Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2103

 

 

 

 

 

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02937 дугаар шийдвэртэй, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нэхэмжлэлтэй, Д.Сыг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хэргийг түүний гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хүсэлт гаргагчийг төлөөлж П.Дамдин-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.С нь байнга архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан ба нийтийн хэв журмыг байнга зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, архинд донтох өвчтэй нь тогтоогдсон тул Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэн, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасныг баримтлан албадан эмчилгээнд явуулж өгнө үү. Тэрээр хамтран амьдрагч н.Батхүүгийн хамт Цайз зах дээр мод савладаг ажилтай, олсон мөнгөөрөө хамт архи авч уудаг, уухаараа хоорондоо зодолддог. Өргөдөл гаргагч Т.Халиун нь удаа дараа дуудлага өгч байсан. Охин Т.Халиун нь 3 настай хүүхэдтэй бөгөөд архины албадан эмчилгээнд хамруулж өгөх талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан. Сүүлийн 5 жил архины огцом хэрэглээтэй болсон. Мөн эх н.Дулам нь архины эмчилгээнд явуулж өгөхийг хүсдэг байсан. Иймд түүнийг албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байгаа гэжээ.

 

Д.С шүүхэд гаргасан тайлбартаа: Би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 25а-629 тоотод н.Батхүүгийн хамт амьдардаг. Манай охин миний төрсөн эмэгтэй дүүгийн хашаанд амьдардаг. Охин Т.Халиун нь 7 сартай жирэмсэн. Надад Т.Халиунаас өөр хүүхэд байхгүй. Охины 3 настай хүү байгаа. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр охин Т.Халиуныг бэр гуйхаар ирнэ. Тэр үед аав, ээж нь гэртээ байхгүй бол болохгүй. н.Батхүүтэй гэрлэлтийн баталгаагүй. Өмнө нь архины эмчилгээнд хамрагдаж байгаагүй. Нэг удаа эрүүлжүүлэгдэж байсан. Дахиж архи уухгүй гэжээ.

 

Шүүх: Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг баримтлан Даваажавын Сүрмандахыг захиргааны журмаар албадан эмчилгээ хийх шаардлагатай гэж үзэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар уг нэхэмжлэл /хүсэлт/ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан тухайн этгээдийг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг шүүхэд хүсэлт ирүүлсэн цагдаагийн байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Д.С давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шүүхийн шийдвэрээр архины албадан эмчилгээнд явсан. Миний охин н.Халиуныг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бэр гуйхаар ирэх тул энэ үед ээж, аав нь гэртээ байхгүй бол болохгүй, өөр хүн байхгүй, айлын ганц охин юм. Иймд дээрх шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Д.С нь согтууруулах ундаа байнга хэрэглэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг гэх үндэслэлээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авагдаж байсан, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр эрүүлжүүлэгдсэн нь Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн мэдээлийн сангийн бүртгэлээр тогтоогдож байна. /хх12-13/

 

Түүнийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “архины шалтгаант сэтгэц ба зан үйлийн III дугаар зэргийн эмгэгтэй” гэсэн дүгнэлтийг Баянзүрх дүүрэг дэх Эрүүл мэндийн төс эмнэлгээс ирүүлсэн байх бөгөөд албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн Цагдаагийн байгууллагын хүсэлтийг шүүх хангаж, Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Д.С нь “2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр охин н.Халиуныг бэр гуйхаар хүмүүс ирнэ” гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай гомдол гаргасан байх боловч энэ нь согтуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчилгээнээс татгалзах хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Түүнчлэн гомдолд дурдсан шалтгааны талаар зааж буй 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хугацаа нэгэнт өнгөрсөн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, түүний гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02937 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Д.Сын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Д.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Т.ТУЯА