Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/457

 

 

 

 

 

 

 

   2024         06          10                                  2024/ШЦТ/457

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,

улсын яллагч Г.Баясгалан,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан эрүүгийн 2302 0061 00353 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

О овогт Б.А, Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, Дорноговь аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ам бүл 5, эх, 2 дүү, хүүхдийн хамт, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ........ нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9-тетрагидроканнабинол (Delta-9-Tetrahydrocannabinol)-ын агууламжтай нийт 13,803.6 грамм (13 кг 803.6 грамм) цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо Өвөр согоотын пост орчим .... УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ыг 2 дугаар жагсаалтад багтсан делта-9-тетрагидроканнабинол (Delta-9- Tetrahydrocannabinol)-ын агууламжтай, нийт 13,803.6 грамм (13 кг 803.6 грамм) цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт: Б.А нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ......... нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9-тетрагидроканнабинол (Delta-9-Tetrahydrocannabinol)-ын агууламжтай нийт 13,803.6 грамм (13 кг 803.6 грамм) цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг түүсэн, улмаар 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ......... тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ыг 2 дугаар жагсаалтад багтсан делта-9-тетрагидроканнабинол (Delta-9- Tetrahydrocannabinol)-ын агууламжтай, нийт 13,803.6 грамм (13 кг 803.6 грамм) цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан тус тус үйл баримт нь хавтаст хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Тогтоолтой танилцлаа. Тогтоолд дурдсан үйлдэлд буюу намайг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Харин С, Г нартай бүлэглэн хадгалсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г, С хоёр бол намайг машинд өвс гэх нэршилтэй мансууруулах бодисыг хадгалж байсан талаар огт мэдээгүй. Тухайн өвс ургамлыг би өөрөө л машиныхаа арын суудлын урд хэсгээр тавьж дээрээс нь гудас тавьж орхисон байсан юм. Би сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ бүгдийг нь үнэн зөвөөр тодорхой мэдүүлсэн. ...Би тухайн өвс ургамлыг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ....... газрын ойролцоогоос ганцаараа түүсэн яг энэ газар гээд зааж өгч мэдэхгүй байна. Зүг чигийг нь санахгүй байна. Би машины засмал замаас машинтайгаа гарч бие засахаар зайтай явсан учраас машинаа шаварт суулгачихсан юмаа. ...Тухайн өвс ургамлыг түүх үед ганцаараа байсан учраас хүн хард харагдуулахгүй байх үүднээс арын суудлын урд хэсгээр эгнүүлэн тавиад дээрээс нь арын багажид байнга авч явдаг байсан гудсыг урагш нь оруулж ирж өвсөн дээгүүрээ тавьсан юмаа. Тэр гудсыг машин тэргэндээ хонох үедээ ор болгон засаж хэрэглэдэг байсан юм аа. ...Өвс ургамлын үнэр машинд бага зэрэг үнэртэж байсан гэхдээ Г, С хоёрын тухайд 8 сарын 28-29-нд шилжих шөнө ирсэн тухайн шөнөө машинд ирж хоносон ба хонох үед бол би арын суудал дээр гудсан дээрээ унтсан. Харин нөгөө хоёр урд суудал дээр унтсан маргааш нь хот руу явах үед Г арын суудал дээр унтаад явж байх үедээ гудсан доор юу байгаа талаар асуухаар нь би хариуд нь малын өвс байгаа юм аа гэх тодорхой бус хариулт өгсөн. Дахин асуугаагүй урд шөнө нь уусан байсан болохоор унтаад явж байсан. Харин С тухайд машины урд суудал дээр суугаад явж байсан болохоор машины арын суудлын урдуур юу байгаа талаар анзаараагаагүй байх гэж бодож байна. Надаас тухайн зүйлийг юу болох талаар асуугаагүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 121-122 дахь тал),

- гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр би өөрийн ажил болох ....... юм. Тэгээд орой ажлын цаг дуусаад найз охин Э уулзчихаад байж байхад манай найз А над руу залгаад би машинтайгаа ....... буюу .......... суучихсан машин тэрэг болохгүй байна Улаанбаатар хотоос манай найз С холбогдож байгаад цуг хүрээд ирээч гэж залгасан юм. Тэгээд би 20 цаг өнгөрч байхад С 13 дугаар хороололд уулзаад замын унаанд суугаад /би тухайн үед ямар унаанд хаанаас суусан гэдгээ сайн мэдэхгүй байна их нойрмог архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан/ машинд унтсан байдалтай явж байгаад шөнөдөө ......... төв дээр найз Атэй уулзаад сумын төвөөс зайдуу газарт байх А улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгсэл дээр нь очиход шаварт суучихсан байдалтай байсан. Тэгээд тээврийн хэрэгслийг нь түрж гаргаад тухайн газраа амраад маргааш нь явахаар болсон юм. ...2023 оны 8 дугаар сарын 29-ны өдөр бид гурав машиндаа сэрээд өдөр болж байхад Улаанбаатар хот руу хөдөлсөн ба би тээврийн хэрэгслийн хойд талд нь унтаж явж байсан ба урд талд С тээврийн хэрэгсэл жолоодож А хажуу талд нь суугаад явж байсан юм. Тэгээд бид гурав тээврийн хэрэгслээр явж байхад би Ар гүнтийн пост орохын өмнө сэрээд тухайн А дотор муухай оргиод байна гээд машинаас бууж алхах үед нь би урд талд нь суугаад явж байгаад Ар гүнтийн постон дээр ирээд цагдаагийн алба хаагч хяналт шалгалт хийхээр зогсоож, хойд талын суудлын шаланд байх цэнхэр ууттай ногоон өнгийн ургамал өвс 8 ууттай байсныг хараад бид нарыг саатуулсан юм. Тэгээд саатуулсны дараа А хойд талаас алхаж ирсэн юм...2023 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хот руу машины арын суудал дээр унтаад явж байх үедээ суудлын урд хэсгээр гялгар уутанд хийсэн өвс ургамал байхыг харсан гэхдээ түүнийг юу болох талаар нь мэдээгүй ба Аэс энэ юу юм бэ гэж асуухад А малын тэжээл байгаа юм аа гэж хариулж байсан тэгээд сонирхолгүй буцаад унтсан. Харин С хувьд тухайн зүйлийг мэдээгүй машины хойд суудал дээр огт ороогүй гялгар ууттай өвснүүдийг тавиад дээр нь гудас тавьчихсан байсан болохоор харагдахааргүй байсан би бол хэвтэж байсан болохоор хараад асуусан юм аа” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46, 48-49 дэх тал),

- гэрч Т.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр эмнэлгээс гарсан юм. ...А над руу ....... миний тээврийн хэрэгсэл шаварт суучихсан Улаанбаатараас нэг эрэгтэй найз ирнэ чи хамт хүрээд ирээч машинаа гаргачхаад маргааш хамт Улаанбаатар хот оръё гэж хэлсэн. Тэгээд би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансар хавьцаа А найз болох Г гэх залуутай уулзаад бид хоёр замаас такси бариад Драгон төв рүү яваад тухайн газраас Зүүнхараа явах унаанд орой 21 цагийн үед суусан юм. Тэгээд шөнө 00 цаг өнгөрч байхад ......... ороод Ганбаяр бид хоёр Атэй уулзаад шууд ..... сумын төв дээрх шөнийн цэнгээний газарт орсон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эмчилгээтэй байсан учраас шөнийн 03 цаг өнгөрч байхад шөнийн цэнгээний газраасаа гараад такси бариад Зүүнхараагаас хол зайтай байсан ......... дугаартай цагаан өнгөтэй Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгсэл дээр нь очиход шаварт суучихсан байсан. Тэгээд би болон Г бид хоёр урд талын хоёр суудал дээр нь унтаад А хойд талын суудал дээр унтсан юм. ...2023 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн өглөө сэрээд шаварт суусан байсан тээврийн хэрэгслийг нь түлхэж болон шавар ухаж байгаад гаргачихсан юм. Тэгээд шууд Улаанбаатар хот руу хөдлөөд замд А машин барьж байгаад нойр нь хүрээд байсан учраас би солигдож бариад бид нар Ар гүнтийн даваагаар орж ирээд Ар гүнтийн пост орох гэж байхад А дотор муухай оргиод байна гээд машинаас буусан ба би шууд тээврийн хэрэгсэлтэйгээр нь Ар гүнтийн постон дээр ирэхэд цагдаагийн албан хаагч шалгаад тээврийн хэрэгсэл шалгаж байгаад намайг тээврийн хэрэгслээс буулгаад тэгээд намайг саатуулсан. Тэгээд удалгүй А ирэхэд тээврийн хэрэгслийн хойд талын суудлаас цэнхэр өнгийн уутанд хийсэн ногоон өнгийн өвс мэт зүйлүүд байсан учраас цагдаа нар саатуулсан байсан...2023 оны 8 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө А надтай хамт хотоос ........... очсон залуутай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ингээд маргааш өглөө нь хот руу явсан болохоор хяналтын постны ойролцоо А машинаа намайг барьчих би өчигдөр уусан учраас үнэртэж магадгүй гэж хэлээд надад машинаа бариулсан миний хувьд жолоодох эрхийн үнэмлэхтэй учраас татгалзах зүйл байгаагүй. Ингээд А машинаас буугаад алхсан учир нь дотор нь муухай оргиод бөөлжих гээд байна гэж байсан. Ингээд би машиныг нь бариад Г гэх залуу нь машины ард суудал дээр унтаад явж байх үед цагдаа зогсоож шалгаад машинд юу байгаа талаар асуухаар нь юу байгааг нь мэдэхгүй байна манай найзынх байгаа юм гэж хэлэхэд найзыгаа дууд гээд А дуудаж машинд байсан эд зүйлд үзлэг хийхэд гялгар ууттай өвснүүд гарч ирсэн би машинд тийм зүйл байгааг нь огт мэдээгүй ...Би машинд өвс байсан талаар огт мэдээгүй. Арын суудал дээр нь ямар нэг зүйл байгаагүй найз Г нь унтаж байсан миний хувьд машины жолоочийн хажуугийн суудал дээр сууж байгаад жолоо сольж барьсан. Хойд суудал дээр Г гэх залуу унтаад явж байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51-52, 54-55 дахь тал),

- гэрч Н.З мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би болон манай хамаатан саднууд С хар тамхи болон хууль бус зүйлд холбогдож байна гэж хардаж байсан удаа байхгүй ...Энэ хэргийнх нь талаар өөрөөс нь асууж тодруулахад манай дүү таньдаг эгчдээ туслахаар очоод машиныг нь бариад постоор гаргаад өгөөч гэхээр нь л унаж явж байгаад цагдаа зогсооход нь зогсож шалгуулахад тухайн эмэгтэйгийнх нь машинаас манай дүүгийн өмнө нь мэдээгүй зүйл гарч ирсэн гэж хэлсэн. Би бол дүүгийнхээ хэлсэн үгэнд итгэж байгаа урд өмнө нь надад худал хэлж байгаагүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 63 дахь тал),

- гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...С хууль бус зүйл ярьж зан үйлдлээрээ гаргаж байхыг нь урд өмнө нь харж байгаагүй тийм болохоор ийм хэрэгт холбогдон шалгагдаж байгаад нь гайхаж итгэхгүй байна. Өөрөөс нь асуухад хүний машин бариад өгөөч гэхээр нь барьж өгөөд ийм хэрэгт орчихлоо надад ямар нэгэн буруу байхгүй гэсэн юм ярьж байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 65 дахь тал),   

- шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн Дугаар 3973 дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, 3 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, 4 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, 5 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, 6 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, 7 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, 8 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. ...1-8 гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүрээс делта-9-тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно. ... “1” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1365.3 грамм, цэвэр жин нь 1339.7 грамм болов. “2” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1622.7 грамм, цэвэр жин нь 1539.7 грамм болов. “3” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 2088.1 грамм, цэвэр жин нь 2074.5 грамм болов. “4” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 2037.0 грамм, цэвэр жин нь 1995.7 грамм болов. “5” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1593.8 грамм, цэвэр жин нь 1582.6 грамм болов. “6” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1909.0 грамм, цэвэр жин нь 1896.1 грамм болов. “7” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1596.6 грамм, цэвэр жин нь 1583.6 грамм болов. “8” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1750.5 грамм, цэвэр жин нь 1737.7 грамм болов.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 72-76 дахь тал),

- шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн Дугаар 3980 дүгнэлт “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Б.А ЕО92110601 2023.08.29 гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 79-81 дэх тал),   

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 2 дахь тал),

- мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 2 дахь тал),

- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 16-21 дэх тал),

- мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис ашигласан эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 28-32 дахь тал),

- шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн №773 шинжээчийн дүгнэлт “...Б.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Б.А нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. ...Б.А нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Б.А нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 103-104 дэх тал),

- цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №15в/2332 албан тоот (1 дүгээр хавтаст хэргийн 215-216 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэв.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн донтох өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм. Уг бодисыг хүн хэрэглэснээр хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний биед улиг муу зуршил бий болгодгоороо нийгэмд үзүүлэх хор уршиг өндөртэйд тооцогдон нийгэмд аюултай гэм үйлдэл гэж үздэг. Тиймээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч хуульчилжээ. Энэ гэмт хэргийг үйлдэж буй хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг мансуурах зорилгоор шууд санаатайгаар түүж бэлтгэн, улмаар хадгалсанаар хэргийн бүрдэл хангагдаж уг гэмт хэрэг төгссөнөөр тооцогддог билээ.

            Иймд шүүгдэгч Б.А нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ........ нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9-тетрагидроканнабинол (Delta-9-Tetrahydrocannabinol)-ын агууламжтай нийт 13,803.6 грамм (13 кг 803.6 грамм) цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ........... тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ыг 2 дугаар жагсаалтад багтсан делта-9-тетрагидроканнабинол (Delta-9- Tetrahydrocannabinol)-ын агууламжтай, нийт 13,803.6 грамм (13 кг 803.6 грамм) цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

            Шүүгдэгч Б.Ад ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь: “...миний үйлчлүүлэгч анхнаасаан гэм буруугаа хүлээсэн, тээврийн хэрэгсэлд хадгалсан зүйлгүй, зорчих эрх хязгаарлах ял шийтгэж өгнө үү” гэх утга агуулгаар эрүүгийн хариуцлагын талаар санал, дүгнэлт гаргасан болно.

            Масууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулдаг нийгмийн аюулын шинж чанар,  хэр хэмжээ өндөртэйд тооцогддог билээ. Шүүгдэгч Б.Алтансэлэнгийн түүсэн, хадгалсан сэтгэцэд нөлөөлөх бодисын хэмжээг, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан түүний өмгөөлөгчийн гаргасан ялын саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

            Бусад асуудлын талаар

            Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 8 хэсэг нийтдээ 13,803.6 грамм цэвэр жинтэй 1-8 хүртэл дугаарласан 8 ширхэг ууттай өвс мэт зүйл THC (Delta-9-Tetrahydrocannabinol) агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Шүүгдэгч Б.А нь сэтгэцэд нөлөөт бодисыг түүснийхээ дараа .... УБЭ улсын дугаартай “Приус-30” загварын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглан кабин дотор нь өвсийг хадгалсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тус тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмчлөлийн  бус, хуулийн этгээдийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байх тул тээврийн хэрэгслийн үнэ болох    13.551.038 төгрөгийг (1 дүгээр хавтаст хэргийн 97-100 дахь тал) шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ад оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 8 хэсэг нийтдээ 13,803.6 грамм цэвэр жинтэй 1-8 хүртэл дугаарласан 8 ширхэг ууттай өвс мэт зүйл THC /Delta-9-Tetrahydrocannabinol/ агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 хэсгийг журамлан

........ улсын дугаартай “Приус-30” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох  13.551.038 төгрөгийг шүүгдэгч Б.Аэс гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ