| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0150/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/152 |
| Огноо | 2024-06-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/152
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
орчуулагч, хэлмэрч А.А,
улсын яллагч Д.А,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,
шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Т ургийн овогтой Хын Ад холбогдох 2413001520209 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 18 настай, эмэгтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ... дүгээр багт оршин суудаг хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Тургийн овогтой Хын А, регистрийн дугаар ....
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А нь 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн 2 давхрын 209 тоот өрөөнд байсан хохирогч С.Мгийн цүнхнээс түүний эзэмшлийн “Самсунг Галакси А15” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч, хохирогч С.Мд 500000 төгрөгийн хохирол учруулан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар
1. Шүүгдэгч Х.А нь 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн 2 давхрын 209 тоот өрөөнд байсан хохирогч С.Мгийн цүнхнээс түүний эзэмшлийн 500000 төгрөгийн үнэтэй “Самсунг Галакси А15” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 500000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 21-24 дэх тал), эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, (хавтаст хэргийн 28-29 дэх тал), Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээчний 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн БӨА-240125 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 35-39 дэх тал), хохирогч С.М, насан хүрээгүй гэрч Е.А, гэрч С.Е нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 10, 15, 18-19 дэх тал), яллагдагч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх шинжийг бүрэн агуулжээ.
4. Шүүгдэгч Х.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
5. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Мд 500000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид гар утсыг биет байдлаар хүлээлгэж өгсөн, мөн иргэн С.Еркегүлд учирсан 300000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Ийм шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 44 дэх тал)
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
1. Прокурорын санал болгож, шүүгдэгч Х.Агийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Иймд шүүгдэгч Х.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилж мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч Х.Ад сануулах нь зүйтэй.
4. Шүүгдэгч Х.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
5. 2413001520209 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ургийн овгийн Хайрымын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Х.Ад тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх албадлагын арга хэмжээ авсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч Х.Ад сануулсугай.
5. Шүүгдэгч Х.А нь энэ хэргийн учир баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. 2413001520209 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй шүүгдэгч Х.А нь хохирогч С.Мд учруулсан хохирлыг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б