Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 0056

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Ц.М

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолтой Ц.О-д холбогдох эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Т овогт Ц-н О.

 

Шүүгдэгч Ц.О нь 2020 оны 02 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Тамир” зочид буудлын гадаа Д.Б-тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Т овогт Ц-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Ц.Оэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сард 75.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Оэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Ц.И эсэргүүцэлдээ:

 

“ ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Тамир” зочид буудлын хяналтын камерын бичлэгээс хэрэгт ач холбогдох бүхий дүрс бичлэгийг хуулбарлан авч эд мөрийн баримтаар хураан авсан байдаг ба анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эд мөрийн баримтгүй гэж дүгнэлт хийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Шүүгдэгч Ц.О-д холбогдох хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буюу  “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэх заалтыг удирдлага болгосон нь буруу байх ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        

Давж заалдах шатны шүүх Ц.Од холбогдох эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Ц.Оийг 2020 оны 02 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Тамир” зочид буудлын гадаа Д.Б-тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, зөрчсөн, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй гэж дүгнэж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг шийдвэрлэлгүй орхигдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг зөрчсөн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарна.

 

Мөн анхан шатны шүүх хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд удирдлага болгох зүйл заалтыг шийтгэх тогтоолын удирдлага болгох хэсэгт баримталсан нь буруу байна.

 

Иймд дээд шатны прокурорын “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй ... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн дээрх алдааг зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй” гэснийг “эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж“ гэж өөрчилж, шийтгэх тогтоолын удирдлага болгох хэсгийн “17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” гэснийг хасч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй” гэснийг “эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             М.ХҮРЭЛБААТАР

                                                                                           С.УРАНЧИМЭГ