| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0158/э |
| Дугаар | 2024/ШЦТ/159 |
| Огноо | 2024-06-05 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000139 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “******* *******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн сумын 10 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Боржигон овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч Н.******* нь согтуугаар 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 10 дугаар баг, тоотод орших гэртээ цагдаа дуудлаа гэх шалтгаанаар өөрийн эхнэр болох *******г зодож *******гийн биед баруун 2,3,4,5-р хавирга, 7,8,9,10-р хавирганы зөрөөтэй хоёрлосон хугарал, зүүн 2,3,4,5,6,7-р хавирга, 9,10,11-р хавирганы зөрөөтэй хугарал, хоёр уушгины хагас уналт, цээжний хөндийн хий хуралдалт, өвчүү ясны хугарал, духанд шарх, нүүр, хүзүү, цээж, баруун бугалга, шууны том талбайг хамарсан, баруун өвдөг шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун зүүн хацар, уруулын дээд хэсэг, баруун бугалга, шуу, баруун өвдөг, шилбэнд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа ойлгож байна” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би нөхөртэйгээ 16 жил амьдарч байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо миний биед өвдөж байгаа зүйл байхгүй. Би тухайн үед өөрийн буруутай үйлдлийн улмаас зодуулсан. Нөхөр маань ажил хөдөлмөр эрхэлж байгаа тул торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ******* 25 дугаар байранд байх танил гэх айлд очсон. Тэгтэл нь над руу залгаад “нөхрийгөө ирж ав, согтуу байна” гэхээр нь би “очиж чадахгүй” гэхэд “цагдаа дуудаад өгчих үү” гэж хэлэхээр нь “тэгээ тэг” гэж хэлсэн. Тэгтэл нь цагдаа дуудсан байсан. Орой нөхөр маань орж ирээд “цагдаад өглөө” гэж уурлаад намайг зодсон. ...Би аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн. Эмчлүүлэх үедээ эм тариа хийлгэсэн. Эмчилгээний зардал гэж эм тариа тос зэрэг зүйлийг авсан. Энэ гарсан зардлыг нөхөр ******* төлж барагдуулсан. Гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг, хохирол учраагүй. Надад Улаанбаатар хот руу явах зардал мөнгө, зав зай байхгүй явж чадахгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 14-17/
Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ... 22 цагийн орчим аав над руу залгаж “чамд гэрийн чинь түлхүүр байгаа юу” гэхээр нь би “байгаа” гэж хэлэхэд аав нь гэрээ цоожлоод явлаа гэхээр нь би хаашаа явах талаар асуухад цагдаагийн хэсэг ороод ирье гээд тасалсан. Тэгээд би гэртээ 22 цаг өнгөрөөгөөд ирэхэд гэр цоожтой байсан. Аав шөнө 00 цаг өнгөрөөгөөд гэрт ирсэн. Ааваас би ээж яасан бэ гэж асуухад аав “Аав нь ээжийг чинь зодчихсон, ээж нь одоо эмнэлэгт байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр би мэдсэн...” гэжээ. /хх-ийн 23-24/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 176 тоот дүгнэлтэд:
1. *******гийн биед баруун 2,3,4,5-р хавирга, 7,8,9,10-р хавирганы зөрөөтэй хоёрлосон хугарал, зүүн 2,3,4,5,6,7-р хавирга, 9,10,11-р хавирганы зөрөөтэй хугарал, хоёр уушгины хагас уналт, цээжний хөндийн хий хуралдалт, өвчүү ясны хугарал, духанд шарх, нүүр, хүзүү, цээж, баруун бугалга, шууны том талбайг хамарсан, баруун өвдөг шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун зүүн хацар, уруулын дээд хэсэг, баруун бугалга, шуу, баруун өвдөг, шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх шинэ гэмтлүүд.
4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 29-32/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр эхнэрийн хамт гэртээ байтал миний танил найз эхнэрийн хамт манай гэрт өдөр 14 цагийн орчимд ирээд бид хэд 0.5 граммын Хараа нэртэй 2 шил архи хувааж уугаад эхнэрийнхээ хамт харилаа гээд гараад явсан. Найзууд явсны дараа эхнэр над руу олон юм яриад хэрүүл өдөөд байхаар нь би гэрээсээ гарч яваад “Шүр” зах орж тэнд ганц хоёр хүнтэй нийлж дахин хоёр шил архи хувааж уусан. Захаас гараад сумын 6 дугаар баг, 25 дугаар байранд амьдардаг танил эгч гийн гэрт очиход эгч нөхөр, хүүхдүүдийн хамт байсан. ...цагдаа “Танд дуудлага өгсөн, та гэртээ очиж амар” гэхээр нь би “гэртээ очвол эхнэртэйгээ муудна, очмооргүй байна” гэж хэлэхэд цагдаа “гэр орны асуудлаа гэртээ шийд” гэхээр нь би тэр цагдаатай эгчийнхээс хамт гараад тэр цагдаа ч явсан, би ч шууд гэр рүү явсан. Гэртээ очиход эхнэр ганцаараа байсан. Би эхнэр рүү хандаж “чи айлд амарч байхад цагдаа дуудлаа” гэж хэлэхэд эхнэр өөдөөс “би цагдаа дуудаагүй” гэх зэргээр хэлэхээр нь би уурлаж эхнэрийг доор гудсан дээр сууж байхаар нь очиж цээж рүү нь өшиглөж доошоо хараад хэвтэхээр нь нуруу руу нь хөлөөрөө 4-5 удаа өшиглөсөн. Тэгэхэд эхнэр намайг “янхан, гичий” гэх зэргээр хэлэхээр нь эхнэрийг өргөж гэрээс гаргаад цасан дээр шидээд мөн цээж рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд би өөрөө цагдаагийн газар руу залгаж дуудлага өгсөн...” гэжээ. /хх-ийн 20-21, 39-40/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10/
*******ын прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 7/
“******* *******” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 61/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/
*******ын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 45-46/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Боржигон овогт ******* ******* нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 10 дугаар баг, тоотод орших гэртээ согтуугаар хохирогч *******г зодож, түүний биед баруун 2,3,4,5-р хавирга, 7,8,9,10-р хавирганы зөрөөтэй хоёрлосон хугарал, зүүн 2,3,4,5,6,7-р хавирга, 9,10,11-р хавирганы зөрөөтэй хугарал, хоёр уушгины хагас уналт, цээжний хөндийн хий хуралдалт, өвчүү ясны хугарал, духанд шарх, нүүр, хүзүү, цээж, баруун бугалга, шууны том талбайг хамарсан, баруун өвдөг шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун зүүн хацар, уруулын дээд хэсэг, баруун бугалга, шуу, баруун өвдөг, шилбэнд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын “...Би эхнэр рүү хандаж “чи айлд амарч байхад цагдаа дуудлаа” гэж хэлэхэд эхнэр өөдөөс “би цагдаа дуудаагүй” гэх зэргээр хэлэхээр нь би уурлаж эхнэрийг доор гудсан дээр сууж байхаар нь очиж цээж рүү нь өшиглөж доошоо хараад хэвтэхээр нь нуруу руу нь хөлөөрөө 4-5 удаа өшиглөсөн. Тэгэхэд эхнэр намайг “янхан, гичий” гэх зэргээр хэлэхээр нь эхнэрийг өргөж гэрээс гаргаад цасан дээр шидээд мөн цээж рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд би өөрөө цагдаагийн газар руу залгаж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******гийн “... нь над руу залгаад “нөхрийгөө ирж ав, согтуу байна” гэхээр нь би “очиж чадахгүй” гэхэд “цагдаа дуудаад өгчих үү” гэж хэлэхээр нь “тэгээ тэг” гэж хэлсэн. Тэгтэл нь цагдаа дуудсан байсан. Орой нөхөр маань орж ирээд “цагдаад өглөө” гэж уурлаад намайг зодсон...” гэх мэдүүлэг,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч гийн “...Аав шөнө 00 цаг өнгөрөөгөөд гэрт ирсэн. Ааваас би ээж яасан бэ гэж асуухад аав “Аав нь ээжийг чинь зодчихсон, ээж нь одоо эмнэлэгт байгаа” гэж хэлэхэд би мэдсэн...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 176 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нар нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 176 тоот “...*******гийн биед баруун 2,3,4,5-р хавирга, 7,8,9,10-р хавирганы зөрөөтэй хоёрлосон хугарал, зүүн 2,3,4,5,6,7-р хавирга, 9,10,11-р хавирганы зөрөөтэй хугарал, хоёр уушгины хагас уналт, цээжний хөндийн хий хуралдалт, өвчүү ясны хугарал, духанд шарх, нүүр, хүзүү, цээж, баруун бугалга, шууны том талбайг хамарсан, баруун өвдөг шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун зүүн хацар, уруулын дээд хэсэг, баруун бугалга, шуу, баруун өвдөг, шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой, бусдад төлөх төлбөргүй хувийн байдал, хохирогчийн “торгох ял оногдуулж өгнө үү” гэх санал хүсэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд хохирогч ******* нь “...эмчлүүлэх үед гарсан эм тариа хийлгэсэн эмчилгээний зардлыг нөхөр ******* төлж барагдуулсан. Гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг, хохирол учраагүй учраас би сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй. Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА