Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2102

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01537 дугаар шийдвэртэй, Д.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Мд холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 525 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ихбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М нь Д.Б надаас 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 3 050 000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал худалдаж авсан. 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1 800 000 төгрөгийн бараа материал надад байхгүй байсан учраас түүний гуйлтаар өөр хүнээс авч, өөрийн гараар Д.Мд өгсөн. Хариуцагч нь нийт 4 850 000 төгрөгийн үнэтэй барилгын материал аваад хамгийн сүүлийн хугацаа 2014 оны 11 дүгээр сард багтаан төлж барагдуулна гэсэн боловч тохиролцсон хугацаандаа хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Д.М 1 800 000 төгрөгийн барилгын материал аваад мөнгөө өгөхгүй болохоор нь хүнээс авсан материалын үнийг өөрөөс өгч төлбөр барагдуулсан. Хариуцагчаас удаа дараа мөнгөө нэхсэн боловч өгөөгүй, арга ядаад ажил дээр нь очиж хэрүүл хийж байж 500 000 төгрөг 2016 оны 5 дугаар сард шилжүүлгээр авсан ч үлдэгдэл мөнгөө өнөөг хүртэл өгөөгүй.

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч Д.М 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 1 800 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 3 050 000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж тохиролцсон бөгөөд гэрээний 2.5-д зааснаар төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөх болсон. Хэрэв чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн байсан бол тухайн үед гомдол, санал гаргах байсан ч өнөөг хүртэл хариуцагч гомдол гаргаагүй. Шинэ бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн учраас доголдолтой бараа байгаагүй. Үүнд хэн аль нь маргаагүй. Чанарын шаардлага хангаагүй, доголдолтой бараа авсан, алдангийг төлөхгүй гэсэн тайлбараа хариуцагчийн зүгээс баримтаар нотолж чадахгүй байна гэж үзэж байгаа тул үндсэн төлбөр 4 350 000 төгрөг, алданги 2 175 000 төгрөг, нийт 6 525 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бараа материал нийлүүлсэн эсэхэд маргахгүй. Д.Бын нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн нь чанар, стандартын шаардлага хангаагүй байсан тул 6 525 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч нэхэмжлэгчээс 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бараа материалыг зээлээр худалдан авсан байдаг. Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуульд зааснаар 3 жил бөгөөд 2018 оны 3 дугаар сард нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Өмнө нь 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гаргуулж, цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, зогсох гэсэн ойлголт эрх зүйн талаасаа байхгүй. Төлбөр барагдуулах гэрээний үндсэн дээр хариуцагч төлбөр төлөх боломжгүй. Тийм учраас гэрээний үүргийг шаардах эрх дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Мэс 6 525 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 119 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хариуцагчаас гаргасан шүүн таслах ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тодруулга хийлгэх хүсэлтийг үл зөвшөөрч хуралдааныг үргэлжлүүлж, үндсэн төлбөр дээр хүү, алдангийн хамт төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн гэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Мд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 525 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ /хх33/ байгуулсан байна. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв дүгнэжээ. Дээрх гэрээгээр хариуцагч нь барилгын материал худалдан авсан, үнийг төлөөгүй талаар зохигчдын хэн аль нь маргаагүй бөгөөд төлбөр барагдуулах гэрээ ёсоор төлбөр төлөгч Д.М нь 4 850 000 төгрөгийг тодорхой хугацаанд хоёр хувааж төлбөр авагч Д.Бт төлөх, ийнхүү заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн.

Төлбөр барагдуулах дээрх гэрээний 2.4, 2.5-д зааснаар хариуцагч нь 1 800 000 төгрөгийг 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр, үлдэгдэл 3 050 000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч талд шилжүүлэх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул гэрээгээр тохиролцсон хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Ийнхүү төлбөрийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор талууд нэгэнт тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд хариуцагч хууль болон гэрээнд заасны дагуу мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний дээрх заалтад хамаарах маргааныг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Хариуцагч талаас Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний дагуу Д.Б доголдолтой бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэх боловч үүнтэй холбоотой баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд ирүүлээгүй нь өөрийн тайлбар татгалзлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01537 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 119 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Т.ТУЯА