Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 188

 

Н.Ц-, Д.О- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгч Н.Ц-, Д.О-, шүүгдэгч Н.Ц-гийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, Ж.Тэгшмандал, Г.Тунгалаг, хохирогчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаар магадлалтай, Н.Ц-, Д.О- нарт холбогдох 201219000567 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Ц-гийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1966 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-ийн Ц нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, эрэгтэй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 76 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-гийн О нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Н.Ц-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан прокуророос шүүгдэгч Н.Ц-г “хохирогчтой хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт хутгалж шууд санаатай хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Ц-г цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 201219000567 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос Д.О-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Д.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Д.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Ц-, Д.О- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Ц-гийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Н.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба шүүх Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн үндэслэлээ тогтоолд дурдаагүй, зохих хуулийг баримтлаагүй зэрэг хууль хэрэглээний алдаа гаргаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх Н.Ц-гийн зүйлчлэлээс гадна Д.О-гийн хэргийн зүйлчлэлийг ч мөн адил 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хуулийг буцаан хэрэглэсэн нь хууль ёсны үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн хууль хэрэглээний алдаа гаргасан гэж давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийснээр Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчим алдагдах, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болвол анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа засах гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж болзошгүй. Тиймээс хууль хэрэглээний алдаа гаргасан мэтээр нотлох баримт, хуулийн зүйл, заалтад үндэслээгүй давж заалдах шатны шүүхийн магадлал Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгохдоо зөвхөн үг, өгүүлбэр ашиглан хийсвэрлэсэн дүгнэлт хийсэн ба шийдвэрийг хүчингүй болгоход чиглэсэн нотлох баримтад тулгуурлаагүй хууль бус дүгнэлт болжээ. Харин анхан шатны шүүхийн нотлох баримтад тулгуурлаж хийсэн дүгнэлт нь хууль ёсны, үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Мөн улсын яллагчийн эсэргүүцэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн баримтуудыг дурдсан бөгөөд давж заалдах шатны шүүх хурал дээр улсын яллагчийн эсэргүүцэл, хэргийн оролцогчдын гаргасан тайлбар, саналыг сонссоор байж хэргийн талаар нотолсон болон үгүйсгэсэн дүгнэлтийг нотлох баримтад үндэслэн хийгээгүй мөртлөө шийтгэх тогтоолыг хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн хэрэгт шалгагдсан асуудлыг дахин шалгах, шүүгдэгч нарын мэдүүлгийн аль нь зөв болохыг шалгаж тогтоосны эцэст нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-д заасныг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх “хэрэв Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж нотлоогүй гэж шүүх үзсэн бол хэргийг мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шийдвэрлэх ёстой байтал хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 16.1 дүгээр зүйлийн 13, 36.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн” гэж хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх нь хууль хэрэглээний болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй. Анхан шатны шүүх “хэргийг 4 удаа мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдээгүй гэсэн үндэслэлээр буцааж байсан ч нотолбол зохих зүйлийг бүрэн шалгаагүй, зөрчлөө арилгаагүй байж хэргийг шүүхэд шилжүүлсэн” талаар дурдсан нь хэргийг шийдвэрлэх дүгнэлт хийсэн явдал биш юм. Харин шүүгдэгч Н.Ц- нь талийгаачтай хувийн таарамжгүй харьцааны улмаас шууд санаатай хутгалж алсан гэх үйл баримтыг нотлоогүй, шинжээч тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн дүгнэлт гаргасан, гол гэрч болох Д.О-гийн мэдүүлгийг үнэлээгүй, няцаасан дүгнэлт хийсэн болон хэргийн бусад тогтоогдсон нөхцөл байдал шийдвэрт тусгагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь гол дүгнэлт юм. Түүнчлэн анхан шатны шүүхэд хэргийн оролцогчид зөвхөн яллах, цагаатгах талын байр сууриас оролцсон ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгээр шийдвэрлүүлэх, хэргийг прокурорт буцаах санал, хүсэлтийг аль ч талаас гаргаагүй. Харин эсрэгээрээ хэрэгт цугларсан баримтаар эцэслэн шийдвэрлүүлэхийг оролцогчид бүгд хүсэж, санал гаргаж байсан тул анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Ц-гийн өмгөөлөгч З.Хүрэлсүх хэлсэн саналдаа “...Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Харин давж заалдах шатны шүүх нотлох баримтад тулгуурлаагүй, хийсвэр дүгнэлт хийсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Ц-гийн өмгөөлөгч Г.Тунгалаг хэлсэн саналдаа “...Гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь хамгийн шударга, үнэн зөв шийдвэр болох ёстой. Буруутай этгээд нь тодорхой байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн хэлсэн саналдаа “...Гэм буруутай этгээдийг тогтоож, хохирлыг барагдуулж өгнө үү. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хуульд нийцсэн гэж үзэж байна. Хэргийг шалгаж, гэм буруутай этгээдийг олж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Хэргийг Н.Ц- үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй, эргэлзээтэй байна гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй байна. Тухайн хэрэг гарсан цаг хугацаанд Э.О нь бусдад хутгалагдаж нас барсан нь хөдөлбөргүйгээр тогтоогдсон байхад хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос яллагдагч Н.Ц- нь 2012 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт Д.О-, Э.О нарын хамт хх хх УНМ улсын дугаартай автомашинтай явж байхдаа согтуугаар, хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдах явцдаа Э.О-гийн цээжин тус газарт хутгалж санаатай алсан үйлдэлдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

яллагдагч Д.О- нь мөн газар, цаг хугацаанд Н.Ц-г илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан үйлдэлдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт тус тус яллагдах үндэслэлтэй гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Н.Ц- нь Э.О-г санаатай алсан гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Д.О- нь Н.Ц-г зодож, хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийн зүйлчлэлийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх зарчмыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх Н.Ц-д холбогдох Э.О-г хутгалж алсан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, урьд хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн шүүхийн тогтоолд дурдсан ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, нотолбол зохих байдлыг тогтоож ирүүлээгүй гэж дүгнэсэн атлаа тухайн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан гэсэн хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийсэн, яллах үндэслэл болж байгаа нотлох баримтуудыг ямар учраас үгүйсгэсэн, түүнийг цагаатгах үндэслэлийг баталж байгаа нотлох баримтуудыг дүгнэж чадаагүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Н.Ц-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ гэрч, хохирогч нарын мэдүүлэгт үндэслэсэн яллах талын нотлох баримтыг үгүйсгэн няцааж чадаагүй атлаа нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн зөрчилтэй дүгнэлт хийж Н.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй бөгөөд энэхүү зөрчил нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчил болно.

Хэрэг гарсны дараах нөхцөл байдлыг тэр даруй шууд харсан гэх гэрч, харсан зүйлээ бусдад дамжуулж мэдээлсэн, уг мэдээллийн талаар гэрчилсэн гэрчийн мэдүүлэг зэрэгт баталгаа, няцаалт хийх, эсхүл нотолбол зохих байдлыг тогтоож ирүүлээгүй гэж үзэж байгаа бол түүнийг шалгах талаар нэг мөр, ойлгомжтой, зөрчилгүй дүгнэлт хийх нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцэх тул давж заалдах шатны шүүхийн магадлал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үндэслэлтэй гарсан гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Н.Ц-гийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН