Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2021/01701

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэгт байрлах, “П ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “М К ” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 5.069.240 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “П ” ХХК захиалагч “М К ” ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр №19/20 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Жуковын дэнж буюу Маахуур толгойд баригдаж буй “Поларис апартмент-1” 576 айлын орон сууцны хотхоны барилгын А, Б блокийн цонхонд усны хаялга нимгэн төмрөөр хийх ажлыг өөрийн бараа материалаар хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Гэрээний нийт үнийн дүн 11.950.400 төгрөг, үүнээс урьдчилгаа 5.051.200 төгрөг авч, ажлаа 100 хувь гүйцэтгээд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр талуудад акт үйлдэж, гэрээ дүгнээд үлдэгдэл төлбөр 5.069.240 төгрөг авахаар баримт үйлдсэн. Харин тус компани барилгаа ашиглалтад оруулж бүх ажлаа дуусгасан боловч манай компаниар гүйцэтгүүлсэн ажлын үлдэгдэл төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрч байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 5.069.240 төгрөгийг “М К ” ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн, доголдолтой гэж маргасан ч шинжээчийн дүгнэлтээр доголдолгүй гэдэг нь тогтоогдсон. Манай зүгээс ажлыг бүрэн хүлээлгэн өгсөн. Гүйцэтгэлийн хуудасны эх хувийг алга болгосон явдалд нэхэмжлэгч тал буруугүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

            Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Манай байгууллага 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр №19/20 дугаар “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г “П ” ХХК-тай байгуулсан. Тус гэрээгээр “П ” ХХК нь “Поларис апартмент 1” 576 айлын орон сууцны хотхоны барилгын А, Б блокийн цонхонд усны хаялга нимгэн төмрөөр хийх ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгөх, “М К ” ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, гэрээний төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Бид гэрээний нийт төлбөр 11.950.400 төгрөг байхаар тохиролцож, гэрээ байгуулж хүчин төгөлдөр болсон өдөр 5.051.200 төгрөгийг урьдчилгаа болгон олгосон. Манай байгууллага ажил гүйцэтгэгч нарын ажлыг гүйцэтгэлийн хуудсаар хүлээн авч, гэрээ дүгнэсэн протокол үйлдэн төлбөрийг олгодог журамтай бөгөөд энэ талаар гэрээний 2.5.2-т тусгасан болно. Гэвч тус компани гэрээний үүргээ биелүүлээгүй, ажил гүйцэтгэж хүлээлгэн өгөөгүй ба гэрээний харилцааг дүгнэн “гэрээ дүгнэсэн протокол” үйлдээгүй болно. Бид захиалагч компанийн хувьд гүйцэтгэгчийг гэрээний үүргээ биелүүлэхийг сануулж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Улмаар бид гэрээт ажлыг өөр гүйцэтгэгчээр буюу иргэн н.Мэндсайханаар гүйцэтгүүлсэн. Иймд П  ХХК-д төлбөр төлөх үндэслэлгүй байна. Мөн тус компанид олгосон мөнгийг бид тусад нь нэхэмжлэх болно. Иймд “М К ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “П ” ХХК-иас “М К ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5.069.240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэг талаас “М К ” ХХК, нөгөө талаас “П ” ХХК нар 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр харилцан тохиролцож, Гүйцэтгэгч нь захиалагчийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Жуковын дэнж буюу Маахуур толгойд баригдаж буй “Поларис апартмент-1” нэртэй 576 айлын орон сууцны хотхоны барилгын А, Б блок хэсэгт цонхны хаялга нимгэн төмрөөр хийх ажлыг өөрийн материал, зардлаар стандартын дагуу 20 хоногийн дотор хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр, Захиалагч ажлын хөлс 11.950.400 төгрөг төлөх, үүнээс гэрээ байгуулсан өдрөө урьдчилгаа 5.021.200 төгрөг төлөх, барьцаа 5 хувийг баталгаат хугацаанд дансанд байршуулах, үлдэх 6.301.680 төгрөгийг ажлыг бүрэн дуусгаж актаар хүлээн авснаар төлөхөөр тус тус тохиролцож 19/90 тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулжээ. /хх 7-9/

Зохигчид гэрээ байгуулсан, ажлын хөлс 5.051.200 төгрөг хүлээн авсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.  /хх 35/

            Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ажлыг дутуу гүйцэтгэснээс бусдаар гүйцэтгүүлсэн, зохих ёсоор ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, түүнчлэн доголдолтой гэж маргасан.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 353 дугаар зүйлийн 353.2-д зааснаар гүйцэтгэгч нь гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт нийцүүлэн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгснөөр ажлын үр дүнг доголдолгүй гэж үзэхээр, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээхээр тус тус заажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Х.Мэндсайхан “уг ажлыг “П ” ХХК-ийн компанийн ажилтны хувиар гүйцэтгэсэн, 664 цонхны төмрийг хийсэн” гэж, гэрч Г.Очироо “ажлыг тус компани дутуу орхиж явсан зүйлгүй, харин хийсэн ажил доголдолтой” гэж тус тус мэдүүлсэн тул нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгээгүй, бусдаар буюу иргэн Х.Мэндсайханаар гүйцэтгүүлсэн тухай хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй. /хх  63-70/

Түүнчлэн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, чанарыг тогтоолгох зорилгоор “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ийн хяналтын инженерийг шинжээчээр томилсон, улмаар шинжээч дүгнэлтдээ “тус хотхоны А, Б блокийн нийт 672 цонхонд хаялга төмрийг хийсэн, хаялга төмрийг гүйцэтгэсэн ажилд доголдол үүсээгүй”  болохыг тогтоожээ. Уг шинжээчийн дүгнэлтэд зохигчид маргаагүй. /хх 93-94/

Зохигчдын шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбар, гэрч Х.Мэндсайхан, Г.Очироо нарын мэдүүлгээс үзвэл талуудын хооронд нэхэмжлэлийн шаардлага болсон дээрх 19/90 тоот гэрээнээс гадна цонхны ажилтай холбоотой тусдаа өөр гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтэд “бүх цонхонд агааржуулалт, конденсацлагдсан усыг гаргах нүхийг гаргаж өгөөгүй” тухай дурдсан ч энэ нэхэмжлэлийн шаардлага болсон 19/90 тоот гэрээгээр зөвхөн “цонхны хаялга төмөр хийх” ажлыг гүйцэтгэхээр талууд тохиролцсон, шинжээч энэ ажлын хувьд доголдолгүй хэмээн дүгнэсэн тул хийсэн ажил доголдолтой тухай хариуцагчийн татгалзал мөн үндэслэлгүй.

            Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөр захиалагч хөлс төлөхөөр зохицуулсан ч нөгөө талаас захиалагч ажлын үр дүнг хүлээн авах үүргийг мөн хүлээнэ. Хариуцагч ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгөөгүй гэж тайлбарлах боловч “Поларис апартмент” хотхоны А, Б блок буюу 384 айлын барилгыг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр улсын комисс байнгын ашиглалтад оруулж хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ээр тогтоогдож байх тул энэ талаарх тайлбар үндэслэлгүй. / хх 71-82/ Өөрөөр хэлбэл тус барилгыг улсын комисс хүлээн авснаар барилга хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжсэн тул ажлын үр дүнг хүлээж авсан гэж үзнэ. Үүнээс гадна хэргийн 11 дэх талд хуулбар хувиар авагдсан ажлын гүйцэтгэлийн хуудсын хуулбарыг нэхэмжлэгч өөрт эх хувийг өгөөгүй гэж, харин хариуцагч уг баримт тус байгууллагад байхгүй гэж тус тус тайлбарлан хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр ирүүлээгүй ч гэрч Х.Мэндсайхан, Г.Очироо нар уг хуулбар дах гарын үсэг өөрийнх мөн хэмээн шүүхэд мэдүүлснийг тус тус дурдах нь зүйтэй.

            Иймд гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, доголдолтой, стандартад нийцээгүй, ажлыг бүрэн гүйцэтгээгүйгээс бусдаар гүйцэтгүүлсэн гэж үзэх нөхцөл баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсний үлдэгдлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар “М К ” ХХК-аас 5.069.240 /таван сая жаран есөн мянга хоёр зуун дөчин/ төгрөг гаргуулж, “П ” ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96.058 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 96.058 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ