Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар     2024/ШЦТ/ 484      

 

 

 

    2024        06        20                                   2024/ШЦТ/ 484                                                                              

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны  шүүхийн байранд,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, улсын яллагч У.Анхжаргал, шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Эд холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, ххх индекстэй хэргийг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, А.Э,

         Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч А.Э нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ххх  дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ болон ххх улсын дугаартай “хх” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин (Methamphetamine)-ын агууламжтай “мөс” мэт зүйлийн цэвэр жин нь нийт 4.4494 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч А.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй  гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Нийн:...миний нөхөр А.Э нь 1985 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт айлын 2 дахь хүү болж мэндэлсэн. Дээрээ нэг ахтай, доороо эрэгтэй,  эмэгтэй дүүтэй. Багадаа цэцэрлэгээр хүмүүжсэн. Дархан-Уул аймгийн 17-р сургуульд 8 дугаар анги хүртлээ сураад сургуулиасаа гарсан. А.Э бид хоёр анх 2001 онд танилцаад 2004 онд гэр бүл болж хамт амьдраад 2005 онд анхны охин маань мэндэлсэн. А.Э 4 хүүхдийн аав, том охин Энхжин 19 настай, гадагшаа явах гээд хэлний бэлтгэлд сурч байгаа, дунд охин Үжин 7 настай, 23 дугаар сургуулийн 1 дүгээр ангид сурч байгаа. Бага хүү Тэмүүжин 4 настай, 185 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байгаа. Одоо бид зургаа  ххх тоотод хамт амьдарч байгаа. А.Эийн зан чанарын хувьд зөөлөн, сайн аав, халамжтай, тусархуу, гэрийн ажилд сайн оролцдог, надад халамж сайтай, хүүхдүүдийнхээ хажууд тамхи татдаггүй, архи согтууруулах ундаа ч гэсэн уудгүй, янз бүрийн хараалын үг хэлж байгаагүй. А.Э бага байхдаа бүжгээр хичээллэж дуу  дуулдаг байсан. А.Э 18 настай байхдаа хүмүүст зодуулаад элэг нь бяцраад тэрнээс болоод элэгний хагалгаанд ороод тал элгээ авахуулж байсан. Тухайн үед зодуулснаас болоод 7 хоног ухаангүй байж байгаад сэрсэн, тархины суурь ясны цуурлал гэсэн оноштой. Эмчийн хяналтанд байнга байдаг, жилд нэг удаа шинжилгээ өгч эмчилгээ хийлгэдэг. Олон найз нөхөдтэй, найз нөхдийн дунд нэр хүндтэй гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33 дугаар тал/, 

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч  Б.Оны:...миний дүү А.Э нь 1985 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ххх  аймагт  айлын 2 дахь хүүхэд болж мэндэлсэн. Дээрээ нэг ахтай, доороо, эмэгтэй, эрэгтэй дүүтэй, багадаа цэцэрлэгт хүмүүжсэн, А.Э нь ххх аймгийн 17 дугаар сургуульд 1 дүгээр ангид элсэн ороод тус сургуулийг 8 дугаар анги хүртлээ сураад тэрнээс цаашаа сайн мэдэхгүй байна. Одоо хх  тоотод эхнэр, 4 хүүхдийн хамт амьдарч байгаа. Том охин Э нь 18 настай, 1 дүгээр курсын оюутан, дунд охин Э 13 настай, 120 дугаар сургуульд 7 дугаар ангид сурдаг, дунд охин Ү 7 настай, 23 дугаар сургуульд 1 дүгээр ангид сурдаг. Бага хүү Т  4 настай, цэцэрлэгт сурдаг. Миний дүү А.Эийн зан чанарын хувьд тусархаг, цэвэрч, нямбай, ажилсаг, манай манай ах дүү, хамаатнуудын сайн муу бүх зүйл явж байдаг. Эхнэр хүүхдэдээ халамжтай, хүүхдүүдээ байнга цэцэрлэгт нь хүргэж өгдөг, А.Э нь драгон төвийн Call center-д гар утас засварчин хийдэг. Архи согтууруулах ундааны зүйл хааяа баяр ёслолоор хэрэглэдэг, нэг уухаараа 2-3 хоног уучдаг. Тамхи татдаг, А.Э олон найз нөхөдтэй, найз нөхдийн дунд нэр хүндтэй, ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах чадвар сайтай ажлын газрын хүмүүстэй нэр хүндтэй гэх мэдүүлэг. /хх-ийн 35-36 дугаар тал/,

           2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Эын:...бид 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед Найрамдал зуслангийн хаусд уулзсан. Тухайн үед А.Эийн биед болон тээврийн хэрэгсэлд нь ямар нэгэн мансууруулах бодис байгаагүй. Бид хэд зүгээр л шинэ  жил тэмдэглээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Өөр ямар нэгэн хууль бус шинжтэй эд зүйл тэнд байгаагүй. Би шөнө 02 цагийн үед гэрлүүгээ харьсан. Өөрөө яаж харснаа санахгүй байна. А.Э урьд нь элэгний болон нүдний хагалгаанд орсон болохоор жоохон уухаараа амархан тасарчихдаг, нэг уухаараа 7 хоног гаруй тасралтгүй, уугаад явчдаг муу зуршилтай. Манай найзуудын дунд ч гэсэн мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс байхгүй. А.Эийн биеэс болон тээврийн хэрэгсэлээс мансууруулах бодис гарч ирсэнд нь гайхаж байна. Өмнө энэ төрлийн гэмт хэрэгт ч гэсэн оролцож байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 38-40 дүгээр тал/, 

            2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Цны:...манай найзууд 12 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн үед Найрамдал зусланд түрээслэн хаусд уулзсан тухайн өдөр А.Э өөрийнхөө машинтай ганцаараа ирсэн. А.Эийн биед болон машинд нь ямар нэгэн мансууруулах бодис байгаагүй. Найзуудын зарим нь тэндээ хоноод явах нь явсан. А.Эийн биеэс мансууруулах бодис хураагдсан гэдэгт гайхаж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 43-44 дүгээр тал/,

           2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Эын:..манай найзууд 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед ххх зусланд түрээсэлсэн байшинд уулзсан. А.Э өөрийнхөө машинтай ганцаараа ирсэн байсан. А.Эийн биед болон машинд нь ямар нэгэн мансууруулах бодис байгаагүй, би тийм зүйл олж хараагүй. Бид найзуудын шинэ жил тэмдэглээд архи согтууруулах ундааны зүйл л хэрэглэсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 46-48 дугаар тал/,

          2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 1237 дугаартай дүгнэлтэд:

          1,2,3. Шинжилгээнд ирүүлсэн А.Э  гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.

          Шинжилгээнд ирүүлсэн А.Э гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй гэх дүгнэлт. /хх-ийн 51-53 дугаар тал/,

             2.7. Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 214 дугаартай дүгнэлтэд:

             1. А.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

             2.  А.Э нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

             3. А.Э нь мансууруулах сэтгэцэд идвэхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.

             4.  А.Э нь болсон явдлыг зөв тусган мэдүүлэг өгөх чадвартай байна.

             5.  А.Э нь хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт. /хх-ийн 56-57 дугаар тал/,

             2.7. “ххх” ХХК-ийн 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн №Д24-10 дугаартай автомашины үнэлгээ. /хх-ийн 59-65 дугаар тал/,

            2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1235 дугаартай дүгнэлтэд:

           1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1     Г-059 1,1 грам ц/ө н/зүйл а/х Б.Г. 2024.2.3 гэж хаягалсан зип лок ууттай цагаан өнгийн талс мэт зүйлээс метамфетамин  /Methamphetamine/  илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөөлөөлөх бодисын конвенц”-ийн II  жагсаалтанд багтдаг болно.

           4.5. Шинжилгээнд ирүүлсэн зип лок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.9699 грамм байна гэх дүгнэлт. /хх-ийн 68-70 дугаар тал/,

           2.10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1236 дугаартай дүгнэлтэд:

            1. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан Т-059 3,3 грамм БГД-1 хороо ц/ө н/зүйл а/х Б.Ганпүрэв 2024.2.6.” гэж хаягласан зиплок гялгар уутанд зиплок гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйл 3 ширхэг, 2 гэж дугаарласан Т-059 1,1 грамм БГД 1-р хороо ц/ө н/зүйл а/х Б.Ганпүрэв 2024.2.6.” гэж хаягласан зиплок гялгар уутанд зиплок гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйл 2 ширхэг, 3 гэж дугаарласан “Г-059 ххх  э/жин, зиплок уут а/х Б.Ганпүрэв.” гэж хаягласан зиплок гялгар уутанд хар өнгийн жин мэт зүйл 1 ширхэг, хоосон зиплок гялгар уут тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ.

             2. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан зиплок гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйлс, 2 гэж дугаарласан зиплок гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйлсээс метамфетамин /Methamphetamine/ илэрч байна. 3 гэж дугаарласан зиплок гялгар уутанд хар өнгийн жин мэт зүйл, хоосон зиплок гялгар уут тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

             3. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно.

            4.5.1-1 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 1,0877 грамм, цэвэр жин нь 0,8871 грамм, 1-2 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 1,0694 грамм, цэвэр жин нь 0,8910 грамм, 1 -3 гэж дугаарпасан цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 1,1901 грамм, цэвэр жин нь 0,9948 грамм, 2-1 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 0,7195 грамм, цэвэр жин нь 0,5096 грамм, 2-2 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 0,3988 грамм, цэвэр жин нь 0,1970 грамм болов гэх дүгнэлт. /хх-ийн 74-79 дүгээр тал/,

            2.11. А.Эийн эмнэлэгт үзүүлсэн, онош тогтоолгосон эмчлүүлсэн тухай магадлагаа. /хх-ийн 111-152 дугаар тал/,

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

            3.1.Улсын яллагч хавтас хэргээс: тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10-14 дүгээр тал/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 15-18 дугаар тал/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс: шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлав.

            3.3. Шүүгдэгч: хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.     

            Гэм буруугийн талаар:

            Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

 Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 Шүүгдэгч А.Э 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ххх хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ болон ххх улсын дугаартай “ххх” маркийн тээврийн хэрэгсэл тус бүрд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин (Methamphetamine)-ын агууламжтай “мөс” мэт зүйлийн цэвэр жин нь нийт 4.4494 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг  үйлдсэн  гэм буруутай  болох нь:  

           - гэрч Г.Нийн:...миний нөхөр А.Э нь 1985 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт айлын 2 дахь хүү болж мэндэлсэн. Дээрээ нэг ахтай, доороо эрэгтэй,  эмэгтэй дүүтэй. Багадаа цэцэрлэгээр хүмүүжсэн. Дархан-Уул аймгийн 17-р сургуульд 8 дугаар анги хүртлээ сураад сургуулиасаа гарсан. А.Э бид хоёр анх 2001 онд танилцаад 2004 онд гэр бүл болж хамт амьдраад 2005 онд анхны охин маань мэндэлсэн. А.Э 4 хүүхдийн аав, том охин Э 19 настай, гадагшаа явах гээд хэлний бэлтгэлд сурч байгаа, дунд охин Ү 7 настай, 23 дугаар сургуулийн 1 дүгээр ангид сурч байгаа.Бага хүү Т 4 настай, 185 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байгаа. Одоо бид зургаа  ххх тоотод хамт амьдарч байгаа. А.Эийн зан чанарын хувьд зөөлөн, сайн аав, халамжтай, тусархуу, гэрийн ажилд сайн оролцдог, надад халамж сайтай, хүүхдүүдийнхээ хажууд тамхи татдаггүй, архи согтууруулах ундаа ч гэсэн уудгүй, янз бүрийн хараалын үг хэлж байгаагүй. А.Э бага байхдаа бүжигээр хичээллэж дуу  дуулдаг байсан. А.Э 18 настай байхдаа хүмүүст зодуулаад элэг нь бяцраад тэрнээс болоод элэгний хагалгаанд ороод тал элгээ авахуулж байсан. Тухайн үед зодуулснаас болоод 7 хоног ухаангүй байж байгаад сэрсэн, тархины суурь ясны цуурлал гэсэн оноштой. Эмчийн хяналтанд байнга байдаг, жилд нэг удаа шинжилгээ өгч эмчилгээ хийлгэдэг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нэг уухаараа дараалан 3-4 хоног уучдаг. Уухаараа гэртээ хааяа ирдэг. Гэхдээ 3-4 сард нэг удаа тэгж уудаг. Тамхи татдаг, Олон найз нөхөдтэй, найз нөхдийн дунд нэр хүндтэй гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33 дугаар тал/, 

           - гэрч  Б.Оны:...миний дүү А.Э нь 1985 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт  айлын 2 дахь хүүхэд болж мэндэлсэн. Дээрээ нэг ахтай, доороо, эмэгтэй, эрэгтэй дүүтэй, багадаа цэцэрлэгт хүмүүжсэн, А.Э нь Дархан-Уул аймгийн 17 дугаар сургуульд 1 дүгээр ангид элсэн ороод тус сургуулийг 8 дугаар анги хүртлээ сураад тэрнээс цаашаа сайн мэдэхгүй байна. Одоо ххх  тоотод эхнэр, 4 хүүхдийн хамт амьдарч байгаа. Том охин Э нь 18 настай, 1 дүгээр курсын оюутан, дунд охин Э 13 настай, 120 дугаар сургуульд 7 дугаар ангид сурдаг, дунд охин Ү 7 настай, 23 дугаар сургуульд 1 дүгээр ангид сурдаг. Бага хүү Т  4 настай, цэцэрлэгт сурдаг. Миний дүү А.Эийн зан чанарын хувьд тусархаг, цэвэрч, нямбай, ажилсаг, манай манай ах дүү, хамаатнуудын сайн муу бүх зүйл явж байдаг. Эхнэр хүүхдэдээ халамжтай, хүүхдүүдээ байнга цэцэрлэгт нь хүргэж өгдөг, А.Э нь драгон төвийн Call center-д гар утас засварчин хийдэг. Архи согтууруулах ундааны зүйл хааяа баяр ёслолоор хэрэглэдэг, нэг уухаараа 2-3 хоног уучдаг. Тамхи татдаг, А.Э олон найз нөхөдтэй, найз нөхдийн дунд нэр хүндтэй, ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах чадвар сайтай ажлын газрын хүмүүстэй нэр хүндтэй гэх мэдүүлэг. /хх-ийн 35-36 дугаар тал/,

           - гэрч А.Эын:...бид 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 16:00 цагийн үед хххх зуслангийн хаусд уулзсан. Тухайн үед А.Эийн биед болон тээврийн хэрэгсэлд нь ямар нэгэн мансууруулах бодис байгаагүй. Бид хэд зүгээр л шинэ  жил тэмдэглээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Өөр ямар нэгэн хууль бус шинжтэй эд зүйл тэнд байгаагүй. Би шөнө 02:00 цагийн үед гэрлүүгээ харьсан. Өөрөө яаж харснаа санахгүй байна. А.Э урьд нь элэгний болон нүдний хагалгаанд орсон болохоор жоохон уухаараа амархан тасарчихдаг, нэг уухаараа 7 хоног гаруй тасралтгүй, уугаад явчдаг муу зуршилтай. Манай найзуудын дунд ч гэсэн мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс байхгүй. А.Эийн биеэс болон тээврийн хэрэгсэлээс мансууруулах бодис гарч ирсэнд нь гайхаж байна. Өмнө энэ төрлийн гэмт хэрэгт ч гэсэн оролцож байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 38-40 дүгээр тал/, 

            - гэрч Ц.Цны:...манай найзууд 12 дугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагийн үед ххх зусланд түрээслэн хаусд уулзсан тухайн өдөр А.Э өөрийнхөө машинтай ганцаараа ирсэн. А.Эийн биед болон машинд нь ямар нэгэн мансууруулах бодис байгаагүй. Найзуудын зарим нь тэндээ хоноод явах нь явсан. А.Эийн биес мансууруулах бодис хураагдсан гэдэгт гайхаж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 43-44 дүгээр тал/,

           - гэрч Н.Эын:..манай найзууд 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 14:00 цагийн үед ххх зусланд түрээсэлсэн байшинд уулзсан. А.Э өөрийнхөө машинтай ганцаараа ирсэн байсан. А.Эийн биед болон машинд нь ямар нэгэн мансууруулах бодис байгаагүй, би тийм зүйл олж хараагүй. Бид найзуудын шинэ жил тэмдэглээд архи согтууруулах ундааны зүйл л хэрэглэсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 46-48 дугаар тал/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 1237 дугаартай  дүгнэлт. /хх-ийн 51-53 дугаар тал/,

             - Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 214 дугаартай дүгнэлт. /хх-ийн 56-57 дугаар тал/,

             - ххх ХХК-ийн 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн №Д24-10 дугаартай автомашины үнэлгээ. /хх-ийн 59-65 дугаар тал/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1235 дугаартай  дүгнэлт. /хх-ийн 68-70 дугаар тал/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1236 дугаартай дүгнэлт. /хх-ийн 74-79 дүгээр тал/,

            - А.Эийн эмнэлэгт үзүүлсэн, онош тогтоолгосон эмчлүүлсэн тухай магадлагаа. /хх-ийн 111-152 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч хадгалж  байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлгүүд зэргээр хангалттай нотлогдож байх тул А.Эийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул А.Эийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар  хадгалсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Шүүгдэгч  болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

          Ингээд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг  олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад шүүгдэгч А.Эийг 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх, зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадгаш явахыг хориглох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

           Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст эд мөр хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 ширхэг, хоосон зиплок гялгар уут, цагаан өнгийн зиплок ууттай цэвэр жин нь нийт 4.4494 грамм  “мөс” мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 1 ширхэг СД-ийг хэрэгт хаваргаж  шийдвэрлэлээ.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч А.Эийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эийг  3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

          4. Шүүгдэгч А.Эийг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.

5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч А.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

7. Шүүгдэгч А.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст эд мөр хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 ширхэг, хоосон зиплок гялгар уут, цагаан өнгийн зиплок ууттай цэвэр жин нь нийт 4.4494 грамм  “мөс” мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.

         10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         11. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БАТЖАРГАЛ