Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж

 Нарийн бичгийн дарга Н.Норжинлхам

 Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам

             Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Т.Урангоо

 Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ....... дугаартай хэргийг 2024 оны 06 сарын 06-ны өдөр хүлээн авч 2024 оны 06 сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн ...... шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ......шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ялаар,

            Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Д.Ц

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” ,  11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  сэтгэл санааны шаалал үүсгэн тарлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан”, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:Шүүгдэгч Д.Ц нь  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн ... тоотод оршин суух Д.Б, О.Ч нарын эзэмшлийн хүн байнга амьдрахад зориулагдсан байр буюу монгол гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн  02:00 цагийн орчимд нэвтрэн орж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,

 хохирогч Д.Б, О.Ч нарын орон байранд нэвтэрч дураараа авирлах явцдаа  Д.Бтай маргалдан  түүний толгойн тус газар нь дорцовны ишээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох тусдаа амьдарч байгаа эхнэр О.Чг 4 хүүхэдтэйгээ хамт  ..тоот хашаанд  амьдарч байхад нь байнга буюу 2023 оны 10 , 11 дүгээр сард тус бүр 1 удаа, 2024 оны 1 дүгээр сард 1 удаа, 2, 3 дугаар сард 2-3 удаа очиж хэл амаар доромжилж, заналхийлж, агсан тавьж, сэтгэл санааны шаналал үүсгэн тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн

            2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тусдаа амьдарч байгаа эхнэр О.Чг 4 хүүхэдтэйгээ хамт  ... тоот хашаанд амьдарч байхад нь гэрт нь очиж "хаалгаа нээж өгсөнгүй" гэх шалтгаанаар зүй бус үгээр доромжлон, гэрийн дээвэр дээр нь гарч хүрзээр цохин,  8 ширхэг гэрийн унь хугалж, гэр, хашаа, жорлонгийн хаалгуудыг эвдэж, хуванцар ванн, жижиг хуванцар түмпэн зэргийг хагалж эвдсэний улмаас 445.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч О.Чгийн мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 8-10,11-12,75/, хөрөнгө, даатгалын хохирлын Ашид билгүүн ХХК-ийн .... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-15/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 25-28/, гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 30/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 5-7/, гэрч У.Дгийн мэдүүлэг /хх-ийн 77/, хохирогч Д.Бын мэдүүлэг /хх-ийн 104/, гэрч О.Чгийн мэдүүлэг /хх-ийн 106/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн .... дугаартай дүгнэлт /хх-ийн 126/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, шүүх хурлын тэмдэглэлийн хооронд зөрүүтэй байдал тогтоогдоогүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад  “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж,  мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад уг хуульд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч,харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг” хэлнэ гэж тус тус хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хуульчлахдаа объектив талыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, байнга харгис хэрцгий харьцсан, байнга догшин авирласан, тарчлаасан, байнга хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан буюу үйлдлийн давтамжийн шинж, хүчирхийлэл үйлдэгчийн тогтвортой зан үйл байдлаар хуульчилсан.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно. Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

 Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр, түүний амьдарч буй байранд нэвтрэн орсон шүүгдэгчийн үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг хангана. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийн шинжид тухайн зүйлийг биет байдлын хувьд үгүй хийх, анхны шинж чанарыг бүрэн алдагдуулан зориулалтын дагуу ашиглах, сэргээн засварлах боломжгүй болгож, аж ахуйн эргэлт болон иргэний гүйлгээнээс гаргасан, түүнчлэн сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байдлаар эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, эвдэлсэн үйлдлүүдийг хамааруулдаг.

 

Шинжээч эмчийн ..... дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Бын  биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж тогтоосон ба энэ нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн  “хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан”, “догшин авирлаж  гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан”, “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь хэд хэдэн гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг тус тусдаа бүрэн хангасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1,  11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 13.6 дугаар зүйлийн 1,  17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

           Шүүгдэгч Д.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.Цд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч Д.Ц нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1,  11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 13.6 дугаар зүйлийн 1,  17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг  агуулсан байх тул шүүгдэгч Д.Цыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хохирол төлбөрийн талаар: хохирогч Д.Б, О.Ч нар нь гомдол саналгүй,нэхэмжлэх зүйлгүй талаараа мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр ирүүлсэн баримтандаа тодорхойлсон байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар: Шүүгдэгч Д.Цд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 /нэг/ сар, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 6 /зургаа/ сар, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сар,  17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар  Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялын биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

 Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндулам нь шүүгдэгч Д.Цд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сар,11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 6 /зургаа/ сар, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сар,  17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сар,  11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 6 /зургаа/ сар,  13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сар, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина” гэж заасан тул  шүүгдэгч Д.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг давхар  хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Бусад асуудлаар: Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн дорцов 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахыг тус тус дурдах нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан",  11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "сэтгэл санааны шаналал үүсгэн тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн",  13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан ”, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Д.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар,  11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар,  17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сар,  11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар  оногдуулсан 6 /зургаа/ сар,  13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сар,  17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар  тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

       

         5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167  дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг  Дорноговь аймгийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн дорцов 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эрүүл мэндийн даатгалын санд 98000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.АДЪЯАСҮРЭН