Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 12

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 145/ШШ2018/00281 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Ч нэхэмжлэлтэй

Хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд холбогдох “1045078 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Дорждулам оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар сургалтын менежерийн ажилд 674244 төгрөгийн үндсэн цалинтай, 25 хувийн ур чадварын нэмэгдэлтэй ажиллахаар томилогдсон. Гэтэл 2 дугаар сургуулийн захирал Ц.Б миний цалингаас ямар нэгэн үндэслэлгүйгээр 2017 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын хугацаанд ур чадварын нэмэгдлийг сар бүр 15 хувь, 10, 11 дүгээр сар 10 хувийг хасч олгосон. 1-9 дүгээр сары 135 хувь, 10-11 сарын 20 хувь, нийт 155 хувийн нэмэгдэл болох 1045078 төгрөгийг тус сургуулиас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Ц.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Боловсрол соёл шинжлэн ухааны яамын сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, сангийн сайдын 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 362/112/183 дугаар хамтарсан “Шалгуур үзүүлэлт батлах тухай” тушаалын хавсралт “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт” гэсэн журам байдаг. Энэ хүү журамд гол барих, харах зүйл бол албан тушаал бүрийг шалгуурын дагуу үзүүлэлтийг баримталж шаардлага хангасан тохиолдолд цалингийн санд багтааж ур чадвар олгоно. Мөн ажлын үзүүлэлтээр нэмэгдүүлэх бууруулах хасах боломжтой гэж заасан байдаг. Үүнээс үзвэл ур чадвар нь тодорхой хугацаанд ажиллаж хагас бүтэн жилээр тухайн байгууллагын дотоод журамд заасан нөхцлөөр шалгуур үзүүлэлт хангаж амжилт гаргаж байж авах ёстой утга байна. Зэрэг дэв шиг олгогддог зүйл биш байна. Шинээр ажилд орж байгаа хүнд өмнө нь тухайн байгууллагад ажиллаж байгаагүй тохиолдолд ур чадвар тооцох боломжгүй. Ур чадвар бол цалин нэмэгдүүлэх журмаар хавтгайруулан олгодог зүйл биш юм. Нэхэмжлэгч Д.Ч хувьд 2017 оны эхэнд ажилд орсон цалин бага байна ур чадвар авна гэхэд нь хагас жилээр эрх үүсэх боломжтой эсвэл өмнөх оныхоо ажлын ур чадвар авна гэхэд хагас жилээр эрх үүсэх боломжтой эсвэл өмнөх оныхоо ажлын үр дүнгийн гэрээний дүнгээ аваад ир гэсэн. Нэхэмжлэгч яамнаас ирнэ гэсэн боловч ирээгүй. Санхүүгийн жилийн хувьд 2017 оны 01 дүгээр сар болон он эхлээд явж байгаа боловч хичээлийн жилийн хувьд дундаа орсон хамгийн ачаалалтай үе байсан тул ажлын ачааллыг харгалзан 10 хувиар ур чадвар олгож хагас жил буюу 7, 8, 9 дүгээр сард 15 хувийн, 10, 11 дүгээр сард 20 хувийн ур чадвар олгож ирсэн. Үүнээс үзвэл хариуцсан багш нартай ажиллаж байгаа ур чадварыг нь шат дараатай үнэлж ур чадварын хувийг өсгөж явсан. Журам дүрэмдээ нийцсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн хувьд ажилд томилсон тушаал дээр тогтмол нэмэгдэл ур чадварыг тавих ёсгүйг мэдэх албан тушаал хашиж байсан. Мөн яамнаас үр дүнгийн гэрээний биелэлтийн дүн авчирч өгөөгүй үед ажлын ачааллыг  харгалзан 10 хувиар ур чадвар олгож хагас жилийн дотор 15 хувь, 20 хувь болгон шаталсан өсөлт бий болгосон байхад үгүйсгэж байгаад харамсалтай байгаач цалингийн цэсийг нийгмийн даатгалын дэвтэртэйгээ тулгаж үзээд ойлголцоно гэдэгт найдаж байна. Хэдийгээр ажлын шаардлага ихээр тавьдаг байсан ч ур чадвар ажлын ачааллыг цаг тухайд нь үнэлж явсан гэж үзэж байна. Хариуцагч талаас 7 дугаар сард гаргасан ур чадварын тушаалд заасан 15 хувийг 8 дугаар сард орхигдуулж бичсэн. 5 хувийн мөнгийг олгож болно гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Ч нь Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сургалтын менежерийн ажилд тус сургуулийн тушаалаар томилогдож 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Тус сургуулийн захирал нь ур чадварын нэмэгдлийн 10-15 хувиар олгож, бусад сургалтын менежерүүдэд ур чадварын нэмэгдлийг 20-25 хувиар олгож байсан байна лээ. Д.Ч нь Улсын багшийн их сургуулийн математикийн ангийг төгсөж ирээд ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд математикийн багш хийж байсан. Мөн Мэргэд сургуулийн захирлын албыг хашиж байсан. Ажил мэргэжлийн хувьд туршлагатай хүн байгаа. Д.Ч багшийг ажил таслаж ажлаа муу хийж байсан гэх баримт байхгүй байна. Ямар учраас ингэж харилцан адилгүй үр дүн дүгнэж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас 115793 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 929285 төгөргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас 4695 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29649 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээн, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн
Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т гаргасан давж заалдах гомдолдоо: Өвархангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 145/ШШ2018/00281 дүгээр шийдвэрийг зөвшөөрөх боломжгүй тул Д.Ч нэхэмжилсэн 1045078 төгрөгийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Д.Ч “захирал Ц.Б миний цалингаас ямар нэгэн үндэслэлгүйгээр 2017 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын хугацаанд ур чадварын нэмэгдлийг сар бүр 15 хувь, 10, 11 дүгээр сар 10 хувийг хасч олгосон. 1-9 дүгээр сарын 135 хувь, 10-11 сарын 20 хувь, нийт 155 хувийн нэмэгдэл болох 1045078 төгрөгийг тус сургуулиас гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 115793 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

            Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Б “Боловсрол соёл шинжлэн ухааны яамын сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, сангийн сайдын 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 362/112/183 дугаар хамтарсан “Шалгуур үзүүлэлт батлах тухай” тушаалын хавсралт “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт” гэсэн журам байдаг. Энэ хүү журамд гол барих, харах зүйл бол албан тушаал бүрийг шалгуурын дагуу үзүүлэлтийг баримталж шаардлага хангасан тохиолдолд цалингийн санд багтааж ур чадвар олгоно. Мөн ажлын үзүүлэлтээр нэмэгдүүлэх бууруулах хасах боломжтой гэж заасан байдаг. Үүнээс үзвэл ур чадвар нь тодорхой хугацаанд ажиллаж хагас бүтэн жилээр тухайн байгууллагын дотоод журамд заасан нөхцлөөр шалгуур үзүүлэлт хангаж амжилт гаргаж байж авах ёстой утга байна. Зэрэг дэв шиг олгогддог зүйл биш байна. Шинээр ажилд орж байгаа хүнд өмнө нь тухайн байгууллагад ажиллаж байгаагүй тохиолдолд ур чадвар тооцох боломжгүй. Ур чадвар бол цалин нэмэгдүүлэх журмаар хавтгайруулан олгодог зүйл биш...” гэсэн үндэслэлээр маргаж байгаа боловч энэ журамд багшийн /сургалтын менежерийн/ нэмэгдэл олгох эсэхийг сургуулийн захирал эрх хэмжээнийхээ хүрээнд бие даан шийдвэрлэдэг, эсвэл сургуулийн зөвлөл, хамт олноороо хэлэлцэж шийдвэрлэснийг захирлын тушаалаар баталгаажуулдаг эсэх нь тодорхойгүй байна. Боловсрол соёл шинжлэн ухааны яамын сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, сангийн сайдын 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 362/112/183 дугаар хамтарсан “Шалгуур үзүүлэлт батлах тухай” тушаалын хавсралт “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийн аль заалт хэсгийг үндэслэн ямар шалгуураар, хэрхэн үнэлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл тушаалуудынхаа үндэслэлийг баримтаар нотолж чадаагүй байна.

         Анхан шатны шүүх Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн а/02 тоот, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн а/38 тоот, 2017 оны 10 дугаар сарын 24-ний а/50 тушаалууд нь хууль журам зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч эдгээр тушаалуудыг ямар хууль журмыг үндэслэж гаргасан талаар эрх зүйн үндэслэл бүхий бодитой дүгнэлт хийгээгүй байна.

        Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэлийн хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

        Нэхэмжлэгчийн “1045078 төгрөгийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас гаргуулж өгнө үү” гэсэн гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29632 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

          Хариуцагчаас шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн а/02 тоот, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн а/38 тоот, 2017 оны 10 дугаар сарын 24-ний а/50 тушаалуудыг эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн болох нь хуралдааны дүрс бичлэг, болон хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Шүүхийн шийдвэр гарсны дараа бичмэл баримтын эхийг түүнийг гаргаж өгсөн этгээд хүсвэл буцаан өгч болно. Харин уг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт үлдээнэ.” гэж заасан байдаг бөгөөд бичмэл нотлох баримтын эх хувийг хүлээлгэж өгсөн баримтыг хэрэгт хавсаргах шаардлагатай байдаг. Гэтэл дээрх тушаалуудыг хариуцагчид буцааж өгсөн баримт хэрэгт хавсаргаагүй байгааг анхаарвал зохино.

           Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

        1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 145/ШШ2018/00281 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас 115793 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 929285 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас 1045078 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ч олгосугай” гэж, 2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас 4695 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29649 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас 29649 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29649 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

        2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29632 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

       3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

       4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.