| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2024/0432/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/453 |
| Огноо | 2024-06-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Тамир, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/453
2024 06 10 2024/ШЦТ/453
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, улсын яллагч Г.Тамир, шүүгдэгч З.М, хохирогч Ц.П /өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Мд холбогдох эрүүгийн “????” дугаартай, хххх индекстэй хэргийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, хххх тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй,
-урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 963 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 /гурав/ жил, 1 / нэг/ cap, 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж ял эдэлж байгаа, З.М/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.М нь 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ххх” төвийн буудалд байхдаа хохирогч Ц.Пн “Хаан” банкны ххх дугаарын данснаас 2.650.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч З.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.
1.2. Хохирогч Ц.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2023 оны 3 дугаар сарын 21-ний шөнө зочид буудалд амарсан. Маргааш нь дэлгүүр ороод буцаад явж байхад гурван залуу нэг эмэгтэй хүнтэй муудалцаж байсан. Тэгээд адилхан эр хүн учраас би буудлын тооцоог нь хийж өгсөн. Тэгтэл “Дотор муу байна, архи уумаар байна” гэхээр нь мөнгө өгч явуулаад нэг шил хараа гэх нэртэй архи авчруулаад бид хамт уугаад би тасарсан. Удалгүй би босч ирсэн чинь миний түрийвчинд байсан карт, цэнэглэж байсан гар утас байхгүй байсан. Би картаа хаалгах хооронд 2.650.000 төгрөгийг картнаасаа алдсан. Дараа нь би цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл алдсан гар утсыг минь прокурор яллах дүгнэлт дээр дурдаагүй байна гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн
нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Пгийн:..2023 оны 3 дугаар сарын 21-ны орой 20 цагийн үед “Дотно” төвийн 4 давхрын 10 дугаартай өрөөнд амарч байгаад 22-ны өглөө дэлгүүрээс идэх юм авчаад буудал руу ороод иртэл 3 давхарт байрлах буудлын жижүүртэй 4 хүн маргалдаад зогсож байсан. Би хажуугаар нь өнгөрөөд явж байхад нэг залуу нь ахаа надад туслаач манай энэ хүүхэн явах гээд яараад байна та миний энэ гар утсыг аваад 110.000 төгрөг зээлээч гэхээр нь гар утсыг нь аваад мобайл банкнаасаа тухайн буудлын жижүүрийн данс руу 110.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр хүүхэн яваад үлдсэн 3 залуу манай өрөө рүү хамт ороод удахгүй мөнгөтэй болчихно тэгэхлээр би таны мөнгийг өгнө гэж хэлээд хамт өрөөнд ороод сууж байхад нэг залуу ах шартаж үхлээ ганц юм аваач гэхээр нь тэгье гэж хэлээд нэг нь гараад ир хоёр нь сууж байхгүй юу гэж хэлсэн чинь за гэж хэлээд хар өнгийн куртиктэй залуу миний хаан банкны картыг аваад гарч яваад дэлгүүрээс нэг шил Хараа нэртэй архи авч орж ирээд надад карт өгсөн. Тэгээд бид 4 хамт нөгөө архиа хуваагаад уугаад сууж байгаад 3 татаад би тасраад унтаад өгсөн байсан. Би 10 цагийн үед сэрээд хартал нөгөө залуучууд байхгүй байхаар нь гар утсаа авах гэтэл байхгүй байсан. Би бусад эд зүйлээ бүртэгтэл түрүүвчинд бэлэн байсан 80.000 төгрөг болон карт алга болсныг мэдээд Хаан банк руу картаа хаалгуулах гээд залгах хооронд дансанд байсан мөнгийг карт уншуулаад авсан байсан. Миний дансанд нийт 3.000.000 төгрөг байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 27 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Гын:...2023 оны 3 дугаар сарын 22-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Найман шарга Дотон төвийн 3 давхарт байрлах буудалд З, Т, М /М/ гурав амарч байгаад намайг дуудсан. Тэгээд байж байтал нэг танихгүй ах хажуу талаар өнгөрөхөөр нь та гар утас авах уу гэж хэлтэл та хэд өр ширэнд орсон юм бол ах нь гар утсыг нь худалдаж авъя гэж хэлээд тухайн буудлын эзэн рүү 110.000 төгрөг шилжүүлээд миний гар утсыг авсан. Тухайн ахтай З, Т, М нар танилцаад зогсож байхад нөгөө ах дүү дуудлагын жолооч юм бол миний машиныг очоод аваад ир гэж хэлэхээр нь би за гэж хэлээд тухайн ахаас машиныхан түлхүүрийг аваад ххх захын хажуу талд байрлах 75 дугаар байрны зогсоол дээрээс нь өөрийнх нь машиныг аваад ххх плазагийн хажуу тал замаар явж байхад М надруу танихгүй дугаараас залгаад наад машиныг нь наад хавьдаа үлдээчих чамд 40.000 төгрөг үлдээсэн гэж хэлсэн. Би ххх плазагийн зогсоол дээр аваачиж байрлуулаад зогсоолын жижүүрт нь машиныхан түлхүүрийг нь үлдээгээд тухайн хүнрүү таны машин ххх плазагийн зогсоол дээр байгаа шүү гээд мессеж бичиж үлдээгээд би хх-руу яваад өгсөн. Миний ард З, Т, М нар үлдсэн. Тэр гурав хаашаа явсан талаар би сайн мэдэхгүй байна. Тэгээд хэсэг уулзаагүй байж байтал З, Т, М гурав надтай ххх аймагт ирж уулзаад явахдаа Т надад З, М бид гурав тухайн ахын картаас бэлэн мөнгө авсан гэж хэлж байсан. Би тэгж л тэр ахын картаас мөнгө авсан гэдгийг мэдсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 30-31 дүгээр тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Тийн:...2023 оны 3 дугаар cap байсан өдрийг нь би сайн санахгүй байна, гэртээ байж байтал найз З надруу фейсбүүк бичээд ххх дүүргийн нутаг дэвсгэр ххх төвийн эсрэг талд байдаг “ххх” нэртэй буудалд дуудсан. Би дуудсаных нь дагуу яваад очиход найз З, Г, М гэх залуу байсан. Мийг би танихгүй, тухайн өдөр танилцсан. Тэгээд өглөө сэртэл З, М 2 үл таних ахтай манай өрөөнд юм яриад зогсож байсан. Би босоод сууж байтал тухайн танихгүй ахад М гэх залуу утас зараад байсан. Тухайн утсыг 70.000 төгрөгөөр зараад буудлын тооцоо хийсэн шиг санаж байна. Тэгсэн тэр ах шар тайлна гэж байна гээд М яриад яваад байсан бид 3 тэр ахын өрөө рүү цуг ороод байж байтал М үл таних ахыг утсаараа яриулаач гэж хэлээд утсыг нь аваад ариун цэврийн өрөө орсон ингээд гарч ирээд миний чихэнд миний цалин орсон энэ газраас явъя гэж хэлсэн. Тэр ахыг орхиод гараад явсан. Тэгээд гарч яваад ххх төвийн хаан банкны АТМ-рүү М мөнгө авна гээд орсон хэдэн төгрөг авсныг би мэдэхгүй байна уг нь ямар ч мөнгө байхгүй гээд утас зараад буудлын тооцоо хийгээд байх шиг байсан. Тэр үед Г байгаагүй З, М бид 3 байсан Г тэр ахын машиныг авчрах гээд явсан байсан. Тухайн ахын картыг М авсан байх гэж бодож байна. Тэр үед тэр ахын картаар дэлгүүрээс архи авсан гэж яриад байх шиг байсан. Тэр өдөр ATM орж мөнгө авсан хүн М гэх залуугаас өөр хүн ороогүй. ATM орж мөнгө авчихаад З бид хоёрыг нэг паб-д оруулчихаад тамхинд явчихаад ирье гэж хэлээд хаяад явчихсан. М гэж З.М гэж залуу байгаа 1993 оных байх надад өөр мэдэх зүйл байхгүй. М тухайн өдөр саравчтай малгайтай, Northface гэсэн хар өнгийн малгайтай куртик малгай нь шаргал өнгийн үстэй, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн гуталтай, бараан өнгөтэй 2 мөрөөрөө үүрдэг цүнхтэй явж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 36-37 дугаар тал/,
2.4. “Хаан” банкны 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 29/3818 дугаартай албан бичиг, түүний хавсралт. /хх-ийн 18-21 дүгээр тал/,
2.5. “ххх” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №ЧД1-23-335 дуаартай зах зээлийн 325.000 /гурван зуун хорин таван мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. /хх-ийн 49-50 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтаст хэргээс: хохирогч Ч.Пийн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/, гэрч Г.Гын мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/, Т.Тн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/, “ххх” банкны 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 29/3818 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 18-21 дүгээр тал зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав
3.2. Шүүгдэгч болон хохирогч нар хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч З.М нь 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ххх” төвийн буудалд байхдаа хохирогч Ц.Пийн “ххх” банкны ххх дугаарын данснаас 2.650.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Ц.Пн:..2023 оны 3 дугаар сарын 21-ны орой 20 цагийн үед “ххх” төвийн 4 давхрын 10 дугаартай өрөөнд амарч байгаад 22-ны өглөө дэлгүүрээс идэх юм авчаад буудал руу ороод иртэл 3 давхарт байрлах буудлын жижүүртэй 4 хүн маргалдаад зогсож байсан…би 10 цагийн үед сэрээд хартал нөгөө залуучууд байхгүй байхаар нь гар утсаа авах гэтэл байхгүй байсан. Би бусад эд зүйлээ бүртгэтэл түрүүвчинд бэлэн байсан 80.000 төгрөг болон карт алга болсныг мэдээд “ххх” банк руу картаа хаалгуулах гээд залгах хооронд дансанд байсан мөнгийг карт уншуулаад авсан байсан. Миний дансанд нийт 3.000.000 төгрөг байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 27 дугаар тал/,
- гэрч Г.Гын:...миний ард З, Т, М нар үлдсэн. Тэр гурав хаашаа явсан талаар би сайн мэдэхгүй байна. Тэгээд хэсэг уулзаагүй байж байтал З, Т, М гурав надтай ххх аймагт ирж уулзаад явахдаа Т надад З, М бид гурав тухайн ахын картнаас бэлэн мөнгө авсан гэж хэлж байсан. Би тэр ахын картаас мөнгө авсан гэдгийг тэгж л мэдсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 30-31 дүгээр тал/,
- гэрч Т.Тийн:...тэр үед Г байгаагүй З, М бид гурав байсан Г тэр ахын машиныг авчрах гээд явсан байсан. Тухайн ахын картыг М авсан байх гэж бодож байна. Тэр үед тэр ахын картаар дэлгүүрээс архи авсан гэж яриад байх шиг байсан. Тэр өдөр ATM орж мөнгө авсан хүн М гэх залуугаас өөр хүн ороогүй. ATM орж мөнгө авчихаад З бид хоёрыг нэг паб-д оруулчихаад тамхинд явчихаад ирье гэж хэлээд хаяад явчихсан. М гэж З.М гэж залуу байгаа 1993 оных байх надад өөр мэдэх зүйл байхгүй. М тухайн өдөр саравчтай малгайтай, Northface гэсэн хар өнгийн малгайтай куртик малгай нь шаргал өнгийн үстэй, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн гуталтай, бараан өнгөтэй 2 мөрөөрөө үүрдэг цүнхтэй явж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 36-37 дугаар тал/,
2.4. хххх банкны 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 29/3818 дугаартай албан бичиг, түүний хавсралт. /хх-ийн 18-21 дүгээр тал/,
2.5. “ххх” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №ЧД1-23-335 дуаартай зах зээлийн 325.000 /гурван зуун хорин таван мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. /хх-ийн 49-50 дугаар тал/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг хохирогч, шүүгдэгч гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй З.Мын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч З.Мыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч З.М нь хохирогч Ц.Пгийн “ххх” банкны картаас 2.650.000 төгрөг, самсунг А51 маркийн 325.000 төгрөгний үнэ бүхий гар утсыг хулгайлж нийт 2.975.000 төгрөгийн хохирол учруулсан тул шүүгдэгч З.Маас нийт 2.975.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Пд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мд 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 963 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан нийт эдлэх ялыг нэмж нэгтгээд 2 /гурав/ жил 1 /нэг/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан дээрх ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 16 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 10 сар 16 хоногийн хугацаагаар тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч З.М, хохирогч Ц.П нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч З.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З.Мын өмнөх ялаас эдлээгүй үлдсэн 1 / нэг/ жил 5 /тав/ сар, 16 /арван зургаан/ хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 10 /арван/ сар 16 /арван зургаан/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мын цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Маас 2.975.000 /хоёр сая есөн зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Пд олгосугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ