Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 00103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Хохирогч Б.Гэрэлмаа,

Шүүгдэгч Т.Нямдаваа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн Туяагийн Нямдаваад холбогдох эрүүгийн 201722000176 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Бэсүд овогт Туяагийн Нямдаваа, 1978 оны 11 дүгээр сарын 01-нд Хєвсгєл аймгийн Тосонцэнгэл суманд төрсєн, 39 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгїй, эрхэлсэн тодорхой ажилгїй, ам бїл 5, эхнэр, 3 хїїхдийн хамт Хєвсгєл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 23-20 тоотод оршин суух, гавъяа шагналгїй, ял шийтгэлгүй, бие эрїїл, ухаан бїрэн, хэрэг хариуцах чадвартай, /Регистрийн дугаартай РК78110113 /,

 Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/

Шүүгдэгч Т.Нямдаваа нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Б.Гэрэлмаатай маргалдсаны улмаас түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Нямдаваа нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Б.Гэрэлмаатай маргалдсаны улмаас түүнийг зодож дух, зүүн зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь: 

Шүүгдэгч Т.Нямдаваагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ... Манай эхнэр орж ирээд над руу гутлаар шидээд уурлаад байсан юм. Тэгсэн би босч ирээд уур хүрээд ширээгээ өшиглөөд зурагт руу юм шидээд байсан. Тэгээд л сайн санахгүй байгаа юм. Тухайн үед эхнэр болиоч юм эвдлээд байна гээд надтай зууралдахаар нь би барьж үснээс нь зулгаагаад дараад унагаачихсан. Тэгсэн намайг хөмсөг орчмоос хазаад байхаар нь тавьчихсан юм. Тэгээд данх аваад газар руу савах гэтэл эхнэр яг урдуур орж ирээд цохиулчихсан юм. Тэгээд эхнэр газарт хэвтээд босохгүй байхаар нь өргөөд сэгсэрсэн чинь босоод гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Хохирогч Б.Гэрэлмаагийн хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн:  ...намайг барьж аваад үснээс зулгаагааж зодоод дээрээс дэвсээд байсан. Тухайн үед манай охин аав болиоч ээ ээжийг аллаа шүү дээ гээд орилоод байсан. Би охиныгоо цагдаа дуудаарай гэсэн тэгээд би ариа хийж хазаж самардаж байгаад босоод зогсож байтал дархтай цайгаар намайг тархин дундуур цохиод авсан. Тэгээд би ухаан балартаад хэсэг муужирсан байсан. Би дуугарах гэсэн чинь дуугарч чадахаа байсан...тэгээд би гутлаа өмсөөд гараад зугтаасан. Нэг мэдсэн цагдаагийн үүдэн дээр ирчихсэн байсан... Одоо нэлээд цаг хугацаа өнгөрсөн Т.Нямдаваа гэмшиж байгаа тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв. /хх-ийн 09-11-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн

183 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Батхүүгийн Гэрэлмаагийн биед гэмтэл тогтоогдлоо. Батхүүгийн Гэрэлмаагийн биед дух, зүүн зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Нямдаваад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчид 1 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулах саналыг шүүхэд ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Б.Гэрэлмаа нь шүүгдэгч Т.Нямдаваатай сайн дураараа эвлэрч, улсын яллагчаас хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Нямдаваа нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Нямдаваа нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцлоо.

 Эрүүгийн 2017220000176 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Шүүгдэгч Бэсүд овогт Туяагийн Нямдавааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Т.Нямдаваад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.  Эрүүгийн 201722000176 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус, тус дурьдсугай.

4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

5.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Нямдаваад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.НЯМСҮРЭН