Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2017/ШЦТ/89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Х.Б- нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн Х.Б-т холбогдох эрүүгийн 201722000094 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Х.Б-,

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/

Шүүгдэгч Х.Б- нь согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөвгөл аймгийн Хатгал тосгоны төвд иргэн Э.А-тай магалдсаны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Б- нь согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөвгөл аймгийн Хатгал тосгоны төвд иргэн Э.А-тай магалдсаны улмаас зодож бие махбодид нь нүүрний зөөлөн эдийн няцрал, умайн доргилт, зовхи, гуя, өвдөгт цус хуралт, тархи доргилт бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь: 

Шүүгдэгч Х.Б-ийн хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Би 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн үед Цэцэрлэг сумын төвд Батдорж, Отгон нартай тааралдаад 1 шил архи, 1 том пиво хувааж уусан юм. Тэндээс би тэр хоёроос эмийн сан орж хүүхдүүддээ эм аваад явж байгаад дахиад Отгонтой уурын зуухны хойно тааралдсан. Тэгээд би "чи гарах болоогүй юм уу" гэсэн чинь гарахгүй гэхээр нь одоо орой болсон байна хоноод яв гэсэн чинь чам шиг гичийний хүүхэд хүүхдээр заалгахгүй гээд орилоод байхаар нь мориноос нь буулгаж байгаад нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохисон юм. Тэгээд салаад явсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

Хохирогч Э.А-ын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн:  2017 оны 01 дүгээр сарын 25-ны орой 19-20 цагийн үед намайг гэртээ байхад миний танил Дууниа эгч над руу залгаад манайд хүрээд ирээч манайд Төмөрөө ирсэн байна гэхээр нь би заал руу явах замдаа Дууниа эгчийнд очсон. Тэгээд би ороод тэднийд хэсэг суугаад тэр пивоноос нь ганц аяга уугаад байж байгаад би заал орж тоглох гэж байна гэж ярьж байтал Төмөрөө намайг чи бөмбөг тоглож чаддаг юм уу гэх зэргээр хэрүүл өдөөд байсан. Тэгээд сүүлдээ янхан банзал гичий зайл чамайг мэднэ ш дээ танайхан удмаараа ядуу би баян хүн би цагдаа ахтай гэх зэргээр агсраад байхаар нь би сүүлдээ тэвчээр алдаад Төмөрөөгийн хацар руу нь нэг удаа алгадаад авсан юм. Тэгсэн чинь Төмөрөө босож ирээд гараараа миний нүүр рүү зөндөө цохисон. Тэр үед хэрүүл маргаан хийж байхад гаднаас хүн орж ирээгүй бол тэр Төмөрөө намайг нэлээн зодох байсан гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

Гэрч Т.Л-н хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...намайг хэсэг байж байтал Төмөрөө, Э.А- хоёр маргалдаж эхэлсэн сүүлдээ Төмөрөө Э.А-ыг яв барь гэж хөгөөд Э.А- нь явахгүй гэж хэрэлдэж байснаа Э.А- Төмөрөөг гүйж очоод нэг алгадаад хэсэг байж байгаад дахиад нэг алгадсан чинь Төмөрөөгийн хамраас цус гарсан. Тэр үед Төмөрөө босоод угаалтуурт хамрынхаа цусыг угааж байсан. Э.А- чи шоронгийн хулгайч шорондоо хатахгүй яасан юм бэ гэх зэргээр хэлээд Төмөрөөгийн хажууд байсан хувинтай угаадас юм уу нэг зүйлийг асгачихсан чинь Төмөрөө нь Э.А-ыг сууж байхад нь очоод нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. Тэр үед Э.А-ын хамраас мөн цус гарсан. Тэр үед би босож очоод тэр хоёрыг салгасан. Гэхдээ Төмөрөө Э.А-ыг маш муухайгаар би хэлж чадахааргүй үгнүүдээр доромжилж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 112 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Э.А-ын биед гэмтэл тогтоогдлоо. Э.А-ын биед нүүрний зөөлөн эдийн няцрал, умайн доргилт, зовхи, гуя, өвдөгт цус хуралт, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Б- нь 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хэлцэлээр цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болж сайн дурын үндсэн дээр эвлэрсэн болно гэх ба улсын яллагч шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж  байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн заалт байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр /хх-ийн 37, 38-46-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Б- нь Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар 57.1-д зааснаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жилийн хорих ялд багтаан нийт 2 жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Х.Б-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн ба шүүгдэгч нь тэнсэн хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар өршөөлд хамаарч байх тул анх удаагийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцлоо.

 Эрүүгийн 201722000094 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Шүүгдэгч Х.Б-ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Х.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.  Эрүүгийн 201722000094 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус, тус дурьдсугай.

4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

5.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.НЯМСҮРЭН