| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2021/01178/и |
| Дугаар | 181/ШШ2021/01675 |
| Огноо | 2021-09-08 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2021/01675
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэгт бүртгэлтэй ч, Баянгол дүүрэгт оршин суух, З овогт М-ын Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “З Т Г ” ОНӨААТҮГ -т холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11.176.750 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, хариуцагчийн өмгөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Миний бие М.Б “З Т Г ” ОНӨААТҮГазрын даргын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/15 тоот тушаалаар Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогч албан тушаалд томилогдсон. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/212 тоот тушаалаар “З Т Г ” ОНӨААТҮГ-ын даргаар О.Ганбаатар гэж хүн томилогдсон. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр намайг ажлаас халах тухай мэдэгдэл өгсөн. Тус мэдэгдэлд ажлын хариуцлага алдсан тул таньтай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлах болсон гэсэн байсан. Гэтэл 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр даргын зөвлөлийн хурал зарлан, тус хурлаар намайг эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө илүү цалин бодож авсан гэсэн үндэслэлээр ажлаас халах болсноо хэлж, даргын зөвлөлийн хурлын гишүүдээс санал хураасан байдаг. Улмаар 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/48 тоот ажлаас халсан тушаалд “Эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, ажил олгогчийн итгэл алдсан буруутай үйлдэл гаргасан нь баримтаар нотлогдсон тул” гэх үндэслэлээр гарсан. Энэ тушаал гарахаас өмнө ажил олгогчийн зүгээс намайг үндэслэлгүй буруутгасан үйлдлийг тэвчилгүй, миний бие 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “З Т Г ” ОНӨААТҮГ-ын дарга О.Ганбаатарт биечлэн өргөдөл гаргаж хүргүүлсэн бөгөөд уг өргөдөлдөө намайг буруутгасан үйлдлүүдийг хууль эрх зүйн үүднээс тайлбарласан. Миний бие Санхүү бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан, эсхүл гэрээгээр тохиролцсон “ноцтой зөрчил” гаргаж байгаагүй болно. Иймд ажлаас халах үндэслэлийг дараах байдлаар эс зөвшөөрч байна. Үүнд:
1.Миний бие 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгууллагын санхүүгийн нөхцөл бололцооноос шалтгаалан захиргааны ажилчдын 01 дүгээр сарын сүүлийн хугацааны цалинг олгоогүй байсан. Дарга О.Ганбаатараар тус хугацааны цалинг олгоход гарын үсэг зуруулахдаа 2 дугаар сарын цалингаасаа суутгуулан тооцуулахаар 500.000 төгрөгийг өөрийн 1 дүгээр сарын сүүлийн цалин дээр нэмж бичүүлсэн. Энэ талаараа даргад амаар хэлж зөвшөөрсний дагуу гарын үсэг зуруулсан. Гэтэл хэсэг хугацааны дараа тэр өдрөө намайг дахин дуудаж, гарын үсэг зурсан цалингийн цэсийг буцаан авч, чамд цалингийн урьдчилгаа өгөхгүй, чи ингэж байгаа бол чамтай өөрөөр ярина” гэх мэт учир битүүлэг зүйл ярьж, загнаж зандарсан байдлаар намайг буруутгасан. Цалингийн урьдчилгаа авах бол аль ч байгууллагад байдаг асуудал, энэ нь эргээд цалингийн урьдчилгаа авсан хүн дээр авлагаар бүртгэгдэж, дараагийн сарын цалин дээрээс суутгагдан тооцогддог журамтай. Хэрвээ хэлэлгүй, цалин миний дансанд орсон ч, урьдчилгаа авсан миний нэр дээр авлага үүсэн, дараагийн сарын цалингаас автоматаар суутгагдан данс бүртгэлд тусгагдана. Гэхдээ цалингийн урьдчилгаа миний дансанд ороогүй, би байгууллагаас илүү цалин авч хохироогоогүй болно.
2.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйл, Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаал, 2006 оны 292 тоот тушаалаар батлагдсан “Төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнах журам”-ын дагуу 2019 оны ажлын үр дүнгээр нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудад балансын шагналыг 2020 оны 6 дугаар сард олгосон. 2020 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангийн үр дүнгээр мөн “Цахилгаан автобусны парк шинэчлэлт” төслийн ажилд оролцсон хувь нэмрээр нь 2020 оны 11 дүгээр сард байгууллагын үндсэн цалингийн 50 хувиар шагналт цалинг мөн олгосон. Шагналт цалинг олгохдоо тушаал гаргаагүй гэж намайг буруутгасан. Гэтэл тушаал гаргах эрх бүхий этгээд буюу тухайн үед даргаар ажиллаж байсан Б.Цолмон өөрийн эрх хэмжээний хүрээнд тушаал гаргах шаардлагагүй гэсний дагуу балансын шагналыг жагсаалтаар баталж, гарын үсэг тамгыг үндэслэн олгосон. Энэ нь хууль журам зөрчсөн асуудал биш. Намайг буруутгасан балансийн шагналыг би ганцаараа аваагүй нийт санхүүгийн ажилтнууд бүгд авсан болно.
3.Миний бие тус байгууллагад ажилласан цагаас эхлэн ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ сайн гүйцэтгэсэн боловч шинэ удирдлагууд ээлжийн амралтаа биеэр эдлээгүй ажилласан цагийн цалин давхар авсан гэж мөн л буруутгасан. Би 2020 оны ээлжийн амралтыг хуваарийн дагуу 8 дугаар сард бодуулж авсан бөгөөд ажлын шаардлагаар биеэр эдэлж чадаагүй.
Тухайн үед тус байгууллагын өмнөх удирдлагаас санаачлан боловсруулсан “Цахилгаан автобусны парк шинэчлэлт” төслийн Засгийн газрын хуралдаанд оруулах танилцуулгыг бэлдэх, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцуулга бэлдэх ажлыг гардан зохион байгуулах, энэ төслийн санхүүжилт шийдэгдэх хүртэл амралтгүй ажиллах үүргийг байгууллагын даргын зүгээс өгсний дагуу ажилласан. Төслийн ажлыг гардан зохион байгуулах ажиллагаанд оролцсоны үр дүнд Монгол Улсын Ерөнхий сайдын 92 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн 2020 оны 57 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 140 дүгээр тогтоол, Нийслэлийн Засагдаргын 2020 оны А/1062 тоот захирамжийн дагуу Монгол улсын хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхээр дэмжигдсэн. Ингээд Хөгжлийн банкны тавьсан шаардлагын дагуу материал бүрдүүлж, хүргүүлсэн. Хөгжлийн банкны зүгээс Зээлийн хорооны хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд шаардлагатай материалуудыг тухай бүр бүрдүүлж, хүргүүлэх ажлыг миний бие болон Санхүү бүртгэлийн сийн ажилтнууд хамтарч хийж гүйцэтгэсэн. Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ын хурлын 41 дүгээр тогтоол гарч манай төсөл дэмжигдсэн боловч Нийслэлийн Засаг даргын газар, Монгол Улсын Хөгжлийн банк, “З Т Г ” ОНӨААТҮГ-ын гурвалсан зээлийн гэрээ нь 12 сарын 01-ний өдөр зурагдаж, албажсан. Миний бие 12 сард жилийн эцсийн тайлан балансын бэлтгэл ажил, жилийн эцсийн тооллого гээд ээлжийн амралтаа биеэр эдлэх нөхцөл гараагүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу энэ асуудлыг шийдвэрлэсэн. Хэрэгт баримтаар нэхэмжлэгч ээлжийн амралт эдлэх ёстой байсан тухай баримтыг хэрэгт ирүүлсэн, гэтэл энэ хугацаанд ажлын шаардлагаар ажиллаж амралтаа биеэр эдэлж чадаагүй тул цалингаа авсан нь үнэн.
Уг тушаал эрх зүйн үндэслэлийн хувьд тушаалд маш бүрхэг “итгэл алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон тул” гэж бичсэн нь ямар үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хамааруулсан, ямар үйлдэл 40.1.5-д хамаарах нь тодорхой бус байна. Удирдлагын зөвлөлийн хурлаар нэхэмжлэгчийг дээр дурдсан гурван үндэслэлээр халсан гэж тухайн үед хэлсэн байдаг. Мөн тушаалд Хөдөлмөрийн гэрээний 2.2.2 дахь заалт “Энэхүү гэрээ болон “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг чанд сахиж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргээ хугацаанд нь чанартай бүрэн биелүүлнэ”, 4.5.2 дахь заалт болох “Шунахайн сэдлээр үйлдвэрийн газрын болон бусдын эд зүйлс, өмч, хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан зэрэг үйлдэл нь баримтаар нотлогдсон бол” гэж заасныг тус тус баримтласан байна. Нэхэмжлэгчийг чөлөөлөх болсон дээрх гурван үндэслэлийн улмаас Гэрээний 4.5.2-т зааснаар байгууллагад хохирол учирсан зүйл байхгүй болно. Түүнчлэн аудитын тайлангаар тус байгууллагыг зөрчилгүй хэмээн дүгнэсэн болно. “З Т Г ” ОНӨААТҮГ-ын “Хөдөлмөрийн дотоод журам"-ын 7.18.7-т "Мөнгө буюу эд хөрөнгө гардан хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэл алдсан, нууц задруулсан, данс бүртгэлийн алдаа гаргасан буюу эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл, эс үйлдэл гаргасан, байгууллагын эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй, дур мэдэн авч явсан бусдад дамжуулан ашиглуулсан” гэж заажээ. Энэ заалтанд хамаарах нэг ч үйлдэл, эс үйлдэл гаргаагүй болно.
Ажил олгогч өөрийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар цуцлахад хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон байхыг шаардана. Гэтэл хэрэгт зөрчлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон гэх баримтгүй, даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр тогтоосон гэж үзэх боломжгүй болно. Хэрэгт авагдсан аудитын дүгнэлт тушаал гарснаас хойшхи цаг хугацаанд бичгээр гарсан тул тушаалын үндэслэлд хамаарах ёсгүй. Шагналт цалингийн хувьд аудитаас зөвлөмж өгснөөс харин М.Б эд холбогдуулж акт тавигдаагүй, тавигдсан акт өөр асуудлаар буюу холбогдох эрх бүхий даргад холбогдуулж гаргасан болно.
Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт тушаал гарснаас өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл ажлын 131 хоног, нэг өдрийн дундаж цалин 85.250 төгрөгөөр тооцон нийт 11.176.750 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэр бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тус байгууллагад 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/15 тоот тушаалаар Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажилд орсон. Түүнийг “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.18.7-д “Мөнгө буюу эд хөрөнгө гардан хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэл алдсан, нууц задруулсан, данс бүртгэлийн алдаа гаргасан буюу эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл, эс үйлдэл гаргасан, байгууллагын эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй дур мэдэн авч явсан, бусдад дамжуулан ашиглуулсан”, Хөдөлмөрийн гэрээний 2.2.2-т “энэ гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж, ажлын байранд заагдсан ажил, үүргээ хугацаанд нь чанартай биелүүлнэ”, мөн гэрээний 4.5.2 “шунахайн сэдлээр үйлдвэрийн газрын болон бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан зэрэг үйлдэл нь баримтаар нотлогдсон” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
1.2021 оны эхээр тэрээр ажилчдын цалинг байгууллагын даргаар гарын үсэг зуруулахаар оруулж ирсэн байдаг. Ингэхдээ тэрээр өөрийн цалинд 500.000 төгрөг нэмж бичиж оруулж ирсэн байдаг. Ямар учраас 500.000 төгрөг бодсон юм хэмээн цалингийн нягтлан бодогчоос асуухад М.Б бич гэснээр нэмж бичсэн гэдэг. Тэрээр даргаас амаар зөвшөөрөл авсан байсан гэдэг ч хэрэгт хавсаргаж өгсөн түүний 2021 оны 02 дугаар сарын өргөдөлд зөвшөөрөлгүй өөртөө цалин нэмж бичсэндээ уучлалт гуйсан талаар дурдагдсан байдаг.
Тус байгууллагад мөрдөгдөж буй цалин хөлсний журмаар ажилтанд цалингийн урьдчилгаа олгож болох ч ийнхүү бодохдоо удирдлагаас бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэдэг. Гэтэл нэхэмжлэгч өөрөө тус байгууллагын ерөнхий нягтлан, уг журмыг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэгтэй этгээд хэрнээ өөрийн цалинд бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр нэмж бичиж оруулж ирсэн. Энэ зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой” зөрчил, 40.1.5-д заасан итгэл алдсан үйлдэл гэж үзсэн. Энэ зөрчлийн тухайд дарга өөрөө шууд илрүүлсэн болно.
2.Улмаар дээрх асуудлаас үүдэлтэйгээр түүний 2020 онд авсан цалин хөлсийг удирдлагын зүгээс шалгасан 2020 оны 6 дугаар сард, 11 дүгээр сард тус тус санхүүгийн ажилчдад Балансийн шагналыг байгууллагын даргын тушаалгүйгээр жагсаалтаар олгосон байсан. Хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлсний журмаар тус байгууллага ажилтанд 4 төрлийн нэмэгдэл олгоно, үүнд “ажилласан жилийн, ур чадвараас хамаарах нэмэгдэл, ажлын онцлогоос шалтгаалсан нэмэгдэл, даргын урамшуулалт нэмэгдэл” гэж заасан. Гэтэл энд заагдаагүй урамшуулал, нэмэгдлийг авснаас гадна аль ч журмаар байгууллага “ашигтай ажилласан тохиолдолд” шагнал урамшуулал олгоно, ийнхүү олгохдоо заавал даргын тушаалаар олгохоор заасан. Гэтэл 2020 онд байгууллага ашигтай ажиллаагүй, харин 2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Түүнчлэн балансийн шагналт цалинг даргын тушаалгүйгээр жагсаалт гаргаж батлуулан олгосон байдаг. Шагналт цалинг санхүүгийн ажилтнууд бүгд авсан хэдий ч нэхэмжлэгч тус байгууллагын ерөнхий нягтлан, уг журмыг мөрдүүлэх, хяналт тавих үүрэгтэйгээс гадна санхүүгийн бүх баримтад хоёрдугаар гарын үсэг зурдаг этгээдийн хувьд түүнд итгэл үзүүлэх боломжгүй гэж үзсэн тул ялгаварлан гадуурхсан, бусад ажилтан авсан тухай тайлбар үндэслэлгүй. Аудитын дүгнэлтээр санхүүгийн бүртгэлийн хэлтсийн ажилтнууд байгууллагын даргын тушаал шийдвэргүйгээр балансийн шагналт цалин авч байсан талаар дурдаж зөвлөж өгснөөс гадна Сангийн сайдын 2012 оны хүчингүй болгосон тушаалыг баримталсан байна хэмээн аудитын дүгнэлтэд дурдсан байдаг.
3.Нэхэмжлэгч ээлжийн амралтын олговор авсан хэрнээ тухайн сардаа ажилласан цалингаа мөн бодож авсан байсан. Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.6-д “зайлшгүй шаардлагаар ажилласан тохиолдолд ээлжийн амралтыг нөхөн эдлүүлэхээр хойшлуулж болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл ээлжийн амралтыг мөнгөн урамшууллаар тооцох талаар журамд заагаагүй, харин заавал биеэр эдлүүлэх талаар заасан. Нэхэмжлэгч цахилгаан автобусны төсөлтэй холбоотой ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй гэдэг ч түүнээс бусад уг ажлыг зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсгийн бүх гишүүд ээлжлэн ээлжийн амралтаа амарсан байдаг. Үүнээс гадна төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг нэхэмжлэгч бус харин гэрээгээр бусдаар гүйцэтгүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан болно. Иймд тэрээр биеэр амрах бүрэн боломжтой байтал ажилласан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тус байгууллагад зэрэг 2 аудит хийгдсэн. Аудит хийгдэхдээ холбогдох ажилтнуудаас тодруулга авч дуудаж асууж байсан бөгөөд нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаанд аудит хийгдчихсэн байсан, харин бичгийн тайлан сүүлд нь гарсан болно. Аудит хийгдэх явцад удирдлагад гарсан алдаа зөрчлийг тухай бүрд амаар танилцуулж байсан. Дээрх гурван үйлдлийг бүгдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар “итгэл алдсан үйлдэл” гэж үзсэн. Түүнчлэн 500.000 төгрөг нэмж бичсэн, балансийн шагналт цалин тушаалгүйгээр олгосон асуудлыг “ноцтой” зөрчилд мөн тооцсон болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч М.Б “З Т Г ” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11.176.750 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэр бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
“З Т Г ” ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Б ийг Санхүү, бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогчоор томилж, Хөдөлмөрийн гэрээг байгуулснаар талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсчээ. /1хх 21, 50-54/
Тус байгууллагын даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/48 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 2.2.2, 4.5.2, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.4, 7.18.7-д заасныг тус тус үндэслэн мөн өдрөөс гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ. /1хх-7/ Нэхэмжлэгч Төсвийн тухай хуулийн дагуу тус байгууллагын ерөнхий нягтлан бодогч, хоёрдугаар гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан гэдэгт зохигчид маргаагүй тул тэрээр мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтанд хамаарна.
Нэхэмжлэгч өөрийн цалинд 500.000 төгрөг зөвшөөрөлгүй нэмж бичиж оруулж ирсэн, 2020 оны 6, 11 дүгээр сард санхүүгийн ажилтнуудад балансийн шагналт цалинг журам зөрчиж даргын тушаалгүй олгосон, ээлжийн амралтын олговроо авсан хэрнээ тухайн сардаа цалин давхар авсан гэж хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарлаж улмаар дээрх гурван үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д хамаатуулсан, түүнчлэн 500.000 төгрөг нэмж бичсэн, балансийн шагналт цалингийн асуудлыг “ноцтой” зөрчилд давхар тооцсон гэж тушаалын үндэслэлээ тайлбарлав.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар захиргаа гэрээг цуцлахад мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан байх, мөн зүйлийн 40.1.4-т зааснаар гэрээг цуцлахад гэрээнд тухайлан заасан “ноцтой” зөрчлийг гаргасан байхыг шаардах бөгөөд ийнхүү цуцлахдаа захиргаа зөрчил гаргасан үйл баримтыг баримтаар тогтоосон байх үүрэгтэй.
Тушаалын үндэслэлд дурдсан талуудын хоорондох Хөдөлмөрийн гэрээний 2.2.2-т “ажилтан энэхүү гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ чанартай бүрэн биелүүлнэ” гэж, харин 4.5.2-т шунахайн сэдлээр үйлдвэрийн газрын болон бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан үйлдэл нь баримтаар тогтоогдсон бол ноцтой зөрчилд тооцон гэрээг захиргааны санаачилгаар цуцлахаар заажээ.
1.Нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажилчдын цалинг тавьж олгох хүснэгтийг удирдлагад оруулахдаа өөрийн цалинд 500.000 төгрөгийг нэмж оруулсан үйл баримтад маргаагүй. Харин даргаас амаар зөвшөөрөл авсан байсан, түүнчлэн Хөдөлмөрийн гэрээний 4.5.2-т заасан нөхцөл бүрдээгүй гэж, хариуцагч холбогдох журам зөрчсөн зөвшөөрөл аваагүй гэж тус тус тайлбарлаж байна. /хх 88, 89, 90/
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тус байгууллагад журмын дагуу бүх ажилтнуудад цалин дээр урьдчилгаа нэмж бичих тохиолдолд удирдлагын бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэж санхүү тооцоонд нэмж бичдэг хэмээн тайлбарлав. Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.4-т “санхүү, бүртгэлийн хэлтэс ... цалин хөлс, санхүү бүртгэлийн ажилтнуудын хөдөлмөр зохион байгуулалтыг хариуцна”, ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны зорилгыг “байгууллагын үйл ажиллагааг хэвийн жигд явуулах, нягтлан бодох бүртгэл, мөнгөн гүйлгээнд хяналт тавих”, 1.3-т “ажилтнуудын цалин хөлс, олговрыг бодуулж, шалган шилжүүлэх” гэж заажээ. Тэрээр тус байгууллагын санхүүг хариуцсан эрх бүхий албан тушаалтны хувьд “бусад ажилтан бичгээр зөвшөөрөл авснаар тооцоог боддог” гэсэн түүний өөрийн тайлбартай “амаар зөвшөөрөл авснаар нэмж тооцсон” гэх үйлдэл нийцэхгүй. Харин түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.5.2-т “хохирол учруулсан нь тогтоогдсон бол” ноцтой зөрчилд тооцон гэрээг цуцлахаар тухайлан заасан, нэхэмжлэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирол учирсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул энэ зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т тооцсон тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.
2.Нэхэмжлэгч 2020 оны 8 дугаар сард ээлжийн амралтын олговорт 1.760.703 төгрөг авсан, түүнчлэн тухайн сард цалин 2.192.973 төгрөг мөн авсан үйл баримтад зохигчид маргаагүй. /хх 54 /
Нэхэмжлэгч “Цахилгаан автобусны парк шинэчлэл” төсөл хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан ажлын шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “мөнгөн урамшуулал олгоно” гэж зааснаар уг мөнгийг авсан хэмээн тайлбарлав. Хариуцагч ээлжийн амралтыг зайлшгүй шаардлагаар ажилласан тохиолдолд нөхөж сүүлд нь биеэр эдлэхээр Хөдөлмөрийн дотоод журмаар заасан, амрах боломжтой байтал ажилласан нэрээр амраагүй давхардуулж цалин авсан гэж татгалзлаа тайлбарлав.
Хэрэгт баримтаар авагдсан 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цагийн бүртгэлээс үзвэл нэхэмжлэгч энэ хугацаанд ажилласан, ээлжийн амралтаа биеэр эдлээгүй болох нь тогтоогдож байна. /хх 172,174,176,178,180,182,184/ Түүнчлэн тус байгууллагад “Цахилгаан автобусны парк шинэчлэл” төсөл хэрэгжсэн болох нь тогтоогдож байх тул ээлжийн амралтаа биечлэн эдлэх боломжтой байтал эдлээгүй, ажлын зайлшгүй шаардлага гаргаагүй тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс бусад төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүд ээлжийн амралтаа эдэлсэн хэмээн хариуцагч тайлбарлах хэдий ч нэгэнт цагийн бүртгэлээр нэхэмжлэгч ээлжийн амралтаа биеэр эдлээгүй нь тогтоогдсон тул бусад ажилтан амарсан эсэх асуудал хэрэгт хамааралгүй болно. /хх 215-227 /
Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “ажилтанд ээлжийн амралтыг биеэр эдлүүлнэ. Ажлын шаардлагаар биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг гэрээ, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулж болно” гэж заасан. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 13-т “ажил олгогч ажилтанд хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол биеэр эдлээгүй ээлжийн амралтын оронд мөнгөн олговор олгож болохгүй” гэж заасан. Нэхэмжлэгч 2020 оны 8 дугаар сард тухайн сарынхаа цалинг болон тухайн жилийнхээ ээлжийн амралтын олговрыг зэрэг авсан, 2020 оны 6, 7, 9-12 дугаар сард цалин хөлсөө тухай бүрт авсан болох нь хэрэгт авагдсан цалингийн цэсний хуулгаар тогтоогдож байна. Түүнчлэн тус байгууллагын ажилтнуудын цалингийн цэсийг ерөнхий нягтлан бодогчийн хувиар бүгдийг хянаж баталгаажуулдаг хэмээн нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдаанд тайлбарлав. Иймд тэрээр уг зааврыг мөрдөөгүй болох нь тогтоогдож байна. Зүй нь тэрээр 2020 онд ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан “мөнгөн урамшууллын” асуудлаа захиргаанд тавьж шийдвэрлүүлэх байтал өөрт 2020 оны 8 дугаар сардаа цалин болон олговрыг хамт тооцож авсан, уг үйлдлээ хуульд зааснаар “мөнгөн урамшуулал” авсан хэмээн тайлбарлаж байгаа нь нягтлан бодох бүртгэлийг тухайн байгууллагад мөрдүүлэх үндсэн чиг үүргийг хүлээдэг ажилтны хувьд зүйд нийцэхгүй.
3.2020 оны 6 дугаар сард санхүү бүртгэлийн хэлтсийн ажиллагсдын 2019 оны жилийн эцсийн балансын шагналт цалинг 10 ажилтанд олгосноос нэхэмжлэгч мөн сард 1.100.000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сард санхүү бүртгэлийн хэлтсийн ажиллагсдын 2020 оны эхний хагас жилийн балансын шагналт цалинд 605.000 төгрөгийг тус тус авсан үйл баримтад талууд маргаагүй.
Харин тушаалаар “балансийн шагналт цалин”-г олгох байтал даргын тушаалгүйгээр олгож Хөдөлмөрийн дотоод журам, “Цалин хөлсний журам”-ыг зөрчсөн, аудит энэ асуудлаар зөвлөмж өгсөн гэж хариуцагч тайлбарлав. Нэхэмжлэгч эрх бүхий өмнөх дарга тушаалгүй олгохоор шийдвэрлэсэн явдалд буруугүй, түүнчлэн энэ асуудлаар аудит акт тавиагүй гэж тайлбарлаж байна.
Тус байгууллагад мөрдөгдөж буй Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.1-д “ажилтны үндсэн цалингийн сүлжээ, нэмэгдэл, нэмэгдэл хөлс,шагнал урамшуулал олгох асуудлыг ..... даргын тушаалаар тогтоож мөрдөнө.” Гэж, 9.1.4-т ажилтнуудыг шагнаж урамшуулах төрлүүдийг нэрлэн зааснаас улирлын ажлын үр дүнгээр болон онцгой чухал ажил гүйцэтгэсний төлөө мөнгөн урамшуулал олгохоор 9.1.4.2-т, түүнчлэн 9.1.6-д “ажилтнуудыг шагнаж урамшуулахдаа тушаал гаргахаар” тус тус заажээ. Мөн тус байгууллагын даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/09 тоот тушаалаар баталсан “Цалин хөлсний журам”-ын 3.2-т “ажилтны цалин үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл цалин, нэмэгдэл хөлс, хөнгөлөлт урамшууллаас бүрдэхээр”, улмаар нэмэгдэл, нэмэгдэл цалин, нэмэгдэл хөлсөд юу юу хамаарах талаар журмын 5, 6, 7 дугаар зүйлээр тус тус зохицуулжээ. Уг журмын дээрх зохицуулалтуудаас үзвэл нэмэгдэл цалинд сар бүр олгох нэмэгдэл хамаарахаар, “нэмэгдэл хөлс”-д илүү цагийн, ажил хавсран гүйцэтгэсэн, орлон гүйцэтгэсэн зэрэг хамаарахаар тус тус зохицуулжээ. Харин “нэмэгдэл”-д дөрвөн төрлийн буюу ажилласан жилийн, мэргэжлийн зэргийн, ажлын ачаалал, онцлогоос шалтгаалсан нэмэгдэл, байгууллагын даргын урамшуулалт нэмэгдлээс бүрдэхээр, тухайн “нэмэгдэл”, “нэмэгдэл хөлс” бүрийг олгохдоо даргын тушаалаар олгож байхаар журмын 5.3.3, 5.4.3, 5.6.1, 7.1, 7.3-д тус тус заажээ. Үүнээс гадна дээрх тушаалын 2 дугаар заалтаар нэхэмжлэгчид уг журмыг 2020 оны 01 дүгээр сараас эхлэн тус байгууллагад дагаж мөрдүүлэхийг даалгасан байна. /хх 30-49/
Хэрэгт авагдсан баримтаар тус байгууллага сар бүрийн цалин хөлсөд “шагналт цалин” гэж үндсэн цалингийн 40 хувиар тооцон олгосон нь журмын 6.1-д заасан нэмэгдэл цалин байна. Үүнээс гадна “балансийн шагналт цалин”-г үндсэн цалингийн 100 хувиар, 50 хувиар тооцож олгосон, ийнхүү олгохдоо даргын тушаалгүй жагсаалт баталснаар олгосон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно” гэж, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан “төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийнэрх үүрэг, ажилд томилох чөлөөлөх журам”-ын 5.1-д “Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг бүрэн хөтөлж, улирлын болон жилийн санхүүгийн тайлан, тэнцэл, төсвийн гүйцэтгэлийн мэдээг цаг хугацаанд нь чанартай, бүрэн гаргаж, өр авлагагүй ажилласан төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчийг Сангийн сайдын тушаалаар батлагдсан “Төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнах журам”-ын дагуу шагнаж урамшуулна” гэж заасныг баримтлан олгосон, түүнчлэн тушаал гаргах эрхтэй өмнөх дарга тушаал гаргаагүй явдалд нэхэмжлэгч буруугүй хэмээн тайлбарласан ч нэгэнт тус байгууллага цалин хөлсний бүрэлдэхүүнд юу юу хамаарахыг тусгайлан журамласан, уг журмаар “нэмэгдэл”, “нэмэгдэл хөлс”-г даргын тушаалаар олгохоор зохицуулсан, уг журмын хэрэгжилтийг хангалгүй, жагсаалтаар баталж олгосон явдал ерөнхий нягтлан бодогч болоод эрх бүхий этгээдийн хувьд зөрчил гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ. Харин энэ үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хамааруулсан тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, дээр дурдсанаар гэрээний урьдач нөхцөл бүрдээгүй буюу хохирлын талаарх баримтгүй болно.
Нэхэмжлэгч зөрчлийг эрх бүхий этгээдээс шалгаж тогтоосон баримтгүй хэмээн тайлбарласан ч 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлд энэ тухай тусгагдсанаас гадна дээрх гурван тохиолдолд үйл баримтын хувьд нэхэмжлэгч маргаагүй болно. Түүнчлэн нэхэмжлэгчийг ажиллах хугацаанд аудитын шалгалт хийгдсэнд нэхэмжлэгч өөрөө маргаагүй, балансийн шагналт цалингийн хувьд аудитаас зөвлөмж өгсөн болох нь тогтоогдсон.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн дээрх үйлдлүүдийг ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан гэж үзэж захиргаа нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг Б/48 тоот тушаалаар цуцалсан явдал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчөөгүй гэж үзэв. Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “З Т Г ” ОНӨААТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11.176.750 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэгч М.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ