Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 10

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 146/ШШ2018/00016 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Хархорин ХК-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч “НасааНэм” БГБХ нөхөрлөлд холбогдох

“Худалдах, худалдан гэрээний дагуу төлөх ёстой үлдэгдэл төлбөрт 34.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай, “алданги 11.900.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Дорждулам, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашмаа, хариуцагч Ч.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хархорин” ХК-ий гүйцэтгэх захирал Р.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хархорин ХК-ий менежер Р.О “Насаа нэм” нөхөрлөлийн дэд дарга Ч.Н-тэй 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Суулгац худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 3 настай чацарганы суулгацыг 1 ширхэгийг 1500 төгрөгөөр тооцож 25.000 ширхэг чацарганы суулгацыг худалдан авагчид нийлүүлэх, худалдагч талд хэлэлцэн тохирсон үнэ болох 37.500.000 /гучин долоон сая таван зуун мянга/ төгрөг төлөхөөр харилцан тохирч гэрээг байгуулж гарын үсэг зурж 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр худалдан авагч талд өгсөн. Гэрээний урьдчилгаа хөлс 3.500.000 төгрөгийг гэрээ байгуулж гарын үсэг зурсны дараа хүлээн авсан. Хархорин ХК нь гэрээнд заасны дагуу 3 настай 25.000 ширхэг чацарганы суулгацыг 1 өдрийн дотор ажилтан нараар бойжуулгын талбайгаас ухуулан гаргаж “Насаа нэм” нөхөрлөлийн дэд дарга Ч.Н-д 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шаардах хуудас, зарлагын падаан дээр хоёр тал гарын үсэг зурж хүлээлгэн өгсөн. “Насаа нэм” нөхөрлөл нь одоогоор нийлүүлсэн чацарганы суулгацын үлдэгдэл 34.000.000 /гучин дөрвөн сая/ төгрөгийг өгөх боломжгүй үлдэгдэл хөлсийг хоёр хувааж ойрын хугацаанд төлж барагдуулна гэхэд нь би зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл өгөөгүй байгаа. Иймд гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөхийг шаардсан боловч “зээл хөөцөлдөж байна” гээд одоо болтол төлбөрийг өгөхгүй байгаа тул “Насаа нэм” нөхөрлөлөөс Хархорин ХК-ий нийлүүлсэн 3 настай суулгацын үлдэгдэл төлбөр болох 34.000.000 /гучин дөрвөн сая/ төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 327.950 төгрөгийн хамт гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ошүүх хуралдаанд дээр гаргасан тайлбартаа: “...НасааНэм нөхөрлөл нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хархорин компаниас 3 насжилттай 250 боодол буюу 250.000 суулгацыг худалдаж авах санал гаргаж ирсэн. Тухайн үед бид нар ярилцаж тохирохдоо 3 насжилттай суулгац нь дээр баталгаа өгдөггүй. Ачилтын явцад хугарч гэмтэх тохиолдол гарах тул 2 боодол суулгац илүү өгч явуулдаг. 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ЧС-ХХ-АГ 2017/08 дугаартай гэрээ байгуулж 3 насжилтай 25.000 суулгацыг нэг бүрийн үнийг 1500 төгрөгөөр бодож гэрээнд заагдсан хуваарийн дагуу урьдчилгаа 3.500.000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг гэрээнд заагдсан хуваарийн дагуу төлөхөөр тохирсон. Хариуцагч тал 34.000.000 төгрөгөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд гэрээний үүрэг дээр тодорхойлсон заалт дээр худалдагч гэрээ хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги авах эрхтэй гэж зааж өгсөн байгаа тул 7 сарын хугацааны алданги 11.900.000 төгрөг тооцож гаргасан байгаа. Үндсэн гэрээний үнэ 34.000.000 төгрөг байгаа. 3.500.000 төгрөг нь төлөгдсөн байгаа. Нийт худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 45.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ч.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай байгууллага нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр суулгац худалдах, худалдан авах гэрээг Хархорин ХК-тай байгууласан нь үнэн бөгөөд бид 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 3 настай гэх 25000 ширхэг чацарганы суулгацыг авахаар гэрээгээр тохиролцсон. Гэтэл “Хархорин”  ХК нь гэрээний дагуу 3 настай суулгац нийлүүлээгүй гэж үзэж байна. Учир нь хүлээн авсан суулгац нь 100 хувь 3 насжилттай биш, чанарыг шаардлага хангахгүй сав баглаа боодолтой байсан ба мөн 25000 ширхэг суулгац (боодолдоо 100 ширхэгээр багцалж боосон гэх 250 боодол хүлээн авсан) гэж тохиролцсон боловч боодол бүр нь тооноосоо 10-30 ширхэг дутуу болон хатсан үхсэн суулгац нийлүүлсэн байв. Манай байгууллага нь авсан суулгацаа цааш нь “Агро-Форест” ХХК болон “Өнө-Эв” ХХК-д нийлүүлсэн боловч аль аль нь чанарын шаардлага хангахгүй, дутуу, хатсан үхсэн суулгац нийлүүлсэн гэж шүүмжилж манай байгууллагын нэр хүндэд ч муугаар нөлөөлсөн.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч чадахгүй ба 25000 суулгацнаас дутсан, хатсан үхсэн, чанарын шаардлага хангахгүй 9322 ширхэг чацарганы суулгацыг хасаж тооцон нэхэмжилсэн 34 сая төгрөгнөөс 13.983.000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагч Ч.Н шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбартаа: Би Хархорин компанитай 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж Сэлэнгэ аймагт 20 га тайлбайд чацаргана тарихаар 25.000 суулгац авсан. Урьдчилгаа 30 хувийг нь буюу 3.500.000 төгрөгийг нь төлөөд зээлийн гэрээ байгуулсан. Суулгацаа 2 компанид нийлүүлсэн гээд байгаагийн нэг компани нь Солонгос улсын мод нийлүүлдэг компани байгаа. Суулгац нийлүүлэхэд маш их дутагдал гарсан. Хархорин компани суулгацаа шөнө боосон болоод ч тэр юм уу мэдэхгүй. Ялгалт хийхгүйгээр шууд боосон байсан. Би тухайн үед утсаар мэдэгдсэн. Гэхдээ би гэрээнд заасны дагуу 5 хоногийн дотор мэдэгдээгүй гэдгээрээ буруудаж байна. Суулгацнаас нь 3 боодол дутуу ирсэн. Б агрономич мэдэж байгаа. Танай компани олон газар мод өгдөг. Тендерийн мод гаргадаг гэдэг шалтгаанаар би хүлээж авахдаа задалж хүлээж авах боломж байгаагүй. Харанхуй шөнө хүмүүс амандаа гэрэл зуугаад суулгацыг бэлдэж байсан. Би 5 хоногтоо хэлж чадаагүй болохоос нотлох баримт хангалттай байгаа. Би С захиралд утсаар хэлсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй. Улаанбаатар хот ороод жолооч нь суулгацуудыг буулгаад хэдэн тийш тараагаад аваад явахад дутуу байна гэсэн. Тэр үед нь шалгаж үзэхэд дутуу хатсан мод их байсан. Харилцсан газрууд нь тодорхой байгаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “НасааНэм” бүх гишүүд бүрэн хариуцлагатай хариуцлагатай нөхөрлөлөөс 45.900.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хархорин” ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “НасааНэм” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлөөс 533.300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Хархорин” ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533.300 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Н гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 146/ШШ2018/00016 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй дараахь гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Хархорин ХК нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Насаа Нэм нөхөрлөлтэй гэрээ байгуулсан. Гэтэл гэрээний дагуу нийлүүлэх суулгацуудыг шөнийн цагаар буюу шалгах нөхцөл, боломжгүй байдлаар нийлүүлж, мөн гэрээнд заасан акт үйлдээгүйн улмаас Насаа Нэм нөхөрлөлд хохирол учирсан байгаа болно. Манай байгууллагаас дутагдал гарсан талаар болон суулгацуудын чанарын шаардлага хангаагүй талаар утсаар С захирал, Б ерөнхий агрономич нарт мэдэгдсэн боловч тухайн үед хүлээж аваагүй болно. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 11.900.000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэл хэргийн материалд байгаа болно. Гэтэл шүүх хуралдааны явцад шүүгч болон манай өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчээс тодруулж “торгууль, алданги аль нь болох талаар” асуухад нэхэмжлэгчийн зүгээс торгууль нэхэмжилснээ тайлбарласан. Гэтэл шүүгч өөрөө мэдэн алданги гэж шийдвэр гаргасан нь торгууль, алданги хоёр нь өөр өөр зохицуулалттай болохыг буруу шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй. Мөн гэрээнд заасан худалдан авагч талын эрх үүрэгт хүү, торгууль гэж заасан байгаа болно. Эд хөрөнгийн доголдол гарсан. Энэ талаар нотлох баримтуудыг үнэлж үзээгүй. Үүнээс үзэхэд энэхүү гэрээг анхнаасаа хөнгөмсөгөөр хандаж, үнэн санаанаасаа бус зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд “Насаа Нэм” нөхөрлөлөөс 45.900.000 төгрөгийг гаргуулж Хархорин ХК-д олгуулах болсон шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй шийдвэр гарсан, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна. Сум дундын шүүхийн 146/ШШ2018/00016 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

   Нэхэмжлэгч “Хархорин” ХК өөрийн төлөөлөгчөөр ерөнхий менежер  Р.О-г томилсон боловч уг итгэмжлэлд тус байгууллагыг төлөөлж нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөх эрхтэй болохыг заасан ба хуульд заасан бусад эрхийг эдлэх эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрх эргэлзээтэй байхад Р.О-г “Хархорин” ХК-ыг бүрэн төлөөлөх эрхтэй гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 64.3-т заасан итгэмжлэлийн хэлбэр, агуулга, хүчин төгөлдөр байх шаардлагад дээрх байдал хэрхэн нийцэж байгаа талаар шүүх эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай байжээ. Нэгэнт байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдэд хуульд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээнд /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/ Т.Б гэх хүнийг “Насаа нэм” БГБХ нөхөрлөлийн даргаар бүртгэжээ. Гэтэл нөхөрлөлийг бүрэн төлөөлөх эрхтэй эсэхийг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй байхад нөхөрлөлийн дэд дарга Ч.Н-г хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.”, 35.2-т “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ.” гэснийг тус тус зөрчсөн байна.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн “Сум дундын шүүхийн 146/ШШ2018/00016 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд   төлсөн 387450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 146/ШШ2018/00016 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч Ч.Н-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 387450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.