| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2024/0700/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/745 |
| Огноо | 2024-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/745
2024 06 27 2024/ШЦТ/745
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Э.Мөнх-Оргил /томилолтоор/,
шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн .................. дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
.......овогт Ж.А /РД:*******/.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Ж.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.А нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандэй худалдааны төвийн 3 давхарт гэр бүлийн хамаарал бүхий эхнэр С.О-ыг хэл амаар доромжилж, толгой тус газар нь түлхүүрээр цохиж биед нь духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дахь хуудас/,
- Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2006 оноос хойш нөхөр болох Ж.А-тай танилцаж 2007 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Үүнээс 2013 оноос хойш архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ намайг зодож байнгын дарамтдаа байлгах болсон. Тухайн үед нь би цагдаагийн байгууллагад ханддаг байсан. Өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би 10 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандэй плазагийн 3 дугаар давхарт ..... лангуун дээрээ байж байхад нөхөр болох Ж.А ажил дээр ирээд хэл амаар доромжилж байгаад гартаа түлхүүр атгаж байгаад миний толгойны баруун дух хэсэгт хоёр удаа хүчтэй цохисон. Тухайн үед миний толгой эргэж толгой хэсгээс маш их цус гарч би цусаа тогтоох гээд нэг ширхэг футболкоор дарж байхад намайг үл тоож үргэлжлүүлэн хэл амаар маш их доромжилж байсан. Би дахиж намайг зодох байх гэдгээс айж эгч, дүү хоёртоо утсаар хэлсэн. Удалгүй төрсөн дүү М.М ирээд бид хоёр толгойноос гарч байсан цусыг тогтоож “..........” эмнэлэг орж анхан шатны тусламж авч толгойдоо 6 оёдол тавиулсан. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн орой 20 цаг өнгөрч байхад эцэг эхтэйгээ хамт гэртээ ороход нөхөр Ж.А ямар нэгэн шалтгаангүй шууд миний зүүн хөл рүү хөлөөрөө маш хүчтэй өшиглөсөн. Тухайн үед эцэг, эх хоёр маань цуг байсан учраас уурлахад манай хөгшин настай аавыг маань бас зодох гэж дайрсан. Энэ хүн архины хамааралтай, дээрээс нь намайг байнга зодож, эрхшээлдээ байлгаж дарамталж сэтгэл санаагаар байнга зовоодог. Урьд өмнө нь гэр бүлийн асуудал байхгүй байхад ямар нэгэн шалтгаан гаргаж ирээд миний биед халдаж зоддог байсан. Мөн байнга хэл амаар доромжилж дарамталж хараадаг байсан. Би цагдаагийн байгууллагад хандах үед намайг дарамтлаад дахиад цагдаагаа дууд гэх зэргээр байнга доромжлоод байдаг болохоор би дахиж цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөө больсон. Шүүхээр орж ял шийтгэл авч байгаагүй. Би гаргасан гомдлоо айсандаа буцаадаг байсан. ...Тухайн хэрэг явдал болсноос хойш миний сэтгэл санаа болон бие махбодод ямар нэг зовуурь шаналал байхгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй, Эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэг тусламж үйлчилгээ аваагүй, сэтгэл санааны ямар нэг хохирол нэхэхгүй, гомдол хүсэлт байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 13 дахь хуудас/,
- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 16-18 дахь хуудас/,
- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн **** дугаартай шинжээчийн: “1.С.О-ын биед духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дэх хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 дэх хуудас/,
- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 56 дахь хуудас/,
- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 63 дахь хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөр барагдуулсан. Гэм буруу дээр маргахгүй. Хохирогчтой хамт амьдарч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ж.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч С.О-т хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Улсын яллагчтай санал нэг байна” гэв.
Иймд шүүгдэгч Ж.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Ж.А-т оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Ж.А нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор 800.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч Ж.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ....... овогт Ж.А-ийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ж.А-т оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ