Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 0049

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          Ц.Л

Шүүгдэгч                                           Ц.Д

Нарийн бичгийн дарга                 О.Мөнх-Од нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Дд холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Ц-н Д.

 

Ц.Д нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 06-04 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Н.А-ийн хоолойн тус газар нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овогт Ц-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000  /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дд оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

 

  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Дүүрэнжаргал эсэргүүцэлдээ:

... Шүүгдэгч Ц.Дгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан байдаг ба анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эд мөрийн баримтаар хураан авсан хутгыг устгах нь зүйтэй гэж дүгнэлт хийсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай” шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн, шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлд хамаарч байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        

            Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Д-н эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ц.Д-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд хянаж үзлээ.

 

            Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Ц.Дг 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 06-04 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Н.Аийн хоолойн тус газарт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, зөрчсөн, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нийт урт нь 31 см, ажлын хэсэг нь 18 см, бариул хэсэг нь 12 см хэмжээтэй ягаан өнгийн төмөр бариултай хутгыг устгах нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт “эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй” гэж тусгажээ.

 

            Өөрөөр хэлбэл шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгавал зохих зүйл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8.д заасан “хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай” тусгана гэсэн заалтыг зөрчсөн, шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлага хангаагүй байх тул прокурор Н.Д-н эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй байна.

 

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолд энэ талаар өөрчлөлт оруулж, зөвтгөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.4 , 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэснийг “...эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн төмөр бариултай хутгыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА