Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 13

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Өвөрхангай аймаг, Арвайхээр тойргийн нотариатч А.Т  нэхэмжлэлтэй

Хариуцагч “Сант мандах” хоршоо дарга Б.О, Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Н нарт холбогдох

“Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Сант мандах” хоршоонд олгосон 45000000 төгрөгийн зээлийн барьцаанд Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаалахыг зөвшөөрсөн Сант сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Д.Н-н гэрчилсэн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 449 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийн нотариатын үйлдлийг, Арвайхээр тойргийн нотариатч А.Т-н гэрчилсэн 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2036 бүртгэлийн дугаартай 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаалсан ТЭ2011/20 дугаартай барьцааны гэрээний нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулж, Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаанаас чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч А.Т-н гаргасан давж заалдах гомдлоор 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Дорждулам, нэхэмжлэгч А.Т, хариуцагч Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өмнөх шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж тухайн шүүхийн шийдвэр хүчингүй болсон. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Сант мандах” хоршоонд 45000000 төгрөгний зээлийг олгосон байдаг. Сант сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч Д.Н нь 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 449 бүртгэлийн дугаартай хууль бус итгэмжлэлийг гэрчилснээс болж Өвөрхангай аймгийн Сант сумын Монгол ардын намын үл хөдлөх хөрөнгүүд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дуудлага худалдаанд орохоор зарлагдсанаар иргэн байгууллагын эрх ашиг ноцтой зөрчигдсөн учраас шүүхэд хандсан. Хууль зөрчсөн итгэмжлэл хийгдээгүй бол барьцааны гэрээ хийгдэж, 45000000 төгрөгний зээл олгогдохгүй байх байсан. Уг итгэмжлэл нь хууль зөрчсөн болох нь Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаалахдаа хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрлийг аваагүй. Энэ нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1 дэх хэсэгт итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх гэсэн заалтыг зөрчсөн. Тухайн хөрөнгө нь төв Монгол ардын намын хөрөнгө юм. Уг итгэмжлэлд эрх бүхий этгээдүүдийн гарын үсэг зурагдаагүй байдаг. Анхан шатны намын хороонд эрх олгогдоогүй байхад итгэмжлэл гэрчлэгдсэн. Эрх бүхий этгээд тамга дарж гарын үсэг зурсан итгэмжлэл байхгүй байхад сумын нотариатын үйлдэл хийгдсэн. Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байна гэсэн заалт зөрчигдсөн. Мөн үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна гэсэн заалтыг зөрчсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6 дахь хэсэгт хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцогдоно гэж заасан байгаа. Тиймээс сумын нотариатын хийсэн үйлдэл нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймд Д.Н-н гэрчилсэн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 449 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийн нотариатын үйлдлийг, Арвайхээр тойргийн нотариатч А.Т-н гэрчилсэн 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2036 бүртгэлийн дугаартай 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаалсан ТЭ2011/20 дугаартай барьцааны гэрээний нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулж, Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаанаас чөлөөлүүлэх гэсэн нэхэмжлэл гаргасан. Нотариатын тухай хуульд нотариатч болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцож болно гэж заасан. Тэгэхээр би сумын нотариатын үүрэг гүйцэтгэгчийн итгэмжлэлийг үндэслэж гэрчилж, миний гэрчилсэн барьцааны гэрээ нь байгууллагын эрх ашигийг ноцтой зөрчсөн учраас Иргэний хуульд заасан эрхээ эдэлж дээрх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Үүнээс гадна ямар ямар хуулийг зөрчсөн зөрчил харагдаж байна вэ? гэхээр Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т нотариатч ажиллаагүй суманд хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн гишүүнээс эрх авсан сумын Засаг даргын Тамгын газрын дарга нотариатын үүргийг хавсран гүйцэтгэнэ гэсэн заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.7-д нотариатын үйлдэл хийх эрхээ гагцхүү өөрөө хэрэгжүүлж тамга баталгааны тэмдэгээ бусдад шилжүүлэхгүй байх заалтыг зөрчсөн. Д.Н нь тухайн үед албан ажлаар эзгүй байж байгаад өөр хүн гэрчилсэн гэж ярьдаг. Д.Н нь өнөөдрийг хүртэл Тамгын газрын дарга буюу сумын нотариатын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Д.Н нотариатын үүрэг гүйцэтгэх тусгай зөвшөөрлөө 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бусдад дур мэдэн шилжүүлсэн байдаг. Нотариатын тухай хуульд бие даасан нотариатч болон нотариатын үүрэг гүйцэтгэгч нар нотариатын үйлдлийг бусдад шилжүүлэхгүй гэж заасан байдаг. 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 449 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг гэрчлэхдээ нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн. Нотариатын үйлдэл зөрчигдсөн тохиолдолд уг үйлдэл нь шаардлага хангаагүй гээд хүчингүй болох үндэслэл болдог. Сант сумын Монгол ардын намын байр байрлаж байгаа байрыг газрын хамт барьцаалсан итгэмжлэлийг бүртгэх дэвтэрт бүртгэхдээ төлөөлөгчийн хаяг регистр, утас, төлөөлүүлэгч байгууллагын нэр утсыг огт бичээгүй, бүртгэлийн дэвтрийн төлөөлөгч гарын үсэг зурах хүснэгтэд төлөөлөгч Ш.Т-н нэрийг бичсэн, төлөөлүүлэгч болох сумын Монгол ардын намын хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий этгээдүүдийн гарын үсэг, тамга байхгүй, итгэмжлэлийн агуулга нь тодорхойгүй байдаг. Уг итгэмжлэл нь ямар төрлийн итгэмжлэл болох нь мэдэгддэггүй. Итгэмжлэл маш тодорхой байх ёстой. Үл хөдлөх хөрөнгийн барьцаа зөвшөөрсөн итгэмжлэлд ямар үл хөдлөх хөрөнгө барьцаалсан, түүнийг гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаар, нэгж талбарын дугаар нь хэд болох нь тодорхой бичигдээгүй, итгэмжлэлийг 4 хувь хийж, төлөөлөгч, төлөөлүүлэгч холбогдох байгууллага, нотариатчид өгдөг. Гэтэл уг итгэмжлэлийг ганцхан хувь үйлдэж, үүнийгээ Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд өгсөн байдаг. Энэ хэргийг шийдвэрлүүлэхийн тулд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шүүхээр дамжуулан хүсэлт гаргаж гэрээний нэг хувийг гаргуулж хэрэгт хавсаргасан байгаа. Энэ нь Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйл нотариатын бүртгэл, хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар баталсан журам зэргийг зөрчсөн харагддаг. Сант сумын Монгол ардын намын хорооны тэргүүлэгчдийн Сант сумын Монгол ардын намын хорооны байрыг газрын хамт барыдаалахыг зөвшөөрсөн 2 тогтоолыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Сумын нотариатын бүртгэлээс харахад Сант сумын Монгол ардын намын байр болон газрыг барьцаалсан итгэмжлэлийг хийхдээ тус тусад нь итгэмжлэл хийлгэсэн байгаа. “Сант мандах” хоршоо нь 45000000 төгрөгний зээл авахдаа 6 үл хөдлөх хөрөнгө барьцаалсан байдаг. Уг барьцааны хөрөнгөд Ш.Т-н байр, өвлийн сууц, газар, Б.Б-н агуулах, газрыг барьцаалсан байдаг. Эдгээр итгэмжлэлээс өнөөдөр зөвхөн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 449 бүртгэлийн дугаартай итгэмжлэл яригдаж байгаа. Үүнийг ялгаж салгах ёстой. Энэ тухай давж заалдах шатны шүүхийн магадлал байгаа. Итгэмжлэлийг гэрчлэхдээ төлөөлөгч, төлөөлүүлэгч болох Монгол ардын намын хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий этгээдүүдийг биечлэн байлцуулаагүй. Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо иргэний баримт бичиг, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх гэсэн заалт зөрчигдсөн. Мөн нотариатын үйлдэл хийх зааврын 32.3-т үйлчлүүлэгч төлөөлөгчөөрөө дамжуулан нотариатын үйлдэл хийлгэхийг хуулиар зөвшөөрсөн болон Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд үйлчлүүлэгч нь нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр заавал ирж үйлчлүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн байгаа. Монгол ардын намын үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд нь тухайн үеийн Монгол ардын намын хорооны дарга Ц.Ц болон сумын Монгол ардын намын хорооны тэргүүлэгчид биш юм. Монгол ардын намын байрыг хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүй, хөрөнгө захиран зарцуулах эрхгүй этгээдээр төлөөлүүлэн итгэмжлэлийг гэрчилсэн нь уг маргааны гол шалтгаан болж байгаа. Эрхгүй этгээдээр төлөөлүүлж итгэмжлэлийг гэрчилснээс болж Улс төрийн намын тухай хуулийн 16 дугаар зүйл болон Монгол ардын намын үндсэн дүрмийн 43 дугаар зүйл ноцтойгоор зөрчигдсөн байдаг. Монгол ардын намын хөрөнгө нь гишүүдийн татвар хураамж, байгууллага хүмүүсээс өгсөн хандив, төрөөс олгосон санхүүгийн дэмжлэг, гэрээслэсэн зүйл, намын билэг, билэг дурсгалын зүйл, барилга байгууламж, эд юмс, намын хэвлэл мэдээлэл, сурталчилгааны байгууллага, хуульд заасан бусад орлогоос бүрдэнэ гэсэн байгаа. Мөн намын дүрэмд намын архив сан хөрөнгө нь түүний халдашгүй бөгөөд хуваагдашгүй өмч мөн гэсэн зүйлүүдийг зөрчсөн байдаг. Монгол ардын намын байр нь намын үйл ажиллагаа явуулах буюу намын байрны зориулалтаар олгогдсон юм. Тухайн байранд зөвхөн намын үйл ажиллагаа явуулах ёстой. Уг намын байрыг ямар нэгэн сумын намын хорооны дарга, тэргүүлэгчид нь зориулалт бусаар ашиглах, ашиглуулах эрхгүй. Сант сумын Монгол ардын намын байр болон байршин буй газрын хууль ёсны эзэмшигч, өмчлөгч хэн бэ? сумын Монгол ардын намын хороо юу? аль эсвэл тэргүүлэгчид үү? гэсэн асуудал гарч байна. Энэ асуудлыг буруу ойлгож итгэмжлэл хийгдсэн байдаг. Сант сумын Монгол ардын намын хорооны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Монгол ардын төв нам юм. Энэ нь 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Өвөрхангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 1011000091 тоот болон 000151809 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр гэрчлэгддэг. Тухайн үед Миеэгомбын Энхболд нь Монгол ардын намын дарга байсан. Мөн 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сант сумаас олгосон улсын бүртгэлийн 0230076 нэгж талбарын дугаартай 0230076 тоот, 128 мкв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогддог. Тухайн үед Ш.Т Монгол ардын намын үл хөдлөх хөрөнгийг яагаад авсан бэ? гэхээр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас манай суманд 45000000 төгрөгийн хүүгүй зээл олгох гэж байна. Бид нарт дахин ийм боломж олдохгүй болохоор алдаж болохгүй боломж, манай хоршоо суманд хөдөө аж ахуйн бирж байгуулна, ажлын байр нэмэгдэх болно. Сумын ард иргэд үр шимийг нь хүртэнэ. Үйлчилгээний байгууллагын орлого сайжирна. Зээлээ судлуулах гэхээр барьцаа хөрөнгө хэрэг болоод байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ өгөөч манай хоршооны дэлгүүрийн гэрчилгээг Хаан банкны зээлийн барьцаанд тавьчихсан. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 45000000 төгрөгний зээл авахаар Хаан банкны зээлээ хаагаад хоршооны дэлгүүрийн гэрчилгээг Жижиг дунд үйдвэрийг хөгжүүлэх санд тавьж танай гэрчилгээг 12 дугаар сарын сүүлээр суллаж өгнө гэсэн гэж сумын Монгол ардын намын дарга Ц.Ц мэдүүлсэн байдаг. Ш.Т тухайн үед Сант сумын Монгол ардын намын ахмадын хорооны дарга, “Сант мандах” хоршооны дарга зэрэг албыг хашиж байсан. Урьд нь Гучин-Ус суманд сум нэгдэл, компани, хоршооны дарга зэрэг нам төр захиргаа хувийн хэвшилд олон жил ажилласан хүн байсан учраас намын байрыг барьцаалуулахыг зөвшөөрсөн. Энэ итгэмжлэл Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх заавар, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулиудыг зөрчсөн. 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 449 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэсэн заалтын дагуу мөн нотариатын 31 дүгээр зүйлийн 31.1.1-т үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал гэсэн заалт, мөн хуулийн 31.3-т Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдпийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэснийг тус тус үндэслэн сумын нотириатын үүрэг гүйцэтгэгч Д.Н-н гэрчилсэн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 449 бүртгэлийн дугаартай итгэмжлэл болон түүнийг үндэслэж гэрчилсэн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЭ2011/20 дугаартай барьцааны гэрээний нотариатын үйлдпийг тус тус хүчингүйд тооцуулж, Монгол ардын намын хөрөнгө өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Төв Монгол ардын намын өмч мөн болох талаар төв Монгол ардын намын ерөнхий нарийн бичгийн даргын гарын үсэгтэй бичвэр байгаа. Уг бичвэрийг хавтаст хэрэгт хавсаргасан. Иймд “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Сант мандах” хоршоонд олгосон 45000000 төгрөгийн зээлийн барьцаанд Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаалахыг зөвшөөрсөн итгэмжлэлийг гэрчилсэн Сант сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Д.Н-н 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 449 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийн нотариатын үйлдлийг, мөн энэхүү итгэмжлэлийг үндэслэж Арвайхээр тойргийн нотариатч А.Т-н гэрчилсэн 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2036 бүртгэлийн дугаартай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, түүнийг төлөөлж захирал Д.Д, “Сант мандах” хоршоо, түүнийг төлөөлж, дарга Ш.Т нарын хооронд 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан, Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаалсан, ТЭ2011Х20 дугаартай барьцааны гэрээний нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулж, Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн зээлийг анх авахад болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан талаар миний зүгээс мэдэх зүйл байхгүй. Ш.Т нь “Сант мандах” хоршоог анх надад хүлээлгэж өгөхдөө энэ зээлийн талаар болон барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн талаар огт яриагүй. Зээлтэй холбоотой материал ч надад шилжиж ирээгүй. Би 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бүх гишүүдийн хурлаар “Сант мандах” хоршооны дарга болсон. Тухайн үед бүх гишүүдийн хурлаар уг зээл огт яригдаагүй. Хоршооны бүх гишүүд энэ зээлийн талаар мэдээгүй байсан. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас зээл болон барьцаа хөрөнгө хураах асуудал яригдаж, миний бие зээлийн гэрээг олж харахад Ш.Т, Ч.Н нар авсан бөгөөд барьцаанд нь өөрсдийн өвлийн хашаа байшин болон Ардын намын байрыг барьцаанд тавьж 45000000 төгрөг зээлсэн байсан. Хоршооны нэрийг ашиглаж зээл авсан боловч уг мөнгө нь “Сант мандах” хоршоонд зориулагдаагүй. Уг зээлийн гэрээний 3.4-т зээлийн зориулалтын дагуу хоршооны түүхий эд боловсруулах тогтолцоог боловсронгүй болгох, түүхий бэлтгэх, хадгалах, тээвэрлэлтийн нөхцлийг сайжруулах гэсэн зориулалтаар авсан байдаг ч “Сант мандах” хоршоонд зарцуулсан зүйл байхгүй. Уг зээлийг авснаас хойш хоршооны үйл ажиллагаа доголдож дампуурах гэж байх үед нь би хоршооны дарга болсон. Тиймээс энэ асуудлыг “Сант мандах” хоршоо болон миний бие хариуцахгүй. Нэхэмжлэгч нотариатын үйлдлийг буруу хийсэн гэж байгаа боловч тухайн үед Монгол ардын намын дарга байсан Ц.Ц нь дур мэдэн барьцааны гэрээг зөвшөөрч гарын үсэг зурж нотариатаар батлуулсан байдаг. Нотариатч хууль зөрчиж дур мэдэн нотариатын үйлдэл хийсэн зүйл биш. Би нотариатчийг төв газраасаа эрх авсан үгүйг нь мэдэхгүй. Миний хувийн бодлоор нотариатчийг буруутгах шаардлагагүй гэж бодож байна. “Сант мандах” хоршоонд хандаж байгаа асуудал буюу барьцааны гэрээг хүчингүй болгуулах асуудлыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудал гэж бодож байна. Яагаад гэхээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд Монгол ардын намын байрыг барьцаалсан. Уг барьцааны гэрээний дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан “Сант мандах” хоршоог зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах заалттай. Энэ асуудалд гэрээнд заасан эрх нь надад шилжиж ирээгүй тул “Сант мандах” хоршоо болон миний бие оролцох шаардлага байхгүй, огт хамаагүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би урьд нь болсон хурал дээр ч хэлж байсан. Хууль зүйн сайдын тушаалаар нотариатын үйлдлийг Тамгын газрын дарга нар ажлынхаа хүрээнд давхар гүйцэтгэдэг. Бид давхар цалин хөлс авдаггүй. Ингээд ажлаар явахаар болоход нотариатын үйлдэл нь асуудал болж үлддэг. Нотариатын үйлдлийг хийхгүйгээр 4, 5 хоноход иргэдээс санал гомдол маш их гардаг. Тийм учраас 3 дээш хоногоор сургалт семинарт явахаар бол хэн нэгэнд тамга тэмдэгээ хариуцуулж өгч байя гэж байгууллагын дотоод журамд тусгасан. Энэ журмын дагуу тамга тэмдэгийг үлдээсэн. Нотариатын үйлдлийг хийхдээ учир утгаггүй үйлдээгүй. Тухайн үеийн намын дарга болон тэргүүлэгчид бүгд байлцаж хэлэлцээд энэ 45000000 төгрөгийн зээл манай суманд орж ирвэл үнэхээр ашигтай ажлын байр нэмэгдэнэ гэж ярилцсаны үндсэн дээр хүлээн зөвшөөрч уг байрыг барьцаанд тавьсан байдаг. Тухайн үед газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт Монголд ардын намын байрны 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрчилгээг гаргаж өгсөн байдаг. Энэ барилга нь Монгол ардын намын гишүүдийн хандив тусламжаар баригдсан барилга биш. Хоршооны үндсэн хөрөнгө байж байгаад тухайн үеийн сумын удирдлагууд намын байртай болъё гэдэг шийдвэр гаргаж, хоршооны эзэмшиж байсан барилгад засвар үйлчилгээ хийж, нэг хэсгийг намын байр, нөгөө хэсгийг нь Тамгын газрын 4 дүгээр багийн Засаг даргын байр болгосон байдаг. Тамгын газрын 2011 оны эд хөрөнгийн бүртгэлд нэг талыг нь 5500000 төгрөгөөр, нөгөө талыг нь мөн адил 5500000 төгрөгөөр засварласан. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас тэргүүний хоршоог дэмжих аян өрнүүлж эхний 3-т орсон хоршоонд 45000000 төгрөгнөөс 100000000 төгрөгний хөнгөлттэй зээлэнд хамруулах үйл ажиллагаа явагдаж байсан. Энэ хугацаанд тухайн үед Монгол ардын намын дарга байсан Ц.Ц нь Ш.Т дарга, гишүүдийн хамт тэргүүлэгчдийн тогтоол гаргасан байдаг. 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байраа авчихаад 12 дугаар сарын 05-ны өдөр тогтоол гаргасан байгаа. Уг тогтоол нь ямар утгатай тогтоол байсан гэхээр сумын намын хорооны тэргүүлэгчтэй, дугаартай газрын гэрчилгээг, 128 мкв бүхий сумын төвд байршилтай 2011 онд ашиглалтанд орсон барилгыг барьцаалан зээл авахыг “Сант мандах” хоршоонд зөвшөөрсүгэй гээд тухайн үеийн намын дарга Ц.Ц, гишүүд гарын үсэг зурж нотариатын үйлдэл хийлгэсэн байдаг. Тухайн үед би өөр аймагт сургалттай явж байсан. Би дотоод журмын дагуу тамга тэмдэг шилжүүлэх журмынхаа дагуу нотариатын бичиг баримт, тамга тэмдэгээ үлдээж явсан. Тухайн үед нотариатын үйлдлийг яаж гэрчилсэн талаар А.Тулга хэлэхдээ гурван үл хөдлөх хөрөнгө, 3 газар, газрын гэрчилгээнд итгэмжлэл хийсэн байдаг гэсэн. Мөн итгэмжлэлийн агуулга нь буруу гэж байсан. Уг итгэмжлэлд газар захиран зарцуулахад итгэмжлэл хийсэн. Харин үл хөдлөх эд хөрөнгө эзэмших итгэмжлэл хийгээгүй. Тодорхой утга дээр юу гэж бичсэн гэхээр Монгол ардын намын үйлчилгээний газрыг “Сант мандах” хоршооны дарга Ш.Т-д барьцаанд тавих гэсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгө үүнд дурьдагдаагүй. Мөн нөгөө итгэмжлэлд Б.Б-н складыг барьцаанд тавьсан байдаг. Гэхдээ уг үл хөдлөх хөрөнгө складыг барьцаанд тавьсан биш бас л газартай холбоотойгоор газар захиран зарцуулах итгэмжлэл хийгдсэн байдаг. Энэ бүгдээс харахад намайг түр орлож байсан хүн заавар журмын дагуу нотариатын үйлдлийг хийсэн. А.Т өөрсдөө тамга тэмдэг дараагүй, гарын үсэг зураагүй гэж байна. Гэхдээ итгэмжлэлд ямар ч дарга тамга дарах эрхгүй. Зөвхөн нотариатын үүрэг гүйцэтгэгч тамга тэмдэгээ дардаг. Харин хоёр тал хоёулаа гарын үсэг зурж итгэмжлэл хийлгэдэг. Энэ итгэмжлэлийг ямар нэгэн алдаагүй хийсэн. Итгэмжлэл хийж байсан хүн тухайн үед надаас утсаар асууж байсан. Уг итгэмжлэлийг үл хөдлөх хөрөнгөтэй ямар нэгэн холбоогүй гэж үзэж байна. Тухайн үед намын удирдлагууд бүхэл бүтэн намын байраа барьцаанд тавьж байж “Сант мандах” хоршоонд туслах болсон талаар нухацтай хандаж, эдгээр хүмүүсийг дуудаж асуумаар байгаа юм. Н, П, эрх бүхий нягтлан бодогч хүртэл байгаа. Эдгээрээс ганцхан хүн л байхгүй байгаа. А.Т нь Монгол ардын намын төвөөс зөвшөөрөл авч байж энэ асуудлыг шийдсэний дараа нотариатын үйлдэл хийх байсан гэж хэлж байна. Тухайн үед “Сант мандах” хоршооны өмч байсан болохоос биш намын гишүүдийн хөрөнгөөр бий болсон хөрөнгө биш, энэ нь бүхэл бүтэн сумын өмч учраас хаа нэг газраас зөвшөөрөл авахгүйгээр тухайн үеийн намын дарга тэргүүлэгчдээс зөвшөөрөл авсны үндсэн дээр нотариатын үйлдэл хийснийг буруу гэж үзэхгүй байна. Нотариатын үйлдлээс гадна энэ хэргийн талаар нэг зүйл сөхмөөр байна. А.Т зөвхөн намын байрыг барыдаалсан тухай нэхэмжлэл гаргаж байгаа. Гэтэл 3 хүн эд хөрөнгөө барыдаалж зээл авсан. Мөн хоршооны дарга өөрийнхөө хөрөнгийг барьцаанд тавьсан байгаа. Гэтэл эдгээр хүмүүс өөрсдөө хүлээн зөвшөөрсөн гээд  хүчингүй болгож, зөвхөн намын байрны талаарх 447, 448, 449 гэсэн итгэмжлэлүүдээс нэгийг хүчингүй болгуулна. Үлдсэн хоёр итгэмжлэлийн хувьд цаад хүмүүс нь хүлээн зөвшөөрсөн гэж байгаа юм бэ? 449 тоот итгэмжлэлийг ч бусад барьцаалуулагч нар хүлээн зөвшөөрсөн. Намын дарга, тэргүүлэгчдийн тогтоол, “Сант мандах” хоршооны гишүүд бүгд зөвшөөрсөн. Хариуцагчаар биднийг татаж байгаа. Гэтэл тухайн үед байсан намын тэргүүлэгчид энэ үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг яах гэж байна вэ? Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 45000000 төгрөгийн зээл авахад шийдвэр гаргаж оролцсон байж яагаад энэ хэрэгт татан оролцуулахгүй байгаа юм бэ? Мөн сумын Монгол ардын намын тэргүүлэгчид өөрсдөө байраа барьцаалахыг зөвшөөрчихөөд өнөөдөр энэ шүүх хуралдаанд оролцохгүй байна вэ? Тухайн үед Б.О “Сант мандах” хоршооны дарга байгаагүй. Гэтэл тухайн үед тэнд ажиллаж байсан хүмүүс нь байгаа. Тухайн хүмүүс уг зээлийг авахад оролцсон мөртлөө одоо зээлтэй холбоотой асуудал гарахаар яагаад оролцуулахгүй байгаа юм бэ? Энэ асуудал ганцхан бид гурвын асуудал биш. Энэ зээлтэй холбоотой хүмүүсийг бүгдийг нь оролцуулах хэрэгтэй. Би нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг зөвшөөрнө. Намын байрыг суллаж болно. Гэтэл Б.О нь хоршооны эвдэрсэн барилга, ямар ч гишүүнчлэлгүй юм авчихаад 45000000 төгрөгийг хаанаас төлөх вэ? Тухайн үед гарын үсэг зурсан хүмүүс бараг бүгд хоршооноос гарсан. Иргэний шүүх нь иргэний төлөө үйлчилдэг бол хариуцагч Б.О-г бодох хэрэгтэй. Тийм учраас тухайн үед уг хоршоог барьцаалахад оролцож байсан хүмүүсийг оролцуулах саналтай байгаа. Маш хурдан хугацаанд материал бүрдүүлсэн. Тухайн үед талийгаач Ш.Т дарга эдгээр хүмүүстэй хуйвалдаж зээл авч, уг зээл нь дансанд нь орж 20000000, 25000000 төгрөгөөр гарсан байдаг. Түүнийг хэн хариуцах юм бэ? Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 45000000 төгрөгний зээлийг өгч, түүнийг хариуцаж байсан хүн өнгөрөөд 2 жил болж байхад өөр хүнд энэ хариуцлагыг тохож байгааг шүүгч өөрийн мэргэн ухаанаар тунгаан бодох байх. Иргэн хүний эрх ашгийг бодох хэрэгтэй. Хоёр иргэн “Сант мандах” хоршооны төлөө гэр орон, складаа барьцаанд тавьсан байхад яагаад зөвхөн намын байрны эрх ашгийг хөндөж байна вэ? Энэ бол бидний хоорондын асуудал биш. Энэ асуудал нь иргэд болон “Сант мандах” хоршоотой холбоотой учраас энэ хэргийг анхан шатнаас нь гол үндэс сууриар нь авч хэлэлцсэн дээр байх гэжээ.

            Анхан шатны шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар А.Т-н нэхэмжлэлтэй Сант сумын Засаг даргын Тамгын газрын дарга, “Сант мандах” хоршоонд нарт холбогдох “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Сант мандах” хоршоонд олгосон 45000000 төгрөгийн зээлийн барьцаанд Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаалахыг зөвшөөрсөн Сант сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Д.Н-н гэрчилсэн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 449 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийн нотариатын үйлдлийг, Арвайхээр тойргийн нотариатч А.Т-н гэрчилсэн 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2036 бүртгэлийн дугаартай 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаалсан ТЭ2011х20 дугаартай барьцааны гэрээний нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулж, Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 85 дугаартай гүйцэтгэх хуудастай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр хүчин төгөлдөр болмогц сэргээж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдан шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч А.Т давж заалдах гомдолдоо: Сант сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Д.Н-н 2011 оны 12-р сарын 14-ний өдрийн 449 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, улмаар түүнийг үндэслэж гэрчилсэн Арвайхээр тойргийн нотариатч А.Т-н гэрчилсэн 2011 оны 12-р сарын 22-ны өдрийн 2036 бүртгэлийн дугаартай, Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаалсан барьцааны гэрээний нотариатын үйлдпийг тус тус хүчингүйд тооцуулж, Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийн нэхэмжпэгч, Өвөрхангай аймгийн Арвайхээр тойргийн нотариатч А.Т миний бие нь тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2018  оны   3-р  сарын   14-ний  өдрийн   145\ШШ2018\00233 дугаартай шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг илтэд зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу ба буруу үнэлсэн тул давж заалдаж байна. Үүнд: 1. Сант сумын МАН-ын хорооны тэргүүлэгчдийн 2011 оны 12-р сарын 5-ны өдрийн 10 тоот тогтоолыг үндэслэн сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Д.Нямсүрэн нь Сант сумын Монгол ардын намын хорооны байрлан буй Монгол ардын намын байрны газрыг барьцаалсан итгэмжлэлийг гэрчилсэн нь зохих этгээдийн зөвшөөрөлтэй хийгдсэн байна гэж үзэж өмчлөгчийн эрхэд халдсан шийдвэр гаргажээ. Тайлбар: Сант сумын Монгол ардын намын хорооны дарга Ц.Ц нь Монгол ардын намын байрыг барьцаалахыг зөвшөөрсөн Сант сумын Монгол ардын намын хорооны тэргуулэгчдийн 2011 оны 12-р сарын 5-ны өдрийн 10 тоот тогтоолын дагуу төлөөлүүлэгчээр гарын үсэг зурж тамга дарсан байдаг. Гэтэл энэхүү тогтоол нь хууль зөрчиж гарсан тогтоол байдаг. Хууль ёсоор өмчлөх эрх нь баталгаажсан намын үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрх сумын намын хорооны тэргүүлэгчид болон хорооны дарга Ц.Ц-д байхгүй. Энэ хөрөнгө бол хэдэн зуун гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн Монгол ардын намын хөрөнгө болох нь улсын бүртгэлийн хэлтсээс олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр нотлогдоно. Шүүх Сант сумын Монгол ардын намын хорооны тогтоолыг зохих этгээдийн зөвшөөрөл гэж үзэж байгаа нь яагаад ч хуулинд нийцэхгүй байна. Сант сумын Монгол ардын намын хорооны тэргүүлэгчдээс намын үйл ажиллагаатай холбоотой тогтоол гаргах болохоос намын үйл ажиллагааны хүрээнээс гадуур, хөрөнгө барьцаалах эрх олгосон тогтоол яагаад ч хуулийн дагуу өгөгдсөн зөвшөөрөл биш. 2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “нэхэмжлэгч А.Т нь “Сант мандах” хоршоог түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн хариуцах үндэслэлийг тайлбарлаж чадаагүй бөгөөд “Сант мандах” хоршоо нь нэхэмжлэгч А.Т-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш байна” гэж хариуцагч болох нь нотлогдсоор байхад хариуцагчийг үндэслэлгүйгээр “биш” гэж үзсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн зарчмыг алдагдуулжээ. Тайлбар: А. “Сант мандах” хоршоо буруутай юу гэвэл буруутай, хариуцагч мөн үү гэвэл мөн. Яагаад 1. “Сант мандах” хоршоо нь ЖДҮХСангаас 45000000 төгрөгийн зээл авахдаа барьцаанд нь Монгол ардын намын байрны хууль ёсны өмчлөгчөөс нь зөвшөөрөл авалгүйгээр тус намын байрыг барьцаалахыг зөвшөөрсөн хууль бус тогтоолыг тус сумын Монгол ардын намын хорооны тэргүүлэгчдээр гаргуулж, тус хоршооны дарга бөгөөд тэргүүлэгч гишүүн Тогоо нь өөрөө өөртөө зөвшөөрч гарын үсгээ зуралцсан байдаг.

2. “Сант мандах” хоршоо нь 2011 оны 12-р сарын 6-ны өдөр тэргүүлэгчдээ хуралдуулж, 8 тоот хууль бус тогтоолыг гаргасан байдаг нь ЖДҮХ Санд болон хавтаст хэрэгт бий. Уг тогтоолын 1-д “ХХААЯ-ны жижиг дунд үйлдвэрийн газраас зээл авах болсонтой холбогдуулан 30000000 төгрөгийн үнэтэй Монгол ардын намын байрыг барьцаанд тавихыг зөвшөөрсүгэй” гэж тогтоосон тогтоол гаргаж, хоршооны дарга Ш.Тогоо нь өөрөө гарын үсгээ зуралцсан байдаг. “Сант мандах” хоршоо нь Монгол ардын намын байрыг хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, итгэмжлэлгүйгээр ЖДҮХ Сангийн зээлийн барьцаанд тавьсан явдал бол ноцтой зөрчил юм. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9.2 “Барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна” гэсэн заалтыг илтэд “Сант мандах” хоршоо нь зөрчсөн байдаг. Олон зуун мянган гишүүнтэй Монгол ардын намын хорооны өмчлөлийн хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрсөн шийдвэр гаргаж байдаг хуулиас дээгүүр эрхтэй “хоршоо” хөдөөгийн нэгэн суманд байж болох уу? Шүүх аливаа хэрэг маргааныг хуулийн хүрээнд авч хэлэлцэнэ гэсэн зарчим яагаад алдагдав. Энэ хэргийн хариуцагч болох “Сант мандах” хоршоо, сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нарын хууль зөрчсөнийг буюу хариуцагч болохыг нотлох баримтууд байсаар байхад шүүх яагаад “хариуцагч биш” гэсэн дүгнэлт гаргав. Нэгэнт шүүхийн шийдвэр хууль зөрчин гарсан учраас миний бие нь хамгийн ойрын нэгэн жишээ авахыг хүсэв. Үүнд: “Шүүхийн нэгэн ажилтан X гэгч ХААН банкнаас зээл авах болоход барьцаа байсангүй. Х-нь Шүүхийн тамгын газарт хүсэлт тавихад Шүүхийн тамгын газар нь хуралдаж Х-д шүүхийн байрыг барьцаалахыг зөвшөөрсөн шийдвэр гаргаж, Х-нь 45000000 төгрөгийн зээлээ авсан. Гэтэл Х-нь зээлээ төлж чадаагүйн улмаас Шүүхийн байрыг ШШГГазар битүүмжлэн дуудлага худалдаанд оруулснаар маргаан дэгджээ.” гэж бодъё. Шүүхийн байрны хууль ёсны өмчлөгчийг энэ тохиолдолд “Шүүхийн ерөнхий зөвлөл” гэж үзье. Банк зээл олгоход Шүүхийн тамгын газрын шийдвэр ямар ч хэрэггүй, шаардлагагүй. Банк  зөвхөн  үл  хөдлөх  хөрөнгийн  улсын  бүртгэлийн гэрчилгээгээр    хууль    ёсны    өмчлөгч    нь    хэн    байна    түүний зөвшөөрөл, итгэмжлэлийн үндсэн дээр барьцааны гэрээ байгуулж, зээл олгодог. Энэ бол банкны зүгээр нэг тогтсон  практик биш. Энэ бол холбогдох хуулиудиар зохицуулсан зохицуулалт юм. “Сант мандах” хоршоог, түүнд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн хариуцах үндэслэлийг тайлбарлаж чадаагүй.” гэсэн нь ташаа дүгнэлт юм. “Сант мандах” хоршоо нь Монгол ардын намын хөрөнгийг хууль бусаар барьцаалсаныг гэрчилсэн сумын нотариатчийн итгэмжлэл, улмаар барьцааны гэрээ хүчингүйд тооцогдоход хүргэж байгаа нь дээр дурдсан баримтуудаар нотлогдож байгаа учраас л нэхэмжлэгч миний бие нь “Сант мандах” хоршоог хариуцагчаар татсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан тайлбар мөн шүүх хурал дээр хэлсэн тайлбаруудаараа тухай бүр нотолж байсан юм. Харин миний бие нь “Давж заалдах шатны шүүхийн өмнө нь гаргасан магадлалд энэ хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх хэрэг гэдэг талаар нэхэмжлэгчид зөвлөх нь зүйтэй гэсэн санаа байсан. Хэрэв энэ хэргийг ДЗШШ-ийн магадлалын дагуу онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх маргаан гэж анхан шатны шүүх үзэх юм бол миний татсан эдгээр хариуцагчгүйгээр хэргийг шийдвэрлэх үү? Миний бие өмнө нь гаргасан давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг анхан шатны шүүхэд буцааж дахин хянан шийдвэрлүүлэх болсонд талархсан болохоос магадлалд миний хувьд ойлгомжгүй зүйлүүд байсан.” гэж хэлснийг шүүгч ташаа ойлгосон байна. Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох тухай хэргийг улсын хэмжээнд шийдвэрлэсэн шүүхийн практикийг нэгтгэсэн эмхэтгэл болон shuuh.mn-ээс үзэхэд шүүх ердийн журмаар шийдвэрлэсэн практик л харагддаг.

Гурав. Шүүхийн шийдвэриин үндэслэх нь хэсэгт “...барьцааны гэрээнд барьцаалагдсан байр нь 2011 оны 12-р сарын 6-ны өдрөөс Монгол ардын намын өмч болсон нь Ү-1011000091 тоот улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байгаа бөгөөд А.Тулга нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгосон баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.” гэжээ. Тайлбар: Миний бие нь энэ хэргийн нэхэмжлэгч болох нь дараах баримтаар нотлогдоно.Үүнд:

1.Энэ хэргийн нэхэмжлэгч нь А.Т болохыг 2016 оны 12-р сарын 05-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нотолно.

2.Хэрэв нэхэмжлэгч нь Монгол ардын нам бол нэхэмжлэлийг гаргахдаа Монгол ардын намаар гаргаж, түүнийг төлөөлж байгаа бол шүүхэд төлөөлөх итгэмжлэл хавтаст хэрэгт байх ёстой. Намайг Монгол ардын намыг төлөөлж байна гэж ойлгосон бол “надаас итгэмжлэл чинь алга байна” гэж шүүгчийн туслахаас нь эхлээд шаардаад эхэлдэг биз дээ.

З.Энэ хэргийг хянан хэлэлцэхээс эхлээд дуусталх бүх процесст А.Т миний биеийг шүүх нь хэргийн нэхэмжлэгч гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж хэргийг шийдвэрлэсэн байдаг.

4. А.Т миний бие нь Монгол ардын намыг төлөөлөөгүй. А.Т миний бие нь Нотариатын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3, “Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно.  31.1.1. “үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал”, гэж заасны дагуу, мөн Иргэний хуулийн 57-р зүйлийн 57.1-д “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.” гэж заасны дагуу хуулиар олгосон эрхээ эдэлж оролцож байгаа хэргийн оролцогч, нэхэмжлэгч болно.

5.Энэ хэргийн нэхэмжлэгч А.Т миний бие нь өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 1-р сарын 25-нд өөрчлөхдөө техникийн алдаа гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж ташаарч зөөгдөн бичсэнийг эс тооцвол энэ хэрэгт миний бие хэн нэгнийг төлөөлөөгүй.Тийм итгэмжлэл ч  энэ хэрэгт байхгүй. Арвайхээр тойргийн нотариатч А.Т миний бие нь Монгол ардын намын итгэмжлэгдсэн төлөөлөгч биш. Бие даасан нэхэмжлэгч.

Дөрөв. Шүүхийн шийдвэрийн “үндэслэх нь” хэсэгт ... нэхэмжлэгч нь баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч А.Т нь “2011 оны 12-р срын 14-ны хийгдсэн итгэмжлэл нь зөвшөөрөл олгоогүй байхад” Монгол ардын намын байрыг барьцаалах бүрэн эрх олгосон талаарх баримтаа шүүхэд гаргаж  өгөөгүй,   хуульд   заасан   үүргээ   биелүүлээгүйгээс  нотолж чадаагүй байна. Иймд 2011 оны 12-р сарын 14-ны өдрийн газар захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэл нь хууль зөрчсөн нь нотлогдохгүй байна гэж хэрэгт хангалттай нотлох баримт авагдсан байгааг үгүйсгэж байгаа нь хуулинд нийцэхгүй байна. Тайлбар: Анхан шатны шүүх нь Сант сумын Монгол ардын намын хорооны тэргүүлэгчдийг хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий этгээд гэж үзэж. Сант сумын МАН-ын хорооны тэргүүлэгчдийн 2011 оны 12-р сарын 5-ны өдрийн 10 дугаартай тогтоолыг сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан итгэмжлэл үйлдэхэд үндэслэх ёстой зөвшөөрөл гэж үзэж, сумын нотариатчийн үйлдлийг хууль зөрчөөгүй, хуулийн хүрээнд хийгдсэн, зохих зөвшөөрлийг үндэслэж гэрчилсэн гэж үзэж энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчиж байна. Энэхүү хэргийн хавтаст хэрэгт сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчин гэрчилсэн итгэмжлэл хууль бус байсныг болон “Сант мандах” хоршоо нь Монгол ардын намын өмчлөлийн хөрөнгийг ЖДҮХ санд түүний зөвшөөрөлгүйгээр барьцаанд тавьсныг нотлох олон баримт буйг хавтаст хэрэгт байгаа. Заримаас нь дурдъя. Үүнд:

     1. Сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн итгэмжлэл бүртгэх дэвтрийн хуулбар,

     2. Сумын нотариатчийн гэрчилсэн Монгол ардын намын газрын барьцаа зөвшөөрсөн итгэмжлэл

     3. Сумын  Монгол  ардын  намын  хорооны  тэргүүлэгчдийн тогтоолын хуулбар,

     4. Сант сумын  “Сант  мандах”  хоршооны  тэргүүлэгчдийн  тогтоолын хуулбар,

     5. Хууль ёсны өмчлөгчийг гэрчлэх Монгол ардын намын газар эзэмших гэрчилгээ ба намын байрны гэрчилгээний хуулбарууд,

     6. Монгол ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалангийн гарын үсэгтэй албан тоот

     7. Сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн итгэмжлэл болон “Сант мандах” хоршооноос зээл авахдаа байгуулсан барьцааны гэрээ нь хууль зөрчсөн болохыг нотолж бичсэн А.Т миний шүүхэд гаргасан тайлбар зэрэг олон баримтуудаар нотлогддог ба эдгээр баримтууд нь бүгд хэрэгт албан ёсоор авагдсан байгаа болно. Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Д.Н-н гарын үсгээ шинжлүүлсэн бичгээс бусад бүх нотлох баримтыг миний бие нь өөрөө ба шүүхэд хүсэлт гаргаж, ЖДҮХСангаас гаргуулж хавсаргасан байгаа. Нотлох баримт байхгүй биш харин ч байх ёстой бүх нотлох баримтыг бүрэн бүрдүүлсэн байгаа нь хэргийн материалаас лавтай харагдана.

      Тав. Д.Н нь Монгол ардын намын газрыг барьцаалсан итгэмжлэлийг гэрчлэхдээ Монгол улсын олон олон хуулийг зөрчсөн байхад, хэрэгт хангалттай нотлох баримтууд авагдсан байхад “хууль зөрчсөн нь нотлогдохгүй байна.” гэж шүүгч үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь иргэн, байгууллагын эрхийг хамгаалагч шүүхэд байж болохгүй “том алдаа” гэж харж байна. Тайлбар: Нотариатч нь үл хөдлөх хөрөнгийн барьцаа зөвшөөрсөн итгэмжлэлийг гэрчлэхдээ хууль ёсны өмчлөгч нь хэн бэ гэдгийг тогтоосны үндсэн дээр тухайн үйлдлийг гэрчилдэг хуультай ба сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь газар захиран зарцуулах итгэмжлэлийг гэрчлэхдээ зөрчсөн хуулиудын зохицуулалтуудыг хэрхэн яаж зөрчсөнийг үзье. Үүнд: Иргэний хуулийн 64.2.1 “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх,” гэсэн заалтыг зөрчсөн. Сант сумын Монгол ардын намын хорооны байрлан буй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Монгол ардын нам ба энэхүү хуулийн этгээдийн эрх баригчийн гарын үсэг, тамга дарагдаагүй.

        2.Иргэний хуулийн 64.2.2.”хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх; Иргэний хуулийн 64.3. “Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна.” гэсэн заалт зөрчигдсөн. Монгол ардын намын эрх баригчаас гадна нягтлан бодогчийн гарын үсэг итгэмжлэлд зурагдаагүй.

       3.Иргэний хуулийн 56.1.8. “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцогдоно”. Эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хууль зөрчиж хийгдсэн итгэмжлэлийг үндэслэж хийсэн барьцааны гэрээг хүчингүйд тооцуулахад хүргэж байгаа.

        4.Иргэний хуулийн 111, 109-р зүйлд зааснаар хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь хөрөнгийг эзэмшилд нь шилжүүлснээр эзэмших эрх үүсдэг бол үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны өмчлөгч болдог гэсэн заалтууд зөрчигдсөн.

        5. “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна.” гэсэн заалт зөрчигдсөн. Монгол ардын намын эзэмшлийн газар, өмчлөлийн байр нь улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрх нь баталгаажсан байсан.

        6.Нотариатын тухай хуулийн 21.2.7 “нотариатын үйлдэл хийх эрхээ гагцхүү өөрөө хэрэгжүүлж,  тамга,  баталгааны тэмдгийг бусдад илжүүлэхгүй байх.” сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Нямсүрэн нь газрын барьцаа зөвшөөрсөн  итгэмжлэлийг өөрөө  гэрчлээгүй,  бусдад тамга тэмдгээ шилжүүлсэн байдаг нь хэрэгт буй баримтуудаар нотлогдоно.

        7.Нотариатын тухай хуулийн 16.2-т “Нотариатч ажиллаагүй суманд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан сумын засаг даргын Тамгын газрын дарга нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ.” гэсэн заалтыг зөрчсөн. Сант суманд сумын ЗДТГ-ын дарга Д.Н нь өнөөг хүртэл нотариатчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ба тамгын газрын нэгэн түшмэлд тамга тэмдгээ дур мэдэн шилжүүлснээр 2011 оны 12-р сарын 14-ний өдөр Тамгын газрын нэгэн түшмэл нь дээрх хууль бус итгэмжлэл гэрчилснийг Д.Н өөрөө мэдүүлдэг.

         8. Нотариатын тухай хуулийн 27.1 “Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх” гэсэн заалтыг зөрчсөн. Сумын нотариатч хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий этгээдийг сумын намын хорооны дарга ба тэргүүлэгчид гэж ойлгож гэрчилсэн байдаг учраас Монгол ардын намын эрх баригчийн иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ итгэмжлэлд байдаггүй юм.

         9. Нотариатын тухай хуулийн 41-р зүйл “итгэмжлэл гэрчлэх” ийг зөрчсөн. Нотариатаар итгэмжлэл гэрчлэхэд тавигдах шаардлагыг зөрсөн.

         10. Нотариатын үйлдэл хийх зааврын 32.3. “Үйлчлүүлэгч төлөөлөгчөөрөө дамжуулан нотариатын үйлдэл хийлгэхийг хуулиар зөвшөөрсөн болон Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд үйлчлүүлэгч нь нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн. Итгэмжлэлийг гэрчлэхдээ төлөөлүүлэгч-хуулийн этгээд болох МАН-ын хорооны хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий этгээдүүдийг биечлэн байлцуулаагүй, биечлэн байлцуулах боломжгүй бол итгэмжлэлээр төлүүлэх ёстой байсан.

        11.Итгэмжлэлийг бүртгэх дэвтэрт төлөөлөгчийн хаяг, регистр, утас, төлөөлүүлэгч байгууллагын нэр, утас бичигдээгүй, бүртгэлийн дэвтрийн төлөөлөгч гарын үсэг зурах хүснэгтэд нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь Ш.Т-н нэрийг бичсэн, төлөөлүүлэгч гэх сумын МАН-ын хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий этгээдүүдийн гарын үсэг байхгүй, итгэмжлэлийн   агуулга   тодорхойгүй,   ямар   төрлийн   итгэмжлэл   нь мэдэгдэхгүй, үл хөдлөх хөрөнгийн барьцаа зөвшөөрсөн итгэмжлэл бол ямар үл хөдлөх хөрөнгө барьцаалсан, түүний гэрчилгээний болон улсын бүртгэлийн, мөн нэгж талбарын дугаар хэд болох нь бичигдээгүй, итгэмжлэлийг 4 хувь хийж, төлөөлүүлэгч, төлөөлөгч,   холбогдох байгууллага, нотариатад өгдөг байтал тухайн итгэмжлэлийг ганцхан хувь хийж, түүнийгээ Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд өгч, ганц ч хувь авч хоцроогүй     зэргээр Нотариатын  тухай  хуулийн  26  дугаар зүйл “Нотариатын бүртгэл”, ХЗДХ-ийн сайдын 2011 оны 171-р тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааварт тавигдсан шаардлагыг ноцтой зөрчжээ.

         12. Улс төрийн намын тухай хуулийн 16.1-р зүйл болон “Монгол ардын намын үндсэн дүрэм”-ийн 43.1 “Монгол Ардын Намын хөрөнгө нь гишүүдийн татвар, хураамж, байгууллага, хүмүүсээс өргөсөн хандив, төрөөс олгосон санхүүгийн дэмжлэг, гэрээслэсэн зүйл, намын бэлгэдэл бүхий бэлэг дурсгалын зүйлс, намын өмчлөлд байгаа барилга байгууламж, эд юмс, намын хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны болон хуульд заасан бусад орлогоос бүрдэнэ.”, мөн дүрмийн 43.2. “Намын архив, сан хөрөнгө нь түүний халдашгүй бөгөөд хуваагдашгүй өмч мөн.” гэсэн заалтуудыг зөрчсөн. Сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь хууль бус итгэмжлэл гэрчилж, Монгол ардын намын “халдашгүй” хөрөнгөнд халдсан байна. Иргэний хуулийн 84.3 “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэсэн заалтыг зөрчсөн. Сумын нотариатч нь Монгол ардын намын газар барьцаалах итгэмжлэлийг хууль зөрчин гэрчлэхдээ намын байрны барьцаа зөвшөөрсөн итгэмжлэлийг орхигдуулсан байдаг. Нотариатын тухай хууль болон Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хуулиар бол 2 үл хөдлөх хөрөнгийн барьцаа зөвшөөрсөн итгэмжлэлийг тус тусынх нь загвар маягтын дагуу гэрчлэн улсын бүртгэлд бүртгүүлдэг. Монгол ардын намын байрны барьцаалсан барьцааны гэрээг аймгийн улсын бүртгэлийн хэлтэс бүртгэж тамга дарсан байдаг нь барьцааны гэрээнээс харагддаг.

Зургаа: Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “2011 оны 1-р сарын 16-ны өдөр тэ2011\20 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулахдаа А.Ж, Б.Б, Монгол ардын намын байр зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан бөгөөд дээрх барьцааны гэрээнд барьцаалсан хөдлөх эд хөрөнгүүдэд тус тусад нь нотариатын үйлдэл хийгээгүй, тус барьцааны гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр байгаа бөгөөд нотариатын үйлдэл хийх зааврыг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй, мөн А.Ж, Б.Б нар барьцааны гэрээний талаар маргаагүй байгаа зэргийг үндэслэн 2011 оны 12-р срын 16-ны өдрийн Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаалсан Т32011/20 дугаартай барьцааны гэрээний нотариатын үйлдлийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.” гэж үзсэн нь хууль зөрчиж байна. Тайлбар: Энэ хэргийг шийдвэрлэсэн шүүгч нь хавтаст хэргийн материалтай дутуу дулимаг танилцса, нотлох баримтыг тал бүрээс нь нухацтай судлаагүй, дутуу ба буруу нь үнэлсэн нь хууль зөрчсөн шийдвэр гаргахад хүргэжээ. Үүнд:

1. “А.Ж, Б.Б, Монгол ардын намын байр зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан бөгөөд дээрх барьцааны гэрээнд барьцаалсан л хөдлөх эд хөрөнгүүдэд тус тусад нь нотариатын үйлдэл хийгээгүй.” биш нотариатын үйлдэл хийсэн байдаг нь хавтаст хэрэгт буй нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн итгэмжлэл бүртгэх дэвтрийн 448, 449, 450-рт тус тус бүртгэгдсэн 3 итгэмжлэл, үүнийг давхар нотолсон барьцааны гэрээний барьцаа хөрөнгө жагсаасан хүснэгтэд тус бүрт нь тусгайлан “итгэмжлэл хийсэн” гэж бичсэн бичвэр гэрчилнэ. “А.Ж, Б.Б нар барьцааны гэрээний талаар маргаагүй.” шүүгч энэ шийдвэрт хамааралгүй, шаардлагагүй зүйлийг шийдвэртээ дурдсан байдаг. Угаасаа Ш.Т-н эхнэр А.Ж, Б.Б нар маргаагүй нь үнэн. Тэд өөрсдийнхөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрч итгэмжлэл дээр өөрсдөө гарын үсгээ зурж зөвшөөрсөн байдаг болохоор маргах үндэслэл байхгүй учраас тэд маргах эрхгүй. Энэ хэргийн нэхэмжлэгч нотариатч А.Т миний бие болохоос А.Ж, Б.Бнар бол биш.

2. “...нотариатын үйлдэл хийх зааврыг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй.” гэжээ. Нотариатын үйл ажиллагаанд дагаж мөрдөх хууль зааврыг сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч хэрхэн яаж зөрчсөнийг энэ гомдлын “Тав”-д дурдсан сумын нотариатчоос итгэмжлэл гэрчлэхдээ хууль хэрхэн зөрчсөнийг дурдан жагсаасан хэсгээс болон хэрэгт буй нотлох баримтуудаас харж болно.

Долоо: Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “....Монгол ардын намын байрны газрыг “Сант мандах” хоршоонд барьцаанд тавих зөвшөөрөл олгосон дараагийн өдөр буюу 2011 оны 12-р сарын 6-ны өдөр дээрхи Сант сумын 5-р багт байршилтай үйлчилгээний зориулалттай байрны өмчлөгчийг болон газар эзэмших эрхийг Монгол ардын намд тут тус олгож бүртгүүлсэн байна.” гэж шүүгч эрх зүйн дүгнэлтийг ташаарч гаргасан байна. Тайлбар: “Монгол ардын намын байрыг “Сант мандах” хоршоонд барьцаанд тавихыг зөвшөөрсөн сумын Намын хорооны тэргүүлэгчдийн тогтоол гарсны дараагийн өдөр буюу 2011 оны 12-р сарын 6-ны өдөр газрын ба намын байрны эзэмших ба өмчлөх эрхийн гэрчилгээ Монгол ардын намд олгогдсон учраас сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн гэрчилсэн нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй байна” гэж үзэж байгаа нь илтэд хууль зөрчиж байна. Сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн гэрчилсэн маргаж буй газар захиран зарцуулах итгэмжлэлийг гэрчилсэн 2011 оны 12-р сарын 14-ний өдөр сумын намын хорооны тэргүүлэгчдийн хууль зөрчсөн тогтоолоос илүү дээгүүр хуулийн хүчин чадалтай Монгол ардын намын байрны газар эзэмших эрхийн гэрчилгээ 2011 оны 12-р сарын 6-ны өдөр Монгол ардын намд олгогдсон байдаг нь анхаарал хандуулах асуудал юм. Сумын нотариатчийн маргаж буй итгэмжлэлийг гэрчилсэн өдөр Монгол ардын намын өмчлөх эрхийн  гэрчилгээ гараагүй  олгогдоогүй,  өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан бол асуудал өөр. Хууль ёсны өмчлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эсуудлыг хуулиар зохицуулах уу, аль эсвэл хаа нэгэн сумын намын хорооны тэргүүлэгчдийн хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн, сумын намын хорооны тэргүүлэгчдийн ба тэргүүлэгч гишүүн Ш.Тнь өөрөө өөртөө гарын үсэг зурж зөвшөөрөл олгосон тогтоолоор зохицуулах уу? энэхүү тогтоолыг хуулийн дагуу олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг зөвшөөрсөн зөвшөөрөл гэж үзэх үү? гэдэг бол ойлгоход хүнд хэцүү биш ойлголт санагдана.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, энэхүү маргаан гарах болсон шалтгаан нөхцөл нь нэг талаар сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Д.Н-н нотариатын ажлын эрх зүйн дутмаг мэдлэг, хариуцлагагүй байдал нөгөө талаар “Сант мандах” хоршоо нь зээл олж авах гэсэн ашиг сонирхолдоо хөтлөгдөн Монгол ардын намын хөрөнгийг хууль бусаар барьцаалан зээл авсан явдал юм. Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3-р сарын 14-ний өдрийн 145\ШШ2018\00233 дугаартай шийдвэр нь Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Нотариатын тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль зэрэг олон хуулийг зөрчиж байгаа тул Сант сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Д.Н-н 2011 оны 12-р сарын 14-ний өдрийн 449 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, улмаар түүнийг үндэслэж гэрчилсэн Арвайхээр тойргийн нотариатч А.Т миний гэрчилсэн 2011 оны 12-р сарын 22-ны өдрийн 2036 бүртгэлийн дугаартай, Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаалсан барьцааны гэрээний нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулж, нэхэмжлэлийг шийдвэрлэсэн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 145/ШШ2018/00233 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймаг, Арвайхээр тойргийн нотариатч А.Т нь “Сант мандах” хоршоо дарга Б.О, Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Н нарт холбогдуулан

“Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Сант мандах” хоршоонд олгосон 45000000 төгрөгийн зээлийн барьцаанд Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаалахыг зөвшөөрсөн Сант сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Д.Н-н гэрчилсэн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 449 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийн нотариатын үйлдлийг, Арвайхээр тойргийн нотариатч А.Т-н гэрчилсэн 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2036 бүртгэлийн дугаартай 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаалсан ТЭ2011/20 дугаартай барьцааны гэрээний нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулж, Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаанаас чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн газар захиран зарцуулах итгэмжлэл хууль зөрчсөн нь нотлогдохгүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хэргийг бүхэлд нь хянаж үзвэл дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч нь газар захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэл болон түүнд үндэслэн байгуулсан барьцааны гэрээг тус тус хүчингүй болгохыг хүсчээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Ү-1011000091 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, 141300018 дугаартай аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар /хавтаст хэргийн 177, 178 дугаар хуудас/ МАН-ын өмчлөл, эзэмшилд байдаг болох нь тогтоогдож байна. Д.Н-н гэрчилсэн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 449 бүртгэлийн дугаартай итгэмжлэлд газар барьцаалах эрх олгосон агуулгатай боловч газар болон МАН-ын байр барьцаалжээ. Мөн уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2.2 “хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх” гэснийг болон Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйл, ХЗДХ-ийн сайдын 2011 оны 171-р тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааварт тавигдсан шаардлагыг зөрчсөн болох хэрэгт авагдсан итгэмжлэлийн хуулбар /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/, нотариатчийн бүртгэл /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/, хариуцагч Д.Н-н тайлбар /хавтаст хэргийн 135 дугаар хуудас/, гэрч Ц.Ц-н тайлбар /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/ зэргээр нотлогдсон байна. Иймд энэ итгэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

2. Иргэний хуулийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл мөн адил хүчин төгөлдөр бус байдаг учраас хуульд заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэлд үндэслэн хийгдсэн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаалсан ТЭ2011/20 дугаартай барьцааны гэрээ нь  хүчин төгөлдөр бус байна. Учир нь МАН-ын өмч болох намын байр болон газрыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаалсан гэрээг Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзнэ. Гэхдээ уг барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй юм. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.” гэж зохицуулсан байдаг тул А.Ж, Б.Б нар өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаанд тавьсан нь хууль зөрчөөгүй эдгээр эд хөрөнгийг барьцаалсан талаар маргаангүй, энэ хэрэгт хамааралгүй учраас барьцааны гэрээний зөвхөн МАН-ын байр, газрыг барьцаалсан хэсэг нь хүчин төгөлдөр бус байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хариуцагч гэнэ. “Сант мандах” хоршоо нь хууль бус итгэмжлэл болон нотариатын үйлдэл хийгдсэнтэй ямар нэгэн байдлаар холбоогүй, үүнтэй холбоотой үүрэг хүлээх этгээд биш учраас хариуцагч гэж үзэх үндэслэлгүй юм.

4. МАН-ын байрыг барьцаанаас чөлөөлүүлэх эрх нь тухайн этгээдэд өөрт нь байдаг бөгөөд хуульд зааснаар төлөөлөх эрхгүй буюу итгэмжлэл олгогдоогүй нотариатч А.Т нь энэ талаар шаардлага гаргах эрхгүй. Мөн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад энэ талаар дурьдаагүй байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь, бодитой үнэлээгүй ба үүнийг давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд зөвтгөж шийдэх боломжтой юм.  

Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч хангах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Сант сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Д.Н-н 2011 оны 12-р сарын 14-ний өдрийн 449 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, Арвайхээр тойргийн нотариатч А.Тминий гэрчилсэн 2011 оны 12-р сарын 22-ны өдрийн 2036 бүртгэлийн дугаартай, Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаалсан барьцааны гэрээний нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцож, 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЭ2011/20 дугаартай барьцааны гэрээний МАН-ын байр, газрыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн гомдлыг хангасан тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 145/ШШ2018/00233 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар А.Т-н нэхэмжлэлтэй Сант сумын Засаг даргын Тамгын газрын дарга, “Сант мандах” хоршоонд нарт холбогдох “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Сант мандах” хоршоонд олгосон 45000000 төгрөгийн зээлийн барьцаанд Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаалахыг зөвшөөрсөн Сант сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Д.Н-н гэрчилсэн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 449 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийн нотариатын үйлдлийг, Арвайхээр тойргийн нотариатч А.Т-н гэрчилсэн 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2036 бүртгэлийн дугаартай 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаалсан ТЭ2011х20 дугаартай барьцааны гэрээний нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулж, Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар А.Т-н нэхэмжлэлтэй Сант сумын Засаг даргын Тамгын газрын дарга, “Сант мандах” хоршоонд нарт холбогдох “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Сант мандах” хоршоонд олгосон 45000000 төгрөгийн зээлийн барьцаанд Сант сумын Монгол ардын намын байрыг барьцаалахыг зөвшөөрсөн Сант сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Д.Н-н гэрчилсэн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 449 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийн нотариатын үйлдлийг, Арвайхээр тойргийн нотариатч А.Т-н гэрчилсэн 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2036 бүртгэлийн дугаартай нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т зааснаар 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЭ2011х20 дугаартай барьцааны гэрээний МАН-ын өмчлөлийн Ү-1011000091 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, МАН-ын эзэмшлийн 141300018 дугаартай аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай” гэж өөрчилсүгэй.

2. Нэхэмжлэгч А.Т-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.