| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2021/00311/И |
| Дугаар | 130/ШШ2021/00484 |
| Огноо | 2021-05-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 130/ШШ2021/00484
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 05 дугаар баг, Жылхышийн гудамж 1-119 тоот байрлах Баян-Өлгий аймгийн П газар (утас:7042-2231)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, “Л”ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, утас:95421122, РД:ТЕ62062709 Х.М-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн П газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П, хариуцагч Х.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: “Л” ХХК-аас 2016 онд эзэмшилд авсан 1500 м.кв газрын анхны үнийн дутуу төлөлт 6600000 төгрөгийг гаргуулан Төрийн аудитын газрын төрийн сан дахь 100020051005 тоот дансанд хийлгэх тухай.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн П газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Х.М 2016 онд Өлгий сумын Засаг даргын 193 дугаар захирамжаар 0,15га газрыг аялал жуулчлалын зориулалтаар авч 000322225 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна. Анхны үнээс 900000 төгрөгийг төлсөн ба харин үлдэгдэл 6600000 төгрөгийг төлөөгүй өдий хүрчээ. Энэ асуудлаар тус аймаг дахь Төрийн аудитын газраас 2019 онд шалгалт хийж нийт 26 иргэн, ААН-д холбогдох 234183500 төгрөгийн үнийн дүнтэй 2019-06-05 өдөр 10/100 дугаартай акт тавьсан байна. Уг актад нэр дурсан 26 иргэн, ААН-ээс 14 иргэн ААН төлбөрөө бүрэн барагдуулсан боловч үлдсэн 12 нь огт төлөөлгүй байна. Энэ талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021-01-26-ны өдрийн 53 тоот албан бичгийн хавсралтад жагсаалтаар тодорхой дурджээ. Нэгэнт газрыг өөрийн эзэмшилд авсан бол хуулийн дагуу анхны үнийг бүрэн төлөх нь иргэний үүрэг бөгөөд 14 иргэн уг үүргээ биелүүлж 5,6 саягаас 41 сая хүртэл өөрт оногдох төгрөгийг төлсөн байх тул үлдсэн 12 иргэн мөн адил өөрт оногдох хэмжээгээр төлж төрийг хохиролгүй болгох нь шударга ёсны зарчимд нийцэх юм. Иймд газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх тухай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын хүсэлт үндэслэлтэй бөгөөд төр хохирсон гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн дагуу төлбөрийг аймаг дахь Төрийн аудитын газрын төрийн сан дахь 100020051005 тоот дансанд хийлгэхээр шийдвэрлэж өгнө үү. Тус аймгийн П газар нь Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлд заасны дагуу нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж өөрийн санаачилгаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч “Л”ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1) Миний бие 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Л”ХХК-ийн нэрийн өмнөөс Өлгий сумын Засаг даргад “Газар эзэмшүүлэх тухай” 46 тоот дугаартай хүсэлт гаргаснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга (Ө.Хабай) 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 193 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс 1500м2 талбай газрыг “аялал жуулчлалын” чиглэлээр үйлчилгээ явуулах зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшсэн юм. Өлгий сумын засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 193 дугаартай захирамжаар “Л” ХХК-нд эзэмшүүлсэн 1500м2 талбайтай газрыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Газар эзэмшүүлэх гэрээ, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмшүүлэх эрхийн 000322225 дугаартай гэрчилгээний дагуу хууль ёсоор эзэмшиж байгаа бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан ”газрыг...гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэсэн заалт, хуулийн 31.3-д заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцахгүй байна” гэсэн хуулийн шаардлагуудыг бүрэн хангаж байна.2) “Л”ХХК-ны үйлчилгээний зориулалтаар эзэмшилд авсан 1500м2 газарт үл хөдлөх хөрөнгө байрлуулж, хашаа татаж, жимс жимсгэнийн суулгац тарьж тохижуулан зориулалтын дагуу ашиглаж байгаа бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар “газар эзэмших эрх хүчингүй болгох” үндэслэл тогтоогдохгүй байна. 3) Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний үнийг...аргачлалын дагуу тухайн шатны Засаг дарга тогтоон” гэж заасан байх тул Өлгий сумын Засаг даргын дэргэдэх Газрын харилцаа, хот байгуулалтын мэргэжилтэн нарын гэрчилгээний үнэ болгож төлөхийг шаардсан газрын анхны үнэ 900000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр холбогдох дансанд төлж барагдуулсан учраас дахин төлбөр, хураамж төлөх учиргүй гэж үзэж байна. 4) Төрийн аудитын газрын 2019.06.05-ны өдрийн “зөрчил арилгуулах тухай” 10/100 ҮАГ-НАГ 2019/07/НА албан шаардлага, Баян-Өлгий аймгийн П газрын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2/388 дугаартай нэхэмжлэлийг дараах байдлаар зөвшөөрөхгүй байна.
а) Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д зааснаар болон Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Журам шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 10 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтад заасан “газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын долоо дугаар бүлэгт заасан “дуудлага худалдаа явуулах зар, мэдээлэл” хийгдээгүй, ес дүгээр бүлэгт зааснаар дуудлага худалдаа явагдаагүй, дуудлага худалдааны анхны үнэ болон өсгөн хэлэх үнэ тогтоогдохгүй бүхэлдээ дуудлага худалдаа явагдаагүй учраас нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
б) “Л”ХХК-нд Өлгий сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 193 дугаартай захирамжаар “дуудлага худалдаа явуулах журмаар эзэмшүүлсэн” гэж маргавал “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа явуулах” журмын арван тавдугаар бүлгийн 15.1-д заасан тухайн маргааныг “дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг” анхан хянан шийдвэрлэх маргаан учраас шүүх харьяалан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарахгүй байгааг шүүх харьяалан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарахгүй байгааг шүүх анхаарахыг хүсэж байна.
в) Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-д “Газартай холбоотой эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан байх тул газар эзэмшүүлэх журам зөрчсөн талаарх маргаан нь шүүх хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн П газрын надаас 2016 онд эзэмшилд авсан 0.15га газрын анхны үнийн дутуу төлөлт 6600000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн П газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор М.П шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Баян-Өлгий аймгийн П газраас 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага бол “Л”ХХК-тай холбоотой, тус компани нь 2016 онд эзэмшиж авсан 0.15 га газрын анхны үнийн дутуу төлөлт 6600000 төгрөгийг гаргуулах талаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч “Л”ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.М Өлгий сумын Засаг даргын 193 дугаар захирамжаар 0.15 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар авч 000322225 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна. Анхны үнээс 900000 төгрөг төлсөн ба одоо үлдэгдэл 6600000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тухайн үед газрын анхны үнийг тооцоход нэг метр квадратыг 600 төгрөгөөр үнэлж “Л” компаниас газрын анхны үнэ 900000 төгрөгийг төлүүлсэн гэдэг нь үндэслэлгүй, Барилга хот байгуулалтын Сайдын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн аргачлал батлах тухай 234 дугаартай тушаалаар газрын анхны үнэ бодох итгэлцүүрээр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд үйлдвэрийн зориулалттай нэг метр квадрат газрын дуудлага худалдааны анхны үнэ 5000 төгрөг байсан. Үүнд болохоор худалдаа бүх төрлийн үйлчилгээ гээд орсон. Баян-Өлгий аймаг 2 бүсчлэлтэй, 1 ба 2 дугаар бүстэй. Тухайн үед “Л”компанид эзэмшүүлсэн газар Өлгий сумын 10 дугаарт багт байна. Хуучин онгоцны буудлын дээд талд байдаг тул 2 дугаар бүст хамаардаг гэдэг нь тодорхой дурдаж өгсөн байна. Уг итгэлцүүрийг яаж гаргасан гэвэл хүснэгт 2 дээр дурдаж өгснөөр 2 дугаарт бүс оршдог газрын 1 метр квадрат газрын 5000.0 төгрөгөөр тооцоход “Л” компанид эзэмшүүлсэн 0.15 га газрын анхны үнэ 7500000 төгрөг ба үүнээс 900000 төгрөгийг “Л” компани төлсөн. Одоо үлдэгдэл 6600000 төгрөгийн үлдэгдэл байна. Энэ асуудлаар тус аймгийн Төрийн аудитын газраас 2019 онд шалгалт хийж, нийт 26 иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох 236183500 төгрөгийн үнийн дүнтэй, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 10/100 дугаартай акт тавьсан. Уг актад нэр дурдагдсан 26 иргэн, аж ахуйн нэгжээс 14 иргэн төлбөрөө бүрэн барагдуулсан боловч үлдсэн 12 нь огт төлбөрөө төлөөгүй байна. Энэ талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын 2021 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 53 тоот албан бичгийн хавсралтад жагсаалтаар тодорхой дурджээ. Нэгэнт газрыг өөрийн эзэмшилд авсан бол хуулийн дагуу тухайн газрын анхны үнийг бүрэн төлөх нь иргэн, аж ахуйн нэгж бүрийн үүрэг бөгөөд өөрт оногдох хэмжээгээр төлбөрийг төлж төрийг хохиролгүй болох нь шударга ёсны зарчимд нийцнэ. Иймд “Л” ХХК-аас 1500 м.кв газрын анхны үнийн дутуу төлөлт 6600000 төгрөгийг гаргуулан Төрийн аудитын газрын төрийн сан дахь 100020051005 тоот дансанд хийлгэж өгнө үү гэв.
Хариуцагч “Л” ХХК-ний гүйцэтгэх захирал Х.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Л”ХХК-нд 2016 онд Өлгий сумын Засаг даргад хүсэлт гаргаж аялал жуулчлалын зориулалтаар 0,15 га газар олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Хүсэлт гаргахаас өмнө газрын байршил болон хаанаас олгогдох тухай Өлгий сумын газрын даамлаас тодруулж байсан. Тухайн үеийн хариуцаж байсан Өлгий сумын Ерөнхий архитектор Серикбай гэх хүн бидэнд газрын байршлыг танилцуулж, та нарт Өлгий сумын төвөөс газар олгох боломжгүй харин Өлгий сумын захад Өлгийн төвөөс 8 км зайтай, тог, ус байхгүй газарт газар олгох боломжтой гэхэд нь манайх тэр газарт ус, цахилгаанаа өөрсдөө холбож авна, тухайн газрыг авъя хэмээн хүсэлт гаргасан. Тухайн мэргэжилтний хэлснээр бид холбогдох тооцоог гаргаж гэрчилгээний үнэ болох 900000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 11 өдөр холбогдох дансанд төлж барагдуулсан. Бид нар 2016 онд хүсэлтээ гаргахад 2017 онд газар олгох тухай захирамж гаргаж шийдвэрлэсэн. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр танайх газрын төлбөрийг буруу төлсөн байна, энийг нэмж төлөхөөр байна гэдгийг Барилга, хот байгуулалтын газар мэдэгдсэн. Бид нарын зүгээс төлбөр нэмэгдсэн тухай журмыг мэдэхгүй учраас та нарын төл гэснээр төлбөр төлж гэрчилгээг авсан. Энэ газарт манай компаниас 40000000 төгрөгийг хөрөнгө оруулалт хийсэн, 150 гаруй төрлийн мод тарьсан, тог цахилгаан татсан, худаг гаргасан, ер нь хийх ёстой зүйлийн бүгдийг хийсэн. Анх та нарын төл гэсэн үнээр газрын анхны үнийг төлсөн болохоор бид энд буруугүй. Хэрвээ өнөөдрийн нэхэмжилж байгаа үнэтэй гэдгийг тухайн үед мэдсэн бол бид нар тухайн үед уг газрыг авахгүй байсан. Бид нар 900000 төгрөгийн үнэтэй тухайн газрыг авахад эрх бүхий албан тушаалтан нарын заавар, зөвлөгөөний дагуу мөнгийг тушаасан. Иймд энэхүү төлбөрийг төлөх боломжгүй гэдгээ хариуцагч талын зүгээс шууд хэлсэн. Нэгэнт гэрээ байгуулсан, гэрчилгээг 30 жилийн хугацаатай аялал жуулчлалын бүс болгоно гэж авсан боловч, аялал жуулчлалаар хийх боломжтой газар учраас сүүлд нь 2019 онд газрын албад мод тарих, зүлэгжүүлэх зориулалтаар ашиглаж байгаа учраас газрын зориулалтыг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтээ гаргасны дараа Газрын албаны зүгээс танайх дутуу төлсөн төлбөр 6600000 төгрөгөө төлбөл энэхүү газрын гэрчилгээг өөрчилж өгье гэж санал тавьсан бид зөвшөөрөөлгүй. Нэхэмжлэгч тал Төрийн аудит шалгасны дараа бид нарт шууд мэдэгдсэн гэж байгаа нь худлаа. Аудитын шалгалт хийгдсэний дараа жилийн дараа энэ газрыг ойжуулах төсөлд хамруулж өгөөч гэсэн хүсэлтийг манай талаас гаргасан. Тэр үед бид нарт тийм төлбөр байна гэдгийг хэлж, тэр төлбөрийг төлсөн тохиолдолд газрын зориулалтыг нь өөрчилж өгнө гэж байсан. Мөн бид нарт үлдэгдэл төлбөрийг төлүүлэх тухай мэдэгдсэн ямар нэгэн нотлох баримт байхгүй. Хуулийн дагуу төлөх ёстой гэж прокурор тайлбарлаж байна. Бид нар хууль судлаач биш учраас энэхүү хуулийн дагуу гэдгийг бид нар ойлгохгүй байна. Анхны үнийг бид нарт хуулийн дагуу л гэж төлүүлж авсан. Анх авахад бүх зүйл хуулийн дагуу гэж хийчихэд 5 жилийн дараа энэ чинь хуулийн дагуу биш байна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Л ХХК-нд ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй, газрын холбогдох албан тушаалтны төл гэсэн газрын анхны үнэ 900000 төгрөгийг төлж газар эзэмших гэрчилгээ бусад материалаа хуулийн дагуу бүрдүүлж авсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Баян-Өлгий аймгийн П газар нь Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлд заасны дагуу Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцож, “Л”ХХК-нд холбогдуулан газрын үнээс дутуу төлсөн 6600000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч “Л” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.М нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ газрын анхны үнэ 900000 төгрөгийг төлсөн бөгөөд тухайн үед газрын үнэ 6600000 төгрөг гэсэн бол уг газрыг авахгүй байсан. Одоо уг газарт бүтээн байгуулалт хийсэн тул буцаах боломжгүй мөн гэрээ байгуулсан өдрөөс гэрээний үүргийг шаардах хугацаа болох гурван жил өнгөрсөн. Тухайн үед газрын үнийг буруу тооцсон албан тушаалтны буруу болохоос бидний буруутай үйл ажиллагаа биш тул нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй гэж маргажээ.
Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээ.
Газрын тухай хуулийн 32, 33, 44 дүгээр зүйлд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших, ашиглах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргасны дагуу тухайн шатны Засаг дарга газар ашиглуулах шийдвэр гаргаж, уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгоно гэж заасан байна.
Иймээс хариуцагч “Л” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.М 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 46 тоот “Газар олгож өгөхийг хүсэх тухай” албан бичгээр тус компанид гадаад дотоод жуулчдыг байлгах, ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан амралтын газар барихад зориулан аймгийн онгоцны буудлын ойролцоо Хуст арлын орчим 1000 м.кв газар олгож өгнө үү гэж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад хандсан байна.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №193 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс батлагдсан схем зургийн дагуу 1500 м.кв газрыг 266117 регистртэй, 211004056 улсын бүртгэлийн дугаартай “Л” ХХК-нд...тус тус аялал жуулчлалын чиглэлээр үйлчилгээ явуулах зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газрын холбогдох бичиг баримтыг бүрдүүлж газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, ашиглалтын явцад хяналт тавьж ажиллахыг газрын даамал Т.З, Б.А нарт даалгасан байна.
Хариуцагч “Л”ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.М Баян-Өлгий аймгийн Өлгий сумын газрын даамалд “Газар эзэмших, ашиглахыг хүссэн хуулийн этгээд”-ийн маягтын дагуу өргөдөл гарган, хариуцагч “Л”ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр газрын анхны үнэ 900000 төгрөг, мөн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр газрын төлбөрт 10000 төгрөг тус тус төлсөн болох нь Төрийн банкны “Мөнгөн шилжүүлэг”-ийн баримтаар тус тус нотлогдож байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу хариуцагч “Л”ХХК-нд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 193 дугаартай захирамжийг үндэслэн нэгж талбарын 031309613 дугаар бүхий 1500 (0,15) м2 (га) газрыг 30 жилийн хугацаатай 10 дугаар баг, Харасайд аялал жуулчлалын чиглэлээр үйлчилгээ явуулахаар эзэмшүүлэн, дугаар 00322225 “Аж ахуйн нэгж, байгууллагын газар, эзэмших эрхийн гэрчилгээ”-г 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өлгий сумын газрын даамал Б.А олгож, мөн өдөр хариуцагч “Л”ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.М, Өлгий сумын газрын даамал Б.А нар “Иргэн хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан байна.
Эдгээр нотлох баримтуудаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчиж Өлгий сумын Засаг дарга газрыг дуудлага худалдаа явуулахгүйгээр хариуцагч “Л”ХХК-нд 1500 м.кв газрыг анхны үнээр эзэмшүүлсэн нь нотлогдож байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 11-ийн 11.2, 11.3 дахь заалтууд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 234 дүгээр тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-ыг зөрчиж 1500м.кв газрыг анхны үнийг 900000 төгрөг гэж буруу тооцсон нь Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №10/100 НАГ-2019/07/НА дугаартай “Зөрчил зөрчил арилгуулах тухай” албан шаардлага, 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн аудитор Р.Б-гийн аймгийн П газарт хүргүүлсэн тайлбараар тус тус давхар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч “Л”ХХК-нд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 193 дугаартай захирамжийг үндэслэн нэгж талбарын 031309613 дугаар бүхий 1500 (0,15) м2 (га) газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхдээ газрын анхны үнийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 234 дүгээр тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалыг баримтлаагүйгээс 6600000 төгрөгийн үнийг дутуу төлсөн байна.
Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 193 дугаартай захирамжийг олгосон 500 м.кв газрын анхны үнийн дутуу төлөлт 6600000 төгрөгийг хариуцагч “Л”ХХК-аас гаргуулахыг хүссэн нэхэмжлэл нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх зургаан жилийн хугацаа өнгөрөөгүй байна.
Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 175 тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал” хүчингүй болсон байхад энэхүү аргачлалаар газрын даамал 1500 м.кв-ын газрын анхны үнийг 1м.кв-ыг 600 төгрөгөөр тооцож 900000 төгрөг төл гэснээр газрын үнийг бүрэн төлсөн гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй ба Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Хариуцагч “Л”ХХК-нд 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Өлгий сумын 10 дугаар баг, Харасайд аялал жуулчлалын чиглэлээр үйлчилгээ явуулахаар эзэмшүүлэн 1500 м2 (0,15 га) газрын анхны үнийг тодорхойлбол:
а/ Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №234 дүгээр тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-ын 1.3, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 234 дүгээр тушаалын хавсралт “Газар эзэмших, ашиглах, эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-ын хүснэгт 2-ын “ХАА-аас бусад үйлдвэрлэл” гэсний 2-р бүсэд харгалзах итгэлцүүр “1” гэсэн итгэлцүүрийг сонгож, Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сум нь аймгийн зэрэглэлтэй хотод хамаарах бөгөөд түүнд харгалзах 1 м.кв газрын суурь үнэлгээ нь 5000.0 төгрөг болно.
б/1500 м.кв газрын анхны үнэ нь: 5000 төг/м2 х 1500 м.кв = 7500000 төгрөг болж байна. Үүнээс хариуцагч “Л” ХХК-ны тухайн үед төлсөн 900000 төгрөгийг хасаж тооцоход 6600000 төгрөгийг газрын анхны үнээс дутуу төлсөн байна.
Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №74 дугаартай “Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоол нь энэ хэрэгт хамраалгүй болно.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Л”ХХК-аас 2016 онд эзэмшилд авсан 1500 м.кв газрын анхны үнийн дутуу төлөлт 6600000 төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын төрийн сан дахь 100020051005 тоот дансанд оруулж, нэхэмжлэгч байгууллага нь төсвийн байгууллага учир улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагад оногдох улсын тэмдэгтийн хураамж 120550 төгрөгийг хариуцагч “Л” ХХК-аас гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2-г баримтлан хариуцагч “Л” ХХК (гүйцэтгэх захирал Х.М)-аас 2016 онд эзэмшилд авсан 1500 м.кв газрын анхны үнийн дутуу төлөлт 6600000 (зургаан сая зургаан мянга) төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын төрийн сан дахь 100020051005 тоот дансанд оруулсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “Л” ХХК-аас 120550 (нэг зуун хорин мянга таван зуун тавин) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК