| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2017/0101/Э |
| Дугаар | 2017ШЦТ/101 |
| Огноо | 2017-04-20 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2017ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Нарийн бичгийн даргад П.Ундрах
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Шүүгдэгч Г.У-, түүний өмгөөлөгч Ч.Будхүү,
Хохирогч Х.Н-,
Хохирогчийн өмгөөлөгч В.Энхболд нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн Г.У-т холбогдох эрүүгийн 201622000735 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.У-,
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/
Шүүгдэгч Г.У- нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Доргио нэртэй бааранд иргэн Х.Н-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Х.Н-ийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.У- нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Доргио нэртэй бааранд иргэн Х.Н-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь тархи доргилт, нуруунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Г.У-ийн хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: … 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр би найзууд болох Г.М-, Ц.Б- нартай уулзахаар 17 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан… Бид гурав 4 зам дээр байрладаг ММ гэдэг нэртэй Папад очсон... тэнд очиж суугаад хоёр хоёр лааз пиво уусан. Бид гурав тэндээ сууж байгаад 20 цаг өнгөрч байхад гараад Доргио бааранд очсон. Бид баарны зүүн талын эгнээнд нэг ширээн дээр суугаад нэг нэг лааз пиво захиалж уусан. Бид гурав очсон цагаасаа хойш дандаа бүжиглэсэн. Авсан пивоноосоо нэг их уугаагүй. Бид гурав бүжгийн талбайн баруун талд бүжиглэсэн. Бид нарын хажууд Х.Н- гэдэг эгч манай бэр дүүгийн хамт бүжгийн талбай дээр бүжиглэж байгаа харагдсан. Г.М- бүжиглэж байхдаа Х.Н- гэдэг эгчийн нуруу руу хальт хүрчих шиг болсон. Тэгтэл Х.Н- гэдэг эгч эргэж хараад намайг тайван байлга гэж хашгираад Г.М-гийн үснээс нь зуураад авсан. Энэ үед Ц.Б- бид хоёр хажууд байсан болохоор бид хоёр руу бас дайраад зүүн гараараа миний цамцнаас барьж авснаа баруун гараараа миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь би зөрүүлээд үснээс нь зулгаагаад бариад авсан. Энэ үед бид хоёр газар унасан. Тэгтэл Ц.Б-, Мөнхтуяа хоёр намайг салгаж аваад босгосон. Х.Н- гэдэг эгчийг болохоор хамт явсан хоёр хүн нь салгаад авсан... гэх мэдүүлэг /84-87-р хуудас/,мөн анх Х.Н-ийг Мөнхтуяа нуруу л цохьсон. Дараа нь Х.Н- намайг үсдэхээр нь би буцаагаад үсдэж авсан. Ц.Б- бид 2 энэ хүнийг хоёул нийлээд үсдэж чирээд байсан зүйл байхгүй. Би Х.Н-ийн үснээс нь зулгаасан нь үнэн. Харин гэдэс рүү нь өшиглөсөн гэдэг бол худлаа гэв.
Хохирогч Х.Н-ийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн: ... 22 цагийн үед тэр Эрдэнэс баарнаас гарч Доргио бааранд очсон. Бид гурав бааранд очоод ертөнцийн зүгээр зүүн талын дээрээсээ хоёр дахь ширээн дээр очоод сууж байхад А.Б- гэдэг хүүхэн би та нарын хажууд суучих уу? Гээд суусан Тэгэж байгаад дөрвүүлээ гарч бүжиглэхээр болтол Э.Д-, Гэрлээ хоёр 00 орохоор явсан. Би нөгөө танихгүй охины хамт бүжгийн талбай руу гарч бүжиглэх гээд гарсан чинь бид хоёрт бүжиглэх талбай байхгүй жижигхэн талбай байгаад хашилтанд тулчихаад байхаар нь би тэнд бүжиглэж байсан жижигхэн охиныг жаахан цаашаа болооч гээд цааш нь түлхэх маягтай бүжиглээд хойшоо харсан чинь нөгөө жижиг биетэй махлаг охин миний нурууны гол хэсэг рүү тохойгоороо нэг удаа цохисон. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бэ та нар намайг тайван байлгаач гээд гараараа түлхээд эргээд харсан чинь нөгөө жижигхэн биетэй махлаг охин намайг мөрлөөд авсан. Тэгтэл хамт явсан хоёр охин нь алуулчихваа гичий минь чамайг алчихна шүү янхан гичий минь гээд толгой руу түлхээд дайраад орилоод байхаар нь би яахаараа янхан байдаг юм бэ? гээд урт шар үстэй охиныг нь түлхсэн чинь намайг үсдээд авахаар нь би өөдөөс нь үсдээд авсан. Тэгтэл урт хар үстэй охин нь миний үснээс хамжиж зулгаагаад намайг зүүн талаас баруун тал хүртэл чирээд газраар явсан. Тэгтэл нөгөө жижиг биетэй охин болон хар үстэй охин хоёр миний энд тэндээс цохиод өшиглөөд гичий минь алуулчихваа гээд байсан. Тэгж байтал 00 явсан хоёр охин гүйж ирээд больцгоогооч гээд бид нарыг салгасан... Нуруундаа цохиулснаас болоод одоо нуруу өвдөж байна. Олон нийтийн газарт янхан гичийгээр дуудаж доромжилсонд маш их гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 16-19-р дугаар хуудас/, Мөн Г.У- миний гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. Би Г.У-ээс 500.000 төгрөг төлбөрт авсан.Урт хар үстэй охин Г.У- жижиг биетэй охин энэ 3 над руу гурвуулаа дайрсан. Миний нуруугаар өвдөж, мөн толгой байнга өвдөж байгаа би цаашид эмчилгээнд явах шаардлагатай. Одоо би гомдолтой байна гэв.
Гэрч Э.Д-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ... Тэгж байтал Гэрлээ эгч бид 00 явчихаад барагцаагаар 5 минут орчим болоод гараад ирсэн чинь бүжгийн талбайн баруун талын орчимд Х.Н-ийг нэг шар үстэй хүүхэн үсдээд газар сөгдүүлээд суулгасан. Х.Н- эгч болохоор тэр хүүхний үснээс нь зулгаачихсан байж байсан. Харин нэг жижигхэн биетэй охин болохоор Х.Н- эгчийн баруун талд зогсож байсан. Тэгэхээр нь Гэрлээ бид хоёр очоод үсдэлцсэн хоёр хүний гарыг нь тавиулах гэж байж байхад жижиг биетэй охин болохоор хараад зогсож байсан. Харин урт үстэй охины хөл нь өндөр гарч ирээд хий өшиглөөд байсан. Энэ үед нэг эрэгтэй хүн ирээд боль та нар одоо боль гээд салгасан. Тэгээд ширээ ширээндээ очоод суусан. Тэд нар ширээн дээр сууж байсан нөгөө танихгүй охины нүүр лүү нь алгадаад байсан. Энэ үед Х.Н-, Гэрлээ хоёр цагдаа дуудна гээд гарсан. Би болохоор тэр баарны DJ залуу нь дуудаж ирээд тэр гурван хүүхнийг салгасан гэх мэдүүлэг/хх-ийн 20-22-р хуудас/,
Гэрч Г.Ш-гийн хэрэг бүргэлтийн шатанд өгсөн ...2016 оны 1 сарын 29-ны 22 цаг өнгөрч байхад нэг шар үстэй хүүхэн бас нэг шар үстэй хүүхэнтэй үсдэлцээд газар унасан харагдахаар нь явж очоод хүүе болж байна гэхэд тэр 2 босоод ирсэн тэгээд зодуулсан гээд байсан арай ахимаг насны хүүхэн цагдаа дуудаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 –р хуудас/
Ц.Б-ийн сэжигтэн болон яллагдагчаар өгсөн...Бид 3 бүжиглэж байхад хохирогч Х.Н- гэдэг эгч намайг шахаад ороод ирэхээр нь би нөгөө талд нь гараад байж байтал Г.М- миний дэргэд бүжиглэсэн, тэгтэл тэр Х.Н- гэдэг эгч та нар яагаад байгаа юм бэ намайг тайван байлгаад өгөөч гэж орилсноо Г.М-г үснээс нь зулгаагаад бариад авахаар ньби яаж байгаа юм бэ? гээд найзыгаа татаад авсан. Тэгтэл Х.Н- эгч Г.У-тэй хальт хэрэлдсэнээ Г.У-ийн үснээс зулгаагаад газарт дараад уначихсан.Тэгэхээр нь би Г.У-ийг татаж босгосон. Х.Н-ийг 2 найз нь татаад босгосон. Би хэнийг ч зодоогүй, би тэр хүнд гар ч хүрээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар хуудас/
Г.М-гийн сэжигтэнээр өгсөн... тэр үед би гараа савчиж бүжиглэж байгаад Х.Н- гэдэг хүний биед хальт хүрчихсэн.Тэгээд тэр эгч уурлаад намайг үсдэж аваад цамцнаас угзраад татаад байсан.Тэгэхэд Г.У-ийн цамцнаас зулгааж байгаад үсдээд бариад авахаар нь Г.У- зөрүүлж үсдээд газар унасан. Ц.Б- бид 2 Г.У-ийг татаад босгосон гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 дүгээр хуудас/
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 39-р хуудас/,
Нэмэлт шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол /хх-ийн 65-р хуудас/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 648 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Хашбатын Х.Н-ийн биед тархи доргилт, нуруунд цус хуралт, нугалмын жийргэвчийн үрэвсэл бүхий гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. /хавтаст хэргийн 12-р хуудас/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 99 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Х.Н-ийн биед гэмтэл тогтоогдлоо. Тухайн үед Х.Н-ийн биед тархи доргилт, нуруунд цус хуралт, нугалмын жийргэвчийн үрэвсэл бүхийн гэмтэл учирсан байна. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Хашбатын Х.Н- нь архаг нурууны дискийн даралт /нурууны суулт/ өвчтэй байна. Гэмтлээс үүдэлтэй сэдрээгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 66-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Г.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.У- нь Г.М-г уг хэрэгт хамтран оролцсон, Х.Н- эгчийг Г.М- нуруу луу нь цохьсон гэж мэдүүлэг өгч байгаа боловч харин энэ талаар хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.У- “... Г.М- бүжиглэж байхдаа Х.Н- гэдэг эгчийн нуруунд хальт хүрчих шиг болсон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/ мөн хяналтын прокурор Г.Ганхөлөг нь 2017 оны 02 сарын 13-ны 07 тоот тогтоолоор мөрдөн байцаалт явуулж ирүүлсэн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцааж үүний дагуу мөрдөн байцаалтыг дахин явуулж, хохирогч Х.Н-,гэрч А.Б- нар болон гэрч Э.Ц-, А.Б- нарыг тус тус нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлүүд , бусад нотлох баримтууд болох сэжигтэн яллагдагчаар мэдүүлэг өгч байсан Г.М-, Ц.Б- гэрч Э.Д-, Э.Ц- нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгч Г.У-ийн дээрхи мэдүүлэг нь няцаагдаж байна. Дээрхи гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч Х.Н-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн мэдүүлж байгаа энэ мэдүүлэг зэрэг нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. Харин шүүгдэгч Г.У-, хохирогч Х.Н- нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн Г.М-, Ц.Б- нартай бүлэглэн хохирогч Х.Н-ийг зодож биед хөнгөн гэмтлийг санаатай учруулсан гэдэг нь хангалттай нотлогдохгүй байна гэж шүүхээс үзэж шүүгдэгч Г.У-ийн үйлдлийн улмаас хохирогч Х.Н-ийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан байх боломжтой байна гэж шүүхээс үзлээ.
Мөн хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч В.Энхболд нар нь энэ талаар хяналтын прокурор болон Аймгийн прокурорт гомдол гаргаж байсан боловч Аймгийн прокурорын хяналтын прокурор Г.Гөнхөлөгөөс 2017 оны 03 дугаар сарын 22-ны 04, 05 тоот тогтоолоор сэжигтэн Г.М-, Ц.Б- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон уг тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.Н-ээс гаргасан гомдлыг Аймгийн прокуророос 2017 оны 03 дугаар сарын 22-ны 08 тоот тогтоолоор хүлээн авахаас татгалзсан, Мөн хохирогчийн өмгөөлөгч В.Энхболдын 2017 оны 03 сарын 23-нд Аймгийн ерөнхий прокурор Н.Ганболдын нэр дээр гаргасан гомдолд аймгийн ерөнхий прокуророос 2017 оны 03 дугаар сарын 27-ны 09 тоот тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж 7 хоногийн дотор Улсын Ерөнхий Прокурорын газарт гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсан байхад энэ талаар хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч, хэргийн матералтай танилцсан шүүгдэгч Г.У- нар нь гомдол хүсэлтээ дээд шатны прокурорт гаргаж байсан баримтгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.У- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож байна. Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахдаа хуульд заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож шийдвэрлэлээ.
Хохирогч Х.Н- нь шүүхэд бодит гарсан зардал 551150 төгрөг сувилалд хэвтэж эмчлүүлэх зардал 500000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэргийн хэмжээнд гаргаж өгсөн нотлох баримтаас “Онош” үүдэн эмнэлэгт үзүүлсэн нийт 175.000 төгрөг,замын зардлын 65200 төгрөг бэлэн мөнгөний орлогын баримт 30000 төгрөг, Монос эмийн сангаас эм авсан 100950 төгрөг нийт 371150 төгрөгний баримтыг үнэлж, 180.000 төгрөгний баримтыг нотлох баримтанд үнэлэх шаардлагагүй учраас нотлох баримтаас хасч тооцсон болно. Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Г.У- нь хохирогчид эмчилгээний зардал болох 500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох нь төлбөрийн баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгч Г.У- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103-р хуудас/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн 201622000735 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.У-ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Г.У-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч Х.Н- нь гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирол, цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн 201622000735 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.У-т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН