| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2021/00418/И |
| Дугаар | 130/ШШ2021/00572 |
| Огноо | 2021-06-11 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 130/ШШ2021/00572
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 2 дугаар багт оршин суух, З.Ш-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИС,
Хамтран хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ЭТ холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч Улаанхус сумын ИС-ын эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.П, хамтран хариуцагч Улаанхус сумын ЭТ-ийн дарга З.Т, орчуулагч А.Ахмерей, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээт галчаар ажилласан 2021 оны 01 дүгээр сарын 25-аас 2021 оны 5 дугаар сарын 15-ны хүртэлх хугацааны цалин бүгд 1540000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч З.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Улаанхус сумын ИС-т 2013 оноос эхлэн 2016 он хүртэл галчаар ажиллаж байгаад орон тоо цөөрүүлсэн тул ажлаас чөлөөлөгдөж байсан юм. Түүнээс хойш эрхлэгч Б.Б миний өргөдлийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр намайг гэрээт галчаар томилон 04 тоот тушаал гаргаж ажиллуулж эхэлсэн. Үүний дараа надтай 2021 оны 01 дүгээр сарын 25-аас 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаа юм. Ажил олгогчоос намайг ажилд томилсон тушаал шийдвэр гарсан боловч хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас би шүүхэд нэхэмжлэл гаргаж хугацаагүй хөдөлмөрийн байгуулахыг өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан юм. Учир нь, тус байгууллагад галчаар байнгын орон тоонд ажиллаж байсан намайг буцаад ажилдаа авах тушаал шийдвэр гаргахдаа хугацаа заагаагүй зөвхөн “галчийн ажилд томилсугай” гэж заасан. Гэтэл надтай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсныг зөвшөөрөхгүй байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №309 дугаартай шийдвэрээр 2021 оны 01 дүгээр сарын 25-аас 5 дугаар сарын 15-ны хооронд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалган шийдвэрлэх боломжгүй” гэж шийдвэрлэсэн. Үүний дагуу би 2021 оны 01 дүгээр сарын 25-аас эхлэн өнөөдрийг хүртэл 3 сар ажилласан боловч миний цалин хөлсийг өгөхгүй байна. Иймд З.Ш миний 2021 оны 01 дүгээр сарын 25-аас 2021 оны 05 дугаар сарын 15-ны (110 хоног 420000:30=1400; 1400x110=1540000) хүртэлх хугацааны цалин 1540000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИС-ын эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.П шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.Ш-гийн ар гэрийн байдал, урьд тус эмнэлэгт ажиллаж байсан байдлыг харгалзан тус хүн эмнэлгийн салбарт 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр галчийн ажилд тор хугацаагаар томилсон. Гэтэл байгууллагын тамга тэмдэг олон жил хэрэглэсэн учраас маш их хуучирч албаны ажилд хэрэглэх боломжгүй болсны улмаас 2019 оноос эхлэн тус хүн эмнэлгийн салбарын албан ажилд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ЭТ-ийн тэмдгийг түр хэрэглэж байгаа. Тухайн үед эрхлэгч маань З.Ш-г ажилд томилсон тушаалыг гарган гарын үсэг зурж уламжлал ёсоор тэмдэг дарж баталгаажуулахаар Улаанхус сумын ЭТ-ийн даргын З.Т-тай уулзахад тэрээр татгалзсан хариу өгсөн. Ингээд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугар сарын 17-ны өдрийн 130/ШШ2021/00309 тоот шийдвэрээр З.Ш тус байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон. Тус байгууллага шүүхийн шийдвэрийг хүндэтгэн З.Ш-г одоо хүртэл галчаар ажиллуулж байгаа. З.Ш ажилгүй байсан гэх хугацааны цалин 1540000 төгрөгийг тус эмнэлгийн төсвөөс гаргуулахаар төлбөрийн даалгавар үйлдэн Улаанхус сумын ЭТ-д очиход дарга З.Т-т танилцуулахад байгууллагын тэмдэг дарж өгөхийг хүссэн боловч тэрээр татгалзсан тул санхүүч тэмдэг дарагдаагүй санхүүгийн бичгээр гүйлгээ хийхгүй гэсэн. Харин бодит байдалд З.Ш-гийн нэхэмжилж буй 1500000 төгрөгийн цалин хөлсийг тус байгууллагын санхүүгээс төлөхөд татгалзах зүйлгүй болно. Гэхдээ энэ асуудалд Улаанхус сумын ЭТ-ийн дарга З.Т-ын буруу үйл ажиллагаа байгааг дурдаж байна гэжээ.
Хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ЭТ-ийн дарга З.Т шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.Ш нь ИС-ийн салбарын эрхлэгчийн тушаалаар 2016 онд орон тооны цомхотголд орж ажлаас чөлөөлөгдсөн хуулийн байгууллагад хандаагүй болно. Миний бие З.Ш-г ажлаас чөлөөлөхөд оролцоогүй нөлөөлөөгүй болно. ИС-ийн салбар нь нэртэй эмнэлэг магадлан итгэмжлэлд ороогүй, үйл ажиллагаа явуулах эрх нь тус ЭТ-ийн гэрчилгээгээр олгогддог. Хөх хөтөл эмнэлэг гэсэн бүртгэлгүй, тустай статусгүй юм. Хуучин хүчингүй болсон тамгатай. Урьд нь 2 эмнэлгийн орон тоог аймгийн эрүүл мэндийн газраас 2 дарга гэж баталдаг байсан. Төсвийг сумаас хуваарилж санхүүгийн баримтад ЭТ-ийн тамгыг ашигладаг байсан. 2021 онд Эрүүл мэндийн яамнаас цалингийн сан нэгдсэн ИС-мд шилжсэн. Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 тоот тушаалаар 50 орон тоо батлагдсан 6 орон тоо илүү ажиллаж байна. Тус орон тоонд ЭТ-ийн дарга 1.ИС салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Б.Б-ийг мэргэжлийн дагуу орон тоог хүүхдийн эмчээр баталж өгсөн байгаа. Гэрээт ажилтны цагийн төсөвт тустай тусгагдсан. Үүнд: галч-2, эмчийн санч-1, жолооч-1, угаагч-1. Шинээр орон тоо нэмэгдээгүй. Гэрээт ажилтны цалин хүрэлцэхгүй учир З.Ш-г ажилд авч ажиллуулах боломжгүй гэж удаа дараа Б.Б-д анхааруулж хэлсэн. Аймгийн Эрүүл мэндийн газраас шинээр орон тоо бий болгоогүй байхад хүн нэмж ажилд авахгүй байх, төсвийн хэтрүүлэхгүй байх талаар хатуу анхааруулсан болно. Их эмч Б.Б нь тушаал гаргах эрхгүй албан тушаалтан хууль бус тушаал гаргаж тамгагүй тушаалаар тамгагүй гэрээ байгуулж өөрөөс нь хариуцлагыг зайлуулах гэж нөхөр З.Ш-д би тушаал гаргаж өгсөн тамгыг ЭТ-ийн дарга З.Т дарж өгнө гэж явуулсан нь хууль бус гэж үзэж байна. Иймд З.Ш-гийн ажилласан хугацааны цалинг ЭТ-өөс төлөх боломжгүй, үндэслэлгүй гэжээ
Нэхэмжлэгч З.Ш шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие ИС-т галчаар ажилласан. Байгууллагын зүгээс надад 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 15-ны хүртэл хугацааны цалинг өгөөгүй. Намайг салбарын эрхлэгч Б.Б тушаал гаргаад ажилд галчаар ажилд авсан. Гэтэл тухайн тушаал дээр тамга дарагдаагүй, Улаанхус сумын ЭТ-ийн дарга З.Т надтай холбогдох тушаалд тамга дарж баталгаажуулж өгөөгүйгээс цалин олгогдохгүй байна гэсэн. Иймд миний хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хуулийн дагуу гүйцэтгэсэн тул гэрээнд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420000 төгрөгөөр сарын цалингаа тооцож 2021 оны 01 дүгээр сарын 25-аас 2021 оны 05 дугаар сарын 15-ны хүртэлх хугацааны цалин бүгд 1540000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулахыг хүсэж байна гэв
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИС-ын эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.П шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч З.Ш-гийн ИС-т 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс галчаар тушаал нь гарсан. Тухайн салбарын эрхлэгчийн эрхийн хүрээнд З.Ш-г гэрээт ажилтнаар ажилд авсан. Манай Хөтөл багийн их эмчийн салбар нь төсөв сумаас 70/30 байдлаар ирдэг. Суманд гэрээт ажилтны цалин 41500000 төгрөг төсвөөр ирсэн. Уг мөнгийг гэрээт ажилтны цалингаар авъя гэж бодож 30 хувийг хуваахад манайд 12500000 төгрөг хуваарилагдаж ирсэн. 12500000 төгрөгийг 3 галчид хуваахад нэг галчид 8 сард 4500000 төгрөг авах ёстой гэж бодоод Б эрхлэгч нэмэлтээр галч ажилд авсан. Цалинг нь өгч чадахгүй байгаа шалтгаан бол тушаал дээр тамга дараагүй байгаа. Тушаалгүйгээр цалин гаргуулах боломжгүй. Тамга хуучраад хүчингүй болсон. Улаанхус сумын ЭТ-ийн ИС болсон тул Улаанхус сумын ЭТ-ийн дарагдах ёстой. Нэхэмжлэгч З.Ш 2021 оны 3 дугаар сарын 25-аас 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан ба энэ ажилласан хугацааны цалин нь санхүүд байгаа гэв.
Хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ЭТ-ийн дарга З.Т шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч З.Ш-г ИС-ын эрхлэгч Б ажилд авах үед би анхааруулж хэлж байсан. Учир нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн аймгийн Эрүүл мэндийн газрын даргын А/2 дугаар тушаал гарсан. Тухайн тушаалаар Улаанхус сумын ЭТ-ийн дарга нэг, 50 ажилтантай гэж тусгаж өгсөн байгаа. Тийм учраас Б, Д.П нар тушаал гаргах эрхгүй хүмүүс. Иймд нэхэмжлэгч З.Ш-гийн ажилласан хугацааны цалинг холбогдох тушаал нь хуульд нийцэхгүй байгаа учраас Эрүүл мэндийн төсвөөс гаргаж өгөх боломжгүй. Үүнд хувь хүн буюу эрхлэгч Б буруутай учраас хувь хүн төлүүлэх зүйтэй байх гэж бодож байна. Б З.Ш-г ажилд авна гэж ирсэн, өмнө З.Ш ажиллаж байгаад 2016 онд цомтголд ороод ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед хуулийн байгууллагад хандаагүй. Тэгээд дараа нь 5 жилийн дараа шахаж, шаардаж хуурамч тушаал гаргуулж авсан байна. Тухайн эрхгүй этгээдийн гаргасан тушаал дээр тамга даарах эрх надад байхгүй. Мөн Б-ийн оронд ажилласан Д.П-ад мөн анхааруулж хэлсэн. Энэ хүнийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй, яагаад гэвэл манай байгууллагын төсвөөс энэ хүний цалинг өгөх боломжгүй. Тийм учраас энэ хүнийг ажлаас нь чөлөөлөөрэй гэж хэлсэн байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Ш Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИС-т галчаар ажилласан хугацааны 2021 оны 01 дүгээр сарын 25-аас 2021 оны 5 дугаар сарын 15-ны хүртэлх хугацааны цалин 1540000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИС нь нэхэмжлэгч З.Ш тус салбарт гэрээт галчаар 2021 оны 3 дугаар сарын 25-аас 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан нь үнэн, цалин 1540000 төгрөг авах нь үнэн. Гэхдээ тус салбарын тамга хуучирч хүчингүй болсон тул тус салбарын эрхийн актад Улаанхус сумын ЭТ-ийн тамгыг дарж байсан боловч З.Ш-г гэрээт галчаар томилсон тушаалд Улаанхус сумын ЭТ-ийн дарга тамга дараагүй учир цалин олгож чадахгүй байгаа гэж;
Хамтран хариуцагч Улаанхус сумын ЭТ-ийн дарга ИС салбар нь эмнэлэг магадлан итгэмжлэлд ороогүй тул тамгагүй болсон, Хөх хөтөл эмнэлэг гэсэн бүртгэлгүй, тустай статусгүй, хуучин хүчингүй болсон тамгатай. ИС салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Б.Б-ийг мэргэжлийн дагуу орон тоог хүүхдийн эмчээр баталж өгсөн, их эмч Б.Б нь тушаал гаргах эрхгүй албан тушаалтан хууль бус байхад тушаал гаргаж, тамгагүй гэрээ байгуулж, улмаар энэхүү тушаал хөдөлмөрийн гэрээнд Улаанхус сумын ЭТ-ийн тамгыг даруулах гээд З.Ш-гийн өөрийг нь надад явуулсан нь хууль бус гэж үзэж байна. Гэрээт ажилтны цалин хүрэлцэхгүй учир З.Ш-г ажилд авч ажиллуулах боломжгүй гэж удаа дараа Б.Б-д анхааруулж хэлсэн гэж тус тус маргажээ.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчтай холбогдох хэсгийг бүхэлд нь хангаж, хамтран хариуцагчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь, нэхэмжлэгч З.Ш-г Улаанхус сумын ИС салбарт гэрээт галчаар 2021 оны 01 дүгээр сарын 25-аас эхлэн томилсон болох нь Улаанхус сумын ИС салбарын эрхлэгч Б.Б-ийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай “Ажилд авч ажиллуулах тухай” тушаалаар;
Мөн ажил олгогч (хариуцагч) Улаанхус сумын ИС-ийн салбарын эрхлэгч Б.Б, ажилтан (нэхэмжлэгч) З.Ш нарын байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-ний 1.4-д “сарын үндсэн цалингийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 420000 төгрөгөөр”, 1.9-д хөдөлмөрийн гэрээний хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гэж тус тус харилцан тохиролцсон байна.
Энэхүү тушаал болон Хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч (хариуцагч) Улаанхус сумын ИС-ийн салбарын эрхлэгч Б.Б нь тус салбарын тамгыг дараагүй асуудалд нэхэмжлэгч З.Ш-г буруутгах боломжгүй болно.
Ажил олгогч (хариуцагч) Улаанхус сумын ИС-ийн салбарын эрхлэгч Б.Б, ажилтан (нэхэмжлэгч) З.Ш нар байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ”-ээр гүйцэтгэх ажлын чиг үүрэг, цалин хөлс, хөдөлмөрийн гэрээний хугацаа, хөдөлмөрийн нөхцөл зэргийг харилцан тохиролцсон байх ба энэхүү “Хөдөлмөрийн гэрээ нь нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.1-д заасан хуулийн шаардлагыг хангаж байгаа болно.
Нэхэмжлэгч З.Ш нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-г хугацаатай байгуулсныг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Баян-Өлгий аймгаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2021/00308 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ”-ний хугацаа 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дууссанаар нэхэмжлэгч З.Ш-г гэрээт галчийн ажлаас чөлөөлсөн болох нь Улаанхус сумын ИС-ийн салбарын эрхлэгчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “З.Ш-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, галчийн ажлаас чөлөөлөх тухай” 07 тоот тушаалаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж хуульчилсан ба Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2021/00308 дугаартай шийдвэр гарсны дараа буюу 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр цалин хөлсний талаар тус шүүхэд гаргасан нэхэмжлэгч З.Ш-гийн нэхэмжлэл нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэж байна.
Улаанхус сумын ИС-ийн салбарын 2021 оны 01, 02 дугаар сарын “Ажлын цагийн тооцооны бүртгэл” болон “Ажилчдын цагийн бүртгэл”-д нэхэмжлэгч З.Ш-гийн нэр бичигдээгүй боловч хариуцагч Улаанхус сумын ИС-ийн салбарын бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд оролцсон хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИС-ын эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.П-ын мэдүүлгээр нэхэмжлэгч З.Ш 2021 оны 01 дүгээр сарын 25-аас 2021 оны 5 дугаар сарын 15-ны хүртэлх хугацаанд гэрээт галчаар ажилласныг мөн энэ хугацаанд цалин бүгд 1540000 төгрөг олгоогүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, хууль болон хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч З.Ш-г ажилд томилох тушаал гаргасан, мөн түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч нь Улаанхус сумын ИС-ийн салбар байна.
Иймд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар нэхэмжлэгч З.Ш-гийн гэрээт галчаар ажилласан 2021 оны 01 дүгээр сарын 25-аас 2021 оны 5 дугаар сарын 15-ны хүртэлх хугацааны дундаж цалин хөлсийг тодорхойлоход З.Ш-гийн нэг сарын дундаж цалин хөлсийг 420000 төгрөг, мөн ажлын нэг өдрийн хөлс 19534 төгрөг байна.
Хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ЭТ-ийн дарга З.Т нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 тоот тушаалаар батлагдсан “Сум, тосгоны ЭТ-үүдийн 2021 онд ажиллах хүний нөөцийн дотоод хязгаар”-ыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Энэхүү “Сум, тосгоны ЭТ-үүдийн 2021 онд ажиллах хүний нөөцийн дотоод хязгаар”-ын 11-д Улаанхус сумын ЭТ-ийн 2021 онд ажиллах орон тоо баталж өгсөн болохоос Улаанхус сумын ИС-т ажиллах ажилтны орон тоог тусгаагүй байна.
Мөн хариуцагч Улаанхус сумын ИС-ийн салбарын эрхлэгч нь “...З.Ш тус салбарт гэрээт галчаар 2021 оны 3 дугаар сарын 25-аас 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж 1540000 төгрөгийн цалин авах нь үнэн боловч тус салбарын тамга хуучирч хүчингүй болсон тул тус салбарын эрхийн актад Улаанхус сумын ЭТ-ийн тамгыг дарж байсан боловч З.Ш-г гэрээт галчаар томилсон тушаалд Улаанхус сумын ЭТ-ийн дарга тамга дараагүй учир цалин олгож чадахгүй...” гэсэн боловч тус их эмчийн салбарын тамга хуучирч хүчингүй болгосон тухай, мөн их эмчийн салбараас гаргах эрхийн актад сумын ЭТ-ийн тамгыг дарахыг зөвшөөрсөн тухай эрх бүхийн байгууллагын шийдвэр болон холбогдох бусад нотлох баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Хамтран хариуцагч Улаанхус сумын ЭТ-ийн дарга нь “...ИС-ийн салбар нь эмнэлэг магадлан итгэмжлэлд ороогүй тул тамгагүй болсон, Хөх хөтөл эмнэлэг гэсэн бүртгэлгүй, тустай статусгүй, хуучин хүчингүй болсон тамгатай. ИС-ийн салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Б.Бийг мэргэжлийн дагуу орон тоог хүүхдийн эмчээр баталж өгсөн, их эмч Б.Б нь тушаал гаргах эрхгүй...” гэсэн тайлбар нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/03 тоот “Болат овогтой Б-д жирэмсний амралт олгож, овогтой Перизатыг ажилд түр томилох тухай” захирамжаар үгүйсгэгдэж байна.
Энэхүү Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/03 тоот захирамжаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИС-ын эрхлэгчээр ажиллаж байсан Б.Б-д жирэмсний амралт олгож, түүний оронд тус салбарын эрхлэгчийн үүргийг түр орон гүйцэтгэгчээр Д.П-ыг томилсноор ИС нь эрхлэгчийн орон тоотой гэдэг нь нотлогдож байна.
Улаанхус сумын ЭТ-ийн дарга нь нэхэмжлэгч З.Ш-г ажилд томилсон тухай тушаал, шийдвэр гаргаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулаагүй тул нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалин хөлстэй холбоотой үйл баримт нь хамтран хариуцагч Улаанхус сумын ЭТ-д хамааралгүй гэж дүгнэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудаар нэхэмжлэгч З.Ш-гийн гэрээт галчаар ажилласан 2021 оны 01 дүгээр сарын 25-аас 2021 оны 5 дугаар сарын 15-ны хүртэлх буюу 3 сар 15 хоногийн цалин бүгд 1553010 төгрөгийн тооцоо гарч байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2021 оны 01 дүгээр сарын 25-аас 2021 оны 5 дугаар сарын 15-ны хүртэлх хугацааны цалин бүгд 1540000 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИС-аас гаргуулан нэхэмжлэгч З.Ш-д олгож, хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ЭТ-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИС-аас 39590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Ш-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-ийг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИС-аас гэрээт галчаар ажилласан 2021 оны 01 дүгээр сарын 25-аас 2021 оны 5 дугаар сарын 15-ны хүртэлх хугацааны цалин бүгд 1540000 (нэг сая таван зуун дөчин мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Ш-д олгож, хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ЭТ-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч З.Ш-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39590 (гучин есөн мянга таван зуун ерэн) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИС-аас 39590 (гучин есөн мянга таван зуун ерэн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Ш-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК