Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 14

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 145/ШШ2018/00328 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Ц-н нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Д-д холбогдох

Зээлийн төлбөр 60950360 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Д надтай харилцан тохиролцож, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 43130000 төгрөгийг сарын 02 хувийн хүүтэй, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай зээлэн, барьцаанд нь RODEX, 3000LC-7 маркийн экскаватор тавьсан. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 3000000 төгрөг төлж, зээлийн бусад төлбөрийг одоог хүртэл төлөхгүй байгаа. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 40130000 төгрөг, хүү 6038200 төгрөг, алданги 8841650 төгрөг, нийт 58207200 төгрөгийг Б.Д-с гаргуулж өгнө үү гэжээ.

Д.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Үндсэн зээлийн төлбөр 38130000 төгрөг, хүү 6900000 төгрөг, алданги 12964200 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зардал 2910360 төгрөг, нийт 60950360 төгрөгийг нэхэмжилж байна. Өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа 7895510 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан татгалзал болон тайлбартаа: Би Д.Ц-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин 15000 долларыг тухайн үеийн ханшаар төлнө. Зээлийн гэрээ бол миний өвчтэй байх үед аргагүй байдлыг далимдуулж хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.

Б.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие одоогоос хоёр жилийн өмнө Д.Ц-с мөнгө зээлсэн бөгөөд одоо 38600000 төгрөг төлнө. Гэтэл Д.Ц намайг хүнд бэртэж, өвчтэй алхаж чадахгүй байх үеийг ашиглан аргагүй гачигдлаар далимдуулж, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь миний эрх зүйн байдлыг ихээхэн дордуулж, надаас илүү мөнгө нэхэмжлэх боломж олгож байгаа тул энэ гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн заалтыг үндэслэн зээлийн гэрээг хүчингүйд тооцсон. Гэтэл энэ зохицуулалт нь гэрээ байгуулсан эсэхийг тооцох зохицуулалт болохоос гэрээг хүчингүйд тооцуулах зохицуулалт биш юм. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа Д.Ц миний аргагүй байдлыг далимдуулан гэрээгээ нөхөж хийсэн гэсэн. Д.Ц, Б.Д нарын хооронд байгуулагдсан зээлийн болон фидуцийн гэрээ нь ямар нэгэн хуулийг зөрчөөгүй бөгөөд энэ гэрээг хоёр тал тохирч байгуулсныг хууль ёсны гэрээ гэж нотариат гэрчилсэн байдаг. Анх  зээл олгохдоо хүү болон барьцаагүй, хугацаагүйгээр зөвхөн аман хэлцлээр зээлүүлсэн. Харин талууд нэг жилийн дараа авсан зээлийнхээ талаар харилцан тохиролцож хүүтэй, барьцаатай, алданги тооцохоор болж зээлийн гэрээний нөхцөлийг өөрчилж хийсэн. Өөрөөр хэлбэл энэ гэрээг нөхөж хийсэн биш харин зээлийн гэрээг өөрчилж хийсэн гэрээ юм. Өөрөөр хэлбэл гэрээг байгуулах, өөрчлөх нь гэрээг байгуулж буй талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой. Хуулиар баталгаажуулсан талуудын гэрээний чөлөөт байдалд хэн ч халдах эрхгүй. Өмнө нь анхан шатны шүүх долларын ханшны талаар талууд маргаангүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үнэн зөв байна гэсэн зарчмыг алдагдуулсан. Харин ч талууд долларын ханшны талаар маргаантай байсан. Гэтэл Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх зааснаар төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гээд 15000 долларыг 30697800 төгрөг байна гэж хууль буруу хэрэглэж шийдвэр гаргасан. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасан. Үүний дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсгийг хэрэглэх байсан гэж бодож байна.  Шүүхэд гаргасан нийт нэхэмжлэлийн шаардлага 60950360 төгрөг байна. Үүнээс итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зардал 2910360 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 58040000 төгрөгийг Б.Д-с гаргуулахаар нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл үндсэн зээл 38130000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 6900800 төгрөг, алданги 12964200 төгрөг болж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцно гэж үзэж байна. Тиймээс анх авсан 15000 долларыг авсан өдрийн ханшаар нь төлнө. Хариуцагч нь өрх толгойлсон, гурван хүүхэд тэжээдэг эмэгтэй бөгөөд түүнийг осолд орж, үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсон үеийг ашиглан зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Д-с 48031211 төгрөг гаргуулан Д.Ц-д олгож, Д.Ц-н нэхэмжлэлээс 10008789 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхэд төлөөлж, туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 2910360 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т татгалзсан болохыг баталж, Д.Ц, Б.Дуламсүрэн нарын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Б.Д-н сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ц-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494306 төгрөг, Б.Д-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Д-с улсын тэмдэгтийн хураамж 398106 төгрөг гаргуулж Д.Ц-д олгож, Б.Д-р 303400 төгрөг, Д.Ц-р 95958 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус нөхөн төлүүлж, орон нутгийн төсвийн орлогод оруулахаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны  өдрийн 328 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалт болох “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй тул гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 328 дугаар шийдвэрийг гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг ноцтой зөрчиж зөвхөн нэхэмжлэгч талын бүрдүүлсэн баримтыг үнэлж, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тайлбар нотлогоог үл хэрэгсэж нэг талыг баьсан шийдвэр гаргасан. Хариуцагч Б.Д нь 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчээс 15000 ам долларыг зээлсэн гэрээ 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болсон байна гэж ямарч тооцоо хийгдээгүй байхад буруу дүгнэлтийг шүүх хийж шийдвэр гаргалаа. Мөн Б.Д нь нэхэмжлэгчээс 14800000 төгрөг зээлсэнээ эргүүлж төлсөн байхад зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлсэн мөнгөнөөсөө 4900000 төгрөг дутуу төлсөн гэсэн бодит бус тайлбарыг үнэлж хариуцагч талд өмнө төлөгдсөн төлбөрийг дахин төлүүлөх, нэхэмжлэгч Д.Ц нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Б.Д-г гэмтлийн улмаас хүнд өвчтэй байх үед нь орон гэрт нь олуулаа ирж аргагүй гачигдалтай байдлыг далимдуулж, тулган шаардаж, гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчиж өмнө зээлсэн мөнгөний асуудлаар нөхөн гэрээ байгуулсаныг сайн дураараа энэхүү өөртөө илт хохиролтой гэрээг хүсэж байгуулсан мэт дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож зөвхөн нэхэмжлэгч талын эрх ашгийн төлөө ажилласан нь хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх үндсэн хуулийн зарчмыг анхан шатны шүүх ноцтой зөрчсөн. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 328 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Б.Д-н нэхэмжлэлийн шаардлагаас 18323411 төгрөгөөр багасгаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Д.Ц нь Б.Д-д холбогдуулан зээл 40 130 000 төгрөг, хүү 6 038 200 төгрөг, алданги 8 841 650 төгрөг, нийт 58 207 200 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 60 950 360 төгрөг болгон нэмэгдүүлж,  тэдний хооронд  2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг шаардлагын үндэслэл болгосон байна.

Хариуцагч нэхэхмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй  2016 оны 3 дугаар сарын 14-нд 15 000 доллар хүүгүй зээлж авсан, үүнийгээ төлнө, 14 800 000 төгрөгийг төлж дуусгасан гэж маргасан ба намайг өвчтөй байх үед аргагүй байдлыг далимдуулж 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан тул энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.      

Зохигчдын хооронд 2016 оны 3 дугаар сарын 14-нд 15000 долларын, 2016 оны 3 дугаар сарын 30-аас 2016 оны 9 дүгээр сарын 20-ны хооронд 14 800 000 төгрөгийг тус тус хүүгүй авч зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба талууд гэрээг бичгээр байгуулаагүй боловч гэрээний зүйл болох 15 000 доллар, 14 800 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч Б.Д 14 900 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ талаар хэн аль нь маргаагүй байна.

Нэхэмжлэгч гэрээний зүйл болох мөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх нь маргааны зүйл болжээ.

Талууд 2016 оны 3 дугаар сарын 14-нд амаар хийсэн зээлийн гэрээгээр урьд авсан долларын болон төгрөгийн зээлийн тооцоог нийлж гадаад валютаар төлбөр хийх байсныг гэрээ байгуулагдах үеийн төгрөгтөй харьцах ханшаар тооцохоор өөрчлөлт оруулж, анзын талаар харилцан тохирч, бичгээр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт нийцсэн тул нэхэмжлэгч зээлийн гэрээг бичгээр байгуулсан үеэс хойших хугацааны хүү, алдангийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх “долларыг төгрөгт шилжүүлэн гэрээ байгуулснаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу Б.Д-н 15 000 доллар Д.Ц-д төлөх үүрэг дуусгавар болсон” гэж дүгнээд, 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр биелүүлбэл зохих үүрэг үндсэн зээл, хүүг тооцож үүнээс нотлогдсон хэмжээгээр төлсөн төлбөрийг хасч, үлдэх мөнгөнөөс алданги тооцож нийт 48 031 211 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна. 

Харин хариуцагчийн гаргасан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бичгээр байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх 58, 59, 60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох үндэслэл болон Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчиж, хариуцагчийг өвчтөй, аргагүй байдалтай байхад нь гэрээг байгуулсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс үгүйсгэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 249567 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 06-ны өдрийн 145/ШШ2017/00328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Б.Д-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 249567 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.