| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 182/2021/00448/И |
| Дугаар | 182/ШШ2021/01321 |
| Огноо | 2021-06-16 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2021/01321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ...тоотод оршин суух, П.Б ,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ...байранд байрлах МХ
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 34.050.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Б нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь П.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. П.Б нь Дархан-Уул аймгийн МХ-ын даргаар ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажлаас хууль бусаар халагдсан.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01..3 дугаар шийдвэрээр П.Б-г Дархан-Уул аймгийн МХ-ын даргын ажилд эгүүлэн тогтоосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх , Улсын дээд шүүх хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн. .
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01..3 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон.
МХ нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1..8 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол хүчингүйд тооцох тухай тогтоолыг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах шаардлагуудыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 00..9 шийдвэрээр МХ-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүх хянаад ,шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.
Улмаар МХ нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны тогтоолыг хянуулах тухай хүсэлт гаргасныг Улсын дээд шүүх2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0...8 тогтоолоор хангахаас татгалзсан.
Өнөөдрийг хүртэл МХ нь хуулийн хүчин төгөлдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 01..3 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7дугаар сарын 31-ний өдрийн 1..5 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5..7 дугаар тогтоолыг биелүүлэхгүй, Дархан-Уул аймгийн МХ-ын даргын ажлыг эгүүлэн авахгүй байна.
Иймд 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 681 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт / нэг өдрийн цалин хөлс 50.000 төгрөгөөр тооцож/ 34.050.000 төгрөгийг МХ-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.
Нэгдүгээрт, нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол байгаа.
Хоёрдугаарт, нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 001..3 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч П.Б-г МХ-ын Дархан уул аймгийн МХ-ын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2.946.231 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг МХ нь дараах байдлаар биелүүлсэн.
Ажил олгогчийн зүгээс П.Б-г 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Х..1 тоот тушаалаар Дархан-Уул аймгийн МХ-ын даргын ажилд эгүүлэн томилсон.
Шүүхийн шийдвэрийн дагуу П.Б-д ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 2.781.607 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт уг олговроос тооцон нөхөн бичилтүүдийг хийсэн.
Шүүхийн шийдвэр биелэгдсэн, үүнийг П.Б ч өөрөө хүлээн зөвшөөрч 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр МХ-ийн гүйцэтгэх захирал н.А-той хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурснаар Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болсон.
Дээрх үйл явдал болон нотлох баримтуудыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/...1 дугаартай тогтоолоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 001..3 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосонд тооцсон.
Шүүхийн шийдвэрийг биелүүлэн, П.Б-г ажилд нь эгүүлэн авсны дараа ажил олгогч, түүнийг хөдөлмөрийн чадвараа 75 хувь алдсан болохыг мэдсэн. Эрүүл мэндийн шалтгаан нь тухайн ажил үүргийг гүйцэтгэх боломжийг хязгаарлана гэж ажил олгогч үзсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 30 хоногийн хугацаатай мэдэгдлийг өгсөн.
Ажил олгогчийн хувьд дээрх мэдэгдэлд заасан хугацааг дуусгавар болоход, 2018 оны 7дугаар сарын 20-ны өдөр Х/...6 тоот тушаал гаргаж П.Б-г эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэх үндэслэлээр 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн.
Эдгээр үйл баримт цаг хугацааны хувьд ойрхон, ажилд нь 2018 оны 5 сарын 14-нд эгүүлэн авч, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэл өгч, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлсөн.
Ингээд эдгээр бүх процесс болоод өнгөрсний дараа, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосны дараа буюу 3 сарын дараа П.Б гомдол гаргаж ...явсаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, шүүх мэтээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/...1 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 18 дугаар тогтоолыг гаргасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна гэж заасан.
Үүний дагуу МХ нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 001..3 дугаар шийдвэрийг биелүүлэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.
Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгосон асуудал одоо хүртэл эцэслэн шийдэгдээгүй, шүүхийн маргаантай асуудал явж байна.
Нэхэмжлэгч П.Б нь энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гомдол санал гаргах явцдаа буюу 2018 оны 7 дугаар сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилгүй байсан буюу 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулах, МХ-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Х/...6 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан байдаг. ...Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг Улсын дээд шүүхээс эцэслэн шийдвэрлэхдээ Ажил олгогч МХ нь П.Б-г 2018 оны 05 дугаар сарын 14-ний Х..1 тоот тушаалаар урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь тогтоосон, харин ажилд томилсон тушаал гарснаас хойш ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүйд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй тул ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, тушаал хэрэгжсэн гэж үзнэ гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс олговрыг гаргуулж, шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилсон буюу 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс хойших хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Эдгээр хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг, нэхэмжлэгч нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг гаргасан боловч, Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01...7 тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзсан.
П.Б нь ажилд одоо ч томилогдоогүй гэж маргаж 34.050.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй үндэслэлээр чөлөөлөгдсөн МХ-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/..6 тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч П.Б эс зөвшөөрч хяналтын гомдол гаргасан боловч тухайн гомдлоосоо татгалзсанаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 6..0 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж П.Б-г ажлаас чөлөөлсөн Х/...6 дугаартай тушаал хүчинтэй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч П.Б нь нэхэмжлэлээ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 04..9 дүгээр шийдвэрийг үндэслэн, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хэргийг Улсын дээд шүүх 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр эцэслэн шийдвэрлэсэн. П.Б-ийн нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Шаардах эрх хэзээнээс үүсэх вэ, ямар хугацаанд нэхэмжлэлээ гаргах вэ гэдэг асуудал яригдана. П.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Б нь МХ-д холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 34.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /1 дүгээр хавтас хэргийн 1-3 тал, 2 дугаар хавтас хэргийн 1-2 тал/
Шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ
Нэхэмжлэгч П.Б нь өөрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, хүсэлт гаргах, бүх шатны шүүхэд төлөөлөх, шүүх хуралдаанд оролцох зэрэг бүрэн эрхийг С.Ч-д 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр итгэмжлэлээр олгосон ба итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан хуулийн шаардлагыг хангажээ. /1 дүгээр хавтас хэргийн 4 тал /
Хариуцагч МХ-ийн гүйцэтгэх захирал Б.Ч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр буюу төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй бөгөөд тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Дотоод аудит, шинжилгээ, үнэлгээний албаны дарга Ж.А-ыг томилж 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 1а/89 тоот итгэмжлэл олгосон байх ба итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /1 дүгээр хавтас хэргийн 42,43 тал/
Зохигчид дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө бүрэн төлөөлж шүүхэд холбогдох тайлбар, хүсэлт гаргах, хэргийн материалтай танилцах, бүх шатны шүүхэд шүүх хуралдаанд төлөөлөн оролцох, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг эдлэх-ээр итгэмжлэл олгосноор С.Ч, Ж.А нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2-т зааснаар нэхэмжлэгч П.Б, хариуцагч МХ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэргийн оролцогч болсон гэж үзнэ.
Нэхэмжлэгч П.Б нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 28-ны хүртэл хугацаагаар тооцон нэхэмжилснийг хариуцагч ...шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж марган мэтгэлцэж байна. /х.х-ийн 64-67 тал/
Шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын өгсөн тайлбар, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, П.Б-г МХ-ийн Дархан уул аймгийн МХ-ын даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны олговорт 2.946.231 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01..3 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1..5 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5..7 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. /1 дүгээр хавтас хэргийн 5-15 тал/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэдэг.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01..3 дугаар шийдвэрт бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ.
П.Б-г МХ-ийн Дархан-Уул аймгийн МХ-ын ажилд эгүүлэн томилсон эсэх, шийдвэр бүрэн биелэгдсэн эсэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон нь үндэслэлтэй эсэх талаар маргаан үүсэж, улмаар тухайн хэрэг маргаан шүүх шийдвэрлэж байсан нь хэргийн оролцогч нарын тайлбар,
Чингэлтэй дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2..2 дугаар шийдвэр, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0...4 дугаар шийдвэр,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 04..9 дүгээр шийдвэр ,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1..5 дугаар магадлал, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1..2 дугаар магадлал, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 7..6 дугаар магадлал,
Улсын дээд шүүх хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 7..1 дүгээр тогтоол, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 4..0 дүгээр тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1..7 дугаар тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1..9 дүгээр тогтоол зэрэг бусад баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн нэгдүгээр хавтас хэргийн 16-37, 68-109, 138-199 тал, 2 дугаар хавтас хэргийн 12-13 тал/
Иймд дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс дүгнэхэд, хариуцагч тал буюу ажил олгогч МХ нь нэхэмжлэгч П.Б-г Дархан-Уул аймгийн МХ-ын даргын ажил, албан тушаалд нь эгүүлэн аваагүй, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь тогтоогдсон гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажил олгогч нь ажилтныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл хуулийн дээрх заалтуудыг биелүүлээгүй бол түүнээс гарах үр дагаврыг хариуцагч МХ хариуцах учиртай бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаа ... гэдэгт ажилтныг үндэслэлгүйгээр халснаас хойш түүнийг ажилд эгүүлэн авах хүртэлх хугацааг ойлгоно.
Хариуцагч МХ нь нэхэмжлэгч П.Б-г ажилд нь эгүүлэн аваагүйн улмаас түүний эрх зөрчигдсөн гэж үзэх ба тэрээр 2020 оны 09 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 3..9 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан байсан ба 2021 оны 2 дугаар 01-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасантай нийцэж байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх хариуцагч МХ-ийн тайлбар, татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20 өдрийн 04..9 дүгээр шийдвэрээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08/..5 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 7..6 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүхийн 2020 оны 07дугаар сарын 28-ны өдрийн 004..0 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр П.Б-г ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01..3 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1..5 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 05..7 дугаар тогтоол зэргийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Иймд шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалттай нийцнэ.
Нэхэмжлэгч П.Б ажилгүй байсан хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл /681 хоног/ гэж тодорхойлж, энэ хугацааны олговрыг нэхэмжилж байгаа болно.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дүгээр сарын 29-ний өдрийн 01..3 дугаар шийдвэрт ... П.Б-ийн нэг сарын дундаж цалин хөлсийг 900.000 төгрөг /нэг өдрийн дундаж цалин хөлс 42.453 төгрөг/ байхаар тогтоожээ. /1 дүгээр хавтас хэргийн 5-7 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
Ажилтны нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 900.000 төгрөгөөр тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01..3 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1..5 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 05..7 дугаар тогтоол хүчин төгөлдөр тул одоо нэхэмжилж буй шаардлагад хамаарах хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шийдвэрлэхдээ энэ үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч П.Б-ийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг нэг сард 900.000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 28.910.493 төгрөгийг хариуцагч МХ-аас гаргуулж, нэхэмжлэгч П.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.139.507 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь дээрх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь заалтаар тус тус заажээ.
Нэхэмжлэгчийн дээрх гомдлын шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарч байгаа, гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан хариуцагч МХ-аас 28.910.493 /хорин найман сая есөн зуун арван мянга дөрвөн зуун ерэн гурван/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.139.507 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар МХ нь П.Б-д дээрх олговроос зохих суутгалыг хийж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч П.Б-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Төрийн сангийн 100200700941 тоот данснаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387.700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Б-д буцаан олгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч МХ-аас улсын тэмдэгтийн хураамжид 302.502 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцогч талууд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгчАз, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ