| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 129/2023/00618/И |
| Дугаар | 001/ХТ2024/00110 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2024/00110
Г.Ягийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2024/00031 дүгээр шийдвэр,
Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 211/МА2024/00010 дугаар магадлалтай,
Г.Ягийн нэхэмжлэлтэй
Ж.Год холбогдох
Хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 1.2 метр урттай авдар-1, 0.7 метр урттай авдар-1, 1.9 метр урттай ор, авдар-1, Жигжид бурхан-1, Гомбо бурхан-1, Лхам болон гуутай бурхад, хөлгөн судар зэрэг бурхан тахилын иж бүрдлийн өмчлөгч болохыг тогтоолгох, хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 300,000 төгрөгийн үнэ бүхий 1.2 метр урттай авдар-1, 200,000 төгрөгийн 0.7 метр урттай авдар-1, 400,000 төгрөгийн үнэ бүхий 1.9 метр урттай ор, авдар-1, 8,000,000 төгрөгийн үнэ бүхий эвхэгддэг Лхам бурхан-1, Гомбо бурхан-1, гуутай бурхад, судар зэрэг бурхан тахилын иж бүрдлийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П /цахим/, хариуцагч Ж.Г, хариуцагчийн өмгөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Ягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П хариуцагч Ж.Год холбогдуулан эцэг эхээс өвлөгдөн ирсэн хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 1.2 метр урттай авдар-1, 0.7 метр урттай авдар-1, 1.9 метр урттай ор, авдар-1, Жигжид бурхан-1, Гомбо бурхан-1, Лхам болон гуутай бурхад, хөлгөн судар зэрэг бурхан тахилын иж бүрдлийн өмчлөгч болохыг тогтоолгох, хуучны хуш модон, хүрэн өнгөтэй 300,000 төгрөгийн үнэ бүхий 1.2 метр урттай авдар-1, 200,000 төгрөгийн 0.7 метр урттай авдар-1, 400,000 төгрөгийн үнэ бүхий 1.9 метр урттай ор, авдар-1, 8,000,000 төгрөгийн үнэ бүхий эвхэгддэг Лхам бурхан-1, Гомбо бурхан-1, гуутай бурхад, судар зэрэг бурхан тахилын иж бүрдлийг гаргуулах шаардлага гаргажээ.
2. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2024/00031 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийн өмчлөгч Г.Я болохыг тогтоож, хариуцагч Ж.Гоос эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан, Жигжид бурхан болон гуутай бурхад, Алтангэрэл судар, хөлгөн судар, тахилын иж бүрдлийг гаргуулж Г.Яд олгож шийдвэрлэжээ.
3. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2024/00010 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2024/00031 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Г.Ягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П би Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 211/МА2024/00010 дугаартай магадлалыг 2024.03.18-ны өдөр гардан аваад, магадлалыг эс зөвшөөрч анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, энэ нь хууль хэрэглээг тогтооход нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын гомдлыг гаргаж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн хүсэл сонирхлын дагуу хуучны хуш модон хүрэн өнгөтэй 1.2 метр урттай хуш модон авдар, хуучны хүрэн өнгөтэй 0.7 метр урттай хуш модон авдар, 1.9 метр урттай ор авдар 1 ширхэг, дээр үеийн эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан болон гуутай бурхад, зэрэг бурхан тахилын иж бүрдэлийн өмчлөгч Г.Я болохыг тогтоож, хариуцагч Д.Ганболдоос 300000 төгрөгийн үнэ бүхий хуучны хүрэн өнгөтэй 1.2 метр урттай хуш модон авдар, 200000 төгрөгийн үнэ бүхий хуучны хүрэн өнгөтэй 0.7 метр урттай хуш модон авдар, 400000 төгрөгийн үнэ бүхий 1.9 метр урттай хуш модон ор авдар 1 ширхэг, 8,000,000 төгрөгийн үнэ бүхий дээр үеийн эвхдэг Гомбо бурхан, Лхам бурхан болон гуутай бурхад, судар зэрэг бурхан тахилын иж бүрдэлийг Г.Яд олгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан юм.
Анхан шатны шүүхэд хэрэг шалгаж байх явцад хариуцагч Ж.Гнь нэхэмжилсэн 3 төрлийн авдрыг Г.Ягийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрт нь хүргэж өгсөн байдаг ба бурхан тахилын иж бүрдлийг Г.Яийн өмч гэдэгтэй маргасан. Анхан шатны шүүх, хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар шинжпэн судалсан нотлох баримтад үндэслэн бурхан тахилын иж бүрдлийн өмчлөгч Г.Я мөн болохыг тогтоож, 8,000,000 төгрөгийн үнэ бүхий бурхан тахилын иж бүрдлийг Г.Яд олгохоор шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх, уг давж заалдах гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх, бурхан тахилын өмчлөгч хэн болохыг нарийн нягталж тогтоогоогүй. Мөн хариуцагч Ж.Г нь нэхэмжилсэн 3 төрлийн авдрыг Г.Ягийн өмч гэж хүлээн зөвшөөрч эргүүлэн өгсөн мөртлөө бурхан тахилын иж бүрдлийг өгөхгүй гэж маргасан асуудалд дүгнэлт өгөөгүй. Үе дамжин тахиж шүтэж ирсэн бурханаа аав ээжээсээ өвлөн авсан Г.Я гэдэг хүн өнөөдөр амьд сэрүүн байгаа, зээ дүүтэйгээ хамт амьдарч байх үедээ өөрийн хөрөнгөө нийлүүлж өгсөн, амьд сэрүүнд нь авах талаар ярьж авах гэж очсон хэдий ч авч чадаагүй байж байтал дүү нь нас барсан талаар хэлж тайлбарлаж, үүнийг гэрч Г.Л нотолж мэдүүлсэн, мөн Г.Яг аав ээжийнхээ гал голомтыг өвлөн үлдсэн талаар гэрч нар мэдүүлсэн байтал энэ талаар шүүх дүгнэлт хийсэнгүй.
Нөгөө талаар анхан шатны шүүх маргаан бүхий бурхан тахилын иж бүрдэлийг Г.Ягийн өмч гэж, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Г.Яд олгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх энэ асуудлаар тайлбар өгсөнгүй. Мөн давж заалдах шатны шүүх Г.Я нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч мөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй.
Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн зүйл, заалтуудыг хоёр өөрөөр тайлбарлан зөрүүтэй шийдвэрлэж байх тул энэхүү хууль хэрэглээний зөрүүг арилгуулахаар хяналтын гомдол гаргах үндэслэл болж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах шаардлагатай байгаа ба энэ нь хууль хэрэглээг тогтооход нийтлэг ач холбогдолтой гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байгаа болно.
Иймд Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2024/00031 дугаартай шийдвэр, Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 211/МА2024/00010 дугаартай магадлалтай хэргийг хянаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч Ж.Г миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пгийн гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг бичгээр гаргаж байна. Миний бие анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа 3 ширхэг авдар нь Г.Ягийнх учраас ирээд авахад нээлттэй, надад эдгээр авдрууд нь хэрэггүй талаар дурдаж 3 ширхэг авдрыг нь Г.Яд хүлээлгэн өгсөн. Мөн тухайн 3 төрлийн авдар нь манайд бурхан тахилтай хамт залагдаж ирээгүй, Г.Я гэдэг хүн манай хаяанд жижиг гэрт амьдарч байгаад 2018 онд төрсөн эгч Г.Лийндээ очих үед нь манайд үлдсэн. Тэрнээс өмнө 2001 онд нөхөр бид хоёрыг хурим найраа хийх үед зөвхөн бурхан тахил, тахилын иж бүрдэл, гуу, тахилыг авдартай нь хамт залсан байсан. Түүнчлэн миний бие 3 төрлийн авдрыг нь Г.Яд өгөхийг өөрөө зөвшөөрч, энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн дээрх шаардлагыг шийдвэрлүүлэхгүй талаар тайлбарласан учраас энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй асуудал юм. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, дан ганц Г.Л гэдэг гэрчийн мэдүүлгийг үндэслэн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх дээрх маргааны зүйлийг 2001 оноос хойш одоог хүртэл Ж.Г миний эзэмшилд байгаа нь нотлох баримтуудаар тогтоогдож байна гэсэн үндэслэлтэй дүгнэлт хийсэн.
Мөн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж манай нөхөр Ч.Мг нэхэмжлэгч Г.Яийн эх, Ч.Мгийн эмэг эх Ж.Доржпагмын хууль ёсны өвлөгч мөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байна. Учир нь манай нөхөр Ч.М нь өөрийн өвөө болох Готовсүрэн гэдэг хүний гал голомтонд төрж, өвөө дээрээ өсөж, ах Г.Ятэйгээ хамт амьдарч байсан. Үүнд давж заалдах шатны шүүх бодит нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж магадлалын үндэслэх хэсэгтээ тодорхой, ойлгомжтой байдлаар тайлбарласан байхад нэхэмжлэгчийн төлөөлөгч өвлөгч Г.Я мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй гэсэн гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Маргааны зүйл болох бурхан тахил, тахилын иж бүрдлийг 2001 онд нөхөр бид хоёрыг гэр бүл болоход гэрт маань залж өгснөөр нэхэмжлэгч Г.Ягийн өмчлөл бидэнд шилжиж ирсэн учраас тухайн бурхадыг өмчлөх эрхтэй гэж миний бие үзэж байгаа. Үр хүүхдэд маань эцгээс нь үе дамжин үлдсэн тахил шүтээнээ бусдад өгөхийг хүсэхгүй байгаа болно. Мөн тухайн бурхан тахил манай гэрт залагдан ирсэн цагаас хойш тахиж шүтэж явсаар ирсэн.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг тус тус үндэслэн шийдвэр гаргасан бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1, 105 дугаар зүйлийн 105.1-т заасныг тус тус үндэслэн шийдвэр гаргасан. Хуулийг зөрүүтэй хэрэглэх гэдэг ойлголт нь хуулийн нэг зохицуулалтыг өөр өөр байдлаар тайлбарлаж хэрэглэсэн байхыг ойлгох бөгөөд хоёр шатны шүүх өөр өөр хуулийн зохицуулалтыг хэрэглэн шийдвэр гаргасан нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тохиолдол биш юм.
Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Эдгээр нөхцөл байдал, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 211/МА2024/00010 дугаартай магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
6. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн нийт шүүгчийн хуралдааны 001/ШХТ2024/00537 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.
ХЯНАВАЛ:
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пгийн хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдов.
8. Нэхэмжлэгч Г.Я хариуцагч Ж.Год холбогдуулан гурван төрлийн авдар, ор, Жигжид бурхан-1, Гомбо бурхан-1, Лхам болон гуутай бурхад, Алтан гэрэл судар, хөлгөн судар зэрэг бурхан тахилын бусад иж бүрдлийн өмчлөгч болохыг тогтоолгох, ор, авдрууд ба бурхан тахилыг биет байдлаар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... Г.Я нь аав, ээжийн хамт амьдарч байгаад нас барахад нь эдэлж хэрэглэж байсан бурхан тахил, гэр мал, эд хөрөнгийг нь өвлөн авч үлдсэн. ... 2001-2018 он хүртэл төрсөн эгчийн том хүү Ч.Мгийн хаяа бараадан амьдарсан. ... 2018 оноос төрсөн эгч Г.Лхамсүрэнгийн асрамжид очиж, эгчийндээ амьдарсан. ... Ч.Мтэй хамт амьдарч байх хугацаанд тэдний хөрөнгө нийлсэн. Ч.М нас барсан бөгөөд эхнэр Ж.Г нь Г.Ягийн эцэг эхээс өвлөж авсан хөрөнгүүдийг өгөхгүй байгаа тул гаргуулах хүсэлтэй.” гэж тайлбарласан.
9. Хариуцагч Ж.Г нэхэмжлэлийн шаардлагаас гурван төрлийн авдар, ортой холбогдох шаардлагыг зөвшөөрч, үлдсэн хэсэг болох бурхан тахилын иж бүрдлийн өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагчийн эзэмшлээс гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч “... Миний бие 2001.08.18-нд Ч.Мтэй гэр бүл болж, хамт амьдарсан. Биднийг гэр бүл болоход нэхэмжлэлд дурдсан бүх бурхадыг, бурханы гуу болон авдартай нь гэрт залсан байсан. ... түүнээс хойш манайх эзэмшиж, ашиглаж, залж, тахиж ирсэн. Манай нөхрийг амьд байх хугацаанд бурхан тахилтай холбоотой асуудал яригдаж байгаагүй. Г.Я нь уг бурхадыг тахиж шүтэн, бүрэн бүтэн авч явах чадваргүй, бусдын асрамжид байдаг. Тэрээр нэхэмжлэлийг өөрөө гаргаагүй, бусдын ятгалганд орж гаргасан. Миний бие бурхан тахилын зүйлийг өгөх боломжгүй.” гэж мэтгэлцсэн.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... Г.Ягийн эцэг болох н.Готовсүрэнгийн төрүүлсэн хүүхдүүд байгаа тохиолдолд Ч.М нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч биш, харин Г.Я нь хуулийн дагуу өмчлөгч болсон байна. ... Ч.Мгийн гэрт бурхан тахилаа байрлуулсныг өмчлөх эрх шилжсэн гэж үзэхгүй... Г.Я нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бурхан тахилын иж бүрдлийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй... нэхэмжлэгч 2018 онд Ч.Мгийнхээс тусдаа амьдарч Г.Лийнд очсоноос хойш өмчлөлийн эд хөрөнгөө шаардах эрх үүссэн бөгөөд 2023.10.30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй” гэж дүгнэсэн.
11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Магадлалд энэ тухай “... нэхэмжлэгч Г.Ягийн эх Ж.Д 1989 онд нас барснаар хүү Г.Я, зээ хүү Ч.М нар эцэг эхээс өвлөгдөж ирсэн бурхан тахилын иж бүрдлийн өвлөгч болсон. ... Ч.М өвөө Гийнд өссөн, Г.Ятэй хамт амьдарч байсан бөгөөд Готовсүрэнгийн төрүүлсэн хүүхдүүд байгаа тохиолдолд Ч.М нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч биш гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. ... Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.2, 520.3-т заасны дагуу зээ хүү Ч.М нь эмэг эх Ж.Дын хууль ёсны өвлөгч. ... өвлөгдөх эд хөрөнгийг 1989 онд хүлээн авснаар Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-т зааснаа өв залгамжлалыг гүйцэтгэсэн гэж тооцно. Ч.М, Ж.Г нарыг 2001 онд гэр бүл болоход бурхан тахилын иж бүрдлийг гэрт нь залснаар тэдний өмчлөлд шилжсэн. Ч.Мг нас барах хүртэл энэ асуудлаар нэхэмжлэгч маргаагүй тул Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т зааснаар хариуцагч Ж.Г давуу эрхтэй. Маргааны зүйл болох бурхадыг 2001 онд Ч.М, Ж.Г нарын эзэмшилд шилжүүлснээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Ч.М нас барснаар бурхадыг өвлөх эрх Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны өвлөгчид шилжинэ...” гэж дүгнэсэн.
12. Хоёр шатны шүүх өвийн журмаар өмчлөх эрх олж авах, хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нэгээс нөгөөд шилжих үндэслэл, эд хөрөнгийн эзэмшил хууль ёсны эсэх асуудлаар ялгаатай дүгнэж, хуулийн холбогдох зүйл, заалтыг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэжээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пгийн гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул тус гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
13. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд ач холбогдол бүхий үйл баримтыг хоёр шатны шүүх адил тогтоосон байх ба энэ талаар зохигч маргаагүй. Тодруулбал, нэхэмжлэгч Г.Я нь н.Г, Ж.Д нарын ганц хүү байх ба эцэг, эх нь нас барж, 1989 онд Г.Я болон тэдгээртэй хамт амьдарч байсан Ч.М нар нь гэрт үлдээсэн эд зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авсан, тухайн үед Ч.М нь 10 орчим настай хүүхэд байсан бөгөөд нэхэмжлэгч Г.Ягийн төрсөн эгч Г.Чийн хүү болох үйл баримт, Г.Я эцэг, эх нь нас барснаас хойш Ч.Мтэй хамт амьдарч байгаад Ч.Мг Ж.Г той гэр бүл болох үед буюу 2001 оноос эхлэн 2018 оныг хүртэлх хугацаанд энэ гэр бүлтэй хаяа залган амьдарч ирсэн үйл баримтын тухайд тус тус маргаагүй.
Түүнчлэн маргааны зүйл болох бурхан тахилын иж бүрдэл гэдэгт Жигжид бурхан-1, Гомбо бурхан-1, Лхам болон гуутай бурхад, Алтан гэрэл судар, хөлгөн судар зэрэг бурхан тахилын бусад дагалдах хэрэгсэл бүхий, хавтаст хэргийн 6, 61 дүгээр талд авагдсан фото зурагт дүрслэгдсэн шашны эд зүйлс хамаарч байгаа талаар зохигч маргаагүй.
14. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Ягийн эрх зүйн чадамжийн талаар хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оюуны хомсдолтой гэх агуулгатай тайлбар гаргаж байх боловч түүнийг эрх зүйн чадамжгүйд тооцсон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийг эрх зүйн чадамжгүй гэж үзэхгүй талаараа хэргийн оролцогчид тайлбарлаж байна.
15. Зохигчийн хооронд бурхан тахилын иж бүрдлийн өмчлөх эрхийн талаар маргаан үүссэн байх ба нэхэмжлэгч иж бүрдлийг эцэг, эхээс өвлөж авсан, хариуцагчийн хаяанд амьдарч байх үедээ гэрт нь залах замаар эзэмшил, ашиглалтад нь түр шилжүүлсэн, уг хөрөнгийн өмчлөгч болох хувьдаа эргүүлэн авах үндэстэй гэж маргаж байгаа бол хариуцагч Ж.Гмаргаан бүхий хөрөнгийг нэхэмжлэгч Г.Я нь зээ дүү Ч.Мгээ гэр бүл зохиосонтой холбоотойгоор гэрт нь оруулж, өмчлөх эрхийг шилжүүлсэн, Ч.М нь Г.Ягийн нэгэн адил өвөө, эмээгийнхээ гал голомтод төрсөн зээ хүү тул хөрөнгийг Г.Ягийн нэгэн адил бурхан тахилыг өвлөн авах эрхтэй гэж марган мэтгэлцжээ.
16. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Яг өмчлөгч гэж, давж заалдах шатны шүүх хариуцагч Ж.Гыг өмчлөгч гэж үзэн маргааныг хоёр өөрөөр шийдвэрлэсэн.
Хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийг залруулж, шийдлийг өөрчилнө. Анхан шатны шүүх Г.Яг өмчлөгч гэж үзэхдээ Ч.М нь анхны өмчлөгч нараас үлдсэн эд хөрөнгөөс өвлөсөн байдал, Ч.Мг Ж.Гтой гэрлэх үед бурхан тахилын иж бүрдлийг тэдний гэрт шилжүүлэн, тэр цагаас хойш 20 гаруй жил гэр бүлийн бүх гишүүд тахин шүтэж ирсэн байдал, түүнийг зөвшөөрсөн нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг анхаарч, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадсангүй. Харин давж заалдах шатны шүүх Ч.Мгийн өвлөх эрхийн талаар зөв тайлбарласан боловч давуу эрхээр өмчлөх эрхийг олж авах Иргэний хуулийн 105 дугаар зүйлийг тус хэргийн тухайд хэрэглэх шаардлагагүй байдал, хариуцагчийн гэр бүлд бурхан тахилыг шилжүүлэх үеийн нэхэмжлэгч Г.Ягийн хүсэл зоригийн илэрхийллийг зөв тайлбарлаж чадаагүй алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.
17. н.Г, Ж.Днарын асрамжид Г.Я, Ч.М нар амьдарч байсан байх ба н.Г 1981 онд, Ж.Д1989 онд нас барах үед гэрт байсан эд зүйлс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.4-т заасны дагуу тэдгээрийн хууль ёсны өвлөгч Г.Я (ИХ-ийн 520.1), түүнтэй адилтгах этгээд болох Ч.М (ИХ-ийн 520.3) нарт шилжин иржээ. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. Өөрөөр хэлбэл гэрийн эд хогшил болон бусад хөрөнгийг хууль ёсны өвлөгч Г.Ягийн 7 эгч, дүү нар хүлээн аваагүй, бурхан тахилын иж бүрдэл нь Г.Я, Ч.М нарын хэсгээр өмчлөх дундын өмч болсон байна. Улмаар Ч.М 2001 онд Ж.Гтой гэр бүл болох үед Г.Я бурхан тахилын иж бүрдлийг тэдний гэрт шилжүүлэн байршуулсан байх ба ийнхүү шилжүүлсэн явдлыг эд хөрөнгийн өмчлөх эрхийн өөрт ногдох хэсгээс татгалзсан гэж дүгнэх боломжгүй байна.
Учир нь уг эд хөрөнгө ийнхүү шилжүүлэн байршуулахаас өмнө Г.Ягийн гэр бүлийн тахил шүтээн байсны зэрэгцээ Г.Я нь өөрийн зээ дүү Ч.Мг бараадан, орон зайн хувьд тусдаа гэрт хэдий ч нэг хашаанд харилцан асрамжилж, хамтдаа байх хүсэл зорилготой байсан нь түүний эрүүл мэндийн байдлын талаарх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон. Иймд бурхан тахилын иж бүрдлийг Ч.Мгийнд оруулан залахдаа өөрт ногдох хэсгийн өмчлөлөөс татгалзсан, эрхээ Ч.М болон Ж.Г нарт үнэ төлбөргүй шилжүүлсэн гэж үзэхгүй. Тус шилжүүлгийн дагуу гагцхүү эд хөрөнгийн бодит эзэмшил Ж.Г нарт үүсжээ.
18. Харин Ч.М нь 2019 онд нас барахад бурхан тахилын иж бүрдлээс түүнд ногдох хэсэг нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасны дагуу эхнэр Ж.Г болон тэдний хүүхдүүдэд шилжин өвлөгдсөн байна. Ингэснээр Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсгийн “хуульд заасан” үндэслэлээр маргаан бүхий эд хөрөнгийн тал хувийг Г.Я, үлдэх тал хувийг Ж.Г, хүүхдүүдийн хамт дундаа хэсгээр өмчлөх харилцаа үүссэн. Үүний үр дүнд бурхан тахилын иж бүрдэл зохигчийн дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгө болсон тул Г.Ягийн анх зөвшөөрснөөр дундын эд хөрөнгийн ашиглалтыг хариуцаж байгаа Ж.Г-ын эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй.
19. Иргэний хуулийн 488 дугаар зүйлийн 488.3-т заасны дагуу дундаа хэсгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, түүний оногдох хэсгээ ашиглах эрхийг хязгаарлаж үл болох ба Ж.Г түүний үр хүүхдүүд 20 гаруй жилийн хугацаанд эд хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж ашигласан байна. Нөгөө талаас дундын эд хөрөнгийг ашиглах эрхийн тухай дээрх заалт нь нэхэмжлэгч Г.Яд нэгэн адил хамаарах бөгөөд бурхан тахилын иж бүрдлийн хувьд уг эд хөрөнгийг нийтээр хүлээн зөвшөөрсөн зохих ёс журмын дагуу тахин шүтэж, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад өмчлөгч нар нэгэн адил саад болох учиргүй. Харин Г.Я нь ийнхүү бурхан тахилаа ашиглахдаа Ж.Г нарын эзэмшилд сайн дураараа шилжүүлсэн нөхцөл байдлаа харгалзан бурхан тахилын бусад өмчлөгчдийн эзэмшлийг хүндэтгэх үүрэгтэй. Бурхан тахилыг ашиглах тухай хуульд заасан дээрх ойлголт нь дан ганц эзэмшилдээ байлгах хэлбэрээр ч хэрэгжих албагүй бөгөөд зохих ёс журмын дагуу шүтэх, шашин номын холбогдох ёслолыг үйлдэхэд биечлэн оролцох зэрэг итгэл үнэмшлийн бусад хэлбэрээр илэрч болно.
Иймд тус хэрэгт хүрээнд эд хөрөнгийг хариуцагч Ж.Гын эзэмшлээс гаргах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
20. Бурхан тахилын өмчлөгчид өөр хоорондоо хуульд заасан журмаар харилцан тохиролцож эзэмшлийг өөрчлөх хууль зүйн боломжтой. Тодруулбал, Иргэний хуулийн 488 дугаар зүйлийн 488.1-д заасны дагуу дундаа хэсгээр өмчлөгчдийн олонхийн саналаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, удирдлагын талаар шийдвэр гаргах бөгөөд иэнгэхдээ саналыг өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн тооцно. Иймд бурхан тахилын иж бүрдлийн 50 хувийн өмчлөгч Г.Я, үлдэх 50 хувийг хүүхдүүдтэй дундаа өмчлөх Ж.Гнар харилцан тохиролцож дундын эд хөрөнгийн цаашдын ашиглалтыг тодорхойлох, хэрэв ийнхүү харилцан тохиролцож чадахгүй бол Иргэний хуулийн 489 дүгээр зүйлийн 489.5-д заасны дагуу эд хөрөнгийг худалдан борлуулах замаар өөрт ногдох хэсгийг хүртэж маргааныг шийдвэрлэх хууль зүйн зохицуулалттай болохыг дурдаж байна.
21. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пгийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Г.Яг бурхан тахилын иж бүрдлийн 50 хувьд ногдох хэсгийн, үлдэх 50 хувийг тус бүр 1/4 хэсэг буюу нийт өмчлөлийн 12,5 хувьд ногдох хэсгээр хариуцагч Ж.Г, түүний 3 хүүхэд нь өмчлөх эрхтэйг тогтоож, бурхан тахилын иж бүрдлийг Ж.Гнарын эзэмшлээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 211/МА2024/00010 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2024/00031 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Яг Жигжид бурхан-1, Гомбо бурхан-1, Лхам болон гуутай бурхад, Алтан гэрэл судар, хөлгөн судар зэрэг бурхан тахилын иж бүрдлийн 50 хувийг хэсгээр өмчлөх дундын өмчлөгчөөр тогтоож, бурхан тахилын иж бүрдлийг Ж.Гын эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Гоос 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Яд олгосугай.” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг тус тус хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пгээс 2024.04.01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА