Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00117

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа, улсын яллагч Ч.Сэлэнгэ, шүүгдэгч Ж.Доржсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Жамбалдоржийн Доржсүрэнд холбогдох эрүүгийн 201714000204 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 03-нд Дорноговь аймагт төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзал 3-1-13 тоотод суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржгон овгийн Жамбалдоржийн Доржсүрэн.  /МК 82080317/

Холбогдсон гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч Ж.Доржсүрэн нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэр Вокзал 4 дүгээр байрны гадна Ц.Энхтүвшинг манай дүүг доромжиллоо гэх шалтгаанаар зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгч Ж.Доржсүрэн нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэр Вокзал 4 дүгээр байрны гадна Ц.Энхтүвшинг манай дүүг доромжиллоо гэх шалтгаанаар зодож бие махбодид нь тархи доргилт, доод урууланд шарх, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :

      1.  Шүүгдэгч Ж.Доржсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Энхтүвшин гээд ээжийн маань дүүгийн том охин Даваатай суух гэж байгаа залуутай утсаар ярьж уулзсан. Тэгээд чамайг 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гадуур 2-3 хүүхэнтэй явж байсан гэж манай найзууд хэллээ. Чи манай дүүг хуураад байгаа юм биш үү гэсэн чинь Энхтүвшин тийм юм байхгүй ажлаар явж байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамайг янз бүрийн асуудалгүйг яаж мэдэх юм бэ? гээд заамдаж аваад 2-3 удаа алгадсан. Миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид 200 000 төгрөгийн хохирол дансаар нь төлсөн  гэв .

2. Хохирогч Ц.Энхтүвшингийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:  ... 2017 оны 04 дүгээр сарын 03-ны орой 17 цагийн орчим ажил дээрээ байхад Доржсүрэн гэх миний сайн таних ах утсаар залгаад хаана байгаа талаар асуусан юм. Ажил дээрээ байна гэсэн чинь яваад очъё гэхээр нь хүлээж байтал удаагүй Доржсүрэн ах ирсэн гэж дуудаад гарч уулзсан. Доржсүрэн ах Даваа та хоёр юу болж байна гэж манай найз охины талаар, мөн намайг 2017 оны 03 дугаар сарын 18-нд хаана юу хийж байсан бэ? гэж асуусан. Бид хоёр байдгаараа л байгаа гээд 2017 оны 03 дугаар сарын 18-нд хаана юу хийсэн талаар сайн санахгүй байна гэсэн чинь чи манай дүүг доромжлохгүй шүү гэж хэлээд нүүрэн тус газар нилээд хэдэн удаа цохиод машинаасаа буулгах гээд байхаар нь би ажлын гадаа яах гээд байгаа юм бэ? гэж хэлсэн чинь ажлын хойшоо яваад Хангал гол гэх газар очоод намайг машинаас буулгаад нүүр толгой тус газар нилээн хэдэн удаа цохисон. Би ажил руугаа ороод цагдаагийн газарт дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 тал/

      3.  Гэрч Д.Оюун-Эрдэний хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн:.. Манай нөхөр 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дүү Даваатай суух гэж байгаа Ц.Энхтүвшин гэх залуутай үл ойлголцоод зодолдсон гэсэн. Урд өмнө тэр хоёрын дунд ямар нэгэн таарамжгүй харилцаа байгаагүй. Тухайн үед манай нөхөрт найзууд нь танай дүү охин Даваатай суух гэж байгаа залуу чинь 2 хүүхэнтэй явж байна гэж хэлсэн гэсэн. Тэгээд дүүг  хуурлаа гэж бодоод муудалцсан зодолдсон гэсэн. Өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 тал/

  4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн: 1. Ц.Энхтүвшингийн биед тархи доргилт, доод урууланд шарх, хүзүүнд цус хуралт үүсчээ. 2 Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  3. Шинэ гэмтэл ба цус хуралт, шархны байдлаас үзэхэд 1-3 хоногийн өмнө үүссэн байхыг үгүйсгэхгүй.  4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 5. Тархи доргилт, доод урууланд шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хүзүүнд цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  6. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 15 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

      Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.

      Шүүгдэгч Ж.Доржсүрэнгийн үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, прокурорын сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол хуульд нийцэж байна.

     Иймд шүүгдэгч Ж.Доржсүрэнд нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн,үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч Ц.Энхтүвшин нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх бөгөөд хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

        Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

        1. Шүүгдэгч Боржгон овгийн Жамбалдоржийн Доржсүрэнг  /МК 82080317/ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

       2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан Ж.Доржсүрэнд холбогдох эрүүгийн 201714000204 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      3. Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

        4.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        5. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.