Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2021/00599

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 03 дугаар баг Цагаан түнгэд оршин суудаг, Х.Меийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 7 дугаар багт оршин суудаг, Б.Е-д  холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б (Улаанбаатар хотоос цахимаар), хариуцагч Б.Е, гэрч Х.А, гэрч К.Т, орчуулагч А.Ахмерей, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлсэн мөнгөнөөс үлдсэн 8000000 (найман сая) төгрөгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Х.М-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Х.М Цэнгэл сумын Засаг даргаар ажиллаж байхад 2018 оны эхээр Улаанхус сумын иргэн Б.Е нь тус сумын Загаст багийн сургуулийн барилгын ажлын засварын тендер авсан ба тус ажлыг хугацаанд хиймээр байна ажил гүйцэтгэлийн санхүүжилт ирэхэд эргэж танай сумын төрийн сангаар дамжих буюу та миний гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг баталж зөвшөөрөл өгснөөр өөрөөр хэлбэл таны гараас тус санхүүжилтийн мөнгийг авах болохоор тэр үед танд буцааж өгье, та надад санхүүжилтийн мөнгөнөөс хасалт хийж авах бүрэн боломжтой, эргүүлж төлөх найдвартай арга зам байна гэж, итгүүлж танд мөнгө байвал зээлээр авмаар байна гэж гуйхад түүнтэй ажил төрлийн харилцаатай байдгийг бодож найз танил болохын хувьд мөн тендерийн ажлыг хурдан хийж гүйцэтгүүлэх шаардлагын үүднээс түүнд итгэж ямар нэгэн баримт бичиг авч өгөлцөхгүйгээр Х.М 12,0 сая төгрөг, дараа нь шилжүүлгээр 2,0 сая төгрөг бүгд 14,0 сая төгрөгийг  Б.Е-д өгч тусалсан байна. Х.М Б.Е мөнгө өгч тусалсны дараа удалгүй гэнэт эрүүл мэнд муудаж Засаг даргын ажлаас чөлөөлөгдсөн ба Солонгос, Улаанбаатар хотод очиж эмчлүүлсэн байна. Б.Е итгэл эвдэж зээлж авсан мөнгийг бүрэн хэмжээнд өдгөө хүртэл буцааж өгөхгүй бүтэн 2 жил чирэгдүүлж, Х.М-ийн  өвчин зовлонтой байдлыг далимдуулж хохироосон гэж гомдоллож байна. Б.Е Х.М-ээс зээлж авсан 14,0 сая төгрөгөөс 1,0 сая төгрөг, 3,0 сая төгрөг бүгд 4,0 сая төгрөгийг шилжүүлгээр эргэн төлсөн ба мөн 2,0 сая төгрөгийг 2018 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод 13 дугаар хороололд Х.М-ийн хүү М.Бекежанд бэлнээр өгч, үлдсэн 8,0 сая төгрөгийг 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өгөхөөр амласан байна. Ингээд бүгд 14,0 сая төгрөгөөс 6,0 сая төгрөг төлөгдсөн, үлдсэн 8,0 сая төгрөгийг Б.Е-аас гаргуулан Х.М-т олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Е шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.М нь 202 1оны 01 дүгээр сард гаргасан нэхэмжлэлдээ 10,0 сая төгрөг байсан гээд, одоо 4 сарын дараа 14,0 сая төгрөг гэж нэхэмжилснийг юу гэж ойлгох уу. Миний бие Х.М-ээс зээлээр мөнгө авсан асуудал огт байхгүй. 2018 онд миний эхнэр Б.Армангүлийн барилгын компани нь Цэнгэл сумын Загаст нуур багийн сургуулийн 50 хүүхдийн дотуур байрны барилгын ажлын тендерт шалгарч барьж ашиглалтад оруулж байсан. Харин Х.М тухайн үед Цэнгэл сумаас Засаг даргаар ажиллаж байсан ба надад “тендерийн ажлыг авахад УИХ-ын гишүүдэд хэлж туслах болно, чи наад барилгын тендерээс 10000000 төгрөг өгөөрэй” гэж надаас шууд албан тушаалынхаа байдлыг урвуулан ашиглах зорилгоор шууд хахууль нэхсэн байдаг. Би уг нь ийм юм хэлэх хэрэггүй байсан өвчин зовлонтой хүний нэр хүндэд муугаар нөлөөлж яах юм вэ гэж бодсон. Гэтэл надаас зохиомол хэрэг үүсгэж шүүхэд гомдол гаргаж байгааг харамсаж өөрийгөө хамгаалахаас өөр аргагүй байдалд хүрч үнэнийг хэлэхээс өөр аргагүй болсон. Барилгын тендерийг миний эхнэрийн компани “ЦД” ХХК өөрсдөө хууль журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн авч, ажлаа хийсний дараа Х.М-ийн хүү Бекежан нь надаас та аавдаа тендерийн ажил дуусахаар нь ашгаас 10 сая төгрөг өгнө гэж хэлсэн байна гэж удаа дараа мөнгө өгөхийг шаардаж заримдаа шөнийн цагаар утасдаж, найзуудтай явж байна чи гадаа гараад ир чадах юм бол хүрээд ир гэж айлган сүрдүүлж байсан. Би 10 сая төгрөг өгөхгүй тийм боломжгүй аав чинь хүнд өвчилсөн байна боломж гарвал мөнгөөр тусалъя гэж хэлж байсан. Тэгээд би эхнэртэйгээ хамт ажлаар хотод очиж найз Б.Кенжеханы гэрт зочилж байх үедээ Мейрамбекийн хүү Бекежан нэг таньдаггүй залуутай хамт орж ирсэн, шөнийн 11 цаг өнгөрч байсан тантай гадаа гараад уулзъя гэсэн тэгээд бид гурав коридорт гараад уулзсан. Миний карманд эхнэр бид хоёр гэртээ тавилга эд хогшил авъя гэсэн хэдэн төгрөг байсан үүнээс 2,0 сая төгрөгийг гаргаж өгсөн. Урьд нь би сайн дурын үндсэн дээр таньдаг хүн болохоор өвчин зовлон тусаж байгаа үед тусалъя гэж хэлсэн байсан болохоор түүний эцгийн эмчилгээнд тус дэм болох гэж бодоод өрөвч сэтгэлээр хандаад би түүнд 2,0 сая төгрөг өгөөд урьд нь зангаараа 8,0 сая төгрөг асуусан урьд дараа ингэнэ тэгнэ гээд айлган сүрдүүлж байсан хүн учраас хурдан салах үүднээс дараа болио 3 дугаар сар гараад мөнгө орж ирнэ гэж хэлээд салсан юм. Гэтэл одоо надад мөнгө зээлсэн болгоод нууцаар бичлэг хийж зохиомол хэрэг үүсгэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг нь ойлгохгүй байна. Надад Мейрамбекийн эхнэр Д.А-д шилжүүлсэн хоёр удаагийн шилжүүлгийн 4 сая төгрөг бол энэ тендерт огт хамаагүй би ажил гараад хотод байхдаа хэдэн төгрөгийн мөнгөний хэрэг гараад Мейрамбекийн эхнэр А-ийн дансаар миний данс руу шилжүүлж буцаад Д.А-ийн дансанд шилжүүлж өгсөн. Энэ мөнгө бол дансны хуулгаар нотлогдож байна. Шүүхэд гаргасан хоёр өөр мөнгө нэхэж гомдол гаргаж байгаа нь 14 сая, 10 сая төгрөгийг зээлж аваагүйг нотолж байна. Миний мөнгө зээлж авсан талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй, би зээл аваагүй. Иймд Х.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.                  

Нэхэмжлэгч Х.М-ийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: ...Нэхэмжлэгч бол Х.М нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд 2018 оны эхээр Улаанхус сумын 7 дугаар багт оршин суух Б.Е нь тус сумын Загаст нуур багийн сургуулийг шинээр баригдах тендер авсан байдаг. Тухайн үед Б.Е нь Х.М-ээс би тус сургуулийн барилгын ажлыг хиймээр байна. Ажил гүйцэтгэлийн санхүүжилт ирэхэд эргэж танай сумын төрийн сангаар дамжих буюу та миний ажлын гүйцэтгэлийг баталж, зөвшөөрөл өгснөөр буюу өөрөөр хэлбэл таны гараас тус санхүүжилтийн мөнгийг авах болохоор тэр үед танд буцааж өгье. Та тухайн санхүүжүүлэх мөнгөнөөс хасалт хийж авах бүрэн боломжтой. Эргүүлж төлөх найдвартай арга зам байна гэж хэлсэн гэнэ. Ингэж нэхэмжлэгч Х.Мийг итгүүлж, танд мөнгө байвал зээлнэ үү хэмээн хэлжээ. Тухайн үед Х.М нь түүнтэй ажил төрлийн харилцаатай байдлыг бодож, найз танил болохын хувьд. Мөн тендерийн ажлыг хурдан гүйцэтгэх шаардлагын үүднээс түүнд итгэж, ямар нэгэн баримт бичиг өгч, авалцалгүйгээр Х.М нь Б.Е-д 12 сая төгрөг өгсөн байдаг. Дараа нь шилжүүлгээр 2 сая төгрөгийг шилжүүлж, нийтдээ 14 сая төгрөгийг Б.Е-д өгч тусалсан. Х.М Б.Е-д мөнгө өгч тусалсны дараа удалгүй гэнэт эрүүл мэнд нь муудаж сумын Засаг даргын ажлаас чөлөөлөгдсөн ба Солонгос улс, Улаанбаатар хотод очиж эмчлүүлсэн байна. Хариуцагч Б.Е миний итгэлийг эвдэж зээлж авсан мөнгийг өдгөө хүртэл өгөхгүй бүтэн 2 жилийн хугацаанд ширэгдүүлж, өвчин зовлонтой байдлыг далимдуулж, хохироосон хэмээн нэхэмжлэгч Х.М нь гомдож байна. Хариуцагч Б.Е нэхэмжлэгч Х.М-ээс зээлж авсан 14 сая төгрөгийн 1 сая төгрөгийг нэг удаа, 3 сая төгрөгийг нэг удаа бүгд 4 сая төгрөгийг шилжүүлгээр эргүүлж төлсөн байдаг. Мөн 2 сая төгрөгийг 2018 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд нэхэмжлэгч Х.М-ийн хүү М.Бекежанд бэлнээр өгч үлдсэн 8 сая төгрөгийг 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өгөхөөр амласан байдаг. Иймд нэхэмжлэгч Х.М-ээс хариуцагч Б.Е-ы зээлж авсан 14 сая төгрөгөөс үлдсэн үлдэгдэл 8 сая төгрөгийг хариуцагч Б.Е-аас гаргуулан нэхэмжлэгч Х.М-т олгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Е  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Би Х.М-ээс нэг ч төгрөгийн зээл аваагүй. Хүн хүнд мөнгө зээлүүлэхэд баримт бичүүлээд авдаг. Ямар ч нотлох баримтгүй хүнд мөнгө өгнө гэсэн ойлголт байхгүй. Нууцаар нэг бичлэг хийж аваад, тэр нь хуульд заасан үндэслэл, журамд нийцэж байгаа эсэхийг мэдэхгүй өнөөдөр намайг шүүхэд өгч байгаад гомдолтой байна. Би нэхэмжлэгч Х.М-ээс 4 сая төгрөг авсан. Энэ 4 сая төгрөг ямар учиртай гэвэл Сыргалы дээр жуулчны бааз байгуулъя, тусгай зөвшөөрөл нь Сангийн яамнаас гарж, Сангийн сайдаас газар эзэмших гэрчилгээ гэж гарах юм байна гэсэн. Би бүх материалаа хөөцөөлдөөд Х.М дарга дэмжээд бид хоёр тохироод явж байсан. Тэгээд би Улаанбаатар хотод явж байхад Х.М даргад холбогдож та надад 4 сая төгрөг өгч байгаарай, хэрвээ ажил дуусвал ажлын мөнгө болно. Харин ажил дуусахгүй бол би танд буцаагаад өгчихнө гээд 4 сая төгрөг авсан. Тэр 4 сая төгрөгийг 3 сая төгрөгөөр нэг удаа, 1 сая төгрөгөөр нэг удаа шилжүүлээд өгсөн байгаа. Харин миний эхнэрийн нэр дээр байгаа барилгын тусгай зөвшөөрөлтэй “ЦД” гэх компани Цэнгэл сумын Загаст нуурт багт 143 сая төгрөгийн дотуур байрны засварын ажлын тендерийг авахад нэхэмжлэгч Х.М чи над тендерээс 10 сая төгрөгийг өгнө шүү гэсэн. Энэ 10 сая төгрөгийн учир нь эндээс гарсан. Анх 01 дүгээр сард шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 10 сая төгрөг гаргуулах тухай гэж, 5 дугаар сард шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 14 сая төгрөг болгож өссөн нь ямар учиртай бэ гэдгийг ойлгохгүй байна. Энэ тендер нь улсын төсвөөр санхүүжих барилга байгууламжийн санхүүжилтийг тухай яамны нэхэмжлэлээр Сангийн яам шилжүүлж өгдөг тул миний болон нэхэмжлэгчийн оролцоо байхгүй болно. Миний бие нэхэмжлэгч Х.М дарга хүнд өвчилсөн учраас өмнө ажил шугамын харилцаатай байсан болохоор хүү нь мөнгө гуйж ирэхэд 2 сая төгрөг өгсөн. Надад өөр Х.М-ээс мөнгө төгрөгийн асуудал байхгүй ба мөнгө  зээлдэж авч байгаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.М урд Б.Е-д холбогдуулан зээлж авсан мөнгөнөөс үлдсэн 8000000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШЗ2021/00513 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгосон ба нэхэмжлэгчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гаргасан энэхүү нэхэмжлэл нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар 65.1-д заасныг зөрчөөгүй тул түүний нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Нэхэмжлэгч Х.М нь 2018 оны эхээр тус сумын Загаст багийн сургуулийн барилгын ажлын засварын тендерийг авсан (хариуцагч) Б.Е ажлыг хугацаанд хийхэд мөнгөний шаардлага гарлаа ажил гүйцэтгэлийн санхүүжилт ирэхэд эргэж төлнө гэж мөнгө зээлэхийг хүссэн гуйлтаар хариуцагч Б.Е-д 12000000 (арван хоёр сая) төгрөг, дараа нь шилжүүлгээр 2000000 (хоёр сая) төгрөг бүгд 14000000 (арван дөрвөн) төгрөгийг зээлээр өгсөн, үүнээс 6000000 (зургаан сая) төгрөгийг төлсөн одоо үлдсэн 8000000 (найман сая) төгрөгийг хариуцагч Б.Е-аас гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон байна.

 Хариуцагч Б.Е нь нэхэмжлэгч Х.М-ээс зээлээр мөнгө авсан асуудал огт байхгүй миний эхнэрийн “ЦД” ХХК нь Цэнгэл сумын Загаст нуур багийн сургуулийн 50 хүүхдийн дотуур байрны барилгын ажлын тендерт шалгарч барьж ашиглалтад оруулж байсан. Тухайн үед нэхэмжлэгч Х.М Цэнгэл сумаас Засаг даргаар ажиллаж байсан ба надад “...чи наад барилгын тендерээс 10000000 төгрөг өгөөрэй” гэж хахууль нэхэж байсан, харин миний бие хотод байхдаа мөнгөний хэрэг гараад нэхэмжлэгч Х.М-ээс хоёр удаагийн шилжүүлгээр авсан нийт 4000000 (дөрвөн сая) төгрөг бол энэ тендерт огт хамаагүй ба энэ 4000000 (дөрвөн сая) төгрөгийг Х.М-ийн эхнэр Д.А-ийн дансанд шилжүүлж буцаан төлж өгсөн. Мөн Улаанбаатар хотод байхдаа түүний хүү М.Бекежан мөнгө гуйж ирэхэд Х.М хүнд өвчтэй болсон тул эмчилгээнд зориулаарай гээд сайн дурын үндсэн дээр 2000000 (хоёр сая) төгрөг өгч байсан. Нэхэмжлэгчээс нэг ч төгрөг зээлээр болон бусад хэлбэрээр аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж маргажээ.

Харин нэхэмжлэгч Х.М нь хариуцагч Б.Е-д 2018 оны эхээр 12000000 (арван хоёр сая) төгрөг, дараа нь шилжүүлгээр 2000000 (хоёр сая) төгрөг бүгд 14000000 (арван дөрвөн сая) төгрөгийг зээлээр өгсөн гэх боловч 12000000 (арван хоёр сая) төгрөгийг ямар байдлаар өгсөн эх сурвалжаа зааж өгч чадаагүй ба энэ нь хөдлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.М 12000000 (арван хоёр сая) төгрөгийн зээлийг ямар хэлбэр өгсөн тухай мөнгөний баримт, дансны хуулга зэрэг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч чадаагүй болно.

Харин хавтаст хэрэгт авагдсан Даржаагийн А (нэхэмжлэгч Х.М-ийн эхнэр)-ийн 5192134958 тоот ХААН банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-аар 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2000000 (хоёр сая) төгрөгийг хариуцагч Б.Е-ы 5753436114 тоот дансанд “А-ээс” гэж шилжүүлсэн нь нотлогдож байна.

Мөн хариуцагч Б.Е нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 3000000 төгрөгийг, мөн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1000000 төгрөгийг “е-аас” гэж тус тус Д.А-ийн 5192134958 тоот данс руу шилжүүлсэн болох нь нотлогдож байна.

Хариуцагч Б.Е нь 2 удаагийн шилжүүлгээр нийтдээ 4000000 (дөрвөн сая) төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ба энэхүү мөнгийг буцаан төлсөн гэдэг нь  Даржаагийн А (нэхэмжлэгч Х.М-ийн эхнэр)-ийн 5192134958 тоот ХААН банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-аар нотлогдож байна.

Мөн хариуцагч Б.Е нь нэхэмжлэгч Х.М-ийн хүү М.Бекежанд бэлэн 2000000 (хоёр сая) төгрөг өгсөн болох нь хариуцагчийн тайлбар, гэрч К.Тий мэдүүлэг болон түүний утсаар буулгасан гэх CD бичлэгээр тус тус нотлогдож байна.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.А “...миний нөхөр Х.М 2018 оны 11 дүгээр сард 2000000 (хоёр сая) төгрөгийг Б.Е-д шилжүүлээрэй гэснээр...2 сая төгрөгийг шилжүүлсэн...., мөн нөхөр Х..Мейрамбекийн эрүүл мэнд нь муудаж, хэвтэрт орсны дараа Б.Е-д залгаж чи Х.М-ээс авсан мөнгөө өгөөрэй гэж хэлэхэд Б.Е 3 сая төгрөг, дараа нь 1 сая төгрөг тус тус шилжүүлсэн...Улаанбаатар хотод хүү М.Бекежан Б.Е-аас мөнгө нэхэж очиход 2 сая төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудтай тохирч байна.

Мөн гэрч Д.А нь “...2018 онд Б.Е-д Загаст нуурын тендерийн авсан гээд түүний санхүүжүүлэх мөнгө зээлээч гэснээр мөнгө зээлсэн тухай ярьж байсан. Түүнээс хэдэн сая төгрөг өгсөн тухай би сайн мэдэхгүй байна. 2018 оны 11 дүгээр сард 2 сая төгрөг шилжүүлээрэй гэхэд би ямар нэгэн баримтгүй яаж мөнгө шилжүүлэх бэ гэхэд, Х.М би өгөх мөнгө өгсөн, одоо нэмээд 2 сая төгрөг  шилжүүлбэл нийт 14 сая төгрөгийг авна гэж байсан. Одоо нөхөр маань хүнд өвчтэй ярьж чадахгүй..” гэж мэдүүлсэн боловч нэхэмжлэгч Х.М нь 12000000 төгрөгийг Б.Е-д зээлсэн гэдэг нь бусад хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч талаас “...хариуцагч Б.Е нь 2 сая төгрөгийг 2018 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд нэхэмжлэгч Х.М-ийн хүү М.Бекежанд бэлнээр өгч үлдсэн 8 сая төгрөгийг 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өгөхөөр амласан ба энэ нь хэрэгт авагдсан CD бичлэгээр нотлогддог...” гэснийг хариуцагч Б.Е нь “...Х.Бекежан нар надад мэдэгдэхгүй хууль бусаар миний эрхэнд халдаж, шөнийн 11 цаг өнгөрч байхдаа бичлэг хийсэн ба энэ нь хуульд нийцээгүй гэж маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар дүрс, дууны бичлэг нь нотолгооны хэрэгсэл болохоор хуульчлагдсан ба энэхүү CD бичлэгт хариуцагч Б.Е 3 дугаар сарын 20-иор чухам хэдэн төгрөг өгөх тухай тодорхой хэлээгүй байна.

Хариуцагч Б.Е-ы шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн “Сыргалы” жуулчны бааз байгуулах ажлын төлөвлөгөө, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, “ЦД” ХХК-ийн хороонд байгуулагдсан “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур багт баригдах, дотуур байрны барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”, “Барилгын угсралтын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө”, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Цэнгэл сумын Загаст нуур багт баригдсан дотуур байрны барилыг ашиглалтад хүлээн авах комисс байгуулах тухай” А/995 тоот захирамж, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 02/2018 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур багийн сургуулийн дотуур байрны барилгын ажлын магадалшгүй ажлын акт зэрэг баримтууд нь нэхэмжлэгчийн зээлсэн мөнгөнөөс үлдсэн 8000000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн үйл баримтад хамааралгүй байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Б.Е нь 6000000 (зургаан сая) төгрөг нэхэмжлэгчид өгсөн нь нотлогдож байгаа ба нэхэмжлэгч Х.М хариуцагч Б.Е-д  хэдэн төгрөг зээлсэн нь хууль ёсны нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-ийг баримтлан хариуцагч Б.Е-аас зээлсэн мөнгөнөөс үлдсэн 8000000 (найман сая) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Х.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 (нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.МАНГИЛИК