Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2021/00611

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, 106”в”-15 тоотод оршин суух хаягтай, БНХАУ-ын иргэн Х.Х-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар баг, 29-06 тоотод оршин суух хаягтай, БНХАУ-ын иргэн Т.М-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Х-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, хариуцагч Т.М-д орчуулагч А.Ахмерей, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Үхрийн мах худалдан авахаар өгсөн мөнгөнөөс үлдсэн 21170000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Х.Х-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Х.Х нь Монгол Улсаас мах худалдаж авах зорилгоор 2018 онд тус аймагт ирж, улмаар Өлгий сумын 8 дугаар багт оршин суух хаягтай БНХАУ-ын иргэн Турсынтай овогтой Махсаттай танилцаж түүнээс үхрийн мах худалдаж авахаар харилцан тохиролцож махны урьдчилгаа төлбөр болгож 35170000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн байдаг. Гэтэл хариуцагч Т.М нь Х.Х-гоос мөнгө авчхаад хэлэлцсэн тохиролцсон махыг нийлүүлж чадаагүй байна. Тийм учраас нэхэмжлэгч Х.Х нь хариуцагч Т.М-аас мөнгөө буцааж авахаар нэхэмжилж байна. Хариуцагч Х.Махсат нь нэхэмжлэгч Х.Х-д 14000000 төгрөгийг буцаан өгч үлдэгдэл 21170000 төгрөгийг “маргааш өгнө, нөгөөдөр өгнө, дараагийн долоо хоногт өгнө, сарын эцсээр өгнө” гэх мэтчилэн худал хэлж чирэгдүүлж үлдэгдэл мөнгийг нь өгөхгүй хохироож байна. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү асуудлыг эвээр шийдвэрлүүлэхийн тулд тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж өргөдөл гаргасан боловч хариуцагч Т.М нь өргөдлийн хувийг гардаж авсан мөртлөө хуулийн хугацаанд тайлбар өгөлгүйгээр БНКазахстан улс руу зугтаагаад явсан. Ингэснээр эвлэрүүлэн зуучлалын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаар “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай тэмдэглэл”-ээр эвлэрүүлэн зуучлал явуулахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Хариуцагч Т.М нь өнгөрсөн 2020 оны сүүлээр тусгай үүргийн онгоцоор Монгол Улсад  буцаж ирсэн тул түүнээс 21170000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Х-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Нэхэмжлэгч Бүгд найрамдах Хятад ардын улсын иргэн Х.Х мах худалдан авах зорилготой тус аймагт ирсэн. Уламаар Өлгий сумын 8 дугаар багт оршин суух Бүгд найрамдах Хятад ардын улсын иргэн Т.Мтай танилцаж тохиролцсон. Түүнтэй хамт үхрийн мах худалдаж авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа болохоор 35170000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн байдаг байна. Гэтэл хариуцагч Т.М нь Х.Х-гаас мах авчихад хэлэлцсэн тохиролцсоноор махыг нийлүүлж чадаагүй. Тийм учраас нэхэмжлэгч Х.Х хариуцагч Т.М-аас мөнгө буцааж авахаар нэхэмжилдэг байна. Ингээд явсаар байгаад Т.М нь нэхэмжлэгчид 14000000 төгрөгийг буцааж өгч үлдэгдэл 21 сая төгрөгийг 21170000 төгрөгийг маргааш, нөгөө өдөр өгнө, сарын дараагаар өгнө гэх мэтчилэн худал хэлж ширэгдүүлж үлдэгдэл мөнгийг өгөхгүй хохироож байна. Ингэснээр нэхэмжлэгч Х.Х 2019 оны 11 дүгээр сард анх тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Улмаар хариуцагч тал маань тус өргөдлийн нэг хувийг гардаж авсан боловч хуулийн хугацаанд хариу тайлбарыг өгөлгүйгээр Казахстан улсад зугтаад явсан. Ингээд явсаар байгаад эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаар эвлэрүүлэн зуучлал явуулах тухай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлал явуулахаас татгалзах тухай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзан шийдвэрлэсэн байна. Тэгэхээр хариуцагч Т.М нь нэхэмжилж байгаа 21170000 төгрөгийг авсан хүлээн зөвшөөрөөд, үүнийг буцааж төлнө хэмээн гарын баримтаа үйлдээд, гарын хээ, хурууны хээгээ дарж өгсөн байдаг. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хариуцагч хариуцагч Т.Мад нэхэмжлэлийн нэг хувийг гардаж авснаас хойш хуульд заасан хугацаанд хариу тайлбар хүргүүлээгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д зааснаар хариуцагч Т.М нэхэмжлэлийн хувийг хүлээж аваад хариу тайлбар өгөөгүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрснөөр тооцож шийдвэрлэж өгөх хууль зүйн үндэслэл мөн байна гэв.

Хариуцагч Т.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С-ы гаргасан нэхэмжлэлийг 3 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Нэгдүгээрт, би нэхэмжлэгчтэй үхрийн мах нийлүүлэхээр уулзаж ярилцсан нь үнэн. Хоёрдугаарт, нэхэмжлэгч Х.Х Хятад улсад буцааж яваад Хятадын банкаар дамжуулан Монголд байгаа миний дансанд мөнгө шилжүүлсэн нь үнэн. Тэр үед 100 хэдэн мянган юань шилжүүлж байсан. Төгрөгөөр бол 35 сая гаруй төгрөг байсан. 2018 оны 9 дүгээр сард анх шилжүүлсэн. Бид тохиролцоход би малын махыг олно, Х.Х олсон орлогын 5-аас 10 хувийг, мөн орчуулга хийсэн хөлсийг  надад өгөхөөр тохиролцсон. Тэгээд уг тохиролцооны дагуу Х.Х мөнгө шилжүүлсэн нь үнэн. Миний бие Х.Х-д би ийм төгрөг хүлээлгэж өгнө гэж бичиг хийж өгсөн нь үнэн. Үхрийг мах цуглуулж Азат ХХК-ний хөлдөөгчид хадгалсан. Тэр махыг Х.Х Улаанбаатар хотод очиж махыг борлуулсны дараа тохирсон ёсоор надад ногдол хувь болон цалин хөлс олгоогүй. Тохиролцооны дагуу мөнгө төгрөг аваагүй тул үлдсэн мөнгийг бид хоёр харилцан тооцоо хийж байж өгнө.  Мөн гуравдугаарт, А.С өмгөөлөгчид итгэмжлэл өгч, тэр хүн өнөөдөр шүүхэд Х.Х-г төлөөлж байхыг би эсэргүүцэж байна. Тухай үед Х.Х бид хоёрын дунд ямар гэрээ байгуулагдсан болон юу болсон талаар мэдэхгүй. Тэр үед нэхэмжлэгч бид хоёр л байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч Х.Х-тай биечлэн уулзаж байж бидний маргаан шийдэгдэх  ёстой гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-д зааснаар нэхэмжлэлийн нэг хувийг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Т.Мад гардуулсан ба хариуцагч Т.М нь 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Х.Х-гийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт гэж гаргаж өгсөн 2018 оны 6 дугаар сарын 14-ны өдөр хариуцагч Т.М-ын хятад хэлээр бичсэн гарын баримтад: Өнөөдөр БНХАУ-ын иргэн Х.Х-гаас Эрээн хот дахь банкны салбараас шилжүүлсэн мөнгийг хүлээн авлаа. (Нийт шилжүүлсэн мөнгөн дүн 35170000 төгрөг). Үүнээс үхрийн махны үнэ болох 14000000 (арван дөрвөн сая) төгрөгийг өгсөн ба үлдэгдэл 21170000 (хорин нэгэн сая нэг зуун далан мянган) төгрөг үлдэв гэсэн байна.

Энэхүү гарын баримтыг бичиж өгсөн гэдгээ хариуцагч Т.М хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Иймд нэхэмжлэгч Х.Х үхрийн мах худалдаж авахаар 351700000 төгрөгийг хариуцагч Т.Мад шилжүүлснээр тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Гэтэл хариуцагч Т.М нь мөнгийг хүлээн авсан боловч үхрийн мах нийлүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ба нэхэмжлэгч Х.Х худалдан авах гэрээнээс татгалзаж шилжүүлсэн мөнгөнөөс үлдсэн 21170000 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 249 дугаар зүйлийн 249.1-д нийцэж байна.

Хариуцагч Т.М нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд холбогдуулан шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй, нотлох баримт бүрдүүлж өгөөгүй ба шүүх хуралдаанд биечлэн оролцож гаргасан тайлбартаа “нэхэмжлэгч Х.Х мах нийлүүлж борлуулсан орлогоос 5-10 хувийн ашиг болон орчуулга хийсэн хөлс”-ийг надад олгохоор харилцан тохиролцсон гэх боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж чадаагүй, энэхүү хэлэлцэн тохиролцсон нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн гэж дүгнэх боломжгүй болно.

Иймд хариуцагч Т.М-ын бичиж өгсөн гарын баримтыг үндэслэн хариуцагч Т.М-аас үхрийн мах худалдан авахаар өгсөн мөнгөнөөс үлдсэн 21170000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Х-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263800 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.М-аас 263800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Т.М-аас үхрийн мах худалдан авахаар өгсөн мөнгөнөөс үлдсэн 21170000 (хорин нэгэн мянга нэг зуун далан мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Х-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч Х.Х-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263800 (хоёр зуун жаран гурван мянга найман зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.М-аас 263800 (хоёр зуун жаран гурван мянга найман зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Х-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК