Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/668

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос,

шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Н-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000000393 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2005 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хятад ресторанд зөөгч ажилтай гэх, ам бүл 2, дүүгийн хамт *** тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/364 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлэн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр эдэлж дууссан, Б овогт Г-ийн Н (РД:***).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Н согтуурсан үедээ 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, “Б” нэртэй зочид буудалд хохирогч Х.Б-г “...хэл амаар доромжилж, маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар пивоны хуванцар сав, вискины шилээр толгойд нь хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд “баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөгт шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйх, баруун хацар, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хохирол төлөөгүй байгаа. Хохирогчоос уучлалт гуйгаад нэг сая төгрөг өгөхөөр тохиролцсон” гэв.

Эрүүгийн 2408000000393 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Х.Б-н: “...2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр ...Э-ын гэрт бид 2 архи, пиво авч ороод пивоо дуусгаад, архиа дуусгалгүй баар орох гэж явцгаасан. Э өөрийн танил дүү Ө, Б хоёрыг дуудсан. Дараа нь Э Н гэх танил руугаа залгаад бас уулзахаар болсон бөгөөд бид хоёрыг Цамбагарав дээр байхад Ө, Б 2 ирээд бид нар Н-г авахаар гэр лүү нь явцгаасан. Авсныхаа дараа бид нар 34 дүгээр байрны баруун урд байдаг “Б” нэртэй зочид буудлын 2 дугаар давхрын 210 дугаартай өрөөнд орсон. Бид нар архи уугаад сууж байхад Н миний ар гэрийн ахуй амьдралыг доромжилж, элдвээр хэлээд байсан. Би эхэндээ тэвчиж байгаад сүүлдээ уур хүрээд “Миний яаж амьдрах чамд хамаа байхгүй шүү” гэж хэлсэн чинь Э “Чи эмэгтэй хүний өөдөөс юу гээд том дуугараад байгаа юм бэ” гэж над руу уурлахаар нь би Э-тай маргалдсан. Тэгээд би зочид буудлаас гараад явсан. Явж байхдаа мөнгөгүй болсноо санаад өөрийнхөө мөнгийг Э-аас өөр лүүгээ шилжүүлж авах гээд буцаад орсон. Э-тай уулзаад “мөнгөө авъя” гэхэд “Чи хэдэн төгрөг үлдсэн гэж надаас мөнгө авах гээд байгаа юм бэ” гэж уурласан. Э над руу мөнгө шижлүүлэх гээд байж байсан. Тэгсэн чинь Н ардаас “Наадханд чинь юу байдаг юм бэ Э” гэхээр нь би уурлаад “Энэ бүхэн чамаас болж байгаа юм” гэж Н-д хэлэхэд уурлаад “Би чамайг ална шүү” гэж орилоход нь би Н-г тоолгүй эргэж хараад Э-тай юм ярьсан. Тэгсэн чинь ардаас вискиний шил барьж байгаад миний толгой руу 2-3 удаа цохисон бөгөөд би ухаан алдаад унасан. Намайг сэргэхэд буудлын ресепшн ороод ирчихсэн намайг 5-6 минут ухаан алдаж унасан гэж хэлж байсан. Би өөрийн эмчилгээнд гаргасан болон цаашид гарах зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.02.20-ны өдрийн 2611 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Х.Б-н биед баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөгт шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйх, баруун хацар, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

Шүүгдэгч Г.Н-ийн яллагдагчаар өгсөн: “...2024 оны 2 дугаар сарын 08-ны орой гэртээ байхад 23 цагийн үед манай найз Э фэйсбүүк хаягаасаа залгаад “Сайн уу, өнөөдөр уулзах уу” гэж хэлсэн. “Ямар хүмүүстэй яваа юм бэ” гэж хэлэхэд “Н-тай явна” гэж хэлсэн. Би Б гэх залууг өмнө нь 2-3 удаа харж байсан, зүс таньдаг. Тэгээд тэр 2 такситай ирсэн. Бид нар “Б” нэртэй зочид буудалд орсон. Бид нар хөзөр тоглоод, пиво уугаад юм яриад сууж байтал хаалга хүн тогшоод ахимаг насны ах орж ирээд “ахтайгаа хань болоод энэ вискиг уугаад өгөөч” гэж хэлсэн. Тухайн ах нэлээн ууж байгаад “Сайхан сэтгэлтэй хөөрхөн дүү нар байна” гэж хэлээд өрөөнөөс гарсан. Хөзөр тоглохоо больчихсон байсан бөгөөд Н миний хажууд сандал дээр сууж байснаа миний гуя, мөрийг илээд эхэлсэн. Би “Боль” гэж хэлсэн. Н халааснаасаа тамхи, асаагуур гаргаж ирээд надад өгөөд “Энийг хадгалж бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүний юм хадгалахгүй, өөрөө ав гэж хэлсэн чинь “Балай гичий вэ, муу янхан. Чи янхан болохоор энд байгаа биз дээ” гэх зэргээр хараагаад эхэлсэн. Уур хүрээд хэрэлдэж байгаад пивоны хуванцар саваар Н-ийн толгой руу цохьсон. Тэгсэн чинь уурлаж босож ирээд над руу дайраад байхад нь Э намайг өмөөрсөн. Н орилж орилж байгаад 2 дүү гэх хүмүүсээ дагуулаад гараад явсан. 2-3 минутын дараа Н буцаад ороод ирсэн бөгөөд шууд Э руу уурлаад “Чи найзыгаа янхнаар солилоо” гэж хэлээд орилоод байхаар нь би уурандаа хөлөн доор байсан вискиний шилийг аваад Н-н толгой руу 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-68 дахь тал)

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2), дуудлага мэдээлэл шалгасан “...Г.Н Х.Б-г вискины шилээр цохиж баруун нүдний хөмсөг хэсэгт язалсан байсан...” гэх илтгэх хуудас (хх-3), гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-4-6), осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (хх-56), хохирогчийн “Х.Б миний бие шүүгдэгч Г.Н-д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралд оролцохгүй...” гэх хүсэлт,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-35), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-44), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-37), суурь боловсролын гэрчилгээний тодорхойлолт (хх-42), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-43), Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны “Г.Н 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг бүрэн эдэлж дууссан тул Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023.06.23-ны өдрийн 113 дугаар тогтоолоор дуусгавар болгосон” гэх албан бичиг (хх-53) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгчийн суурь боловсролын гэрчилгээний хуулбарыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Н согтуурсан үедээ 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, “Б” нэртэй зочид буудалд хохирогч Х.Б-г “...хэл амаар доромжилж, маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар пивоны хуванцар сав, вискины шилээр толгойд нь хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд “баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөгт шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйх, баруун хацар, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Х.Б-н “...Бид архи, пиво уусан. ...гэнэт миний ардаас вискины шил барьж байгаад толгой руу 2-3 удаа цохисон бөгөөд би ухаан алдаад унасан...” гэх мэдүүлэг (хх-18-20), шүүх эмнэлгийн 2611 дүгээр “1. Х.Б-н биед баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөгт шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйх, баруун хацар, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-27-28), шүүгдэгч Г.Н-ийн “...би уурандаа хөлөн доор байсан вискины шилийг аваад Н-н толгой руу 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-66-68) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Н-ийн зочид буудалд архидан согтуурсан үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Х.Б-н толгойд эд зүйлээр хэд хэдэн удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, шүүгдэгч, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1 сая төгрөг өгөхөөр тохиролцсон гэх, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлснийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.Н нь 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, “Б” нэртэй зочид буудалд хохирогч Х.Б-г “...хэл амаар доромжилж, маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар пивоны болон вискины шилээр толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд “баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөгт шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйх, баруун хацар, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирол төлөхөө илэрхийлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой тохиролцсон гэх...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргахгүй. 19 настай, өсвөр наснаасаа гарч бүрэн төлөвшиж чадаагүй, өмнөх алдаагаа ухаарч амжаагүй онцлогтой байна. Ажил эрхэлж байгаа гэх боловч баримт гаргаж өгөөгүй. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар зочид буудалд архидан согтуурч байх үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, шүүгдэгч пивоны сав болон архины шилээр хохирогчийн толгойд хэд хэдэн удаа цохин эрх, эрх чөлөөнд нь халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай гэх, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн  эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хятад ресторанд зөөгч ажилтай, тодорхой орлоготой гэх)-ийг харгалзан шүүгдэгч Г.Н-г 800,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Н цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-г 800,000 төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Л.БААТАР