| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2021/00294/И |
| Дугаар | 103/ШШ2021/00304 |
| Огноо | 2021-09-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2021/00304
| 2021 9 15 | 103/ШШ2021/00304 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1984 онд Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багт оршин суух, Дэчин овгийн Дамдинпүрэвийн Цэнднямийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1990 онд Говьсүмбэр аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 11 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух, Хошууд овгийн Батчулууны Мартад холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Цэндням, хариуцагч Б.Цэндням, нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Д.Цэндням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2007 онд Б.Марттай танилцан улмаар 2008 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 609 тоот гэрлэлтийн баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүү М.Дөлгөөнтамир төрсөн, бид зан авир, үзэл бодол, харьцааны таарамжгүй байдлын улмаас хамт амьдрах боломжгүй болж 2009 онд салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш М.Дөлгөөнтамир нь Б.Мартын асрамжид өсөж торнисон. Би хөдөө амьдарна гээд тэрнээс болж бид 2 маргалддаг байсан. Тэгээд би Ширээт рүү 2009 оны 10 дугаар сард явсан. Бид хоёр 3 жил хамт амьдарсан. Ер нь болж бүтэхгүй юм байна гээд больсон. Би тухайн үед хааяа архи уудаг байсан түүнээс болж маргалддаг байсан. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хойшид хүү М.Дөлгөөнтамирыг ээж Б.Мартын асрамжид хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Март шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бидний хооронд ямар нэгэн маргаан байхгүй тул гэрлэлт цуцлах болон хүү М.Дөлгөөнтамирыг өөрийн асрамжид авахыг хүлээн зөвшөөрч байна. Бид 2 хоорондоо ярилцаад 2 жилийн өмнөөс сар бүр хүүдээ 100.000 төгрөг өгдөг болсон. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэндням нь хариуцагч Б.Мартад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Нэхэмжлэгч Д.Цэндням, хариуцагч Б.Март нар нь 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2008 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүү Дөлгөөнтамирыг төрүүлсэн болох нь 206 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 0000821387 дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүл бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт, Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогджээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д .., гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан.
Гэрлэгчид нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр өргөдөл гаргасан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай болон уулзалтын тэмдэглэлээр тогтоогдсон учраас шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.
Зохигчид нь 3 жил хамтран амьдарсан, 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн хэн нь өөр гэр бүлтэй болсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа, шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхээргүй нөхцөл байдал бий болсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д .., нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт ..,хүүхдийн нас, санал, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх .., асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасны дагуу хүүхдийг эх Б.Мартын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2-т эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно, 26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 26.6 дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус хуульчилсан.
Иймд хариуцагч Б.Мартын зүгээс нэхэмжлэгч Д.Цэнднямийг хүүхэдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүрэг хэвээр үлдэхийг анхааруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Дэчин овгийн Дамдинпүрэвийн Цэндням, Хошууд овгийн Батчулууны Март нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар 2008 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Ц.Дөлгөөнтамирыг эх Б.Мартын асрамжид үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч Д.Цэнднямыг хүүхэдтэйгээ хүссэн үед нь уулзуулж байхыг эх Б.Мартад үүрэг болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мартаас улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цэнднямд олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар
Шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ