Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 11

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 145/ШШ2018/00202 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.М-н нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.О, О.Д нарт холбогдох

“3500000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 онд 3 удаа мал, мах надаас урьдчилан авч дараа нь мөнгийг нь өгч, элдэв маргаангүй харилцаж явж ирсэн Ц.О, О.Д нар 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ХЕНО маркийн машинтай Б гэгч жолоочтой манайд ирж 60 хонь худалдаж авч 2 хонь ирж очих зардлын хөлсөнд авч явсан. Нэг хонийг нь 100000 төгрөгөөр бодож авсан. Сувай эм хонь, хязаалан шүдлэн эр хонь хольж өөрсдөө хониноос шилж авсан. Уг нь би 100000 төгрөгөөр өгмөөргүй байсан ч 200 хонь авна гээд эхний удаа 60 хонь авъя гээд 60 хонь 6000000 төгрөгөөр бодож өгсөн. Ярьж тохирсоноор хонийг чинь зарж борлуулчихаад л мөнгийг нь өгнө гэсэн боловч өгөөгүй удааж нэхүүлсэн. Манайхаас авч яваад аймаг ороод ярихдаа 2 хонь замдаа дарагдаад үхсэн байна төхөөрсөн чинь туранхай муу байна үнээ барихгүй нь яанаа гэж тэр хоёр ярихаар нь тэгвэл буцаагаад аваад ир гэхэд буцааж авчирч өгөөгүй Улаанбаатар хот аваачиж зарсан гэсэн. 2017 оны 06 дугаар сарын 10-ны үед би аймаг орж уулзахад хонь чинь туранхай байсан гээд туранхай махны зураг үзүүлээд доод тал нь 13 килограмм болсон ч гэх шиг юм яриад байсан. Ямар хурга өгсөн биш. Хонийг чинь зараад 4200000 төгрөг болсон гэхээр нь ямар ч байсан наадахаа өгөөдөх машин авах хэрэг байна гэсэн. Тэгээд 3 сарын дараа буюу 08 дугаар сард 1300000 төгрөгийг О.Д нь, 09 дүгээр сард 2000000 төгрөгийг Ц.О нь дансаар шилжүүлж 3300000 төгрөгөө арай гэж авсан. Үлдсэн 2700000 төгрөгийг мал туранхай байсан, зардлаараа шатсан гээд өгөөгүй өдий хүрлээ. Би тухайн үед сайн үзэж харж нягталж аваарай гэж олон хэлсэн. Тэдний наймаа надад хамаагүй, буцаагаад аваад ир гэхэд авчирч өгөөгүй, өөрсдөө ирж үзэж авцгаасан, урд нь мал, махны наймаа хийж байсан хүмүүс. Би сүүлд 800000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд миний хонь зарсны үлдэгдэл болох 2700000 төгрөгийг Ц.О, О.Д нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.О шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: О.Д бид хоёр Б.М гэдэг залуутай 62 тооны хонины наймаа хийсэн нь үнэн. Урьд нь бид наймаа хийдэг байсан учраас 110 км газар том машин хөлслөөд очсон. Тухайн үед хонь муу байсан, замдаа 3 хонь үхсэн учраас Б.М-д хэлсэн. Тэгээд худалдаж авсан хонио ачаад Улаанбаатар хот явах замд хэд хэдэн хонь үхсэн. Улаанбаатар хотод очсон хойно Б.М-д танайхаас хүн байна уу? бид хоёр хонио зарж чадахаа байлаа гэж ярихад дүүгээ явуулъя гэсэн боловч дүү нь ирээгүй. Нэг хонь нь 15 кг болж байсан учраас хүмүүс авахгүй гээд байсан. Бид хоёр хонио арай гэж зарсан. Тийм муу хонь өгчихөөд мөнгө нэхэмжилж байгаа нь муухай байна. Бид хоёр дүүгээ явуулаадах гэж зөндөө гуйсан. О.Д бид хоёр 5 хоногийн ажлаа алдаж, мөнгө төгрөгөөр их хохирсон. Нэхэмжлэлийн шаардлага болох 2700000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Хэрвээ мөнгө өгөхөөр болвол 700000 төгрөгийг өгнө. Энэ мөнгөнөөс илүү мөнгө өгч чадахгүй. Уг 700000 төгрөгийг О.Д бид хоёр 350000 төгрөгөөр хувааж төлнө гэжээ.

Хариуцагч О.Д шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: Өвөрхангай аймгийн Уянга сумын 1 дүгээр баг “Хэцүүгийн ам” гэх газраас Б.М-н 62 тооны хонийг худалдаж авсан нь үнэн. Б.М 200 хонь зарна гээд удаа дараа утасдаад байсан. Худалдаж авсан хонь нь шүдлэн эм хонь, төлөг байсан. Нэг хонь нь 15 кг орчим болсон. Ачиж явахад 3-4 хонь үхсэн. Нөхрөөрөө хуулуулаад жинлэхэд 13, 12, 14, 15 кг татсан. Хаврын хонь учраас туранхай зовлог шиг мах гарсан. Зуд болсон газраас яах гэж мал авсан юм бэ? гэж нөхөртөө загнуулж маргаан болсон. Б.М руу үнээ барихааргүй юм байна гэж ярихад эргүүлээд аваад ир гэсэн. Улаанбаатар хотод Эмээлт, Дэнжийн 1000 дээр очоод Б.М-г ах дүүгийн хүнээ явуулаадах хамт зарж мөнгийг нь тэр хүнд чинь өгье гэхэд хүн явуулаагүй. Ц.О бид хоёр Дэнжийн 1000 дээр 2-3 хоног зогссон. Нэг хонь нь 15 кг татаж байсан. Бид мал мах зардаг тулдаа лангуутай хүмүүст гуйж байж 4000000 төгрөгийн зээлэнд өгсөн. Б.М руу зарсан үнээ барихгүй байна гэхэд 4000000 төгрөг өгөөрэй гэсэн. 700000 төгрөгийг зардалд өгөөд 3300000 төгрөгийг лангууны хүнээс олон хоногийн дараа суварган байж авсан. Тэр мөнгөө Б.М руу шилжүүлсэн. Бид хоёр 5 хоног хоол унааны мөнгөөр шатсан. Б.М-с өөр хүн байсан бол гомдол гаргамаар байсан. Б.М-н нэхэмжилж байгаа 2700000 төгрөгийг өгч чадахгүй. Харин Ц.О-тэй 700000 төгрөгийн хувааж 350000 төгрөгийг өгч болно гэжээ.

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Ц.О-с 350000 төгрөг, хариуцагч О.Д-с 350000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 2000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.М нь “800000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Ц.О-с 10825 төгрөг, хариуцагч О.Д-10825 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70025 төгрөгийг орон нутгийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 11875 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.М гаргасан давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 145/ШШ2018/00202 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч нар нь надтай анх үнэ тохирч, тохиролцсоноор мөнгө төлөх ёстой гэж үзэж байна. Харин энэ хүмүүс надаас авсан хонио цаашид илүү, дутуу үнээр борлуулсан эсэх нь надад хамаагүй. Иймд хариуцагч нараас нэхэмжилж байгаа мөнгөнөөс 2000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон заалтыг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Ц.О, О.Д нарт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 3500000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 800000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч нар 700000 төгрөгийг төлнө, 2000000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.  

         Шүүх Б.М нь 60 тооны хонийг нэг бүрийг 100000 төгрөгөөр тохиролцож 6000000 төгрөг Ц.О, О.Д нар төлөх ёстой гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нотолж чадаагүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 2000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.      

         Хариуцагч нар авсан хонь нь туранхай байсан талаар буюу биет байдлын чанарын доголдолын талаар марган, үнийг бууруулах ёстой гэжээ.  Нэг бүрийг нь 100000 төгрөгөөр тооцож 60 хонь зээлээр худалдсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд тоо ширхэг болон үнийн талаар талууд маргаагүй.

         Хариуцагч нар тухайн үед доголдолын талаар мэдэх боломжтой байсан боловч хариуцагч О.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт “Танай хонийг гайгүй байх гэж бодоод ганц хоёр хонь дарж үзээд л бусад хонийг дарж үзэлгүй авсан...” гэсэн тайлбараар   хонийг нэг бүрчлэн нас, хүйс, тарган туранхайг нь үзэж, шалгаж аваагүй нь тогтоогдож байна.     

         Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч шаардлага гаргах эрхээ алддаг тул эд зүйлийн буюу хонины үнийг бууруулах үндэслэлгүй юм.

         Худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүрэгтэй. Хариуцагч Ц.О, О.Д нараас нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 2700000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимд нийцэнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Нэхэмжлэгч Б.М “миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэж гомдол гаргасан боловч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох аймагт ирж очсон унааны зардал, банкнаас мөнгө зээлж хүү төлж 800000 төгрөгний зардал гаргасан гэдэг нь тогтоогдоогүй, үүнийгээ баримтаар нотолж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт зохигчид эвлэрсэнийг шүүхийн шийдвэрээр баталгаажуулжээ.

         Давж заалдах гомдлыг хангасан тул нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

          Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

        1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 145/ШШ2018/00202 дугаар шийдвэрий тогтоох хэсгийн

        1 дэх заалтын “1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Ц.О-с 350000 төгрөг, хариуцагч О.Д-с 350000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 2000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Ц.О-с 1350000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөг, хариуцагч О.Д-с 1350000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгосугай” гэж,

         2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Ц.О-с 10825 төгрөг, хариуцагч О.Д-с 10825 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70025 төгрөгийг орон нутгийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 11875 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.О-с 29075 төгрөг, хариуцагч О.Д-с 29075 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70025 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 11875 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

       2. Нэхэмжлэгч Б.М-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

       3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

       4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.