Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2021/01283

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ...тоотод байрлах, НТ нөхөрлөл,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ...тоот хаягт байрлах, ХХҮ ,

 

Гэрээний үүрэгт 19.941.991 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч НС нөхөрлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХҮ-ээс 2016 оны 05 сард "Тохилог гудамж, амьдрах орчин" хөтөлбөр зарлан иргэдийг дэмжих төслийн хүрээнд уг хөтөлбөрийг Төрийн бус байгууллага, нөхөрлөл, иргэдийн бүлгийн дунд зарласан. Хөтөлбөрийн хүрээнд "НС" нөхөрлөлийн 19,941,991 төгрөгийн үнийн саналаар шалгарч, Чингэлтэй дүүргийн ...гудамжинд тохижилтын ажил хийсэн.

Гэрээ, хэлцэл байгуулахад захиалагч тал ХХҮ-ийн дарга Л.Б, нөгөө тал буюу гүйцэтгэгчээр нь НС нөхөрлөлийн ахлагч А.А оролцож, 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу бид Чингэлтэй дүүргийн ...нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах ажилд тус хорооны ажилгүй иргэдийг авч ажиллуулан,

ХХҮ-ийн мэргэжилтнүүдийн удирдлага заавар, хяналт шалгалтын дор ажилласан.

Хамтран ажиллах гэрээнд ажлын явцын дунд 30 хувь, хоёр дахь санхүүжилт 50 хувь, ажил дуусгавар болоход ажлыг зохих журмын дагуу хүлээн авснаар үлдэгдэл 20 хувийг төлөхөөр гэрээнд тусгасан боловч, огт санхүүжилт олгогдоогүй.

Бид гэрээт ажлыг хийж дуусгахын тулд төсөв шаардлагатай байгааг хэлэхэд "Та нар ажлаа хийж бай, санхүүжилт олгогдоно" гэсэн. Бид ажлаа дуусгахын тулд өөрсдөө төсөв бүрдүүлэн, шаардлагатай тоног төхөөрөмж, ажиллаж буй хүмүүсийн хоол унд зэрэг бүх зардлыг бусдаас зээлээр авах, зарим нэг нь өөрийн авто машинаа хүртэл зарж борлуулж, эхэлсэн ажлаа дуусгасан.

Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж,ажлын хөлс,мөнгөө авахаар хөөцөлдсөн боловч өнөө маргаашгүй өгнө гэж хойшлуулсаар ,дарга мэргэжилтнүүд нь солигдсон. Тухайн жил УИХ-ын сонгууль болж байсан.

Гэтэл шинээр томилогдсон албан тушаалтнууд нь бидний үед хийгдээгүй учраас төсөв мөнгийг нь шийдэх боломжгүй ХХҮЕГ-т ханд гэсний дагуу бид тус газарт хандсан.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт 2018 оны 04 сарын 02-ны өдөр хандаж, гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс, төлбөр тооцооны асуудлыг шийдэж өгөхийг хүссэн. ХХҮЕГ-аас бидний хүсэлтийн хариуг 2019 оны 03 сарын 14-ний өдөр өгч, ХХҮ уг асуудлыг шийдэхийг мэдэгдсэн.

ХХҮ энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй тухай бидэнд амаар мэдэгдсэн.

Бид гэрээний дагуу ажлаа гүйцэтгэхийн тулд бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж, гэрээт ажлыг дуусгасаар байтал бидний ажлын хөлс, оруулсан хөрөнгө оруулалтын мөнгийг ч өгөхгүй өдий хохироогоод байна.

Иймд "НС" нөхөрлөлийн гүйцэтгэсэн ажлын хөлс 19.941.991 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ХХҮ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Э.Д нар хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НС нөхөрлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан туршилтын хөтөлбөр хэрэгжүүлсэн, үнийн санал оруулсан гэх зүйлүүд нь нотлох баримтаар яригдах байх...

Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/226 дугаар тушаалаар Тохилог гудамж, амьдрах орчин туршилтын хөтөлбөр батлагдсан

Уг туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ХХҮ нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан. Оролцох сонирхолтой бүх хүмүүсээс үнийн санал авч нээлттэй сонгон шалгаруулалтаар төслийг хэрэгжүүлсэн.

НС нөхөрлөл нь Тохилог гудамж, амьдрах орчин хөтөлбөрт оролцон, шалгарч, Чингэлтэй дүүргийн ...хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах ажлыг гүйцэтгэсэн гэх боловч, уг төсөлд Эко хөдөлмөр ажлын байр сургалтын төв шалгарч, улмаар ажлыг гүйцэтгэн ажлын үр дүнг хүлээлцсэн баримтыг шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэн, хэрэгт авагдсан байгаа.

НС нөхөрлөл Чингэлтэй дүүргийн ...хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах ажлыг гүйцэтгэсэн гэх боловч, энэ талаарх баримтгүй, туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх боловч уг гэрээний он, сар, өдөр засвартай, гэрээ нь манайд эх хувиараа байхгүй байна.

Мөн ЧДЗДТГ-ын архиваас ч шүүлгэхэд холбогдох баримт гарч ирээгүй .

Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоол, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/90 дугаар тушаал, Нийслэлийн засаг даргын 2016 оны А/653 дугаар захирамжийн дагуу Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нийлүүлэн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс болсон.

Ингэж нэгтгэх үед холбогдох баримтууд төрийн архивд хадгалагдах бөгөөд НС нөхөрлөлтэй холбоотой ямар ч баримт архивд байхгүй байна.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаад байгаа гэрээний хуулбар ч архивд байхгүй байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч НС /ЗГБХН/ нөхөрлөл нь хариуцагч ХХҮ-т холбогдуулан гэрээний үүрэгт 19.941.991 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дугаар Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн орон тооны хязгаарыг тогтоон, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталжээ. /х.х-ийн 145-153 тал/

Дээрх тогтоолыг хэрэгжүүлэхээр Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Сайдын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/89, А/90 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг Даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/653 дугаар захирамж тус тус гарч, ... дүүргүүдийн Засаг дарга нарын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нийлүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчилсөн байна. /х.х-ийн 146 -147 тал /

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

Нэхэмжлэгч НС зарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөл /ЗГБХН/ нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр П.Ц-ийг томилж, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 3/15 дугаар итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 5 тал /

Хариуцагч ХХҮ газар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Д, Г.М нарыг тус тус томилж, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 1/1014, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 1/347 дугаар итгэмжлэл тус тус олгожээ. /х.х-ийн 51, 168 тал/

Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлдээ ...2016 оны 5 дугаар сард Чингэлтэй дүүрэгт Тохилог гудамж амьдрах орчин туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг иргэдийн бүлэг, төрийн бус байгууллагын дунд зарлаж, тус хөтөлбөрт НС нөхөрлөл 19.941.991 төгрөгийн үнийн саналаар шалгарч, Чингэлтэй дүүргийн ....гудамжны нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулахаар, 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан. Бид гэрээнд заасан хугацаанд, өөрсдийн зардлаар ажлаа хийж дуусгасан боловч, ажлын хөлс зардал, хөрөнгө оруулалтын мөнгийг өгөхгүй, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авахгүй, хохироосоор байна. Иймд хариуцагчаас ажлын хөлс 19.941.991 төгрөгийг нэхэмжилж байна... гэж,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ НС нөхөрлөл нь Тохилог гудамж, амьдрах орчин хөтөлбөрт оролцон шалгарч,

Чингэлтэй дүүргийн ...нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах ажлыг гүйцэтгэсэн гэх боловч, энэ талаар баримтгүй гэрээний он, сар, өдөр засвартай, архивд гэрээний эх хувь байхгүй байна. Харин уг төсөлд Эко хөдөлмөр ажлын байр сургалтын төв шалгарч, уг ажлыг гүйцэтгэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн... гэж тус тус тайлбарлан , мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч НС ЗГБХН нь ХХҮ-тэй байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн /огноо засвартай/ Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээгээр Чингэлтэй дүүргийн ...гудамжны нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилтын ажлыг 19.941.991 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.

Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч уг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.

Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнг хүлээн авсан захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг захиалагч талд хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхой бус, энэ талаар ямар нэгэн баримтгүй байна.

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтэд 19.941.991 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нэхэмжлэлд хавсаргасан ХХҮ-ээс Тохилог гудамж, амьдрах орчин туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалт-ын зар, НС нөхөрлөлийн Тохилог гудамж тухтай орчин төсөл, төсөвт өртгийн тооцоо... гэх зэрэг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзнэ. / 7-45, 122-128 тал

Талууд туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний 1 дүгээр заалтаар ерөнхий нөхцөл, 4 дүгээр заалтаар талуудын эрх үүрэг, 5 дугаар заалтаар ажил дуусах хугацаа 6,7,8 дугаар заалтаар төлбөр тооцоо, гэрээний дүн, төлбөрийн хуваарь 11 дүгээр заалтаар бусад зүйл-ийг тус тус тохиролцсон байгаа хэдий ч гэрээний эдгээр заалтыг хэн алин нь баримтлаагүй ба гэрээнд зааснаар үүргийг тодорхойлох боломжгүй байна. /х.х-ийн 16-18 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа баримтаа өөрөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хүсвэл нотлох баримтыг шүүх бүрдүүлдэг .

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх зохигчдын хүсэлтээр нотлох баримт бүрдүүлж, ЧДЗДТГА, ХХҮЕГ зэргээс нотлох баримт гаргуулсан бөгөөд эдгээр нотлох баримтуудад НС нөхөрлөлийн ажлын гүйцэтгэлтэй холбоотой баримтгүй болохыг дурдаж байна. /х.х-ийн 60-114 тал /

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна, 42 дугаар зүйлийн 42.2-т Зохигч талын гаргасан тайлбар нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно гэж тус тус зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэлийн энэ шаардлагаа нотлоогүй гэж үзнэ.

Иймд ХХҮ-ээс 19.941.991 төгрөг гаргуулах тухай НС /ЗГБХН/ нөхөрлөлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ХХҮ-т холбогдох 19.941.991 төгрөг гаргуулах тухай НС /ЗГБХН/ нөхөрлөлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.660 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцогч талууд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ