтоогдсон, зохигчид хөлс хэд байх талаар тухайлсан тохиролцоогүй тул шүүх “нэг сард 200.000 төгрөгөөр тооцон олгох боломжтой” тухай шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан хэмжээгээр тооцон 1.000.000 төгрөгийг “У Д Ц ” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “тус байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоолгох” тухай шаардсан байх боловч энэ нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин мөнгө гаргуулах шаардлагын үндэслэл тул шаардлагагүйг дурдав.
3.Сөрөг нэхэмжлэлийн тухайд: нэхэмжлэгч 2020 оны 8 дугаар сард ажил үүргээ хэвийн гүйцэтгээгүй, ажил тасалсны улмаас бусдаар тухайн сарын тайланг гаргуулсан үндэслэлээр “Г ” ХХК-аас 330.000 төгрөг, “У Д Ц ” ХХК-иас 220.000 төгрөг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна.
Хэрэгт авагдсан “Г ” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайланд “нягтлан Биндэрьяа” хэмээн зурснаас үзвэл тайланг бусдаар гаргуулсан тухай хариуцагчийн дээрх тайлбар тогтоогдохгүй байна. Үүнээс гадна нэхэмжлэгч 2020 оны 8 дугаар сард тайланг гаргаагүй явдал хариуцагч хуулийн этгээдийн өөрийн буруутай ажиллагаанаас үүдэлтэй буюу нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгэх боломж нөхцөлөөр хангаагүйгээс үүдэлтэй тул нэхэмжлэгчээс шаардах үндэслэлгүй. Түүнчлэн “У Д Ц ” ХХК-ийн хувьд талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээгүй тул тухайлан тохиролцоогүй ажлыг гүйцэтгэхийг шаардах, түүнээс учирсан хохирол гаргуулахаар нэхэмжлэх үндэслэлгүй. Иймд хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч “мөнгө гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагадаа төлбөл зохих /1.680.000+7.800.000/ тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байх тул нэхэмжлэгчээс нөхөн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн
69.1-д зааснаар Ж.Э ийг “Г ” ХХК-д нягтлан бодогч-оффис менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7.425.000 /долоон сая дөрвөн зуун хорин таван мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Э т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 128.1.11-д зааснаар “Г ” ХХК-иас 1.680.000 төгрөг гаргуулах тухай Ж.Э ийн шаардлагыг, Ж.Э ээс 330.000 төгрөг гаргуулах тухай “Г ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар “У Д Ц ” ХХК-аас 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Э т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.700.000 төгрөг болон Ж.Э ээс 220.000 төгрөг гаргуулах тухай “У Д Ц ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч “Г ” ХХК-д даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, хариуцагч “Г ” ХХК-ийн төлсөн 10.550 төгрөг, хариуцагч “У Д Ц ” ХХК-ийн төлсөн 10.550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 181.030 төгрөгийг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагч “Г ” ХХК-аас 133.750 төгрөг, “У Д Ц ” ХХК-аас 28.550 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ