Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 00104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Б.Бадмаа нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн Баатарын Бадмаад холбогдох эрүүгийн 201722000202 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ар тогоруутан овогт Баатарын Бадмаа, 1977 оны 06 дугаар сарын 30-нд Хєвсгєл аймгийн Мөрөн суманд төрсєн, 40 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, хүнсний эрүүл ахуйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгїй, ам бїл 4, нөхөр, 2 хїїхдийн хамт Хєвсгєл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 14-07 тоотод оршин суух, гавъяа шагналгїй, ял шийтгэлгүй, бие эрїїл, ухаан бїрэн, хэрэг хариуцах чадвартай, /Регистрийн дугаартай РЭ77063069/,

 Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/

Шүүгдэгч Б.Бадмаа нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Д.Ганцэцэгтэй маргалдсаны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Бадмаа нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Д.Ганцэцэгтэй маргалдсаны улмаас зодож бие махбодид нь баруун шуу, зүүн бугалга, гуянд цус хуралт, баруун шуунд шарх бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь: 

Шүүгдэгч Б.Бадмаагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ... Ганаа манай нөхөртэй хэрэлдээд урд суудал дээр суучихсан манай нөхрийг цохиод байсан. Тэгэхээр нь би уур хүрээд барьцалдаж аваад зодолдсон гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

Хохирогч Д.Ганцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 11-ний орой 21 цаг өнгөрч байхад гаднаас манай найз Баярмаагийн эгч Бадмаа гэгч эмэгтэй манай гэрт дайрч орж ирээд Баярмаа хаана байна чи гэр орондоо амарч байхад миний дүү алга болчихоод байна гээд орилж хашгираад байхаар нь би хүүхэд айлгаад байна. Гаръя гээд гарсан юм. Гараад хашаан дотор ярилцах гэхэд чи гэрт нь очиж үз тэнд айл гэр салах гээд байна гээд нуруу руу түлхэхээр нь машинд нь суугаад дүү Баярмаагийн гэрийн гадаа очиход урд машиныг нь барьж явсан нэг эрэгтэй хүн буу муу янхан минь та нар шиг янхнуудыг мэдэхгүй биш лалруудаа гээд чарлаад би бууж очоод тэр жолоочийг чамаас цаадах нь ингэдэггүй юм би ингэж хэлүүлж явах хүн биш гээд нэг цохиод авсан. Тэгтэл хашаанаас Бадмаа гүйж гарч ирээд чи миний нөхрийг цохидог хэн бэ гээд араас татаж унагаад өшиглөөд байсан. Босоод зугтахад араас хөөж ирээд цохиод байсан. Тэгтэл гэрээс Баярмаагийн нөхөр Давка гарч ирээд Бадмааг одоо боль гэж барьж аваад тэврээд машинд нь суулгаад явуулчихсан... Баярмаа бид хоёр найзалдаг нь үнэн гэхдээ байнга уулзаад ууж идээд байх асуудал байхгүй тэгэхэд гэрийнхэн нь дандаа намайг байнга дагуулж гадуур тэнэж архи ууж явдаг гэж гүтгэж доромжилж, дарамталдаг энэ асуудал ч өмнө ч хэд хэдэн удаа гарч байсан. Одоо дахиж ийм асуудал гаргахгүй гэрийнхэн нь намайг дарамтлахгүй байх ам тангарагаа өгсөн болохоор одоо надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 260 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Дагвадоржийн Ганцэцэгийн биед баруун шуу, зүүн бугалга, гуянд цус хуралт, баруун шуунд шарх бүхий гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бадмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчид 1 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулах саналыг шүүхэд ирүүлсэн боловч шүүхийн шатанд хохирогч Д.Ганцэцэг нь шүүгдэгч Б.Бадмаатай 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр эвлэрч, улсын яллагчаас шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байх тул  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Бадмаа нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бадмаа нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцлоо.

 Эрүүгийн 2017220000202 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Шүүгдэгч Ар тогоруутан овогт Баатарын Бадмааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Бадмаад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.  Эрүүгийн 201722000202 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус, тус дурьдсугай.

4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

5.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бадмаад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.НЯМСҮРЭН