Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулсан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Йөншөөбү овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000210076 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* 28 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Йөншөөбү овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Ерөнхий сайдын иргэд, олон нийттэй хийж байсан уулзалтын үед болон дээрх уулзалтыг нэвтрүүлсэн тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “ТВ6 телевиз”, “Жаран.мн видео сайт” мэдээллийн хэрэгслээр иргэн *******ийг эрхэлж байгаа албан тушаал, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нь холбогдуулан “20 бүлэг хулгайч, 70 үйлдэлтэй, 77 бодын хохиролтой хулгайчид анхан шатны шүүхээс ял өгч байхад түүний ялыг хөнгөлж байсан , гэдэг шүүгч нар байгаа шүү, энд одоо эсэргүүцэл бичдэггүй Дорнод аймгийн прокурор гэж нэг прокурор байгаа, *******ийг Улаанбаатар хотоос ирсэн, Дорнод аймгаас хөөж явуул” гэж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Ямарваа нэгэн зүйл шалтгаант холбоотой байдаг. Манай Дорнод аймагт олон айл амьжиргааныхаа хэдэн малыг алдаж хэцүү байна. Би Хангалхулан нарын хэрэгт оролцоогүй гэдгийг мэднэ. Яагаад эсэргүүцэл бичдэггүй гэж хэлсэн бэ гэхээр Монгол Улсын хилээр олон тооны мал оруулж гаргадаг хулгайчийн хэрэгт эсэргүүцэл бичээгүй. Манай Дорнод аймагт олон айл азарга, азаргаар адуугаа алдаж байна. Энэ талаар би цагдаа, прокурорт хэлдэг. ...2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр аймгийн ерөнхий прокурор уулзахад “таны алдсан адууны хэрэг прокурор ид байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би прокурортой 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 10 цаг 30 минутаас 11 цаг 20 минутын хооронд уулзаад сайн шалгаад өгөөрэй гэж хэлсэн ч шалгаж өгдөггүй. ...Би энэ асуудлын талаар Ерөнхийлөгч болон ерөнхий сайддаа хэлсэн. ...2018 оноос 2023 он хүртэл 5 жилийн хугацаанд энэ хулгайч, хил зөрчиж наймаа хийж байгаа хүмүүсийн хэргийг Дорнод аймгийн прокурор яагаад 5 жил гаруйн хугацаанд дарж байдаг юм бэ. Би үүн дээр гомдолтой байсан. Би оготнын нүхээр хашхирах уу даа хүү минь. Би төрдөө дуулгая, түмэндээ дуулгая гээд дуулгасан нь үнэн. ийн нэр хүндэд халдаагүй. Би малын хулгайчуудын хэрэгт эсэргүүцэл бичээгүй гэж хэлээгүй. Энд эсэргүүцэл бичдэггүй прокурор байгаа гэдэг нь хэрэгт эсэргүүцэл бичдэггүй прокурор байгаа гэж хэлсэн. хэрэгт эсэргүүцэл бичээгүй гэж хэлсэн ба шалгуулах гэж байгаа хэргээ олон нийтэд зарлаж болохгүй шүү дээ. Ер нь их гомдолтой байна. ...Дорнод аймгийн прокурорууд төрийн тангараг өргөсөн, төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа гэж би бодож байна. Эсвэл төрдөө тангараг өргөөгүй юм уу. Төрийн хууль тогтоомжийг хэрэглэдэггүй юм уу. Адуу малын хууль тогтоомж байна уу гэж асуухаар хариу өгөхгүй бичгийг маань буцааж өгөөд байдаг юм. Би буцааж өгсөн хариутай нь хүртэл явуулна. Малын хулгайчуудад төрийн чанга бодлого явуулахгүй бол тэд нар хулгай хийгээд бид нар амьжиргаанаасаа салж хөрөнгөөрөө хохироод байх нь зөв үү. ...Би энэ хэрэгт эсэргүүцэл бичээгүй гэж хэлээгүй шүү дээ. Театрт Доржсүрэн орж ирсэн. Миний хажууд нэг цагдаа хүү сууж байхаар нь энд эсэргүүцэл бичдэггүй гэж хэлсэн...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч *******ыг танихгүй ба урьд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалаар Дорнод аймгийн прокурорын газарт 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Намайг томилогдож ирээд удаагүй байхад буюу 05 дугаар сарын дундуур цэнхэр дээлтэй, цагаан малгайтай өвгөн надтай уулзах гээд ирсэн байсан. Камертай өрөөнд ороод уулзахад мал, эд хөрөнгөөрөө хохирдог, манай шүүхийнхэн ийм хэргүүдэд хөнгөн ял өгч байна, тэрэнд нь прокурор эсэргүүцэл бичдэггүй гэж хэлсэн. Тухайн хэрэгт ******* гуай хамааралгүй байсан учраас хамааралгүй хэргийн талаар ярихгүй гэж хэлсэн. Би энэ хүнтэй нэг л удаа уулзсан. 2023 оноос эхлэн ******* гэх хүн миний талаар өргөдөл, гомдол бичиж эхэлсэн. Энэ хүн орон нутгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэргийн асуудлаар тэмцэж явдаг хүн байна гэж би эхэндээ ойлгодог байсан. Миний талаар гомдол бичээд байхаар нь ямар нэгэн учиртай байх гэж ойлгосон. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд ирж уулзалт хийх үед шууд дамжуулж байсан. Бичлэгт маш олон микрофонууд тавьчихсан байсан ба ******* ярилцлага өгч байсан. ******* нь ...яриан дундаа 20 хэдэн үйлдэлтэй, 70 бүлэг хулгайчтай хэргийг анхан шатын шүүх шийдчихээд байхад давж заалдах шатны шүүгч нарын нэрийг заагаад ялыг нь хөнгөрүүлсэн. Энд нь эсэргүүцэл бичдэггүй Улаанбаатар хотоос ирсэн гэх прокурор байгаа, энэ нөхрийг нутаг орноос хөөж явуул гэж хэлсэн ба түүнийхээ араас прокурор, шүүгч нар архи уудаг, хоорондоо архи уугаад айлын найран дээр таарсан. Хонь тууж өгдөг шүүгч нартай гэж гүтгэлгийн шинжтэй зүйлийг ярьсан. Энэ ярилцлага дундуур энэ аймагт ажилладаг хүмүүс над руу ярьсан. прокуророо, та *******ын ярьж байгааг сонсож байна уу гэхээр нь би үгүй ээ, би гадуур ажлаар явж байна гэсэн. Энэ хүн таныг малын хулгайч нарын хэрэгт эсэргүүцэл бичдэггүй, шүүгч нартайгаа нийлээд явдаг талаар яриад байна гэсэн. Улаанбаатар хотоос хүртэл манай найз нөхөд, ах дүүс, эхнэр ярьсан. Ийм асуудал яригдаж цахим орчинд яваад байна. Ямар бичлэг явагдаад байгаа юм над руу бичлэгийг нь явуулаач гэхэд *******ын ярьсан бичлэг байсан. Бичлэгт шүүгч нар 70 хэдэн үйлдэлтэй малын хулгайч нарын ялыг багасгаад байхад Улаанбаатар хотоос ирсэн гэх нөхөр үүнд эсэргүүцэл бичээгүй энэ нөхрийг манай нутгаас хөөж явуул гэсэн. Энэ үг нь өөрөө миний ажил хэргийн нэр хүндэд халдсан. ...1-рт Миний ах дүүс, найз нөхдүүд бүгд над руу ярьж “чи тухайн хэрэгт нь эсэргүүцэл биччихгүй яасан юм бэ” гэж байна. Би тухайн хэрэгт хяналт тавьж байгаагүй, ийм хөгшин юм яриад яваад байдаг юм, би тэр болгонд нь гомдоод яваад байж болохгүй гэж хэлсэн. Түүний дараа бүхэлдээ зохион байгуулалтад орж бүх төрийн өндөр албан тушаалтнуудад гэж хүнийг эндээс зайлуулж өг гэсэн утга агуулгатай зүйл бичих болсон. Төрийн бүх өндөр албан тушаалтнууд гомдлыг уншиж сонсоод Дорнод аймгийн хэмжээнд харсан хүмүүс гэж сонин нөхөр байдаг юм байна гэж бодож байна. ...2-рт ******* ямар хэргийн талаар ярьж байна вэ. Тухайн 20 бүлэг хулгайчийн хэргийг прокурор Хосбаяр хянаж байсныг мэдсэн байна шүү дээ. Улаанбаатар хотоос ирсэн гэх хүнийг энэ нутгаас хөөж явуул гэж байгаа нь миний оршин суух газар, миний ажиллаж байгаа газарт миний нэр хүндийг гутаан доромжлох зорилгоор халдчихаад араас нь хөөж явуул гэж миний Үндсэн хуульд заасан эрхээр ялгаварлан гадуурхаж байна. ... гэх өөрт нь ямар ч хамааралгүй хэрэг байхад ийм хэрэг шийдэгдсэн байна гэж гомдол гаргаад байна. ...Миний судалгаагаар би 200 гаруй яллах дүгнэлт үйлдэж 70 гаруй хүн хорих ял авсан байсан. Тэгвэл миний эсэргүүцэл бичээгүй бүх хэргийг гаргаж ирэхгүй яасан юм бэ. Миний хийсэн үйл хэргийг ******* гэдэг хүн шүүхгүй. Таны ярьж, хэлээд байгаа үгний чинь ард хүн хохирдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Миний ард ар гэр, найз нөхөд, хувь хүн байдгийг ойлго. Хэн ямар хэрэгт оролцож байсан талаар та мэдэж байсан. Та намайг ирэхээс өмнө ч шүүгч нарын талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлд гомдол гаргаж байсан. Эцэст нь намайг эсэргүүцэл бичээгүй гэж олон нийтэд тараагаад Улаанбаатар хотоос ирсэн энэ хүнийг хөөж явуул гэж намайг гутаан доромжилсон. ...Эцсийн дүнд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьсан. хэргийг Улсын ерөнхий прокуророос хэдэн удаа татаж хянасан болохыг та мэдэж байгаа. Та хэргийн талаар хэдэн удаа өргөдөл өгсөн болохыг ч би мэдэж байна. Бүх өргөдлийн хариуг авч байгаад иргэний журмаар гомдол гаргана. ...Би гомдолтой байна. ...Миний сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хөндлөнгийн байгууллага тогтоосон. Хамгийн гол нь миний ажил хэргийн нэр хүндэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олон нийтийн өмнө намайг гутаан доромжилсонд би гомдолтой байна. ******* хуулийн дагуу хариуцлагыг нь хүлээлгэж өгөөрэй...” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс Дорнод аймгийн Прокурорын газарт прокуророор томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. ...үүнээс хойш ******* гэгч нь өөрийнхөө хохирсон хэрэгт миний нэр дээр гомдол хүсэлт гаргаж байгаагүй, өөрөө биечилж уулзаж байгаагүй. Харин миний хяналтанд байгаа хэргийн шийдвэрлэлтийн араас хууль бусаар мэдээлэл цуглуулж миний гаргасан шийдвэр бүхэнд гомдол гаргадаг болсон. ...2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Дорнод аймагт ажиллаж байх хугацаандаа иргэдийн санал хүсэлтийг сонсож байх үед ******* нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж байгааг мэдсээр байж прокурорууд малын хулгайч нарыг даврааж байна, өөгшүүлдэг гэх яриан дотроо ”Мөн 20 бүлэг хулгайч, 70 үйлдэлтэй, 77 бодын хохиролтой хулгайчид анхан шатны шүүхээс ял өгч байхад түүний ялыг хөнгөлж байсан , гэдэг шүүгч нар байгаа шүү, энд одоо эсэргүүцэл бичдэггүй Дорнод аймгийн прокурор гэж нэг прокурор байгаа, тэр Улаанбаатараас ирсэн, тэрийг манай аймгаас хөөж явуулаарай” гэж олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглаж миний ажил хэргийн нэр хүндэд халдах зорилготой илт худал мэдээлэл тараасан үйлдэлд нь гомдол гаргаж байна. Учир нь: ******* нь намайг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр томилогдон ирсэн гэдгийг мэдэж байсан, олон үйлдэлтэй нарт холбогдох гэх мэт олон малын хулгайн хэргүүд намайг ирэхээс өмнө шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн гэдгийг мэдэж байсан, намайг тухайн хэрэгт хяналт тавиагүй гэдгийг ч мэдэж байсан. Тэгсэн байтлаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр малын хулгайч нартай холбоотой, тэдгээрийг өөгшүүлдэг прокурор, шүүгч нар ялыг нь багасгаад байхад прокурор эсэргүүцэл бичдэггүй гэж зориуд илт худал мэдээллийг олон нийтэд тарааж миний ажил хэргийн нэр хүндэд халдсан. Намайг ирснээс хойш миний шийдвэрлэсэн малын хулгайн хэрэг дотор давж заалдах шатны шүүхээс ял багасгасан тохиолдол байхгүй. Мөн тэрээр миний талаарх өөрт нь хамааралгүй шийдвэрүүдийг илт хууль зөрчсөн мэтээр удаа дараа дээд шатны байгууллага, төрийн өндөр албан тушаалтай хүмүүст зориуд тарааж миний ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаад гомдолтой байна. Энэ үйлдлүүд нь намайг Дорнод аймагт ирснээс хойш ******* гэгч нь байнга илт үндэслэлгүй гомдол бичих, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илт худал мэдээлэл тараахаас гадна Улаанбаатар хотоос Дорнод аймагт томилогдон ирсэн намайг албан тушаалын хувьд ялгаварлан гадуурхсан, манай нутгаас хөөж явуул гэх мэтээр төрийн өндөр албан тушаалтнууд, улсын ерөнхий прокурор, олон нийтийн өмнө илт худал мэдээлэл тарааж гутаан доромжилж ялгаварлан гадуурхаж байна. Дээрх үйлдлүүд нь *******ын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, Маршал гэх сайтаас өөрөө байнга шейрлэж бусдад тараах үйлдэл тасрахгүй, тус ярианы бичлэгээр тухайн олон үйлдэлтэй олон холбогдогчтой малын хулгайн хэрэгт намайг хяналт тавиагүй гэдгийг мэдсээр байж тараасан үйлдэл нь Шүүхийн ерөнхий зөвлөлд тухайн шүүгч нарын талаар бичсэн гомдлын огноогоор тогтоогдоно. ...*******ын гэмт үйлдлийн улмаас миний ажил хэргийн нэр хүнд унасан, ажлын шугамаар харьцдаг болон шүүх, прокурор, цагдаа зэрэг байгууллагуудаар буруу ойлголт төрүүлсэн. Дорнод аймгийн иргэдийн хувьд мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн этгээдийг өөгшүүлдэг мэтээр ойлгогдон, Улсын ерөнхий прокурор болон төрийн өндөр албан тушаалтнуудад гэдэг прокурор байнга мал хулгайлдаг этгээдийг өөгшүүлдэг, хууль буруу хэрэглэдэг, ажлын хариуцлага алддаг мэтээр худал мэдээллийг байнга гаргаж миний ажил хэргийн нэр хүнд болон сэтгэл санаанд хохирол учруулаад байх тул гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилж байна...гэжээ. /хх-ийн 55-60/

Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би ******* гэх хүнийг Дорнод аймгийн иргэн гэдгээр нь мэднэ. Түүнээс биш түүнийг яг танихгүй. *******ын ярилцлагад гарч буй 20 бүлэг хулгайч, 70 үйлдэлтэй, 77 бодын хохиролтой малын хулгайн хэрэг бол нарт холбогдох 18 холбогдогчтой 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр шийдэгдсэн 1821005830446 дугаартай хэрэг юм. Уг хэрэг дээр би илтгэгч шүүгчээр оролцож байсан, харин шүүгч даргалагч шүүгчээр оролцож байсан. Уг малын хулгайн хэрэгт улсын яллагчаар ганцхан Хосбаяр прокурор оролцсон. ******* прокурор оролцоогүй...” гэжээ. /хх-ийн 61-63/

Гэрч З. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...би ******* гэдэг хүнийг мэднэ. Би Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад 2023 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Намайг ажиллаж байх үед ******* гэдэг хүн шүүхийн ажил хэрэгтэй холбоотой гомдол гаргаж явдаг байсан. Тэр утгаар нь би *******ыг мэднэ. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн драмын Монгол Улсын ерөнхий сайд Оюун-Эрдэнэ иргэдтэй уулзалт хийсэн байсан. Энэ уулзалтан дээр прокурор , шүүгч Ж., шүүгч З. бид нартай холбогдуулж 20 бүлэг хулгайч, 70 үйлдэлтэй, 77 бодын хохиролтой малын хулгайн хэргийн талаар ярьсан байсан. Энэ хэргийн талаар хэлэхийн тулд шийдвэрлэсэн хэргийн магадлалыг судалж үзэхэд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ДШМ/36 дугаартай магадлалаар шүүгдэгч Э. нарын 18 хүнд холбогдох хэргийн талаар шийдвэрлэсэн байна. Магадлалаас үзэхэд энэ хэрэг дээр улсын яллагчаар прокурор Э.Хосбаяр оролцсон, прокурор ******* оролцоогүй...” гэжээ. /хх-ийн 64-66/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар багт байрлах драмын театрын ...1 давхарын суудал 17 эгнээтэй, нийт 442 хүний суудалтай, 2 давхар буюу бельтаж суудал 5 эгнээтэй, 128 хүний суудалтай байв. Театрын заал нийт 570 хүний суудалтай байв. ...Театрын заал хариуцсан ажилтан 2023 онд зохион байгуулагдсан арга хэмжээний бүртгэлийг шүүлгэж үзэхэд бүртгэлийн дэвтрийн 87 дугаарт 09 дүгээр сарын 25-ны өдөр Ерөнхий сайд иргэдтэй уулзах уулзалт 14 цаг 10 минутаас 21 цаг 00 минутын хооронд үргэлжилж 570 хүн хамрагдсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-24/,

Эд зүйл /видео бичлэг/-д үзлэг хийсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “...бичлэгийг тоглуулахад иргэн ******* нь цагаан өнгийн бүрх малгайтай, цэнхэр торгон дээл өмссөн байдалтай ярилцлага өгч байгаагаар эхэлж байна. *******ын урд талд “Jaran.mn”, TV6”, “ММ агентлаг” телевиз болон видео сайтын лого бүхий 3 ширхэг микрофон, хаяг логогүй 1 ширхэг, нийт 4 ширхэг микрофон байрлаж байна. Бичлэгийн 00:57 секундээс 01:18 секундын хооронд ******* ярихдаа “Мөн одоо 20 бүлэг хулгайч, 70 үйлдэлтэй, 77 бодын хохиролтой хулгайчид анхан шатны шүүхээс ял өгч байхад түүний ялыг хөнгөлж байсан , гэдэг шүүгч нар байгаа шүү, за энд одоо эсэргүүцэл бичдэггүй, Дорнод аймгийн прокурор гэж нэг прокурор байгаа, тэр Улаанбаатараас ирсэн, тэрийг манай аймгаас хурдан хөөж явуулаарай, ингэж нэг хэлмээр байна” гэж ярьсан байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-29/,

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 258 тоот дүгнэлтэнд:

1. *******ийн сэтгэцэд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна.

2. *******ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд бага түвшинд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.

3. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлага бага” гэжээ. /хх-ийн 80-82/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн болсон Ерөнхий сайдын уулзалтан дээр би олон хулгайч нарын талаар ярьсан. Тэр хулгайч нарын хэргүүд дээр улсын яллагчаар Хосбаяр прокурор шүүх хуралд оролцсон юм. прокурор ямар хэрэг дээр эсэргүүцэл бичээгүй вэ гэхээр 2018, 2020 онд улсын хилээр олон мал давуулсан, мөн улсын хилээр адуу оруулж хулгайлсан Будын ын хэргийг 2023 оны 08 дугаар сард Дорнод аймгийн шүүхээр шийдсэн. Уг хэрэг дээр улсын яллагчаар прокурор оролцсон гэсэн. Аймгийн шүүхээс Б.ад 2 жилийн тэнсэн харгалзах ял өгсөн бөгөөд үүнд прокурор эсэргүүцэл бичээгүй юм. Үүнийг л би ерөнхий сайдын уулзалтан дээр хэлэх гэж байгаад энэ асуудлыг аймгийн цагдаагийн газраар шалгуулах гэж байсан учраас олон нийтийн өмнө нууцлаад хэлээгүй. Уг уулзалтан дээр 20 бүлэг хулгайч, 70 үйлдэлтэй, 77 бодын хохиролтой хэрэгт шүүгч , нарыг анхан шатны шүүхээс өгсөн ялыг хөнгөлсөн гэж хэлсний араас нь би санамсаргүйгээр энд гээд прокурорыг хамаатуулаад хэлж алдаа гаргасан байна...” гэжээ. /хх-ийн 88-89/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14/

Jaran.mn” видео сайтын Facebook page-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-37/

Эд зүйл /баримт бичиг буюу шийтгэх тогтоол, магадлал/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45-47/

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-50/,

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ДШМ/36 дугаар магадлалын хуулбар /хх-ийн 51/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20 тоот дүгнэлт /хх-ийн 74-75/

Дорнод аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, хавсралтын хамт /хх-ийн 95-97, 99-100, 104, 105, 111-112/ 

*******ын иргэний үнэмлэхийн мэдээлэл /хх-ийн 90/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91/

Дорнод аймгийн Прокурорын газрын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 53 тоот “Хүсэлт шийдвэрлэсэн тухай” хариу мэдэгдэх хуудас /1 хуудас/

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн *******од холбогдох өвчний хяналтын картын хуулбар, эмнэлгийн магадлагаа /3 хуудас/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидид буулгасан видео бичлэгийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдөж, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Йөншөөбү овогт ******* ******* нь Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Ерөнхий сайдын иргэд, олон нийттэй хийсэн уулзалтын үеэр Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хохирогч *******ийг эрхэлж байгаа албан тушаал, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нь холбогдуулан “...20 бүлэг хулгайч, 70 үйлдэлтэй, 77 бодын хохиролтой хулгайчид анхан шатны шүүхээс ял өгч байхад түүний ялыг хөнгөлж байсан , гэдэг шүүгч нар байгаа шүү, энд эсэргүүцэл бичдэггүй Дорнод аймгийн прокурор гэж нэг прокурор байгаа, Бамбадорж Улаанбаатар хотоос ирсэн, түүнийг Дорнод аймгаас хөөж явуул...” гэж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн шүүгдэгч *******ын “...2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн болсон Ерөнхий сайдын уулзалтан дээр би олон хулгайч нарын талаар ярьсан. Тэр хулгайч нарын хэргүүд дээр улсын яллагчаар Хосбаяр прокурор шүүх хуралд оролцсон юм. прокурор ямар хэрэг дээр эсэргүүцэл бичээгүй вэ гэхээр 2018, 2020 онд улсын хилээр олон мал давуулсан, мөн улсын хилээр адуу оруулж хулгайлсан Будын ын хэргийг 2023 оны 08 дугаар сард Дорнод аймгийн шүүхээр шийдсэн. Уг хэрэг дээр улсын яллагчаар прокурор оролцсон гэсэн. Аймгийн шүүхээс Б.ад 2 жилийн тэнсэн харгалзах ял өгсөн бөгөөд үүнд прокурор эсэргүүцэл бичээгүй юм. Үүнийг л би ерөнхий сайдын уулзалтан дээр хэлэх гэж байгаад энэ асуудлыг аймгийн цагдаагийн газраар шалгуулах гэж байсан учраас олон нийтийн өмнө нууцлаад хэлээгүй. Уг уулзалтан дээр 20 бүлэг хулгайч, 70 үйлдэлтэй, 77 бодын хохиролтой хэрэгт шүүгч , нарыг анхан шатны шүүхээс өгсөн ялыг хөнгөлсөн гэж хэлсний араас нь би санамсаргүйгээр энд гээд прокурорыг хамаатуулаад хэлж алдаа гаргасан байна...” гэх мэдүүлэг, хохирогч *******ийн “...******* нь намайг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр томилогдон ирсэн гэдгийг мэдэж байсан, олон үйлдэлтэй нарт холбогдох гэх мэт олон малын хулгайн хэргүүд намайг ирэхээс өмнө шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн гэдгийг мэдэж байсан, намайг тухайн хэрэгт хяналт тавиагүй гэдгийг ч мэдэж байсан. Тэгсэн байтлаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр малын хулгайч нартай холбоотой, тэдгээрийг өөгшүүлдэг прокурор, шүүгч нар ялыг нь багасгаад байхад прокурор эсэргүүцэл бичдэггүй гэж зориуд илт худал мэдээллийг олон нийтэд тарааж миний ажил хэргийн нэр хүндэд халдсан. ...Улаанбаатар хотоос Дорнод аймагт томилогдон ирсэн намайг албан тушаалын хувьд ялгаварлан гадуурхсан, манай нутгаас хөөж явуул гэх мэтээр төрийн өндөр албан тушаалтнууд, улсын ерөнхий прокурор, олон нийтийн өмнө илт худал мэдээлэл тарааж гутаан доромжилж ялгаварлан гадуурхаж байна. Дээрх үйлдлүүд нь *******ын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, Маршал гэх сайтаас өөрөө байнга шейрлэж бусдад тараах үйлдэл тасрахгүй, тус ярианы бичлэгээр тухайн олон үйлдэлтэй олон холбогдогчтой малын хулгайн хэрэгт намайг хяналт тавиагүй гэдгийг мэдсээр байж тараасан...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Ж.гийн “...*******ын ярилцлагад гарч буй 20 бүлэг хулгайч, 70 үйлдэлтэй, 77 бодын хохиролтой малын хулгайн хэрэг бол нарт холбогдох 18 холбогдогчтой 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр шийдэгдсэн 1821005830446 дугаартай хэрэг юм. ...Уг малын хулгайн хэрэгт улсын яллагчаар ганцхан Хосбаяр прокурор оролцсон. ******* прокурор оролцоогүй...” гэх, гэрч З.ийн “...прокурор , шүүгч Ж., шүүгч З. бид нартай холбогдуулж 20 бүлэг хулгайч, 70 үйлдэлтэй, 77 бодын хохиролтой малын хулгайн хэргийн талаар ярьсан байсан. ...2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ДШМ/36 дугаартай магадлалаар шүүгдэгч Э. нарын 18 хүнд холбогдох хэргийн талаар шийдвэрлэсэн байна. Магадлалаас үзэхэд энэ хэрэг дээр улсын яллагчаар прокурор Э.Хосбаяр оролцсон, прокурор ******* оролцоогүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар багт байрлах драмын театрын заал нийт 570 хүний суудалтай байв. ...2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ерөнхий сайд иргэдтэй уулзах уулзалт 14 цаг 10 минутаас 21 цаг 00 минутын хооронд үргэлжилж 570 хүн хамрагдсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, сидид буулгасан видео бичлэг, уг видео бичлэгт үзлэг хийсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “...******* нь цагаан өнгийн бүрх малгайтай, цэнхэр торгон дээл өмссөн байдалтай ярилцлага өгч байгаагаар эхэлж байна. ...Бичлэгийн 00:57 секундээс 01:18 секундын хооронд ******* ярихдаа “Мөн одоо 20 бүлэг хулгайч, 70 үйлдэлтэй, 77 бодын хохиролтой хулгайчид анхан шатны шүүхээс ял өгч байхад түүний ялыг хөнгөлж байсан , гэдэг шүүгч нар байгаа шүү, за энд одоо эсэргүүцэл бичдэггүй, Дорнод аймгийн прокурор гэж нэг прокурор байгаа, тэр Улаанбаатараас ирсэн, тэрийг манай аймгаас хурдан хөөж явуулаарай, ингэж нэг хэлмээр байна” гэж ярьсан байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Jaran.mn” видео сайтын Facebook page-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ДШМ/36 дугаар магадлалын хуулбар, эдгээр баримт бичиг буюу шийтгэх тогтоол, магадлалд үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан худал мэдээлэл тараах гэмт хэрэг гэж ор үндэсгүй, илэрхий худлаа мэдээллийг зориуд санаатайгаар олон нийтэд тарааж, түгээснээр тухайн хүний нэр төр, алдар хүнд олон нийтэд гутаагдах, үнэлэмжийг бууруулах, тухайн хүний талаарх сөрөг хандлагыг бий болгох зорилготой хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд ийнхүү илт худал мэдээлэл болохыг мэдсээр байж зориуд тараасан, санаатай үйлдлийг нийгмийн аюул ихтэйд тооцон гэмт хэрэг хэмээн хуульчилсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн нь “...итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй” бөгөөд гагцхүү энэхүү эрх нь Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” үндсэн үүргээр хязгаарлагдах билээ.

“Хүний нэр төр” гэж тухайн хүний хувийн ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг, “алдар хүнд” гэж бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг тус тус ойлгох ба “илт худал мэдээлэл” гэж огт үндэслэлгүй, худал, хуурмаг мэдээ, баримт, сэлтийг, “олон нийтэд тараасан” гэж худал мэдээллийг нэг буюу түүнээс олон хүнд түгээсэн байхыг тус тус хэлэх бөгөөд мэдээллийг амаар, бичгээр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчны аль алинаар нь тарааж болно.

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж тогтоох бөгөөд шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд “...Манай Дорнод аймагт олон айл азарга, азаргаар адуугаа алдаж байна. Энэ талаар би цагдаа, прокурорт хэлдэг. ...Би малын хулгайч нарын хэрэгт эсэргүүцэл бичээгүй гэж хэлээгүй. Энд эсэргүүцэл бичдэггүй прокурор байгаа гэдэг нь хэрэгт эсэргүүцэл бичээгүй гэж хэлсэн ба шалгуулах гэж байгаа хэргээ олон нийтэд зарлаж болохгүй шүү дээ. Би төрдөө дуулгая, түмэндээ дуулгая гээд дуулгасан нь үнэн. ийн нэр хүндэд халдаагүй. Ер нь их гомдолтой байна...” гэж мэдүүлж байх боловч тэрээр 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын Дорнод аймгийн иргэд, олон нийттэй хийсэн уулзалтын үеэр Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ийг эрхэлж байгаа албан тушаал, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нь холбогдуулан өөрөөр хэлбэл Э. нарын 18 хүнд холбогдох эрүүгийн 1821005830446 дугаартай хэрэг түүний хяналтанд байгаагүй, тухайн хэрэгт улсын яллагчаар оролцоогүйг нь өөрөө мэдсээр байж 20 бүлэг хулгайч 70 үйлдэлтэй, 77 бодын хохиролтой эрүүгийн хэрэгт хамаатуулан эсэргүүцэл бичдэггүй прокурор байна, тэр Улаанбаатар хотоос ирсэн, түүнийг Дорнод аймгаас хөөж явуул гэж түүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг өөрийн амаар олон нийтэд тараан ярьж, улмаар уг уулзалт ярилцлага нь Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “ТВ6 телевиз”, Jaran.mn” видео сайт зэрэг мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулагдан олон нийтэд хүрсэн болох нь хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдэл нь хохирогчид материаллаг хохирол учруулаагүй боловч тухайн худал мэдээллийг бусдад түгээж тарааснаар хохирогчийн хуулиар хамгаалагдсан нэр төр, алдар хүндэд халдаж, ажил хэргийн нэр хүндийг унагаах, үнэлэмжийг бууруулах хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын “Шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч *******од холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, 60 настай, ам бүл ганцаараа амьдардаг, өндөр насны тэтгэвэр авдаг, эрүүл мэндийн хувьд  чихрийн шижин буюу сахарный диабет өвчний хүндрэлийн улмаас эмнэлгийн хяналтанд байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хохирол учраагүй боловч түүний халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдөж, сэтгэцэд нь нэгдүгээр зэргийн хор уршиг учирсан болох нь Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 258 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн худал мэдээлэл тараасан үйлдэл нь хохирогчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан, цаашилбал түүний нийгэмд эзлэх байр суурь, бусадтай харилцах харилцаанд нөлөөлсөн, мөн шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж бага түвшинд илэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******ид олгохоор тогтоож шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Йөншөөбү овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос сэтгэцэд учирсан хор уршигт 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, тоотод оршин суух, Олхонууд овогт ид олгохоор тогтоосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА