| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2020/00495/И |
| Дугаар | 130/ШШ2021/00661 |
| Огноо | 2021-08-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2021/00661
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг 3 дугаар хороо, ажилчдын гудамж, ХААДСангийн төв байрт үйл ажиллагаа явуулдаг ХААДС-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Б хоршоонд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ХДС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н (Улаанбаатар хотоос цахим сүлжээгээр), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нуртай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: “Б” хоршооноос үндсэн зээлийн үлдэгдэл болон хүүгийн хамт 14999600 төгрөг гаргуулах, үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай.
Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн дэмжих сангийн гүйцэтгэх захирал С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Мал хамгаалах сан нь 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ММХ-02’’/2011/10 тоот зээлийн гэрээгээр “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл тааварлаг мал” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон Зээлдэгч “Б” хоршоонд 25000000 (хорин таван сая) төгрөгийг 48 (4 жил) сарын хугацаатай, жилд 6%, сард 0,5%-н хүүтэйгээр зээлдүүлсэн. 2011 оны 8 сарын 11-нд ММХ-02/2011/10 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, Баян-Өлгий аймаг, 5-р баг, 1-60 айлын 222 тоотын 27 м.кв талбайтай хувийн сууц, гэрчилгээний дугаар 0035948, Улсын бүртгэлийн дугаар Ү-0213000146 дугаартай орон сууцыг барьцаанд тавьсан. Зээлдэгч төлбөрөө төлөөгүй байх тул үндсэн зээл болон хүүгийн хамт 14999600 төгрөгийг тус хоршооноос гаргуулж, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын “Б” хоршооны гүйцэтгэх захирал Б.Манат шүүхэд бичгээр гаргасан тайлбарт: ХААДС-гийн тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дор дурдсан үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Манай хоршоо тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ХААДС-тай иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй. Бидний хооронд ямар нэгэн зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж байгаагүй учраас Хөдөө ах ахуйг дэмжих сан манай хоршооноос 14999600 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. “Б” хоршоо шүүхэд нэхэмжлэл гаргасан ХААДС-гаас ямар нэгэн зээл, тусламж авч байгаагүй болохыг шүүхийн өмнө хариуцлагатай мэдэгдэж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болсон 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ММХ-02/2011/10 дугаартай “Зээлийн гэрээ”-г нэг талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас болон Мал хамгаалах сан, нөгөө талаас “Б” хоршоо байгуулсан гэжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас болон Мал хамгаалах сангийн бусад этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх шүүхэд нэхэмжлэл гаргасан Хөдөө, аж ахуйг дэмжих санд хуулийн дагуу эрх үүсээгүй гэж үзэж байна. Зээлийн болон барьцааны гэрээний шаардах эрхийг шилжүүлэх журмыг Иргэний хуулийн 123 дугаар зүйлд тодорхой зохицуулсан. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн зээлийн болон барьцааны гэрээний шаардах эрхийг уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлэх бөгөөд энэхүү журам төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр шалгах эрхээ шилжүүлэхэд нэгэн адил хамаарна. Тийм учраас нэхэмжлэгч ХААДС-гийн “Монгол Улсын засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Мал хамгаалах сан болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгө, өглөг, авлагыг ХААДС-д шилжүүлсэн” гэсэн агуулга бүхий нэхэмжлэл нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас болон Мал хамгаалах сан болон “Б” хоршооны хооронд байгуулсан гэх 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ММХ-02/2011/10 дугаартай “Зээлийн гэрээ”-ний шаардах эрхийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу шилжүүлэх хууль, эрх зүйн үндэслэл байхгүй байгаа юм. Тэр ч утгаараа нэхэмжлэлийн үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай “ХААДС-гийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах” тухай тогтоолын 3 дугаар зүйлд: “Тариаланг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлага болон Мал хамгаалах сангаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлсэн хөрөнгө, өглөг, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу ХААДС-д шилжүүлэхийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Төрийн өмч, бодлого зохицуулалтын газар (З.Мэндсайхан)-т даалгасугай-“ гэснийг анхааран үзэхийг хүсэж байна. Дээр дурдсан байдлаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас болон Мал хамгаалах сангийн нэрийн өмнөөс хариуцагч “Б” хоршооноос 14999600 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Гурав: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас болон Мал хамгаалах сан болон “Б” хоршооны хооронд байгуулсан гэх 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ММХ-02/2011/10 дугаартай “Зээлийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.3-т: “зээлийн хугацаа 48 сар (4 жил) байна. Энэ хугацаа нь зээлдүүлэгчээс зээлийн гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн тооцогдоно” гэж зааснаас үзэхэд энэхүү “Зээлийн гэрээ”-ний хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр дууссан байна. Нэхэмжлэгч ХААДС 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хугацаа нь дууссан “Зээлийн гэрээ”-ний асуудлаар 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр буюу 6 жил 1 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан...үеэс үүснэ” гэж зохицуулснаас үзэхэд “Зээлийн гэрээ”-ний хугацаа дууссан 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 3 жилийн дотор буюу 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байтал 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас болон Мал хамгаалах сан болон “Б” хоршооны хооронд байгуулагдсан гэх 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ММХ-02/2011/10 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй бид үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу зээл, хүүгийн төлбөр үлдсэн хохиролд “Б” хоршоо төлж барагдуулахаас татгалзах бүрэн үндэслэлтэй байна. Иймд дээр дурдсан үндэслэлийг хянан үзэж ХААДС-гийн тус шүүхэд хандан “Б” хоршоонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа ХААДС-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор ХААДС, Мал хамгаалах сан болон Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгө өглөг авлагыг нэгтгээд ХААДС болгон өөрчлөн байгуулсан шилжүүлсэн байна. Энэ өдрөөс жижиг дунд үйлдвэрийн болон мал хамгаалах сангийн холбоотой нэхэмжлэлийг манай сангаас гаргаж явж байгаа болно. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа бөгөөд шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна. 14999600 төгрөгийг гаргуулах барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Мал хамгаалах сан нь “Б” хоршоо нь 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр монгол мал хөтөлбөрийн хүрээнд эрүүл тааварлах мал төслийг дэмжлэг болгоод зээлдэгч “Б” хоршоонд 25000000 төгрөгийг 4 жилийн хугацаатай жилийн 6%-ийн хүүтэй сарын 0.5%-ийн хүүтэй зээлдүүлж барьцааны гэрээ байгуулсан. “Б” хоршоо зээлээ төлсөн. Төлөхдөө дутуу төлсөн ба үлдэгдэл хүүгийн хамт 14999600 үлдсэн байсан. ХААДС Мал хамгаалах сантай 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр нийлээд Хөдөө аж ахуйг дэмжих нэртэй болсон. Одоо санхүү хөрөнгө авлага нэг болсон байгаа ба санхүү бүртгэлээс тооцоо нийлсэн акт гаргуулан авахад 14999600 төгрөгийн үлдэгдэл гарч ирж байгаа ба “Б” хоршооноос үлдэгдэл 14999600 төгрөгийг байнга нэхэж байсан гэж мал хамгаалах сангийн мэргэжилтнүүд хэлж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна. Иймд “Б” хоршооноос үндсэн зээл болон хүүгийн хамт 14999600 төгрөг гаргуулах, үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААЯ харьяа ХААДС нь хариуцагч “Б” хоршооноос үндсэн зээл болон хүүгийн хамт 14999600 төгрөг гаргуулах, үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлийг бүрэн төлсөн, нөгөө талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэх боломжгүй гэж маргажээ.
Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-зааснаар шүүх хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь,
Хавтаст хэрэгт авагдсан 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ММХ-02’’/2011/10 дугаартай “Зээлийн гэрээ”-гээр зээлдэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Мал хамгаалах сан нь “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл таваарлаг мал” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон зээлдэгч “Б” хоршоонд 25000000 (хорин таван сая) төгрөгийг 48 (4 жил) сарын хугацаатай, жилд 6%, сард 0,5%-н хүүтэйгээр зээлдүүлсэн болох нь нотлогдож байгаа тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Мөн 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ММХ-02/2011/10 тоот зээлийн гэрээний “Барьцааны гэрээ”-гээр зээлдэгч “Б” хоршоо нь Баян-Өлгий аймаг, 5-р баг, 1-60 айлын 222 тоотын 27 м.кв талбайтай хувийн сууц, гэрчилгээний дугаар 0035948, Улсын бүртгэлийн дугаар Ү-0213000146 дугаартай орон сууцыг барьцаанд тавьсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д тус тус нийцэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай “ХААДС-гийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” тогтоолоор ХААДС-гийн ажлын албыг байгуулан, тариаланг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг авлага болон Мал хамгаалах сангаас Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлсэн хөрөнгө өглөг, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу ХААДС-д шилжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгасан байна.
Улмаар Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2-134 дугаартай “ХААДС-д хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” тушаалаар...Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний санхүүгийн тайлан дахь Мал хамгаалах сангаас шилжүүлсэн үндсэн хөрөнгө, авлага, өр төлбөр, Мал хамгаалах сангаас Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Хөтөлбөр арга хэмжээний тайланд бүртгэлтэй бараа материал, авлагыг тус тус ХААДС-д балансаас балансад шилжүүлсэн байна
Иймд 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ММХ-02’’/2011/10 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулсан зээлдэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Мал хамгаалах сан нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн дэмжих сан болж өөрчлөгдсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар Хөдөө аж ахуйн дэмжих сан нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн байна.
2011 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ММХ-02’’/2011/10 дугаартай “Зээлийн гэрээ”-г “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл таваарлаг мал” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон зээлдэгч “Б” хоршоонд 25000000 (хорин таван сая) төгрөгийг 48 сарын хугацаатай буюу 4 жилийн хугацаагаар байгуулсан ба энэхүү гэрээний хавсралтаар зээлдэгч авсан зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлж барагдуулах эцсийн хугацаа нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд нийтлэг журмын дагуу хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөнийг эрх бүхий этгээд мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолдог.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Мал хамгаалах сан нь 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 48 (4 жил) сарын хугацаатай байгуулсан ММХ-02’’/2011/10 дугаартай “Зээлийн гэрээ”-ний хугацаа хугацаа 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр дууссан ба энэ өдрөөс Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар эхлэн үүрэг гүйцэтгүүлэгч нь зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх үүссэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно.
Нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссан 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдрөөс хойш хариуцагчаас зээлээ төлөхийг шаардаж байсныг нотлох баримт байхгүй, мөн нэхэмжлэгч шаардах эрх үүссэн өдрөөс хойш гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй байх тул дээрх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил өнгөрсөн байна.
Мөн нэхэмжлэгч Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн боловч Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар үндсэн үүргийн буюу зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ММХ-02/2011/10 тоот зээлийн гэрээний “Барьцааны гэрээ”-ний хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дууссан болно.
Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөх нь үүргийн харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах эрхээ нэхэмжлэгч алдаж байгаа явдал бөгөөд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч (хариуцагч) үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй болно.
Иймд нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа ХААДС-гийн хариуцагч “Б” хоршооноос үндсэн зээлийн үлдэгдэл болон хүүгийн хамт 14999600 төгрөг гаргуулан, үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэ нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 153 дугаар зүйлийн 153.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын “Б” хоршооноос үндсэн зээлийн үлдэгдэл болон хүүгийн хамт 14999600 төгрөг гаргуулан, үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэгч ХААДС-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК