| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2021/00485/И |
| Дугаар | 130/ШШ2021/00638 |
| Огноо | 2021-07-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 130/ШШ2021/00638
ББаян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Ж овогт Х.Е-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 02 дугаар багт оршин суудаг, Б овогт Ж.А-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Е, хариуцагч Ж.А, орчуулагч А.Ахмерей, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдан авсан Samsung А20 маркийн утсыг худалдагчид буцааж, үнэ болох 420000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Х.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Өлгий сумын 11 дүгээр багт байрлалтай Тэнгис худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг, гар утас худалддаг Ж.А гэх хүнээс 420000 төгрөгөөр Samsung маркийн гар утас худалдан авсан юм. Гэтэл уг утас нь шууд унтраад дахин асаахгүй болдог гэмтэй байжээ. Энэ асуудлыг Ж.А-тэй ярихад цэнэглэгчийг нь сольж өгсөн боловч дахин унтарч ажиллахгүй болсон. Энэ асуудлаар аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч иргэний журмаар шийдвэрлэх маргаан байна шүүхэд гомдлоо гаргаарай гэж гомдлыг хүлээн авахаас татгалзсан юм. Тус гар утасны газраас олгосон баталгаат хуудсанд уг утасны баталгаат хугацаа 6 сар гэж байгаа юм. Сүүлийн үед Ж.А-тэй ярих гэсэн боловч гар утсаа авахгүй, ажлын газар хаяж очиход байхгүй гэж надаас зугтаад байна. Иймд анхнаасаа надад гэмтэлтэй гар утас худалдсан Ж.А буруутай гэж үзэж байна. Одоо Ж.А-ийн утсыг өөрт нь буцаан өгч, гар утасны үнэ 420000 төгрөгийн Ж.А-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.А шүүхэд бичгээр харгасан хариу тайлбарт: Миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт гар утасны худалдаа эрхэлдэг билээ. Х.Е нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан надад холбогдуулан гар утасны үнэ болох 420000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ намайг өөрт нь уулзахгүй, тухайн гар утасны гэмтлийг засаж өгөхгүй зутгаж байгаа мэтээр тайлбарлажээ. Гэвч, миний бие сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд сонгуульт ажлын улмаас ажлын байр дээрээ байгаагүй. Мөн нэхэмжлэгч нь надтай утсаар ямар нэгэн байдлаар холбогдсон зүйл байхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ч гэсэн миний бие нэхэмжлэгчээс ямар гэмтэл үүссэн талаар тодруулахыг хүсэж, түүнтэй холбогдох гэсэн боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлд байсан утасны дугаар нь ашиглалтад байхгүй дугаар байсан. Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тухайн худалдан авсан гар утсыг яг хэзээнээс эвдэрсэн талаар тодорхой дурдаагүй байна. Хэрвээ тухайн гэмтэл нь үйлдвэрийн гэмтэл байх тохиолдолд тухайн гар утсыг засаж хохиролгүй болгож өгч болно. Харин тухайн гэмтэл нь гаднын нөлөө буюу механик гэмтэл эсвэл нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас бий болсон бол миний бие тухайн гэмтлийг засаж өгөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
Нэхэмжлэгч Х.Е шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Миний бие 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Ж.А-ээс уг утсыг худалдаж авсан. Тэгээд 14 хоногийн дараа буюу 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр утас ажиллаж байгаа мөртлөө дэлгэц жирэлзээд гүйдэлтэй болж гэмтэл гарсан болохоор утас худалдаж авсан дэлгүүр рүү очиход хариуцагч Ж.А өөрөө байгаагүй ах нь уу, дүү нь үү нэг хүн зогсож байсан ба утсыг үзээд цэнэглэгчээсээ болж байна гэж цэнэглэгчийг сольж явуулсан. Дараа нь утас болохгүй унтарсан болохоор дахин очиход нөгөө залуу “утасны шилэн наалт нь хугарсан байна, энэ нь бид нараас учирсан гэмтэл биш байна, өөр газар явуулж үзүүлсэн болно” гэсэн. Тэгээд би Айхой төвийн 2 давхарт байрладаг утасны засварчинд очиж үзүүлэхэд “Шилэн наалт, цэнэглэгчээс болоогүй, үйлдвэрийн гэмтэл гэсэн болохоор буцаад очиход байхгүй байсан ба түүнээс хойш надаас зугтаад уулзахгүй байсан. Утас худалдаж авахад лацтай байсан эсэхийг мэдэхгүй, хайрцаг савыг нь хаясан байсан. Хариуцагч Ж.А утасны дэлгэцийг солиход 200000 төгрөг гэж байна, энэ хүн мөнгийг хариуцагч өөрөө төлж буюу үнэгүй сольж, засаж өгнө гэвэл болно. Харин миний зүгээс дахиж 100000 төгрөг төлж засуулах боломжгүй. Иймд утсыг буцаан өгч, 420000 төгрөгөө буцаан авахыг хүсэж байна гэв.
Хариуцагч Ж.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Е өөрийн биеэр 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр надаас ирж 420000 төгрөгөөр самсунг А20 маркийн утсыг худалдан авсан. Миний бие утасны бүх үйлдлийг ажиллуулж шалгаж өгсөн ба тэрээр шалгаж аваад баталгааны хуудсанд гарын үсгээ зураад аваад явсан. Манайх Өлгий сумын төвд 2 лангуутай. Нэг лангуу дээр манай дүү зогсдог. Тэр дүү маань манай гар утасны баталгааг хариуцдаг. Би 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажлаар хөдөө явж 2021 оны 5 дугаар сарын 25,26-ны өдрүүдэд Өлгий суманд буцааж ирсэн. Тэгээд би шүүхэд ирж нэхэмжлэлтэй танилцаж тухайн эвдэрсэн гэх утсыг гар утасны засвар хийдэг дүүд шалгуулахад анх утсыг хүлээлгэж өгч байхад бүх үйлдэл нь хэвийн ажиллаж байсныг хэлсэн. Хоёрдугаарт манай бүх утас лацтай байдаг. Хэрвээ лац нь хөдлөөгүй, үйлдвэрийн гэмтэлтэй утас бол манайх шууд сольж өгдөг. Гэтэл тухайн утсыг шалгаж үзэхэд лац хөдөлсөн, утсыг өөр засварчинд очиж үзүүлчихсэн болохыг мөн дэлгэц нь гаднын гэмтэл болохыг манай дүү надад хэлсэн. Гэхдээ шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан болохоор энэ хүнтэй ярилцаж үзье гэж бодож нэхэмжлэгчийн утас руу 10 хэдэн хоног залгахад утас нь холбогдохгүй байсан. Дараа нь би дахиад Улаанбаатар хот руу ажлаар явсан хугацаанд шүүхийн туслах над руу “нэхэмжлэгчийн утас холбогдож байна” гэж хэлсэн. Тэгтэл нь дүү рүүгээ холбогдож нэхэмжлэгч рүү залгаад “чи над хүний утсыг хараад хэрвээ сольж өгөх боломжтой бол сольж өгөөрэй” гэсэн. Тэгээд миний бие нэхэмжлэгч рүү холбогдож “манай лангуу дээр очиж утсаа үзүүлээрэй” гэсэн. Нэхэмжлэгч манай лангуу дээр очиж утсаа үзүүлэхэд тухайн утасны дэлгэц огт үйлдвэрийн гэмтэл биш механик гэмтэл буюу өөрөөс нь шалтгаалах гадны гэмтэл дэлгэц нь гэмтсэн болохыг хэлж утас солих эсхүл мөнгийг нь өгөх боломжгүй гэдгээ хэлсэн байна. Утасны гадна, дотно талд 2 төрлийн лац байдаг. Манай дэлгүүрийн бүх утас лацтай байдаг. Харин энэ утсыг задлуулж, өөр газарт үзүүлснээ нэхэмжлэгч тал өөрөө тайлбарлаж байна. Мөн манайхаас гар утас худалдаж авсан тохиолдолд манайх наалт нааж өгдөг. Утсыг бид нарт авчрахад наад талын наалт нь хагарсан байсан. Тийм учраас цаад талын дэлгэц нь эвдэрсэн байна. Манайх утсыг буцааж авъя гэсэн боловч уг гэмтэл механик буюу худалдан авагчийн өөрөөс нь шалтгаалсан гэмтэл байсан болохоор боломжгүй болсон. Тухайн утсыг өөрөөсөө шалтгаалж эвдсэн нь наалт нь хагарснаас харж болно. Лац хөдөлгөсөн тохиолдолд манайх уг утсыг хариуцахгүй гэх заалт “Баталгааны хуудас”-т байгаа. Гэхдээ тухайн утасны дэлгэц нь 200000 төгрөг байдаг, 100000 төгрөгийг манай дэлгүүрээс, харин үлдсэн 100000 төгрөгийг нэхэмжлэгч гаргавал сольж өгч болно. Утсыг худалдаж авахад хамт авч байсан “Баталгааны хуудас”-т ямар тохиолдолд утсыг сольж өгнө, ямар тохиолдолд засаж өгнө гэх бүх зүйл бичигдсэн байгаа. Тухайн “Баталгааны хуудас”-тай худалдан авагч Х.Е танилцаж гарын үсэг зурж байсан. Баталгааны хугацаанд өөр засварын газарт үзүүлэхгүй, лацыг нь хөдөлгөхгүй тухай заасан байгаа. Гэтэл өнөөдөр лацыг нь хөдөлгөсөн, хайрцаг сав нь ч байхгүй алга хийсэн байна. Тэгэхээр сольж өгөө, мөнгийг буцаах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.Е нэхэмжлэлийнхээ үндэслэлээ 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Ж.А-ээс 420000 төгрөгийн үнэтэй Samsung А20 маркийн гар утсыг худалдан авсан боловч 14 хоногийн дараа дэлгэц нь жирэлзээд асахгүй үйлдвэрийн гэмтэлтэй байгаа тул энэ утсыг хариуцагч (худалдагч) Ж.А-т буцааж, үнэ болох 420000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн байна.
Хариуцагч Ж.А нь 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 420000 төгрөгөөр Samsung А20 маркийн утсыг нэхэмжлэгч Х.Е-д худалдсан, нэхэмжлэгч утасны бүх үйлдлийг ажиллуулж шалгуулж аваад баталгааны хуудсанд гарын үсгээ зурж утсаа аваад явсны дараа 14 хоног өнгөрөөд 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр утасны дэлгэц нь жирэлзээд, асахгүй болсон гэдэг нь нэхэмжлэгч Х.Е-ы өөрөөс нь шалтгаалсан механик гэмтэл буюу утасны наалт хагарсан, дэлгэц хагарсан, баталгааны хугацаанд лацыг хөдөлгөсөн, өөр засварын газарт үзүүлсэн байгаа тул мөнгийг буцаах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч Х.Е нь 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч (худалдагч) Ж.А-ийн ажиллуулдаг утасны дэлгүүрээс Samsung А20 маркийн гар утсыг 420000 төгрөгөөр худалдан авсан болох нь 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр худалдагч нэхэмжлэгч Х.Е-ы гарын үсэг зурсан “Баталгааны хуудас”-аар нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Х.Е, хариуцагч Ж.А нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 264.6-д зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон болох нь 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Баталгааны хуудас”-аар нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр олгосон “Баталгааны хуудас”-ны 4-д “Баталгааны хугацаа: утас 6 сар, батарейд 7 хоног” гэж; мөн 8-д “гадны нөлөө буюу механик гэмтэл нь баталгаат хугацаанд хамрагдахгүй. Үүнд:
*Дэлгэцийн бүх төрлийн гэмтэл, нүдэнд ил болон үл харагдахуйц гэмтэл, цуурсан, зурагдсан, мурийлт үүссэн, цэнэглэгчийн оролт, симийн үүр гэмтсэн, ус чийг орсон, программын гэмтэл багтана.
*Баталгааны хугацаа дууссан болон баталгааны хуудсаа гээсэн, лац хөндөгдсөн, сериал зөрсөн, мэргэжлийн бус хүнээр программ хангамжийн үйлчилгээ хийлгэсэн тохиолдолд,
*Товчлуурын гэмтэл, унаж доргисноос үүсэн гэмтлүүд” гэж тус тус заасан байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Е эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгийг солиулах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Х.Е “Баталгааны хуудас”-нд заасан баталгаат хугацаанд буюу 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр уг утасны дэлгэц нь жирэлзэж гэмтэлтэй байсан гэж анх утас худалдан авсан дэлгүүрт буюу хариуцагч Ж.А-ийн ажиллуулдаг гар утасны дэлгүүрийн худалдагч (хариуцагч Ж.А-ийн дүү гэх) утасны цэнэглэгчийг сольж өгсөн нь Иргэний хуулийн 253 дүгээр зүйлийн 253.1-д нийцэж байна.
Нэхэмжлэгч Х.Е-ы “цэнэглэгчийг сольж өгсний дараа утасны дэлгэц унтарсан болохоор дахин очиход гар утасны дэлгүүрийн худалдагч (хариуцагч Ж.А-ийн дүү гэх) дэлгэц нь эвдэрсэн байна, та унгасан байна гэхээр “Айхой” утасны засварын газрын засварчинд үзүүлэхэд дэлгэц нь гэмтсэн байна, дэлгэцийг солих хэрэгтэй..” гэсэн тайлбараар нэхэмжлэгч Х.Е нь Samsung А20 маркийн гар утсыг хүлээн авч хэрэглэж байх явцад утсаны дэлгэц гэмтсэн болох нь нотлогдож байна.
Худалдагч Ж.А нь Samsung А20 маркийн гар утсыг худалдан авагч Х.Е-д шилжүүлж байх цаг мөчид 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр доголдолгүй буюу Х.Е нь Samsung А20 маркийн гар утсыг хүлээн авч хэрэглэж байх явцад хожим 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр илэрсэн утсаны дэлгэцтэй холбоотой гэмтэл байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7-д зааснаар энэ утасны дэлгэцийн гэмтэл нь худалдан авагч Х.Е-д утас шилжүүлэх үед байсан доголдол гэж үзэх боломжгүй болно.
Шүүх хуралдаанд хариуцагч Ж.А тухайн утасны дэлгэцийг солиход 200000 төгрөгийн зардал гарна нэхэмжлэгч 100000 төгрөгийг нь гаргавал үлдсэн мөнгийг өөр гаргаж маргаан бүхий утасны дэлгэцийг засаж өгье гэж санал гаргасан боловч нэхэмжлэгч Х.Е хүлээн зөвшөөрөөгүй болно.
Нэхэмжлэлд хариуцагчийн овгийг Төлек, эцгийн нэрийг Жагсалаг гэж, мөн хариуцагчид нэхэмжлэл гардуулсан баримтад овгийг Ж, эцгийн нэрийг Жк гэж янз бүрээр бичигдсэнийг хариуцагчийн овог, эцгийн нэрийг түүний Монгол Улсын Иргэний үнэмлэхэд бичсэнээр овог Бө, эцгийн нэр Ж, нэр А гэж зөвтгөн шийдвэрт бичсэн болно.
Иймд 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр олгосон “Баталгааны хуудас”-нд дэлгэцийн бүх төрлийн гэмтэл, нүдэнд ил болон үл харагдахуйц гэмтэл, цуурсан, зурагдсан, мурийлт үүссэн бол “гадны нөлөө буюу механик гэмтэл нь баталгаат хугацаанд хамрагдахгүй гэж заасан байх тул хариуцагч Ж.А-ээс Samsung А20 маркийн утсыг буцааж, үнэ болох 420000 (дөрвөн зуун хорин мянган) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Х.Е-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13250 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-ийг тус тус баримтлан хариуцагч Б овогт Ж.А-аас Samsung А20 маркийн утсыг буцааж, үнэ болох 420000 (дөрвөн зуун хорин мянган) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж овогт Х.Е-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Е-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13250 (арван гурван мянган хоёр зуун тавин) төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК