Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/134

 

2024       06           21                                        2024/ШЦТ/134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н, Б.Г (цахимаар),

Шүүгдэгч: С.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Б-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ... овогт С. П-д холбогдох эрүүгийн 2435000000145 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны ...дугаар сарын ..-нд Увс аймгийн ... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ..... мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Увс аймгийн ..... сумын .... -р  багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй .... овогт С.П./РД:.../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.П нь яллагдагч Ч.О холбогдох эрүүгийн 233500000... дугаартай хэрэгт гомдол мэдээллийн шатанд 2023 оны 6 дугаар сард мөрдөн шалгах ажиллагаа явуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа гэмт хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байсан Ч.О-с нас гүйцсэн 1 /нэг/ тооны эм хонь хахуульд авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч С.П-г хахууль авах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.П нь яллагдагч Ч.О-д холбогдох эрүүгийн 23.... дугаартай хэрэгт гомдол мэдээллийн шатанд 2023 оны 6 дугаар сард мөрдөн шалгах ажиллагаа явуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа гэмт хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байсан Ч.О-ээс нас гүйцсэн 1 /нэг/ тооны эм хонь хахуульд авсан болох нь:

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол (хавтаст хэргийн I-р хавтасны 01 дэх тал),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн I-р хавтасны 04 дэх тал),

Гэрч Г.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 18-19 дэх тал),

Гэрч С.Ч-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 20 дахь тал ),

Гэрч С.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 24-25 дахь тал),

Гэрч С.Н-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 30-32 дахь тал),

Хэрэг бүртгэлтийн 230200810 дугаартай хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн I-р хавтасны 34-36 дахь тал),

Яллагдагч Ч.О-н өмгөөлөгч Д.Д нь өөрийн яллагдагчаар авагдсан хэрэгт бичгээр гаргаж өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 40-43 дахь тал),

Гэрч Д.-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 29, II-р хавтасны 125-126 дахь тал),

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 48-50 дахь тал),

Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №24-35 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 58 дахь тал),

Гэрч Ч.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 54-63, II-р хавтасны 43-46 дахь тал),

Гэрч Ц.Я-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 103 дахь тал),

Гэрч Г.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 38 дахь тал ),

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Цэвэгмэдийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн II-р хавтасны 40-43 дахь тал),

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/520 дугаар тушаалаар дотоод хэргийн их сургуулийн цагдаагийн сургууль төгсөгчдийг ажилд томилсон нэрсийн жагсаалт (хавтаст хэргийн II-р хавтасны 80 дахь тал ),

Цагдаагийн Ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн “Цагдаагийн дэслэгч П-г Увс аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн экологийн асуудал хариуцсан мөрдөгчөөр томилсон” мэдэгдэх хуудас (хавтаст хэргийн II-р хавтасны 81 дэх тал ),

Гэрч Б.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 127 дахь тал),

Гэрч Д.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 134 дэх тал)-үүдээр шүүгдэгч С.П- нь яллагдагч Ч.О-д холбогдох эрүүгийн 2335000000...  дугаартай хэрэгт гомдол мэдээллийн шатанд 2023 оны 6 дугаар сард мөрдөн шалгах ажиллагаа явуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа гэмт хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байсан Ч.О-с нас гүйцсэн 1 /нэг/ тооны эм хонь хахуульд авсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал өөртөө ашиг олох өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн, өгөх, авах хоёр талын ашиг сонирхлын үүднээс асуудлаа шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчдөг. Тухайн  гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүйгээр хахууль авснаар гэмт хэргийн бүрдэл төгсдөг.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.П нь Увс аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн экологийн асуудал хариуцсан мөрдөгчөөр ажиллахдаа яллагдагч Ч.О холбогдох эрүүгийн 233500000... дугаартай хэрэгт гомдол мэдээллийн шатанд 2023 оны 6 дугаар сард мөрдөн шалгах ажиллагаа явуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа гэмт хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байсан Ч.О-с нас гүйцсэн 1 /нэг/ тооны эм хонь хахуульд авснаар тухайн гэмт хэрэг нь төгссөн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн субъектийг “Нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасны дагуу төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгохоор, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол Олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол улсын хууль, Монгол улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт хэм хэмжээг баримтална”  гэж тус тус хуульчилсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд”-ийг ойлгохоор хуульчилсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж буй аливаа этгээд нь төрийн тусгай албан тушаалд хамаарахаар мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д тус тус зааж тодорхойлсон.

            Цагдаагийн Ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн “Цагдаагийн дэслэгч С.П-г Увс аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн экологийн асуудал хариуцсан мөрдөгчөөр томилсон” мэдэгдэх хуудас (хавтаст хэргийн II-р хавтасны 81 дэх тал )-аар шүүгдэгч С.П нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д заасан төрийн тусгай албан хаагч байна.

  Шүүгдэгч С.П нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг зөрчин Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д заалтад заасан төрийн тусгай албан тушаалын ангилалд, төрөлд, Засгийн газрын 2020 оны 03-р тогтоолын 2 хавсралтад заасан ТТ-9 зэрэглэлийн экологийн асуудал хариуцсан мөрдөгч албан тушаал буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-т заасан тусгай гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглан Ч.О-д холбогдох эрүүгийн 23350000... дугаартай хэрэгт гомдол мэдээллийн шатанд 2023 оны 6 дугаар сард мөрдөн шалгах ажиллагаа явуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа гэмт хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байсан Ч.О-с нас гүйцсэн 1 /нэг/ тооны эм хонь хахуульд авсан нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авсан” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч С.П нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч С.П-г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.   

Энэ гэмт хэрэг нь нийгмийн ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулдаг бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад шууд учирсан хор хохирол байхгүй учир бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг шүүгдэгчээс албадан гаргуулах албадлагын арга хэмжээг хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.П-н авлига авсан 180’000 төгрөгийн үнэ бүхий нас гүйцсэн 1 /нэг/ тооны эм хонины мөнгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргаагүй болно.

Шүүгдэгч С.П нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2435000....... дугаартай эрүүгийн хэргээс тусгаарлан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй байгаа тул хэргийг эцэслэн шийдвэрлэсэн  болно.

2. Шүүгдэгч С.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.П нь Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ

Шүүгдэгч С.П нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн I-р 186 дахь тал)-аар тогтоогдсон.

Шүүгдэгч С.П-н зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэл хангагдсан гэж үзэн шүүгдэгч С.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тохиролцож ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон хорих ялыг оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.П-д энэ өдрөөс эхлэн  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч С.П-н гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 180.000  төгрөгийг түүнд ногдох хөрөнгөөс хурааж улсын төсөвт шилжүүлэн зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт С. П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.П-д 1 /нэг/ жил хорих ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.П-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.П-д энэ өдрөөс эхлэн  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.  Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч С.П-н гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 180.000  төгрөгийг түүнд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ,  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ГАНСҮХ