Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/150

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ө.Бк даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бк,

улсын яллагч Д.А,

орчуулагч, хэлмэрч А.А,

хохирогч Ж.Е,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,

шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Су ургийн овогтой Тны Нэд холбогдох 2413000000197 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дүгээр багийн .. дүгээр гудамжны ....тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, С ургийн овогтой Тны Н, регистрийн дугаар ...

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Н нь бодит байдлыг нууж, өөрийн өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн 6 дугаар гудамжны 605 тоотод байрлах хашаа байшинг 2000000 төгрөгөөс 3000000 төгрөгийн барьцаанд байгаа хэмээн хохирогч Ж.Еыг хуурч, улмаар тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдахаар тохиролцож, 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зээл чөлөөлнө хэмээн 7000000 төгрөгийг урьдчилгааг Хаан банкны 5197051453 тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч, хохирогчид 7000000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нараас өгсөн мэдүүлэг,

1.1. Хохирогч Ж.Е мэдүүлэхдээ: “...Бид хөрш айлын хүмүүс байгаа. Хөдөөгөөс ээж маань нүүж ирээд байшин худалдаж авна гэж байсан. Мөн мөн шүүгдэгч нь тухайн үед хашаа, байшингаа зарна гэж байхаар нь ээждээ авч өгье гэж ярилцсан. Шүүгдэгч надад хашаа, байшингаа 17,000,000 төгрөгөөр худалдана гэж хэлсэн. Баяннуур суманд байхад “хашаа байшинг авбал аваарай. Одоо яаралтай 7,000,000 төгрөг хэрэг болоод байна. Надад 7,000,000 төгрөг шилжүүлбэл та ирсний дараа хашаа, байшинг таны нэр дээр шилжүүлэх болно. Байшин маань 2 сая төгрөгийн зээлийн барьцаанд байгаа. Та ирсний дараа үлдсэн 10,000,000 төгрөгөөс 2 сая төгрөгийг төлж зээлийн барьцаанаас гаргах болно” гэж хэлсэн. Хөрш айлын хүмүүс болохоор шүүгдэгчид итгэж, 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Баяннуураас ирсний дараа байшинг нэр дээрээ шилжүүлж авъя гэж хэлэхэд найзуудтайгаа загасанд явах гэж байна зэргээр олон шалтгаан хэлсэн. Дараа нь дугаарыг маань блок хийж, надаас зугтаж байсан. Мөнгөө шилжүүлээд 3 сар болж байна. Ээж маань одоо хүртэл байшин худалдаж авч чадаагүй байна. Шүүгдэгчид “зээлийн барьцаа болох 19,600,000 төгрөгийг 7,000,000 төгрөгийг чи төлчих, үлдсэн 10,000,000 төгрөгийг нь би төлье. Харин чи 2,600,000 төгрөгийг нь ажил хийгээд өөрөө төлж өгөөрэй” гэж хэлэхэд үг авдаггүй, мөнгийг маань өгдөггүй байсан болохоор нь хууль, хяналтын байгууллагад хандсан гэв.

1.2. Шүүгдэгч Т.Н мэдүүлэхдээ: “...Байшингаа зээлээс чөлөөлж, өөрөө байшин барья гэж бодсон. Тэгж байхад эхнэр маань гэнэт өвдсөн тул эмчилгээнд нь зарцуулсан. Эхнэр бид хоёр гэр бүл болоод 7 жил болсон. Үүнээс хойш эхнэр маань хүүхэд тээж чадахгүй байсаар энэ жил бид хүүхэдтэй болсон” гэв.

2. 2413000000197 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Хохирогч Ж.Еы цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (хавтаст хэргийн 3 дахь тал),

2.2. ХААН банканд байрших хохирогч Ж.Еы эзэмшлийн 5183208414 тоот дансны хуулга (хавтаст хэргийн 4 дэх тал),

2.3. Хохирогч Ж.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Баяннуур сумаас аймаг руу “Истана” загварын тээврийн хэрэгслээр таксинд явдаг юм. Би хашаа байшин худалдаж авах зорилготой байсан ба 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хуучин хөрш болох Т.Н нь “хашаа байшингаа зарна гэрчилгээ нь 2-3 сая төгрөгийн зээлийн барьцаанд байгаа та надад урьдчилгаа 7,000,000 төгрөг өгчих тэгээд би таныг авахаар гэрчилгээг нь нэр дээр чинь шилжүүлээд өгье” гэж ярьсан. Би тухайн үед Баяннуур суманд явж байсан бөгөөд итгээд өөрийн Хаан банкны 5183208414 тоот данснаас түүний явуулсан данс болох ээж Т.Гийн 5197051453 тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд байшингаа авъя гэхээр тэрээр хөдөө явж байна, ээж өвдөөд байна гэх мэтээр надтай уулзахгүй өдий хүрсэн, сүүлдээ утсаа ч авахгүй байна. Түүний хашаа байшин 18000000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа гэдгийг мэдсэн. Одоо түүнээс нэг бол үлдсэн 10000000 төгрөгөө өгөөд хашаа байшингаа авмаар байна. Эсхүл надаас авсан 7000000 төгрөгийг нь буцааж авч өгөхийг хүсэж байна. Хуучин хөрш байсан болохоор итгээд мөнгийг нь шилжүүлсэн. Намайг хуурч, мэхэлж байгаа болохоор цагдаад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

2.4. Гэрч Х.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “....Хүү маань зээлийн төлөлт хийх хэрэгтэй болоод хүнээс мөнгө зээлж авч байна” гэж надад хэлсэн. Чухам хэнээс хэдэн төгрөг зээлж авч байгаагаа надад тодорхой хэлээгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал),

2.5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 130/Ш32023/03658 дугаартай захирамж (хавтаст хэргийн 46 дахь тал),

2.6. Яллагдагч Т.Нийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “....Миний бие Өлгий сумын 6 дугаар баг 6 дугаар гудамжны 605 тоотод эхнэр ээж, хүүхдийн хамт амьдардаг юм. Эхнэр бид хоёр гэрлээд олон жил болсон бөгөөд хүүхэдтэй болж чадахгүй олон жил болж эхнэр маань эмчилгээ хийлгээд өнгөрсөн жил хүүхэдтэй болсон юм. Тэгээд эхнэрээ эмчлүүлэхийн тул мөнгө олох хэрэгтэй учраас хашаа байшингаа зарах гэсэн боловч бэлэн мөнгөтэй хүн байхгүй байсан тул Транскапитал ББСБ-д барьцаанд тавьж 12.000.000 төгрөгийн зээл авч, эмчилгээ хийлгэсэн. Уг мөнгийг төлж чадахгүй явсаар байгаад 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 483 дугаартай эвлэрлийн гэрээ хийсэн бөгөөд тухайн гэрээнд дээрх мөнгө болон түүний хүү нийт 19,521,060 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлж барагдуулахаар тохирсон. Тэгээд дээрх зээлийг хаахгүй бол болохгүй юм байна гэж бодоод зар тавьсан. Тэр үед Е надтай холбогдож ярихаар нь “зарна урьдчилгаа 7.000.000 төгрөг өгчих” гээд ээж Гүйн дансаар авч, мөнгийг нь би өөрөө хувьдаа авч ашигласан. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал)

2.7. Иргэн Х.Гшийн эзэмшлийн Хаан банкны 5197051453 тоот дансны дэлгэрэнгүй хуулга  (хавтаст хэргийн 47-50 дахь тал)

2.8. Транскапитал ББСБ-ын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 51-53 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.9. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримт хэрэгт цугларсан байна.

-Иргэний оршин суугаа газрын  хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 20-22 дахь тал),

-Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа, зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүний тодорхойлолт  (хавтаст хэргийн 24 дэх тал),

-Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа  (хавтаст хэргийн 29 дэх тал),

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.10. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1.  Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

- Хохирогч Ж.Еы цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (хавтаст хэргийн 3 дахь тал),

- ХААН банканд байрших хохирогч Ж.Еы эзэмшлийн 5183208414 тоот дансны хуулга (хавтаст хэргийн 4 дэх тал),

- Хохирогч Ж.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хуучин хөрш болох Т.Н нь “хашаа байшингаа зарна гэрчилгээ нь 2-3 сая төгрөгийн зээлийн барьцаанд байгаа та надад урьдчилгаа 7,000,000 төгрөг өгчих тэгээд би таныг авахаар гэрчилгээг нь нэр дээр чинь шилжүүлээд өгье” гэж ярьсан. Би тухайн үед Баяннуур суманд явж байсан бөгөөд итгээд өөрийн Хаан банкны 5183208414 тоот данснаас түүний явуулсан данс болох ээж Т.Гийн 5197051453 тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд байшингаа авъя гэхээр тэрээр хөдөө явж байна, ээж өвдөөд байна гэх мэтээр надтай уулзахгүй өдий хүрсэн, сүүлдээ утсаа ч авахгүй байна....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

- Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 130/Ш32023/03658 дугаартай захирамж (хавтаст хэргийн 46 дахь тал),

-Яллагдагч Т.Нийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Тэр үед Е надтай холбогдож ярихаар нь “зарна, урьдчилгаа 7000000 төгрөг өгчих” гээд ээж Гийн дансаар авч, мөнгийг нь би өөрөө хувьдаа авч ашигласан. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал),

-Иргэн Х.Гийн эзэмшлийн Хаан банкны 5197051453 тоот дансны дэлгэрэнгүй хуулга  (хавтаст хэргийн 47-50 дахь тал),

-Транскапитал ББСБ-ын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 51-53 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Н нь өөрийн өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн 6 дугаар гудамжны 605 тоотод байрлах хашаа байшинг 19521060 төгрөгийн зээлийн барьцаанд байсан бодит байдлыг нууж, 2000000-3000000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа хэмээн хөрш буюу хохирогч Ж.Еыг хуурч, улмаар тухайн үл хөдлөх хөрөнгийг 18000000 төгрөгөөр худалдахаар хохирогчтой тохиролцож, 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зээл чөлөөлнө, урьдчилгаа өгч гэж 7000000 төгрөгийг ээж Х.Гйн Хаан банкны 5197051453 тоот дансаар дамжуулан шилжүүлэн авч, хохирогчид 7000000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт эргэлзээгүй тогтоогдож байна.

3.2. Шүүгдэгч Т.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлж, түүний өмгөөлөгчөөс “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

3.3. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1  Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч Т.Нийн өөрийн өмчлөлийн хашаа байшинг зээлийн барьцаанд байсан бодит байдлыг хохирогч Ж.Еаас нууж, тухайн хашаа байшинг худалдахаар тохиролцож, зээл чөлөөлнө хэмээн 7000000 төгрөгийн урьдчилгааг ээжийнхээ дансаар дамжуулан шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд  халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн  шинжийг агуулсан,  нийгэм аюултай үйлдэл юм.

4.2. Залилах гэмт хэрэг нь бодит байдлыг нуух, гуйвуулах, хуурч, мэхлэх замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө, эд хөрөнгө эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг шилжүүлэн авдаг, хохирогч нь бусдад итгэж сайн дураараа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээ шилжүүлдэг онцлогтой.

4.3. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Т.Н нь өөрийн өмчлөлийн хашаа байшин нь Транскапитал ББСБ-д 19521060 төгрөгийн  зээлийн барьцаанд байсан бодит байдлыг хохирогч Ж.Еаас нууж, 2000000-300000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа гэж хохирогчийг төөрөгдөлд оруулж, зээл төлөх мөнгө авахын тулд тухайн хашаа байшинг 18000000 төгрөгөөр худалдахаар хохирогчтой тохиролцсон мэтээр хууран мэхэлж, урьдчилгаа нэртэйгээр  7000000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг Хаан банкин дахь ээжийнхээ эзэмшлийн дансаар дамжуулан шилжүүлэн авч  залилсан буюу бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна.

4.4. Шүүгдэгч Т.Н нь хохирогч Ж.Ед 7000000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, түүний үйлдсэн гэмт хэрэг нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

4.5. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, бусдыг хуурч мэхлэн хохирол учруулсан учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.6. Иймд шүүгдэгч Т.Нийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.7. Шүүгдэгчийн амар, хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, зорилго, иргэдийн итгэмтгий, анхаарал болгоомжгүй байдал зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна. 

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Шүүгдэгч Т.Нийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ед 7000000 төгрөгийн хохирол учирсан байна.

5.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг баримтлан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж үзэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нээс  7000000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Ед олгож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Т.Нийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмыг баримтлан, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Т.Нийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлгүй ” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Т.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ажил хийж хохирлыг төлж өгөх болно, улсын яллагчийн санал болгосон торгох ялыг оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан байна.

2.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Н нь хувийн байдлын хувьд 36 настай, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг, урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогджээ. (хавтаст хэргийн 20-34 дэх тал),

2.5. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд бусдыг залилсан үйлдлийг  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй ба анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд нь хамруулан үзэж,  Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

2.6. Шүүгдэгч Т.Нийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийнэ гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож, 800 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  шүүгдэгчийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг харгалзан мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

2.7. Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.Нэд сануулах нь зүйтэй.

Гурав: Бусад асуудлын талаар

3.1. Шүүгдэгч Т.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн эд, зүйлгүй болохыг тус тус дурдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сургийн овгийн Тиы Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Т.Нийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нэд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Т.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нээс 7000000 (долоон сая) төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Ед олгосугай.

6. 2413000000197 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд, зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ө.Б