Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2021/02282

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.О-ийн,

Хариуцагч: Ц.Д-д холбогдох

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, мөн сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М/, хариуцагч Ц.Д, хариуцагчийн өмгөөлөгч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.О миний бие хариуцагч Ц.Д-тэй ,,,тоот гэрчилгээний дугаартай ,,,,,, тоот хаягт байршилтай орон сууцны хэсгийг ажлын зориулалтаар Кофе шоф зориулалттайгаар 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өөрийн үйл ажиллагаа эрхэлдэг объектыг хүлээлгэн өгч түрээсэлсэн. Ц.Дөлгөөнмөрөн нь цар тахалтай хэдий ч би ажиллуулж чадна гээд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, 1 сарын 1.600.000 төгрөгөөр тохиролцсон. Та түрээсийн хөнгөлөлт үзүүлэх үү гэхэд нь би эхний 2 сарын түрээсийг 1 сараар бодож авсан. Ийнхүү Ц.Д нь миний объектыг түрээслэн ажиллаж эхэлсэн ба түрээсийн гэрээнээс хойш 4 сарын хугацааны түрээсийн төлбөрөө 2020 оны 9, 10 сард хийж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс төлбөр хийгээгүй. Би өөрөө мэргэжлийн хүн учир объектоо ажиллуулж чадах байсан. Мөнгөө өгч чадахгүй бол байрыг минь чөлөөлж өгөөч гэж олон удаа хариуцагчид хэлсэн боловч байрыг маань чөлөөлж өгөхгүй, холбоогүй болсон. Мөн би хариуцагчийг эвлэрүүлэн зуучлал дээр дуудаад уулзсан боловч ерөөсөө эвлэрэхгүй гэсэн. Би өөрөө 2 зээлтэй хүн. Зээлээ төлж чадахгүй байсан тул зуслангийн байшингаа зараад зээлээ төлсөн. Хариуцагчаас болоод надад олон бэрхшээл учирч, би маш их хохирсон. Би өөрийгөө хохирогч гэж үзэж байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Бидний хооронд байгуулсан гэрээн дээр хэрвээ түрээсийн төлбөрийг төлөхгүй бол байрыг хүлээлгэж өгнө гээд тодорхой заасан байдаг. Би хариуцагчид түрээсэлсэн байраа бусад этгээдэд түрээслээд ашиг олох боломжтой байсан. Гэвч хариуцагч нь өөр этгээдэд давхар түрээсэлж ашиг олох гээд байсан ба үүнийг би олон зүйлээр нотолж чадна. Хариуцагчийг намайг үл хүндэтгэсэнд би маш их гомдож байгаа. Намайг эвлэрье гэхээр хариуцагч эвлэрдэггүй, манай аав эрх мэдэлтэй хүн шүү гээд их дээрэлхдэг байсан. 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сар хүртэлх 7 сарын түрээсийн мөнгө нэхэмжилж байгаа. Миний байрыг зөвшөөрөлгүй янз бүрийн хэт тод өнгөөр будсан, гадна талыг хар өнгөөр будсан, өөр хүмүүст түрээслэх боломжгүй, дахин засвар хийхэд олон сая төгрөг зарцуулахаар байдалтай үлдээсэн, паарны ус алдуулж байрны чанар байдлыг алдагдуулж, хөгц мөөгөнцөр үүсэж, хогоо хаяхгүй удаж ариун цэвэр эрүүл ахуйн чанар алдагдуулж байсан. Өмнө нь 5.000.000 төгрөгөөр засварлаж байсан, одоо хар ногоон, улаан өнгөөр будсан будгийг арилгахад их ажил орно. 2020 оны 10 дугаар сарын усны 128.151 төгрөг, цахилгааны ашиглалтын зардал 306.007 төгрөг, даарны ус алдаж төлбөрт үйлчилгээ авсаны 27.940 төгрөг зарцуулсан. Одоо албадан нүүлгэх шаардлагаасаа татгалзаж байна. Ус цахилгаан ашиглалтын болон төлбөрт үйлчилгээ авсан 462.098 төгрөгийн шаардлагаа барьцаа 500.000 төгрөгөөсөө суутган тооцох тул 7 сарын хугацааны түрээсийн төлбөрт 11.200.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ц.Дөлгөөнмөрөн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д миний бие 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Л.О-тэй түрээсний гэрээ байгуулсан. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Засгийн газраас тэг зогсолт хийж бүх нийтээр хөл хорио тогтоосон шийдвэр гарсан тул үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон. 2020 оны 11 дүгээр сард би түрээсээ бүрэн төлсөн. Тухайн үеэс хойш үйл ажиллагаагаа явуулж чадаагүй тул түрээсээ төлөх боломжгүй байсан. 2021 оны 02 дугаар сарын 23-ны хөл хорио тавигдаад цаашдаа үйл ажиллагаа явуулах боломжтой юм байна гээд нэхэмжлэгчтэй ярилцах гэсэн боловч нэхэмжлэгч нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлал өргөдөл гаргасан байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзээд өөр хүнтэй хамтарч ажиллах талаар ярилцаж байснаас давхар түрээслэх бодол байгаагүй. Цааш үргэлжлүүлж ажиллуулъя гэхээр нэхэмжлэгч нь өмнөх түрээсийн төлбөрөө төлж байж ажилла гэдэг шаардлага тавьж байсан тул ажиллах боломжгүй байсан. Нийтдээ би 4 сарын түрээс өгсөн. Нэхэмжлэгч нь намайг 2020 оны 11 дүгээр сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй гэж байгаа боловч би 2020 оны 11 дүгээр сарын түрээсийн төлбөрийг тухайн хугацаандаа төлсөн байгаад нийтээр хөл хорио тогтоосон учир дараагийн сараас нь төлбөрөө төлж чадаагүй. 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр барьцааны төлбөрт 500.000 төгрөг, 2020 оны 07, 08 дугаар сарын төлбөрт тус бүр 800.000 төгрөгөөр тооцож 2.100.000 төгрөг нэхэмжлэгчийн дансаар төлсөн, мөн 9-11 сарын төлбөр бас төлсөн байгаа гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                               

Ү Н Д Э С Л Э Х нь:

 

Нэхэмжлэгч Л.О, хариуцагч Ц.Д-д холбогдуулан анх түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7.452.098 төгрөг гаргуулах болон маргаан бүхий объект буюу кофе шофыг албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад 2 удаа нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 11.200.000 төгрөг хүртэл нэмэгдүүлж, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд албадан чөлөөлүүлэх шаардлага болон 2.520.000 төгрөгийн торгууль, эвлэрүүлэн зуучлалын 30.000 төгрөгийн тэмдэгтийн хураамж, мөн ашиглалтын 462.098 төгрөгний зардал тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзан 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны буюу 7 сарын түрээсийн төлбөрт 11.200.000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж багасгасан.

            Зохигчид ,,,,, тоот орон сууцны зориулалттай өргөтгөлтэй байрны ломбардны өрөөний ломбардны талбайг Кофе шоф /цайны газар/-ын зориулалтаар ашиглаж, ашиглуулахаар 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Иргэний хувийн өмч болох ,,,, тоот байрны ломбардны өрөөний ломбардны талбайг ажлын байрны зориулалтаар түрээслэх гэрээ-г байгуулж, түрээсийн төлбөр сард 1.600.000 төгрөг байхаар түүнчлэн түрээсийн төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний барьцааг урьдчилан төлөхөөр харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан боловч 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нотариатаар гэрчлүүлжээ./ХХ-ийн 7-10 дугаар тал/

Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Ц.Д-д холбогдуулан тус түрээсийн гэрээнээс түрээсийн төлбөр төлөөгүй шалтгаанаас болж зээлийн эргэн төлөлтөө төлөхөд хүндрэл үүссэн тул хугацаанаас нь өмнө цуцалж, ,,,, тоот орон сууцны зориулалттай өргөтгөлтэй байрны Кофе шофын зориулалтаар ашиглуулж буй талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч чөлөөлж өгөхгүй байсаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр түлхүүр хүлээн авсан тул 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны буюу 7 сарын түрээсийн төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр 11.200.000 төгрөг гаргуулахаар маргажээ.

Хариуцагч Ц.Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 халдварт өвчин Монгол улсад тархсантай холбогдуулан удаа дараагийн үргэлжилсэн хатуу хөл хорио цээрийн улмаас 2020 оны 11 дүгээр сараас эхлэн анхны хөл хорио тогтоож, сунгасантай холбогдуулан ажиллах боломжгүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгч нь зөвхөн кофе шофоос гадна цайны газрын буюу нийтийн хоолны үйлчилгээний зориулалтаар ашиглаж ашиг олох боломжтой байсан, хариуцагч өөрөө тус дүүргийн Засаг даргын тамгын газрын хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс үйлчилгээ эрхлэх гэрээг байгуулах ёстой боловч байгуулаагүй нь түүний татгалзал болохгүй, мөн гэрээ цуцалж түлхүүр хүлээлгэж өгөхийг шаардсан боловч объектыг 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээж авсан гэж маргажээ.

Талууд ,,,, тоот орон сууцны зориулалттай өргөтгөлтэй байрны талбайн өмчлөгчийн талаар маргаагүй. /ХХ-ийн 66, 67 дугаар тал/

Зохигч талууд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд түрээсийн гэрээний үүрэгт төлөгдөх хариу төлбөрийн талаар л маргаж, хариуцагч тус гэрээний үүрэгт нэхэмжлэгчийн 5016511648 тоот данс руу Б.Отгонхүүгийн Хаан банкны 5087113263 тоот дансаар 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 650.000, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 100.000, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 170.000 төгрөг, Б.Чимгээгийн 5132068189 тоот дансаар 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1.600.000, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1.600.000, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 160.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1.600.000 төгрөг, Ц.Дөлгөөнмөрөнгийн Голомт банкны 2405118880 тоот дансаар 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 350.000, 200.000 төгрөг, нийт 9 удаагийн гүйлгээний утгаар 6.430.000 төгрөг төлөгдсөн талаар нэхэмжлэгч тал маргаагүй./ХХ-ийн 68-84 дүгээр тал/

Мөн талууд гэрээний зүйлийг хариуцагч нэхэмжлэгч талын эзэмшил ашиглалтад шилжүүлсэн талаар буюу түрээсийн зүйлийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хариуцагч эзэмшин мөн өдөр нэхэмжлэгчтэй түлхүүр хүлээлцсэн, хариуцагч нь нэхэмжлэгчийг ашиглах болон өөр түрээслэгчид эзэмшүүлэх боломж олгоогүй талаар маргаагүй.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган шийдвэрлэв.

Талуудын хооронд тохиролцож буй гэрээний зүйл нь орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгө байгаа тохиолдолд түүнийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг шилжүүлэх гэрээг Иргэний хуульд заасан журам, хэлбэрээр байгуулах учиртай бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах болон үл хөдлөх хөрөнгийг түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан байх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заажээ.

Нэхэмжлэгч хүн амьдран суух зориулалттай орон сууцыг өргөтгөн аж ахуйн зориулалтаар буюу ашиг олох бизнесийн зориулалтаар ашиглуулсан нь тогтоогдохын зэрэгцээ улсын бүртгэлд нэг давхрын орон сууц болон өргөтгөлийн хэсгийн хамтаар түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй талаар талууд маргаагүй байна.

Талууд түрээсийн гэрээг бичгээр хийж, нотариатаар 4 сарын дараа гэрчлүүлсэн байх боловч улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир тэдний хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм

Талууд түрээсийн гэрээг байгуулахдаа хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд тэдгээрийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийсэн гэж үзэх боломжтой.

Гэвч үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэхээс гадна улсын бүртгэлд бүртгүүлэх тухайлсан нэмэлт шаардлага хуулиар тавигддаг тул талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжгүй.

Иймээс зохигчдын хоорондын кофе шоф/цайны газрын/ зориулалтаар амины орон сууцны талбай болон өргөтгөлийн хэсгийг түрээслэх түрээслүүлэх тохиролцоо нь хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагаварыг заахдаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хариуцагч нь түрээсийн зүйлийг нэхэмжлэгч талд 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр түлхүүр хүлээлгэн өгсөн тул хариуцагч нь ашиглах хугацааны хариу төлбөрийг нэхэмжлэгч талд буцаан шилжүүлэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үр дагаварыг шийдвэрлэх нь зүйтэй.

Түрээсийн төлбөр сард 1.600.000 төгрөг байхаар болон эхний 2 сарын төлбөрийг тал хувь бууруулахаар тохиролцсон, тзрээсийн зүйлийг хариуцагч нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаагаар эзэмшиж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэг цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн түлхүүр гардан авсан 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 10 сар 18 хоног эзэмшсэн хугацааны төлбөрт 15.359.994/9*1.600.000+18*53.333=15.359.994/ төгрөг төлөгдөхөөс дансаар төлөгдсөн 6.430.000 төгрөгийг хасч 8.929.994 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Хариуцагч татгалзалдаа бүх нийтийн хатуу хөл хорио цээр, онцгой нөхцөл байдлын улмаас түрээсэлсэн байрандаа үйл ажиллагаа явуулаагүй, ашиг олоогүй гэх үндэслэлээр марган Засгийн газрын тогтоолууд ирүүлснийг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх болон сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг ойлгохоор заасан тул хариуцагч Ц.Д дээрх онцгой нөхцөл байдлын улмаас гэрээ цуцлах болон түлхүүр хүлээлгэж өгөх боломжгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул татгалзал үндэслэлгүй гэж үзэв.

Хариуцагч Ц.Д өөр байдлаар цайны газар, хүргэлтийн цай, оолны үйлчилгээ зэрэг байдлаар ашиглах боломжтой төдийгүй, өөрийн буруугаас эд хөрөнгийг ашиглаж чадаагүй, түлхүүр хүлээлгэн өгөх, гэрээг цуцлах боломжтой байсан байх тул түүнийг хөлс төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйгээс гадна энэ тухай тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 157.830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.

           

            115 115.1, 115.2.2, 116, 118

:

1.Иргэний 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Д-өөс 8.929.994 нэхэмжлэгч Л.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.270.006 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д-гөөс 157.830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.О-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б. БАЯРМАА