| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2021/00323/И |
| Дугаар | 103/ШШ2021/00333 |
| Огноо | 2021-10-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2021/00333
| 2021 10 6 | 103/ШШ2021/00333 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1997 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хас Банк ХХК-д харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүү, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 6 дугаар гудамжны 1296 тоотод оршин суух, Цамбагарав овогт Дашдаваагийн Өнөрмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1995 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Хилийн цэргийн 0252 дугаар ангид замын инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хилийн цэргийн ангийн ажилчдын байранд оршин суух, Боржигон овогт Бат-Эрдэнийн Мөнх-Эрдэнэд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Өнөрмаа, хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Д.Өнөрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2014 онд Б.Мөнх-Эрдэнэтэй танилцан үерхэж байгаад 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүү М.Дөлгөөнийг төрүүлсэн. Б.Мөнх-Эрдэнэ намайг төрөх үед Орос руу сургуульд явсан байсан, эхний үед харилцаа хэвийн байсан ч намайг жирэмсэн байх үеэс хөндийрч эхэлсэн. Намайг төрсний дараа Б.Мөнх-Эрдэнэ ирсэн боловч удалгүй буцаад явсан, дахиж холбогдоогүй. Аав нь ойр дотно байгаагүй болохоор миний хүү аавыгаа танихгүй, манай аавыг аав гэж дууддаг. Би хүүгээ аав, ээжийнхээ тусламжтай өөрөө өсгөж байна. Б.Мөнх-Эрдэнээс ямар ч тус дэм байдаггүй. Намайг жирэмсэн байхад хүүхдээ өөрийнхөө нэрээр овоглоно гэхээр нь гэрлэлтээ батлуулсан ч огт хамт амьдарч байгаагүй, цаашид ч амьдрах боломжгүй. 2019 онд сургуулиа төгсөж ирээд цэргийн ангид ажилд орсон сураг байсан, бид хоёртой холбогдоогүй. Би Хас банкинд ажилладаг, ажилдаа ороод 3 сар болж байна. Хүү маань 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Ерөнхий боловсролын сургуульд орно, хэдийгээр санхүүгийн хувьд хүндрэлтэй хэцүү цаг үе байсан ч Б.Мөнх-Эрдэнээс гуйж байгаагүй. Б.Мөнх-Эрдэнэ өөрийн гэсэн амьдралтай, хүүхэдтэй болсон байна. Тиймээс би өөрөө хүүхдээ хариуцаад явъя. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүг миний асрамжид үлдээн, тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Д.Өнөрмаа бид хоёрт үерхэж байх хугацаанд зөндөө маргаантай асуудал байсан. Би хүүхдээ өөрийн нэр дээр авч байгаа тул өөрөө өсгөнө гэж маргалдаж эхэлсэн. Тэрнээс хойш харилцаагүй болсон, бидний дунд зөндөө асуудал байсан, тэр болгоныг одоо энд яриад байлтай биш дээ. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Өнөрмаа нь хариуцагч Б.Мөнх-Эрдэнэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Өнөрмаа, хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ нар нь 2014 оны 8 дугаар сарын 3-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүү М.Дөлгөөнийг төрүүлсэн болох нь 1119000569 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 1110006935 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа талаарх өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогджээ.
Зохигчид нь үерхэж байхдаа хүүхэдтэй болж, гэрлэлтээ батлуулснаас хойш хамт амьдраагүй бөгөөд дээрх хугацаанд хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ нь Оросын холбооны улсад сургуульд сурдаг байсан нь гэр бүл салах шалтгаан болсон байна.
Гэрлэгчид нь бие биеэ гэх хайр сэтгэлгүй, хамт амьдарч байгаагүй, цаашид хамтран амьдрах хүсэлгүй, хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ өөр хүнтэй гэр бүл болж, хүүхэдтэй болсон, шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах тодорхой үр дүнд хүрэхээргүй байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох.., асуудлыг шүүх шийдвэрлэнэ, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу хүүхдийг эх Д.Өнөрмаагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Б.Мөнх-Эрдэнээс тэтгэлэг гаргуулж, хүү М.Дөлгөөнийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, 4.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар эцэг Б.Мөнх-Эрдэнэ нь хүү М.Дөлгөөнтэй байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон тул хүүхэдтэйгээ уулзах эрхийг хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй болно. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэй нь уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнх-Эрдэнээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх болохыг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178.265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 178.265 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Цамбагарав овогт Дашдаваагийн Өнөрмаа, Боржигон овогт Бат-Эрдэнийн Мөнх-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү М.Дөлгөөнийг эх Д.Өнөрмаагийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү М.Дөлгөөнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Б.Мөнх-Эрдэнээс сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Мөнх-Эрдэнээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Өнөрмаад даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178.265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнх-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 178.265 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Өнөрмаад олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар
шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Сүхбаатар дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ