Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2021/00430

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух А.К-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух,  А.Х,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух,  Х.М нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.К, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Е, хариуцагч А.Х, хариуцагч Х.М, гэрч Т.Ё, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Даулетжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг, эх байх эрхийг хязгаарлуулах, хүүхдүүдийн асрамжийг өөрчлөн өөрийн асрамжид шилжүүлэх, эцэг эхээр нь хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч А.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний төрсөн ах Х нь Х.Б-тэй гэр бүл болж, тэд гэр бүл болсноос хойш тэдний дундаас 2006 онд охин Х.А, 2008 онд хүү Х.Т, 2010 онд охин Х.Д, 2013 онд Х.Т нар төрсөн. Бага хүү Х.Т төрсний дараа эх нь болох Х.Б нас барсан билээ. Бэр эгч нас барснаар ах А.Х ажилгүй 4-5 нялх хүүхдийг асрах боломжгүй байсан тул Х.Д-ийг миний эцэх эх буюу хүүхдүүдийн өвөө эмээ нар болох А.Х нар үрчлэн авч өсгөн хүмүүжүүлж байгаа. Эхнэр нь нас барсны дараа ах А.Х нь хоёр дагавар хүүхэдтэй Х.М-тэй гэрлэн хамран амьдарч эхэлсэн. Гэтэл хүүхдүүдийн хойд эх болох Х.М 2006 онд охин Х.А, 2008 онд хүү Х.Т, 2013 онд Х.Т нарыг байнгын далд байдлаар хүчирхийлэн зодон, хоол унд өгөлгүй гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлсээр ирсэн. Харин хүүхдүүдийн төрсөн аав болох Х нь байнгын архи уудаг архины хамааралтай болсноос гадна сэтгэцийн өвчтэй группт байдаг хүн бөгөөд хүүхдийг асран халамжлах байтугай өөрийгөө арай ядан авч яваа нэгэн бөгөөд гэр орондоо ч хонох нь ховор хүн юм. Тэр хүүхдүүдээ огт анхаарал хандуулдаггүй, эцгийн үүргийг биелүүлэн ухамсарлах байтугай санах ч үгүй архины хамааралтай болсон, сэтгэцийн өвчтэй нэгэн тул хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэх боломжгүй юм. Энэхүү байдлыг далимдуулан хойд эх Х.М нь хүүхдийг байнгын хүчирхийлж хоол унд, хувцас хунараар гачигдуулан улмаар бага насны хүүхдэд гэрийн хүнд ажлыг хийлгэн хүнд хөдөлмөр эрхлүүлдэг байна. Хамгийн сүүлд бага насны хүүхэд Х.Т-ийг хойд эх нь гэрээс хөөж өвлийн хүйтэнд үхэр туулгаж явуулснаар хүүхдийн гар хуруунууд осгосон хэрэг гарснаар миний бие хуулийн байгууллагад хандсанаар Х.М-ийг цагдаагийн байгууллага шалган түүнийг 300000 төгрөгөөр торгосон. Заримдаа хүүхдүүд хүчирхийлэлд өртсөнөөр өдөр, шөнөгүй өвлийн хүйтэнд хаа байсан голын цаана байгаа аймгийн нөгөө зах болох 9 дүгээр багаас аймгийн нөгөө зах болох 4 дүгээр багт байх манайд ямар ч хараа хяналт харгалзах хүнгүйгээр зутгаж ирдэг бөгөөд гэртээ очихгүй хэмээн уйлдаг юм. Арга ядан хүүхдүүдийг нөхөр бид хоёрт авч өгөхийг хүсэж хүүхдийн байгууллага, Өлгий сумын болон бусад хуулийн байгууллагуудад хандсан боловч хойд эхийг нь 300000 төгрөгөөр торгохоос өөр арга хэмжээ авсангүй. Тэдний бидэнд зөвлөснөөр хүүхдүүдийн асрамжийг өөрчлөн шүүхийн журмаар миний асрамжид шилжүүлэх журамтай гэсэн. Нөхөр бид хоёр ярилцан эрх нь зөрчигдөж буй хүүхдүүдийг өөрсдийнхөө асрамжид авч өсгөн хүмүүжүүлэхээр шийдэж энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хүүхдүүд 5 дугаар бүрэн дунд сургуульд суралцдаг бөгөөд нөхөр бид хоёр хүүхдийн багш болон нийгмийн ажилтантай очиж уулзахад хүүхдүүдийн сурлага муу, ихэнхдээ хичээлд ирдэггүй, хичээл тасалдаг, эцэг эхийн зүгээс ямар ч анхаарал халамж байхгүй талаар хэлсэн. Иймд миний ач дүү нар хоол хүнс, хувцас хунараар гачигдах зүйлгүй эрүүл саруул орчинд өсөж сурч боловсрох эрх ноцтойгоор зөрчигдөж байх тул А.Х, хойд эх Х.М нарын эцэг эх байх эрхийг хязгаарлаж, 2006 онд төрсөн Х.А, 2008 онд төрсөн Х.Т, 2013 онд төрсөн Х.Т нарыг аав нь болох А.Х төрсөн дүү буюу хүүхдүүдийн авга эгч А.К миний асрамжид шилжүүлэн өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч А.Х, Х.М нарын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А.К-ы гаргасан нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй. Бид охин Х.А, хүү Х.Т, Х.Т нарыг зохих журмаар асран хамгаалж өсгөн хүмүүжүүлж байна. Х.А “Жаннур” энэрлийн дотуур байранд сууж суралцаж байна. Х.Т Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийн 6 дугаар ангид, Х.Т 1 дүгээр ангид суралцдаг. Бидний зүгээс тэдний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн асуудал байхгүй. А.К түүний нөхөр хоёр хоёулаа эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрсдөө арай гэж амьдарч байж бидний 3 хүүхдийг авч асарч хамгаална гэдэг нь эргэлзээтэй. Бидний хувьд хүүхдүүдийг зодож дарамталсан, хууль ёсны эрх ашгийг нь зөрчсөн, орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, гэр орноосоо дайжуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гадуурхсан, гуйлганчуулсан асуудал байхгүй. Иймд А.К нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч А.К шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие шүүхэд хандсан учир нь А.Х болон Х.М нарын асран хамгаалалтад байдаг 3 дүүгээ шүүхийн журмаар өөрийн асран хамгаалалтад авахыг хүсэж байгаа. Тэр хүүхдүүдийг эцэг, эх болох эдгээр хүмүүс асран хамгаалахгүй байгаа учраас хүүхдүүдийг өөртөө авахыг хүсэж байна. Тухайн хүүхдүүдийн ээж нь нас бараад 8 жилийн хугацаа болж байна. Ямар нэгэн шалтгаанаар өвчнөөр нас бараагүй, гэнэт нэг өдөр нас барсан. Тэгээд хэдэн жилийн турш дүү нар маань манай эцэг, эхийн маань асран хамгаалалтад байсан. Хэдэн жилийн дараа Х.М-тэй гэр бүл болсон. Гэр бүл болсноос хойш хүүхдүүдээ асран хамгаалах болов уу гэж хэсэг хугацаа ажиглахад хүүхдүүдээ асран хамгаалаагүй. Өөрийнхөө 2 хүүхдээ маш сайн анхаардаг. Харин миний ахын 3 хүүхэд буюу өнөөдөр би авах гээд байгаа 3 хүүхдүүдэд огт хайр халамж үзүүлдэггүй. Тэгээд тэдгээр хүүхдүүдэд санаа зовоод өөрсдөд нь хүүхдүүдэд хайр халамж үзүүлээгүй, хувцас хунар өмсүүлээгүй, хоол ундаа өгөөгүй гээд хэлээд энэ 3 хүүхдээ надад өгөөч гэж хэлэхэд ах маань болох А.Х “тийм зүйл байхгүй, хүүхэд тэгж байгаад өсдөг, тэгж өссөн хүүхдүүд илүү хүчтэй байдаг”, харин Х.М “би хүүхдүүдийг асран хамгаалдаг” гэсэн. Тэгэхээр яаж харж хандаж байгаа бэ гэхэд, Х.М “би хүүхдийг асран хамгаалж байгаа” гэж хэлж байсан. Тэгээд өгөхгүй болохоор нь шүүхэд хандъя, дүү нарынхаа ирээдүй амьдралд нь тус болъё, сургууль соёлд явуулъя гэж бодод шүүхэд хандсан. Х.Т, Х.Т нар хичээл сургуульд явдаггүй. Би гэрт нь зочилж очиход тэдгээр хүүхдүүдийн хичээлийн дэвтэр 2 хуудастай, хувцас хунаргүй, идсэн хоол хүнсгүй байсан. Х.А гэдэг хүүхдийг өвөл гэрээсээ хөөж гаргасан. Одоо тэр хүүхэд нь манай гэрт байгаа. Би мөнгө төгрөг авдаггүй боловч хувцас хунарыг нь байнга авч өгдөг. Тэгээд Х.А манай гэрт байхад 2 дүүгээ санасан уу гэхэд, санасан гэсэн. Тэгээд 2 хүүхдийг авчраад усанд оруулъя гэж гэртээ дагуулж ирэхэд Х.Т-ий гар нь хөлдсөн байдалтай байсан. Тэгээд Х.М-д холбогдоход утсаа аваагүй тул ах А.Х-д залгаж холбогдоход тоосон шинжгүй байсан. Эдгээр хүүхдүүд өвлийн улиралд ямар ч хувцас хунаргүй явж байгаа, зуны улиралд ч гэсэн ямар нэгэн хувцас хунаргүй явдаг. Өвөл зунгүй хувцас хунарыг авч өгсөн. Харин хүүхдийн мөнгийг өөрсдөө зарцуулдаг. Би энэ 2020 оны 11 дүгээр сараас хойш цагдаагийн байгууллагатай холбогдож яваад байна. Эдгээр хүүхдийн амьдрах нөхцөл байдал хэцүү учраас тэдгээр хүүхдийг авахыг хүсэж байна. Х.Т нь 25 литрийн усыг нь зөөж, галыг нь түлж өгдөг. Охин нь гэр орныг цэвэрлэж өгдөг. Гэхдээ хүүхдүүдийн ач тусыг мэдэхгүй. Эдгээр хүүхдүүд сурсан хичээлгүй, идсэн хоол хүнсгүй. Би нөхөр хүүхдийн хамт 2 давхар байшинд амьдардаг. Би хэд хэдэн удаа эдгээр хүүхдийг авъя гэж хэлэхэд тэдгээр хүүхдүүд явсаар байдаг. Х.Т-ийг одоо үзвэл өсөлт нь зогссон байдалтай байгаа. Х.Т манай гэрт байдаг. Тэр гэрт очихгүй гэсэн. Хийж байгаа зүйл, ажил байхгүй. Тэдгээр хүүхдүүд их өрөвдөлтэй учраас хүүхдүүдийг авъя. Мөн сүүлийн үед хүүхдүүдийг намайг шүүхэд өгсөн гээд байнга дарамталдаг, зоддог, занадаг асуудал мөн гарч байгаа тэр бүгдийг цагдаа К.Ё мэддэг. А.Х, Х.М нарын амьдрал маш хэцүү, ах маань байнга архи уудаг. Энэ хүний ирээдүй байгаа гэх биш, харин хүүхдүүдийн ирээдүйг бодож хүүхдүүдийг өөртөө авахыг хүсэж байна. Хэрвээ манай ах таныг ядарцгаагаад байвал салчхаарай гэж хэлэхэд салахгүй гэсэн.  Х.М нь манай ахын хайр, хүндлэлийг мэдэхгүй, хэл амаар байнга доромжилдог. Архи уудаг гээд байнга надад муулдаг, гэхдээ тэр хүн миний төрсөн ах болохоор надад муулахыг нь би зөвшөөрдөггүй. Иймд эдгээр хүүхдүүдийг өөрөө асран хамгаалахыг хүсэж байна гэв.

Хариуцагч А.Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний өмнөх эхнэр нас бараад 8 жил болсон. Тэгээд 5 жилийн дараа одоогийн эхнэр Х.М-тэй гэр бүл болсон. Х.Т-ий хувьд багаасаа маш жижигхэн биетэй байсан, өмнөх эхнэр маань Х.Т 6 сартай байхад нас барсан. Хөдөөгөөс Х.Т-ийг эмчлүүлэхээр Өлгий суманд нүүж ирсэн. Урд эдгээр хүмүүс миний хүүхдүүдийг харж ханддаггүй байсан. Саяхнаас гэнэт ингэдэг болсон байна. Хүүхдүүдийг гадарладаг, хоол ундаагүй байлгадаг гэдэг нь худлаа. Идэшээ гаргасан болохоор хоол ундаа байгаа. Ус зөөлгөдөг гэдэг нь үнэн. Гэхдээ байнга зөөлгөдөггүй. Хүйтний улиралд усаа би өөрөө зөөдөг. Иймд хүүхдүүдээ өөр хүнд үрчлүүлэх, асран хамгаалуулахыг хүсэхгүй байна. Миний хэлэх зүйл энэ л байна гэв.

Хариуцагч Х.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би анх А.Х-тай 4 жилийн өмнө гэр болсон. Тухайн үед тэдгээр хүүхдүүд 4 айлд тус тусдаа байсан. Намайг бэр болж очоод өвөл нь амбаард өвөлжсөн. Тэр өвөл их хүйтэн болсон. Тэгээд зун нь хөдөө зуншлагад гарсан. Зуншсан тэр эсгий гэр нь маш их хуучирсан байдалтай байсан. Тэгээд болохгүй юм байна Өлгийд нүүж очоод, хүүхдүүдээ хичээлд нь явуулъя гэж хэлээд ирэх намар нь Өлгийд А.Х-ы дүүгийн гэрт нүүж ирсэн. Мөн адилхан амбаарт өвөлжсөн. Амбаар өвөл нь маш хүйтэн, амбаарын ханын тэн хагас хүртэл жавартай байдаг байсан. Тэгээд зун нь энэ арай болохгүй байна, хоёулаа өөр газар авч байшин барьж амьдаръя гэж Өлгий сумын шар гран гэх газраас газар авч, жижигхэн зуны байр барьж авсан. Дараа нь тухайн газарт том байшин барьж эхэлж 9 дүгээр сар гэхэд дуусгаж тухайн байшинд орлоо. Тэгээд орсны дараа 2 хүүхдийг хөдөөгөөс авхуулж авлаа. 2 хүүхэд хөдөө үлдлээ. Ирсэн 2 хүүхэд өвөлжингөө хичээл номоо хийж, сургуульд явлаа. Дараа нь хичээл дуусмагц А.К 2 хүүхдийг өөрийн гэртээ дуудаж аваад, хоёр хүүхдийг хөдөө явуулчихсан. Тэгтэл нь би нөхөртэйгөө хэрэлдсэн А.К яагаад хүүхдүүдийг хөдөө явуулдаг бэ гээд. Тэгээд энэ жил зун хөдөө зусаж, хүүхдүүдтэйгээ хамт байлаа. Намар нь 3 хүүхэд бид нартай хамт дагаж ирлээ. Намарын хувцас, өвлийн хувцас гээд бүгдийг авч өгсөн. Ус зөөлгөдөг, харин гэр цэвэрлүүлдэггүй. Хоол хүнсийг бэлдэж өгдөг. Тэгж амьдарч байхад өвөл А.К нөхөртэйгөө хамт ирээд намайг дарамтлаад, 500,000 төгрөгөөр авсан утсыг маань цагдаа руу очиход 50,000 төгрөгийн утас өгч байсан. Тэгээд хамаатан хүн байна болъё гэж бодод цагдаагаас өргөдлөө буцааж авсан. Байнга намайг дарамталж, хов ярьж явдаг. Тэдгээр хүүхдийн хөлийнхөн оймс цоороход хүртэл асуудал болгож дэвэргэнэ. Надад А.Х-ы хүүхдүүдийг гадуурхдаг гэж хэлдэг. Миний бага хөвгүүнийг өдий хүртэл эрхлүүлж, толгойг нь илж байгаагүй. Одоо болохоор миний хүү хадам талын гэрт очих дургүй, хадам эцэг, эхийг өвөө эмээ гэж хэлэхгүй намайг огт эрхүүлдэггүй гэж хэлдэг. Харин миний төрхөмд явъя гэж хэлдэг. Хадам талын хамаатнууд А.Х-ы хүүхдүүдийг дууддаг. Е, А нарыг дууддаггүй. А.Х бид хоёр дунд нэг хүүхэдтэй, тэр нэг хүүхдэд хүртэл хайр халамж үзүүлдэггүй. Тийм учраас би бүхий зүйлд гомдож явдаг. Тэр болгоноо ярьдаггүй болохоор бүх зүйлээ дотроо хадгалж явдаг. Бурхан бүх зүйлийг гэрчилнэ. Би ч гэсэн муу айлын хүн биш. Манай гэр бүл 9 ах дүүтэй байсан. Одоо хүртэл ахдаа нарынхаа урдаас үг хэлэх байтугай урдаас нь хөндлөн явдаггүй. Харин А.К ахыгаа хэл амаар доромжилдог архичин гэж дууддаг, шүүхэд өгдөг. Би харин нөхөртөө хайртай. Нөхөр маань мотоциклээс унаад гэмтсэн. Архи уусан ч би муулдаггүй. Би ч гэсэн амьдрал үзсэн хүн. Миний өмнөх нөхрийн хамаатнууд маань манайд бас ирж явдаг. Е-г өөрсдөө авъя гэж хүртэл хэлж байдаг, тэгтэл би ганц хүүгээ өгч чадахгүй гэдэг. Одоо би 2 үхэр сааж байгаа, тэр 2 үхрийг хүртэл хөдөө явуул гэж хүртэл хэлж байсан. Энэ жил зун эсгий гэрээ янзалсан. Би машин авч өгсөн, байшин барьж өгсөн, эсгий гэрийг нь өргөж өгсөн. Анх надтай танилцахад бохир хувцастай надтай ярилцахад Өлгий ирдэг байсан. Тэгээд би ээждээ өөртэй минь адилхан амьдрал үзсэн хүн байна гэр бүл болох уу гэж асуугаад ээж маань зөвшөөрснөөр гэр бол болж байсан. Анх надад 2 хүүхэдтэй гэдгээ хэлж байсан. Дараа нь гэрлэхэд 4 хүүхэдтэй гэдгээ хэлсэн. Тэдгээр бүх зүйлээ дотроо хадгалаад зүрх маань өвдөөд, энэ зун бамбайгаа авхуулсан. Даралт багатай болохоор заримдаа хэвтэрт ордог. Тухайн үед хүүхдүүдэд зарим ажлыг хийлгэдэг. Хоолоо болон идээгээ өөрөө бэлдэж, гэрээ өөрөө цэвэрлэдэг. Зун бамбайгаа авхуулахад А.К надад чи худлаа ярьж мөнгө зарцуулсан мөн чи хүүхдүүдийн мөнгө зарцуулж байгаа хэлдэг. Одоо намайг мөнгө зарцуулдаг ч гэсэн үзэн яддаг. Би мөнгө зарцуулахгүй гээд яах бэ, хамт амьдардаг, эхнэр нөхөр гэр бүлийн хүмүүс байна. Манай төрхөм тал төрсөн ахыгаа шүүхэд өгсөн гэдгийг сонсоод алмайраад сууж байгаа. Надад салаад явчихгүй юу гээд манай тал хэлж байгаа. Гэхдээ нөхөртөө хайртай учраас салж чадахгүй. Өвлийн идшээ бэлтгэсэн, нүүрс түлээ гээд бүх зүйл бэлэн байгаа. Иймд өөр ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.К нь хариуцагч А.Х, Х.М нарын эцэг, эх байх эрхийг хязгаарлуулах, 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Х.М, 2008 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Х.Т, 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Х.Т нарыг асрамжийг өөрчлөн өөрийн асрамжид шилжүүлэн авах, эцэг эхээр нь  хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Нэхэмжлэгч А.К нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эцэг А.Х нь байнгын архи уудаг архины хамааралтай болсноос гадна сэтгэцийн өвчтэй группт байдаг, гэртээ хонодоггүй, хүүхдүүдийг асран халамжлах байтугай өөрийгөө арай ядан авч явдаг, эх Х.Маржангүл нь хүүхдүүдийн хойд эх болдог ба хүүхдүүдийг гадуурхдаг, хоол хүнс өгдөггүй, улирлын чанартай өмсөх хувцас хунаргүй, хичээлийн хэрэгсэл гачигдалтай, хүүхдүүдийн хөдөлмөрийн үр шимийг авч ашигладаг, анхаарал халамж тавьдаггүй, бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэлд байнга өртүүлдэг, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа тул эцэг, эх байх эрхийг нь хязгаарлуулж, хүүхдүүдийн асрамжийг өөрчлөн, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох зорилготой гэж тайлбарлаж байна.

Хариуцагч А.Х, Х.М нар нь хүүхдүүдийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн асуудал байхгүй, хүүхдүүдийг зодож дарамталсан, хууль ёсны эрх ашгийг нь зөрчсөн, орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, гэр орноосоо дайжуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гадуурхсан, гуйлгачуулсан асуудал байхгүй. А.К түүний нөхөр хоёр хоёулаа эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрсдөө арай гэж амьдарч байж бидний 3 хүүхдийг авч асарч хамгаална гэдэг нь эргэлзээтэй гэж маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах байдал тогтоогдож байна. Үүнд:

Хариуцагч нарын хүүхдүүд болох 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, Х.А, 2008 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, Х.Т, 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, Х.Т нарын Төрсний гэрчилгээнд эцгийн овог нэр: А.Х, эхийн овог нэр: Х.Б гэж бичигдсэн байна.

Хүүхдүүдийн төрсөн эх Х.Б 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нас барсан болох нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №1410/000505 дугаартай “Нас барсны бүртгэлийн лавлагаа”-аар, хүүхдүүдийн эцэг А.Х 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Х.М-тэй гэрлэсэн хууль ёсны эхнэр нөхөр  мөн болох нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр олгосон №1410/000504 дугаартай “Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа”-аар тус тус нотлогдож байна.

Хариуцагч А.Х, Х.М нарын хүүхдүүд болох Х.А 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эмэгтэй, Төрсний гэрчилгээний дугаар №0374138 г-169, Өлгий сумын 6-р багт эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Бастама сургуулийн 8а ангид сурдаг, 2016 оноос хичээлийн жилд Жаннур энэрлийн төвийн дотуур байнд амьдардаг, тэндээ хүмүүждэг, тэндээс сургуульд явдаг, сонсголын бэрхшээлтэй болох нь багш М.Г гэрчээр өгсөн мэдүүлэг болон бусад хэрэгт авагдсан баримтуудаар;

мөн Х.Т 2008 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, Төрсний гэрчилгээний дугаар №0144598 Г-63,  Өлгий сумын 6-р багт оршин суудаг, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 6а ангид сурдаг боловч сургуульд явдаггүй, хичээлд суудаггүй байнга хичээл тасалдаг, хүүхэд хараа хяналтгүй, хаяа сургуульд ирэхэд хир буртагтай урагдсан цоорхой хувцастай, мөн хувийн ариун цэврийн наад захын шаардлага хангаагүй байдалтай ирдэг, эцэг эх нь хүүхдээ анхаарал халамж тавьдаггүй үл хайхарсан байдалтай гэдэг нь ангийн багш Х.Д, багш Х.Б нарын гэрчээр өгсөн мэдүүлэг болон бусад хэрэгт авагдсан баримтуудаар;

мөн Ожых овогт А.Х-ы Х.Т 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, Төрсний гэрчилгээний дугаар №0000856780, Өлгий сумын 6-р багт эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 1а ангид сурдаг боловч хичээлийн бэлтгэлгүй ирдэг, бичих дэвтэргүй, байгаа ном дэвтэр нь урагдсан байдалтай, сургуульд ирэхэд хир буртагтай урагдсан цоорхой хувцастай, мөн хувийн ариун цэврийн наад захын шаардлага хангаагүй байдалтай, тухайн насанд тохирсон жингийн дутагдалтай, өсөлтгүй, эцэг эх нь сургуульд хүргэж өгдөггүй, тосож авдаггүй, хүүхэд хараа хяналтгүй, эцэг эхийн хуралд ирдэггүй, хүүхдээ анхаарал халамж тавьдаггүй үл хайхарсан байдалтай гэдэг нь ангийн багш Х.Б-ы гэрчээр өгсөн мэдүүлэг болон бусад хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч  А.К нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.12-д зааснаар эцэг эх байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэлийг хүүхдүүдийн эцэг А.Х төрсөн дүү А.К (нэхэмжлэгч) шүүхэд гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, эцэг эх байх эрхээ хүүхдийн ашиг сонирхолд харшаар ашигласан, хүүхэдтэйгээр хэрцгий догшин харьцсан, хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс зүй, бие бялдрын хүмүүжилд хохирол учруулсан этгээдийн эцэг, эх байх эрхийг  хязгаарлах тухай нэхэмжлэлийг хүүхдүүдийн төрөл садангийн хүн хүүхдүүдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага шүүхэд гаргах эрхтэй гэж заасан шаардлагад нийцжээ.

Хариуцагч эцэг А.Х, эх Х.М нар нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан “эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж, хүүхдүүдийг орон гэрээс нь дайжуулсан, анхаарал халамж тавьдаггүй, хоол унд хувцас хунар, сурах хэрэгслээр байнга гачигдуулдаг, гадуурхдаг, хүнд хүчир ажил хийлгэдэг, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигладаг, бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртүүлдэг, үл хайхарсан, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс зайлсхийсэн нь доорх  баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1) Хариуцагч А.Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн  согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхүй болсон, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн согтуугаар улсын дугаар нь арилсан тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн согтуугаар эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зэргээр удаа дараа зөрчил гаргаж 2018-2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийтдээ 28 удаа  Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт эрүүлжүүлэгдэн, шийтгэврээр торгуулж байсан нь тус Цагдаагийн газрын “Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл”-ийн бүртгэлээр нотлогдож байна.

Мөн хариуцагч А.Х нь 2015 оноос хойш Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмчийн хяналтад одоо хүртэл байдаг ба зөвхөн 2016 онд хэвтэн эмчлүүлж байсан нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №100 дугаартай албан бичиг болон А.Х-ы 2016 онд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхээр нотлогдож байна.

2) Хариуцагч Х.М нь дагавар хүү Х.Т-ийг үл хайхарсан зөрчил үйлдсэн нь тогтоогдож Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 300000 төгрөгөөр торгуулан шийтгэл хүлээж байсан Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №0233036 дугаартай “Шийтгэлийн хуудас (маягт 1)”-аар нотлогдож байна.    

3) Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШЗ2021/00869 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон шинжээч гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн, хүүхдийн эрхийн улсын байцаагч Б.Б, Цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн К.Ж, Өлгий сумын 6 дугаар багийн нийгмийн ажилтан Х.Н, “Шипагер” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Н.А нар хариуцагч А.Х, Х.М нар хүүхдүүдэд ээлтэй орчин бүрдүүлж, зөв хүмүүжүүлж буй эсэх талаар судалж шинжээчийн дүгнэлт гаргасан байна.

Энэхүү 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Шинжээчийн дүгнэлтэд”:...Хариуцагч Х.Х, Х.М нар эцэг эхийн хувьд хүүхдүүдэд материаллаг орчин бүрдүүлж өгсөн боловч хүүхдүүд оюун санааны хувьд аюулгүй байдал нь хангагдсан гэж үзэж болохооргүй байна. Тодруулбал, аав Х нь архины хамааралтай бөгөөд байнгын архи уудаг, архи уусан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ээж Х.М-д гар хүрдэг зөрчилтэй харилцаатай юм. (Тухайн үед Х.М-ийн зүүн эрүү болон зүүн хавирган тус газар нь хөхөрсөн байдалтай байв) Мөн хойд ээж Х.М нь хүүхдүүдэд хүнд хүчир ажил хөдөлмөр эрхлүүлэх, ажил хийсэнгүй гээд хүүхдүүдийг гэрт оруулахгүй байх тохиолдол гарч байжээ. Хариуцагч Х.М нь өөрийн 2 хүүгээ аюулгүй орчинд аваачиж хамгаалалтад аваад өөрөө төрхөм рүүгээ явчихдаг тул хүүхдүүд заримдаа гэртээ харж хандах хүнгүй үлдэж үл хайхрах хүчирхийлэлд мөн өртдөг байна. Хүүхдүүд сургуульд суралцаж байгаа ч гэрчийн даалгавар хийхдээ томчуудын зүгээс дэмжлэг авах, зөв үлгэр дуурайл, хүмүүжил авч авч чаддаггүй. Эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалгүй, хэвийн өсөлттэй байна...гэсэн байна.

4) Нэхэмжлэгч А.К Х.А, Х.Т, Х.Т нарыг хойд эх Х.М зоддог, хэл амаар доромжилдог, мөн эцэг А.Х нь архины хамааралтай, хүүхдүүдээ зоддог гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, хүүхдүүдэд хүнд хүчир ажил хийлгэдэг, хойд эх М өвлийн хувцасгүй ууланд үхэр туулгаснаас Х.Т-ий гарын хуруу нь хөлдсөн гэсэн гомдлыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар хүлээн авч, хүчирхийлэгчийг яаралтай тусгаарлах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, Хүүхдийг хамгаалах байранд түр байршуулах зэрэг холбогдох арга хэмжээ авсан нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд Хамгаалах байранд хүүхэд хүлээж авсан бүртгэлийн маягтууд, эмчийн үзлэгийн тэмдэглэл болон  Хүчирхийлэлд өртсөн, эсхүл хүчирхийллийн болзошгүй эрсдэлд байгаа хүүхдийг эцэг, эх, төрөл, садангийн болон бусад хүн, өөр гэр бүлд хүлээлгэн өгөх маягтаар тус тус тогтоогдож байна.

5) Шүүх хуралдаанд оролцсон гэрч Т.Ёлка шүүхэд хуралдаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сард А.К гэгч эмэгтэй мэдээлэл гаргасан. Анх мэдээлэл өгөхөд “Манай ах А.Х архи уудаг, хүүхдүүддээ огт хайр халамж тавьдаггүй. Хүүхдүүд нь хойд эхийнхээ гар дээр байдаг. Тийм учраас эдгээр хүүхдүүдийн өөрөө асран хамгаалмаар байна” гэсэн хүсэлт гаргасан. 2020 оны 12 дугаар сарын 19-ны өдөр гаргасан Х.М хүүхдэд ерөөсөө анхаарал тавихгүй байна. А.Х нь хөдөө явчихад ирдэггүй, олон хоног, олон цагаар явчихдаг гэсэн гомдлын дагуу миний бие шалгасан. Энэ гомдлын дагуу шалгахад Х.Т 7 настай,  Х.А 14 настай, Х.Д 12, Х.Тилеухан 13 настай гэсэн 4 хүүхэдтэй, хойд ээж нь бас өөрөө 3 хүүхэдтэй нийтдээ ам бүл 9 хүн амьдардаг тухай тогтоосон. Эдгээр хүүхдүүдийг Цагдаагийн байгууллагын хамгаалах байранд 72 цагаар байрлуулсан.  Тухайн нэг цэгийн үйлчилгээний төвд байх хугацаанд аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд мэдэгдэж, энэ хүүхдүүдийн асуудлыг тавьсан. Эхний хуралдаанаар эдгээр хүүхдүүдийг эмчид үзүүлэх шаардлагатай гэснээр, нэг цэгийн үйлчилгээний төвд байхад хүүхдүүдийг эмчийн үзлэгт хамруулсан. Эрүүл мэндийн үзлэгээр бол Х.А нь хамраас нь цус гарна, толгой өвдөнө. Х.Д нь сонсгол муу, чих, хамар, хоолойн эмчид үзүүлэх. Х.Т нь гүйцсэн булчирхайн архаг үрэвсэлтэй. Х.Д, Х.А нарыг эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд Х.А нь эмчид үзүүлэхээс татгалзсан болохоор үзлэг хийгээгүй тухай тайлбар гаргасан. Х.М хүүхдийг үл хайхарсан хүчирхийлэл үйлдсэн гэсний дагуу Зөрчлийн тухай хуулийн 6.2.7 дах заалтаар 300 нэгжээр торгож арга хэмжээ авч шийдвэрлэсэн байгаа. Үүний дараа хүүхдийн байгууллагад А.К гомдлыг бас мэдэгдсэн. Х.М хэчнээн Зөрчлийн тухай хуулиар торгуулсан ч үүний дараа А.К гэрт очиход хүүхдүүд нь хуучин шигээ байсан. Х.М нь хоол хүнсийг түгжээд явдаг, эцэг нь А.Х үргэлж архи уудаг зэрэг асуудлуудыг Хүүхдийн байгууллагын дарга П-д уламжилсан...” гэх мэдүүлгээр хариуцагч А.Х, Х.М нар эцэг, эхийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан үүргээ хэрэгжүүлдэггүй болох нь давхар нотлогдож байна.  

6) Х.А, Х.Т, Х.Т нар шүүхэд гаргасан саналдаа “...эцэг, эх маань бид хоёрт гар хүргэж зоддог... бид цаашид эгч А.К-ы  гэрт амьдрахыг хүсэж байна...”,

7) Нэхэмжлэл гаргагч А.К, түүний нөхөр А.Ж нарын шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...бид Х.А, Х.Т, Х.Т нарыг өөрсдийн асрамжид авч хүмүүжүүлэхийг үүгээр мэдэгдэж байна” гэсэн байна.

Иймд Гэр бүлийн  тухай хуулийн  27 дугаар зүйлийн  27.1-д заасан “Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно” гэж, мөн хуулийн  28 дугаар зүйлийн  28.2-д заасан “Шүүх нь эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүнээс хүүхдийг тэжээн тэтгэхэд шаардагдах тэтгэлгийг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

Дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Х.А, Х.Т, Х.Т нарын эцэг А.Х, эх Х.М нарын эцэг, эх байх эрхийг хуульд зааснаар 6 сар хязгаарлаж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ийг баримтлан Х.А, Х.Т, Х.Т нарын тус бүрийг эцэг А.Х, эх Х.М нараар тэжээн тэтгүүлэхээр тус тус  шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 28 дугаар  зүйлийн 28.3.-д “Эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан бол хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлнэ” гэж зааснаар  хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах  зорилгоор  эцэг, эх  хоёрын эрхийг хязгаарлаж байгаатай холбогдуулж эрх хязгаарласан хугацаанд хүүхдүүдийг тэднээс тусгаарлаж, Х.А, Х.Т, Х.Т нарын санал болон нэхэмжлэгч А.К, түүний нөхөр А.Ж нарын хүүхдүүдийг өөрсдийн асрамжид шилжүүлэн өгөхийг хүссэн хүсэлтийг тус тус үндэслэн хүүхдүүдийг асран хүмүүжүүлэхээр А.Кщ, А.Ж нарын асрамжид шилжүүлж, хараа  хяналт  тавихыг Баян-Өлгий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст хариуцуулах нь зүйтэй  гэж  үзлээ.

Нэхэмжлэгч А.К-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч нараас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 135 дугаар зүйлийн 135.2.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан А.Х, Х.М нарыг 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Х.А, 2008 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Х.Т, 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Х.Т эцэг, эх байх эрхийг 6 (зургаан) сарын хугацаагаар тус тус хязгаарласугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар эрх хязгаарласан хугацаанд охин Х.А, хүү Х.Т нарын тус бүрийг эцэг, эхээс тусгаарлаж, хүүхдүүдийг асран хүмүүжүүлэхээр хүсэлт гаргасан А.К, А.Ж нарын асрамжид шилжүүлэн, хүүхдүүдэд хараа хяналт тавихыг Баян-Өлгий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт (дарга Х.Пернегүлд) даалгасугай.  

3.Гэр бүлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т  тус тус зааснаар 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Х.А, 2008 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Х.Т, мөн 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Х.Т нарын тус бүрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж  эцэг А.Х, эх Х.М нараар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч А.К-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Х, Х.М нараас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.К-д  олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

6.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.МАНГИЛИК