Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2021/00306

 

 

 

 

 

 




2021 9 15 103/ШШ2021/00306



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 86 дугаар байрны 13 тоотод оршин суух, Тайж овогт Амарын Тунгалагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 5 дугаар гудамжны 1 тоотод оршин суух, Дамдинсүрэнгийн Баттуяад холбогдох гар утасны засварын төлбөр 323.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Тунгалаг, хариуцагч Д.Баттуяа нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч А.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 16 цаг 40 минутын үед 86 дугаар байрны авто машины зогсоол дээрээс дэлгэц нь хагархай утас олсон. Хүүгийн хамт байрны үүдэнд 30-40 минут сууж байгаад утас засварын хүнд дэлгэц нь хагархай утас оллоо гэхэд асахгүй утасны дэлгэцийг нь солиул тэгвэл эзнийг нь олоход дөхөм болно гэж хэлэхээр нь дэлгэцийг нь 300.000 төгрөгөөр, кодыг нь 20.000 төгрөгөөр, шилэн наалтыг 3000 төгрөгөөр тус тус солиулж үйлчилгээ хийлгэсэн. 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Тэмүүжин гэгч цагдаа ирээд утсыг кодоор нь оллоо, та утсаа хаанаас олсон гэж асуусан би олсон газраа хэлээд шинэ дэлгэцтэй утсыг, хагархай дэлгэцийн хамт өгч явуулсан. Энэ утсыг хаясан хүн байна уу? гээд тэнд тоглож байсан хүүхдүүдээс асуухад байхгүй гэхээр нь хэрвээ утас асууж хүмүүс ирвэл энэ подвол руу оруулаарай гэж хэлээд гэр рүүгээ орсон. Тэгээд би утас оллоо гээд Хэрлэн төвийн гар утасны засварчин руу залгаад асуухад 50.000 төгрөгөөр сэлбэгэнд өгч болно эсвэл 300.000 төгрөгөөр засуулж болно гэсэн, тухайн үед надад улсаас өгсөн 300.000 төгрөг байсан учраас засуулсан. Би энэ утсыг гадуур барьдаггүй зүгээр цэнэглээд л шүүгээн дээр байлгаж байдаг байсан. Нэг өдөр цагдаа залгаад та утас олсон уу гэж асуухаар нь би тийм ээ, олсон гээд цагдаад өгсөн. Тэгэхдээ би ийм засвар хийсэн шүү гэж хэлээд засварын мөнгийг минь гаргуулж өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд энэ хүн цагдаатай ирээд миний утсыг чи эвдчихээд өөрөө засуулсан ч юм уу, би яаж мэддэг юм, чи шүүхдээд мөнгөө аваарай гэж хэлсэн. Би 3 дугаар сард утсаа хаясан боловч 2-3 сар болоход олдохгүй байгаа. Хэрвээ би тухайн үед өөрийн эрх ашгаа бодсон бол тэр утсыг сэлбэгэнд өгчихсөн байгаа. Тэгэхэд энэ хүн намайг өөрийн эрх ашгаа бодсон гэж хэлсэн. Энэ хүнийг ирэхэд би согтуу байгаагүй, 2 хүүхдийнхээ ааваар зодуулаад уйлаад их хэцүү байдалтай байсан. Би эмнэлгээр 14 хоног яваад, бие гайгүй болоод одоо хоёулаа учраа олъё гээд залгатал би завгүй байна, чи шүүхээр яв гэж хэлсэн. Тэр үед би энэ хүнтэй хэрүүл хийгээгүй, муухай харьцаагүй, дараа нь би сэтгэл санаа гайгүй болоод хоёулаа шүүх, цагдаа гэхгүйгээр хоорондоо учраа олъё гээд залгасан. Тухайн үед тэр утсан дээгүүр машин гараад дэлгэц нь хагарсан ч юм уу, би мэдэхгүй, бас тэр утас симгүй байсан талаар хэлсэн. Би цагдаад 2 хүүхэдтэй, ажилгүй авгай надад 300.000 төгрөг ч гэсэн хаа ч юм бэ гээд шүүхээр явж олж авна гэж хэлсэн. Хэрвээ би тухайн үед өөрийн эрх ашгаа бодоод тэр утсыг сэлбэгэнд өгсөн бол 5 кг мах аваад 2 хүүхэдтэйгээ сар идчих байсан. Би өөрөө Мобикомоос авсан утсаа алдаад хайгаад олдохгүй байгаа болохоор нь утсыг асаагаад байж байтал эзэн нь ирээд авна биз гэж бодоод засуулж асаасан маань миний буруу болсон байна. Иймд Баттуяагаас 323.000 төгрөг, тэмдэгтийн хураамжийн хамт гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Баттуяа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 86 дугаар байрны 3 дугаар орцонд байрлах байрнаасаа нүүсэн. Нүүх үедээ гар утсаа хүүгийнхээ карманд хийгээд гэрээсээ шууд гараад 2 дугаар орцны үүдэнд байсан өөрийн машиндаа суугаад, хөдөлсөн. Замдаа хүү маань гар утас байхгүй байна гэж хэлсэн. Би машинаа зогсоогоод машиндаа гар утсаа хайтал байхгүй байсан. Хүү маань гар утсыг орцноос гарахад карманд нь байсан гэж хэлсэн. Тухайн үед бид 2 гар утсаа гээсэн гэж бодсон. Энэ хүн 16 цаг 20 минутын орчимд утсыг олсон гэж хэлээд байна. Энэ цаг хугацаа бол худлаа. Тухайн үед би цагдаагийн байрны урдаас эргэж 86 дугаар байрны гадаа ирэхэд 5 минут орчим болсон. Тэгээд бид нар 2 дугаар орцны үүднээс хөдөлсөн ч яг хаана хаяснаа мэдэхгүй байсан тул 4 дүгээр орцны тэнд тоглож байсан 6-7 насны орчим хүүхдүүдээс гар утас харсан уу? гэж асуусан, 2 дугаар орцон дотроо хаясан байж магадгүй гээд 2-3 айлын хаалга тогшиж асуусан. Тэнд бид хоёр гар утсаа 4 цаг өнгөртөл маш их хайсан тэгээд хайж байх үедээ цагдаад мэдэгдсэн. Гэтэл цагдаа өөдөөс таны дуудлагыг хүлээж авлаа, өнөөдөр амралтын өдөр тул та 1 дэх өдөр өргөдлөө өгөөрэй гэж хэлсэн. Би Багануурын фэйсбүүк группэд хэрэглэх боломжгүй ийм утсаа алдсан тул олж өгнө үү гээд зар тавьсан. Тухайн үед утас асаалттай дуудаж байгаад 16 цагийн үед унтарсан. Би ямар нэгэн хүн гар утсыг олоод унтраасан гэж бодсон. Цагдаа дээр очиход миний фэйсбүүк группэд тавьсан зарыг скрийншот хийгээд харуулсан. Энэ утсыг би ажил дээрээ Мобикомын зээлийн үйлчилгээ ирэхээр нь 2021 оны 02 дугаар сард шинээр нь лизингээр авсан утас, одоо болтол би лизингээ төлж дуусаагүй л байна. Тэр үед утас маань унтрах ямар ч боломжгүй байсан. Би хүүхдээсээ цэнэг нь дуусах болж байсан уу? гээд асуухад цэнэг нь дуусах боломжгүй, тэр үед 60 хувийн цэнэгтэй байсан гэж хэлсэн. Цагдаа Мобикомоос авсан утас тул энэ утсыг олсон хүн асаагаад хэрэглэхэд олдох боломжтой, хэрвээ асааж хэрэглэхгүй бол олдох боломжгүй гэж хэлсэн. Цагдаа Мобиком руу албан бичиг явуулсан 14 хоногийн дараа хариу ирнэ, та тэр үед залгаарай гэж хэлсэн. Би тэр үед залгахад одоо болтол хариу ирээгүй байна гэж хэлсэн. Энэ утас олдохгүй бараг сар болоод 5 дугаар сарын 28-ны өдөр утсыг олсон гээд цагдаагаас залгасан. Би өөрөө хаясан юм чинь энэ хүн олж болно. Гэхдээ хүний юмыг олчихоод засварын газар очих ёстой юм уу, үгүй биз дээ, Цагдаагийн газар мэдэгдэх ёстой, цагдаад тэр даруй мэдэгдсэн бол магадгүй би шүүх хурлаар ороод ингээд байж байх биш, энэ хүнийг шагнаад байж байх боломжтой байсан. Энэ утсыг би 5 дугаар сарын 28-ны өдөр цагдаагаар ажиллагаа хийлгэж байгаад олсон гэж бодож байна. Утсаа би зүгээр ч нэг олоогүй, энэ хүн миний утасны кодыг тайлуулсан байсан. Утасны код тайлна гэдэг бол аймар зүйл, хүний утасны код тайлаад хэрэглээд байж байхаасаа айна. Би кодыг минь тайлсан асуудалд маш их эмзэглэж байна. Тэр утас бол эвдрэлгүй, шинэ утас байсан, яагаад дэлгэцийг нь солиулах болсон юм бол гээд гайхаж байна. Би гар утас засварын газарт тэр утсаа бариад очиход дэлгэцийг нь солисон байна, энэ дэлгэц бол А51-ийн өөрийнх нь дэлгэц биш, хуурамч байна гэж хэлсэн. Би утсаа 5 дугаар сарын 28-ны өдөр олоод цагдаадаа маш их баярлалаа гэж хэлээд байж байтал цагдаа өөдөөс гэхдээ эгчээ нэг асуудал байна, энэ таны утсыг олсон хүн таны дэлгэцийг сольж янзлуулсан гэж байна, тэр мөнгөө таниас авна гэсэн, та боломжтой бол тэр хүнтэй очоод уулзах уу гэж асуусан. Тэгэхээр нь би тэгье, уулзая гээд цагдаатай хамт явсан. Тэгээд эдний гэрт очиход энэ хүн согтуу, нүүр ам нь аймар болчихсон, үс нь сэгсийчихсэн байсан. Намайг ярилцах гэхээр ямар ч байсан өөдөөс их эвгүй зан гаргаад байсан. Би өөрөө сонсгол муутай болохоор зарим үгийг нь сонсоогүй ч их эвгүй харьцаад байгаа нь мэдрэгдээд байсан. Намайг энэ хүний гэрт нь очиход энэ хүн өөрөө манай хүүхэд гаднаас энэ утсыг олж ирсэн гэж хэлсэн мөртлөө одоо болохоор бид 2 хамт явж байгаад олсон гээд байна. Би эдний гэрээс гараад цагдаадаа энэ хүн чинь миний хэлж байгааг ойлгохгүй, согтуу байна, би энэ хүний нэхээд байгаа мөнгийг өгнө гэхээр нэг л сонин байна, эгч нь ерөөсөө өгөхгүй, гол нь энэ хүн чинь надтай ярилцахгүй, миний хэлж байгааг ойлгохгүй байна гэж хэлэхэд тэр цагдаа тийм байна гэж хэлсэн. Эзнийг нь олохын тулд зассан гэдэг нь ойлгомжгүй байна. Харин ч эзнийг нь олохын тулд олдог газар нь өгөх ёстой юм бишүү. Тэгээд өөрийгөө ажилгүй гэж байна. Хүний юмыг 300.000 төгрөгөөр гэнэт засуулаад байж байх нь ямар сонин юм бэ?, надад маш сонин санагдаад байна. Би бол хэзээ ч тэгэхгүй. Би тэр байрны хүмүүст энд нэг утас байна шүү, эзэнд нь өгөөрэй гэж хэлээд л орхих байсан. Би энэ хүний нэхэмжлээд байгаа мөнгийг өгөхгүй гэв

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг зохигч талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч А.Тунгалаг нь хариуцагч Д.Баттуяад холбогдуулан гар утасны засварын төлбөр 323.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.Баттуяа нь хүний эзэмшлийн гар утсыг зөвшөөрөлгүй янзлуулсан мөнгөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний Хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч А.Тунгалаг нь хариуцагч Д.Баттуяагийн гар утсыг олсон даруйдаа хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс олж илрүүлсэн талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч А.Тунгалаг нь Уг утсыг ашиглах зорилгогүй, асаасан тохиолдолд эзэн нь олох боломжтой гэж бодоод засуулсан, Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй нь миний буруу гэж, хариуцагч эзнийг нь олохын тулд засуулсан гэдэг нь ойлгомжгүй, эзнийг нь олохын тулд Цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой, миний утас 2021 оны 02 дугаар сард авсан шинэ утас байсан, би сайн дураараа хүний утсыг янзлуулсан мөнгийг төлөх боломжгүй гэж мэдүүлдэг ба нэхэмжлэгч нь өөрийн тайлбар, түүний үндэслэлээ нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэж хуульд заасан өөрийн эрх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгчид гээгдэл эд хөрөнгийг эзэмших, сайн дураараа засаж янзлуулах эрх хуулиар олгогдоогүй, А.Тунгалаг нь гээгдэл эд хөрөнгийг олсон даруйдаа Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн тохиолдолд Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д зааснаар .., шагнал авах, тухайн эд хөрөнгийг хадгалах, хамгаалах, эзнийг олохтой холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрх үүсэх байжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Д.Баттуяад холбогдуулан гаргасан гар утасны засварын төлбөр 323.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Тайж овогт Амарын Тунгалагийн нэхэмжлэлтэй, Харчуу овогт Дамдинсүрэнгийн Баттуяад холбогдох гар утасны засварын төлбөр 323.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ